
Африкийн олон мянган дүрвэгчийн хөлд дарагдаад байгаа Италийн өмнөд бүсийн Лампедуза аралд тус улсын Ерөнхий сайд Жоржа Мелони, Европын комиссын Ерөнхийлөгч Урсула Фон дер Ляйен нар зочилж, нөхцөл байдалтай танилцсан байна.
6500 гаруй оршин суугчтай тус аралд өнгөрсөн 7 хоногийн даваагаас лхагва гарагийн хооронд гуравхан хоногт 199 завиар нийтдээ 8500 гаруй дүрвэгч ирснийг НҮБ-ын Цагаачлалын байгууллагаас мэдээлсэн.
Италийн Засгийн газар Хойд Африкаас Европыг зорьж байгаа дүрвэгсдийн урсгалыг хаахад Европын холбооны түвшинд арга хэмжээ авахыг шаардаж, Хойд Африкийн орнуудтай хамтарч ажиллах санал гаргаж байна.
Өнөөдрийн байдлаар Лампедуза арлын зарим үйлчилгээ шинээр ирж байгаа дүрвэгсдийн их хөлд ачааллаа дийлэхгүйд хүрсэн байна. Тус арлын 400 хүний багтаамжтай цагаачлалын төвийн багтаамж дөрөв дахин хэтэрч, ням гарагийн байдлаар 1500 гаруй дүрвэгчийг байрлуулсан гэж Италийн Улаан загалмайн нийгэмлэгээс мэдэгджээ.
Иймд Италийн Засгийн газар Хойд Африкаас Европ тивийг чиглэсэн дүрвэгсдийг тээвэрлэгч завиудыг хязгаарлахын тулд далайн замд нь Европын холбоо нэгдсэн байдлаар хориг хаалт тавих, нөгөө талаар Европт үлдэх боломжгүй цагаачдыг эх оронд нь буцаах тогтолцоог хурдан идэвхжүүлэх сонирхолтой байна.
Мөн Европын холбоо ч дүрвэгсдийг хууль бусаар зөөвөрлөж байгаа бизнесийг таслан зогсоож, хууль бус цагаачдыг Европын холбоонд үлдэх шаардлага хангаагүй бол эх орон руу нь албадан гаргана гэсэн байр суурьтай байна.
Бүгд Найрамдах Итали улсын Ерөнхий сайд Жоржа Мелони “Хууль бус цагаачлалын их урсгалыг нэн даруй цэгцлэх цорын ганц арга зам нь хууль бусаар ирж байгаа дүрвэгсдийн тээврийн хэрэгслийн замыг хаах явдал. Иймээс Европын холбооны гишүүн улс орон бүр дорвитой, цогц шийдэлд хүрэхийн тулд нэг зорилгоор хамтран ажиллах шаардлагатай байна. Мөн бид ямар ч хариу арга хэмжээ авлаа гэсэн үүнийг Хойд Африкийн орнуудтай хамтарч хийх нь зүйтэй” гэв.
Европын комиссын Ерөнхийлөгч Урсула Фон Дер Ляйен “Энэ их урсгал арлын ард иргэдийн хувьд маш хүнд нөхцөл байдлыг бий болгосон байна. Иймээс бид Итали, Европын холбоо нэгдсэн ямар хариу арга хэмжээ авах вэ гэдгээ тогтохоор энд ирлээ. Хууль бус цагаачлал бол Европын хариу арга хэмжээ авах шаардлагатай гол сорилт болсон. Бид өмнө нь ч энэ байдалтай тэмцэж байсан. Одоо ч ирээдүйд ч хууль бус цагаачлалтай тэмцэнэ. Европын холбооны орнуудад хэн, ямар нөхцөлөөр ирэхийг хууль бусаар хил давуулагчид, зөөвөрлөгчид биш бид шийдэх болно” гэв.
Европын холбооны хилийн агентлаг Фронтексийн зохион байгуулалт дор Газар дундын тэнгис дэх агаарын болон далайн тандалт, харуулын үйл ажиллагааг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж Европын комисс үзэж байна.
Мөн холбооны бусад гишүүн улс орнуудыг цагаачдын зарим хувийг шингээхийг уриалсан байна. Учир нь Европын холбооны гишүүн орнууд Африкийн цагаачдыг хүлээж авах асуудал дээр өөр, өөр байр суурь баримталдаг.
Аюул, эрсдэлтэй зам туулж Италид очиж байгаа дүрвэгсдийн тоо энэ онд 127 мянга давсан нь өнгөрсөн оныхоос хоёр дахин өндөр буюу 2016 оны дээд амжилт тогтоосон тоонд хүрэх төлөвтэй байгаа юм байна.
Итали улс Африкийн дүрвэгсдийн урсгалыг зогсооход хамтран ажиллахыг Европын холбоонд уриаллаа | ||
Үзсэн: 527 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.