Шууд Chart

“Үндэсний давхар даатгал” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэлээ

2023-03-31 14:47:25

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Үндэсний давхар даатгал” хаалттай ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэлээ. Төрийн өмчит хуулийн этгээдийг нэмж хувьцаа гарган биржээр нээлттэй арилжаалах замаар олон нийтийн хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны тогтвортой, ил тод байдлыг хангах зорилгоор УИХ-ын 2022 оны 16 дугаар тогтоолоор “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл”-ийг баталсан.

Улмаар Засгийн газрын мөн оны 244 дүгээр тогтоолоор “Төрийн мэдлийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт”-ыг баталсан бөгөөд энэхүү жагсаалтад “Үндэсний давхар даатгал” хаалттай ХК багтсан билээ. Монгол Улсын нийгэм эдийн засагт чухал ач холбогдол бүхий үндэсний давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх, мал аж ахуй, газар тариалангийн салбарыг эрсдэлээс хамгаалах үндсэн чиг үүрэг бүхий тус компани нь нийтэд хувьцаагаа санал болгосноор  гадагшаа гарч буй давхар даатгалын хураамжийн валютын урсгалыг бууруулж, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. “Үндэсний давхар даатгал” ХК нь дээрх зохицуулалтын хүрээнд хувьцаагаа нийтэд санал болгон гаргаж буй хоёр дахь компани болж байна.

Мөн хуралдаанаар нэг компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэж, нэг компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, гурван хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэж, нэг компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэлээ.

Түүнчлэн банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа эрхлэх энгийн зөвшөөрлийг нэг компанид нэмж олгохоор тус тус шийдвэрлэв.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн тайланд аудит хийх хуулийн этгээдээр нэг компанийг бүртгэхээр, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид олгохоор, мөн хоёр компанийн дээрх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр мөн хэлэлцэн шийдвэрлэсэн юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


“Үндэсний давхар даатгал” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэлээ  
Үзсэн: 356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй