Шууд Chart

Зэвсэгт хүчний цэргийн командлагч, удирдах газрын дарга, нэгтгэл, ангийн захирагч, орлогч нартай цахим хурал хийв

2022-05-18 13:05:28

ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг өнгөрсөн даваа гарагийн шуурхай хуралдааны үеэр Зэвсэгт хүчинд өрнөж буй цаг үеийн болон цэргийн алба хаагчдын ахуйн хүрээнд гаргаж буй осол, зөрчлийн асуудлаар цахим хурлыг зохион байгуулж, албан даалгавар хүргүүлэхийг үүрэг болгосон.

Энэхүү үүрэг, чиглэлийн дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга хурандаа Ж.Өсөхбаяр, ЗХЖШ-ын Цэргийн албаны хэлтсийн дарга хурандаа Н.Лхагвасүрэн, ХШҮГ-ын Цэргийн алба, сахилга, зохион байгуулалтын үнэлгээний мэргэжилтэн дэд хурандаа Н.Батжаргал нар энэ сарын 17-ны өдөр Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлагч, удирдах газрын дарга нар, нэгтгэл, ангийн захирагч, түүний орлогч нартай цахим хурал зохион байгуулав.

Цахим хурлын эхэнд ЗХЖШ-ын Цэргийн албаны хэлтсийн дарга хурандаа Н.Лхагвасүрэн “2022 оны эхний хагас жилийн гэмт хэрэг, сахилгын зөрчил, зам тээврийн болон хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбогдсон осол, зөрчлийн тухай танилцуулга”-ыг хийлээ.

Энэ үеэр Зэвсэгт хүчинд 2022 оны эхний хагас жилд гарсан сахилгын зөрчил, зам тээврийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлын ослын шалтгаан, нөхцөлийн талаарх хэлэлцүүлгийг өрнүүлэн, удирдах бүрэлдэхүүний саналыг сонсох ажлыг зохион байгуулав.

Үүний дараа Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, төрлийн цэргийн командлагч, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, нэгтгэл, ангиудын захирагч нарт үүрэг, чиглэл өгсөн юм.

Түүний өгсөн үүргээс онцолбол, - Ангийн штабаас дотоодын хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах ажилд дүгнэлт хийж, өдөр тутмын цагийн хуваарийг нарийн мөрдөж, ажлын цаг ашиглалт, түүний үр дүнг сайжруулах, хууль тогтоомж, цэргийн дүрэм, “Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн ёс зүйн дүрэм”-ийг ноцтойгоор зөрчсөн, захирагч, даргаас өгсөн тушаал, шийдвэрийг биелүүлээгүй, харилцааны болон бусад зөрчил гаргасан албан тушаалтан, алба хаагчид оногдуулах сахилгын арга хэмжээг чангатгах;

- Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа, харуул, хамгаалалт болон аж ахуйн ажлын үүрэг гүйцэтгэлтэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, стандарт, дүрмээр тогтоосон нарийн дэг горимыг чанд мөрдүүлэн, бүх шатны захирагч /дарга/ нарын хүнтэй ажиллах арга барил, мэдлэг ур чадвар, дадлага туршлагыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах;

- Зэвсэгт хүчний хэмжээнд 2022 онд цэргийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон осол буурсан үзүүлэлттэй боловч ахуйн хүрээнд буюу авто ослоор нас барах, гэмтэл, бэртэл авсан тохиолдол буурахгүй байна. Дээрх ослууд нь Зэвсэгт хүчний ангиудын өдөр тутмын үйл ажиллагаа, сургууль, дадлагын явцад биш амралт, ажлын бус цагаар эсвэл албан тушаалын орон сууцанд гарсан байгаа нь зарим ангийн удирдлагууд тушаал шийдвэр хэрэгжүүлж, мөрдөж ажиллаагүй, ажил хариуцсан дарга, албан тушаалтнууд аюулгүй байдлыг хангаж ажиллах албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, тухайн хүний анхаарал болгоомжгүй байдал болон аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг мөрдөж ажиллаагүйгээс шалтгаалан гарсан байгааг захирагч /дарга/ нар цаашид анхаарч ажиллах;

- Хувийн автомашин эзэмшиж байгаа цэргийн алба хаагчдад тавих хяналтыг сайжруулан, албаны болон хувийн ажлаар хөдөө, орон нутаг, анги байгууллагаас гадуур зорчих үед аюулгүй арга хэмжээний зааварчилгааг тогтмол танилцуулж, баталгаа гаргуулан хэвших, албаны ажилд хувийн авто машиныг ашиглахыг хориглох;

- Хүний эрх, түүний дотор хөдөлмөрлөх эрх болон ажлын байран дээрх аливаа дарамт шахалт, хүний нэр хүндийг доромжлон харьцаж, шийтгэх зэрэг харилцааны зөрчлийг гаргуулахгүй байх, таслан зогсоох талаар захирагч бүр хатуу анхааран ажиллах;

- Зэвсэгт хүчний хэмжээнд гарч байгаа осол, сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулахад чиглэсэн олон ажил, арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлж, үр дүнд хүрч байгаа хэдий ч нэгтгэл, ангийн удирдлага, холбогдох бүрэлдэхүүн цаашид ихээхэн анхаарч, сэтгэл зүйн хангалт, соёл хүмүүжлийн ажил, бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах ажлыг тасралтгүй, зөв, оновчтой байдлаар зохион байгуулж ажиллах;

- Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, суралцах нөхцөлийг сайжруулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, бие бүрэлдэхүүнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ялангуяа эрүүл аж төрөх ёсонд сургах, дадал, заншил эзэмшүүлэх ажлыг ангийн удирдлагаас тодорхой ажлуудыг санаачлан ажиллаж, үр дүнг тооцох зэрэг олон асуудлыг хөндсөн юм.

Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргын албан даалгаврыг ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгж, төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, нэгтгэл, ангиудын захирагч нарт хүргүүлэх ба тэрхүү албан даалгаврыг заалт нэг бүрээр нь хэрэгжүүлэхийг онцгой анхаарууллаа гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Зэвсэгт хүчний цэргийн командлагч, удирдах газрын дарга, нэгтгэл, ангийн захирагч, орлогч нартай цахим хурал хийв  
Үзсэн: 405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй