Шууд Chart

Үндэсний Дээд лигийн шинэ улирлын нээлтийн тоглолт өчигдөр боллоо

2022-12-02 13:48:08

Монголын сагсан бөмбөгийн холбооны 2022-2023 оны Үндэсний Дээд лигийн шинэ улирлын нээлтийн тоглолт өчигдөр “UG Arena” ордонд эхэллээ. Эхний өдөр болсон гурван тоглолт дараах байдлаар өндөрлөв.

Дээд лигийн нээлтийн өдрийн эхний тоглолт Улаанбаатар Амазонс, Эрдэнэтийн Уурхайчид багуудын хооронд боллоо. Хоёр хүчирхэг багийн тоглолтод энэ удаа Улаанбаатар Амазонс баг 78-67 харьцаатай илүүрхэв.

Харин хоёр дахь тоглолт Архангай Алтан Дорнодын Дайчид, Тэнүүн Өлзий Металл багуудын хооронд боллоо. Дайчид тоглолтын эхнээс давамгайлалыг авч эхний үе 30-25, хоёрдугаар үе 55-44 харьцаатай дуусан юм. Харин гуравдугаар үед Тэнүүн Өлзий Металл баг оноог ойртуулж, ганцхан бөмбөгний зөрүүтэй 76-75 харьцаатай өндөрлөв.

Тоглолтын дөрөвдүгээр үед Архангай Алтан Дорнодын Дайчид багийн импорт тоглогч Антони Харрисийн шидэлт, довтолгоо ээлж дараалан амжилттай болж багаа хожилд хөтөллөө. Харрис 36 оноо, 11 самбар, 6 оновчтой дамжуулалт, 54.2 хувьтай довтолжээ. Түүнд Ихбаяр 20 оноо, Батзолбоо 15 оноогоор тусалсан байна. О. Тулга талбайд +21 үзүүлэлттэй бүх тоглогчдыг тэргүүлсэн юм. Харин Тэнүүн Өлзий Металл багаас Сүхбат 27 оноо, 12 самбар авсан бол Энхтөр 20 оноо, 4 самбар, 2 оновчтой дамжуулалт өгсөн байна. Улирлын эхний хожлоо байгуулсан Архангай Алтан Дорнодын Дайчид баг дараагийн тоглолтоо бямба гарагт Шутис Шаркс багийн эсрэг хийх юм.

Дээд лигийн нээлтийн өдрийн сүүлийн тоглолт Эрдэнэтийн Уурхайчид, Хасын Хүлэгүүд багуудын хооронд боллоо. Эрдэнэтийн Уурхайчид тоглолтод эхнээсээ илүүрхэж 95-69 харьцаатай хожлоо. Ананд Хасын Хүлэгүүд багийнхаа өмсгөлтэй эхний тоглолтдоо 16 оноо авсан бол Билгүүн 17 оноотой багаа тэргүүлжээ. Харин Уурхайчдаас дөрвөн тоглогч 10-аас дээш оноо авав.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэсний Дээд лигийн шинэ улирлын нээлтийн тоглолт өчигдөр боллоо  
Үзсэн: 946 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй