Шууд Chart

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ

2022-10-01 15:05:12

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр хасах 5 хэмийг давж цочир хүйтэрнэ.

Малчид, тариаланчид, хандланчдын анхааралд: Өнөө, маргаашдаа нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар тогтвортой хүйтрэх тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг онцгойлон анхааруулж байна.


2022 оны 10-р сарын 01-ний 20 цагаас 10-р сарын 02-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зүур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.


2022 оны 10 дугаар сарын 03-наас 10 дугаар сарын 07-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 03-нд говь, талын нутгаар, 06-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.


Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ  
Үзсэн: 566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй