Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2022-07-08 14:32:29

Үүр голын усны түвшин 105 см нэмэгдсэн байна.

7 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 105 см нэмэгдэж, үерийн түвшинг 115 см даван хүчтэй үерлэж байна. Мөн түүнчлэн Сэлэнгэ мөрөн , Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Тэрэлж, Сөгнөгөр, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Улз зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, Балж, Онон, Хэрлэн, Улз, Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см даван тус тус үерлэж байна.

Маргааш буюу 7 дугаар сарын 9-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 15 см, Сэлэнгэ мөрний дагууд 5-15 см, Эг гол Хантай баг орчимд 30 см, Хэрлэн голын эхээр 10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.  Наадмын өдрүүдэд Орхон гол Сэлэнгэ мөрний сав газар болон нутгийн зүүн хэсгийн зарим газраар их хэмжээний аадар бороо орох төлөвтэй байгаа тул дээрх голууд болон  жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаараал халамжаа сайжруулах, зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан голд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн

Гадаргын усны судалгааны хэлтэс

2022-07-08


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй