Шууд Chart

Дулааны тавдугаар цахилгаан станц төсөлд технологийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлнэ

2025-10-21 11:16:58

Монгол Улсын эрчим хүчний гол эх үүсвэр нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд бөгөөд эдгээр нь нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг.

Эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсөн нэмэгдэж буй өнөө үед найдвартай, тогтвортой эх үүсвэрийг бий болгохын зэрэгцээ нүүрсний шаталтын үр ашгийг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шаардлага тулгамдаж байна. Энэ хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг шингээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тус станц нь эрчим хүчний салбарт технологийн шинэчлэлийг авчрахын зэрэгцээ тогтвортой хөгжил, экологийн аюулгүй байдлыг хангахад чиглэж буй юм.

Төслийн хүрээнд байгаль орчны нөлөөллийг бууруулах зорилгоор хэд хэдэн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, станцаас гарах үнс, шаарыг үнсэн санд хадгалж, нягтаршуулан зохистой менежмент хийх бөгөөд техник, эдийн засгийн үндэслэлд тусгаснаар жилд дунджаар 300,000 тонн үнс, шаар үүсэх тооцоотой байна. Үүнийг цемент, бетон, замын хавтан, замын дүүргэгч зэрэг барилгын материал үйлдвэрлэлд хоёрдогч түүхий эд хэлбэрээр ашиглах боломжтойг судалгаагаар тогтоосон. Мөн хорт утаа, хийн ялгарлыг бууруулах зорилгоор утаа шүүх, хүхэргүйжүүлэх системийг суурилуулж, шохойн чулуу ашиглан хүхрийн хэмжээг бууруулах технологийг нэвтрүүлэх бөгөөд энэ хүрээнд жилд 18,615 тонн шохойн чулуу ашиглахаар тооцоолжээ. Үүний үр дүнд агаар мандалд хаягдах хүхэрлэг хий, азотын ислийн хэмжээ буурч, агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл буурах, иргэдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх боломж бүрдэх юм.

Түүнчлэн үйлдвэрийн технологийн усны хэрэглээг оновчтой болгох зорилгоор ус хангамжийн системийг шинэчлэн байгуулах, хаягдал усыг цэвэршүүлж дахин ашиглах технологийг нэвтрүүлэх, хаалттай эргэлтийн усны системийг ашиглан усны хэрэглээг бууруулах зэргээр байгаль орчны нөлөөллийг хязгаарлах чиглэлээр цогц арга хэмжээ төлөвлөсөн. Энэ нь усны хомсдол болон экологийн тэнцвэрт байдалд эерэг үр нөлөө үзүүлнэ.

Дулааны тавдугаар цахилгаан станцын төсөл нь дотоодын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний импортын хамаарлыг бууруулж, үйлдвэрлэлийн технологид дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн станц ашиглалтад орсноор нийслэлийн агаарын чанарыг сайжруулах, тэр дундаа гэр хорооллын 51,000 янданг бууруулах боломжтой гэсэн урьдчилсан тооцоолол гарсан байна.  


Дулааны тавдугаар цахилгаан станц төсөлд технологийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлнэ  
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй