Шууд Chart

Америкийн зүүд Жон Кеннеди

2015-03-16 09:52:57

Хүн төрөлхтнийг хамгийн ихээр баярлуулж, бас хамгийн ихээр гомдоосон хорьдугаар зууны эхний хагас алгуурхан хуучирч байлаа. Дэлхийн нэгдүгээр дайны улаан гал хөгшин Европын хөрс шороог хөөрхий болтол нь түймэрдэж, үхэл хагацал, өнчрөл зовлонд хахсан наран шингэх зүгийн хүмүүс ертөнцийн эзнээс амар амгаланг хэзээ хэзээнээс илүү хүсч, нурсан сүмийн балгасан дотор нулимсаа арчин зогсоно.

Гэтэл энэ хүнд бэрх цагт холын Америк холбоотны эгнээнд элсэн тулалдсан ч гэсэн ажин түжин байлаа. 1917 оны тавдугаар сарын 29-ний өдөр нэгдсэн улсын Массачусетс мужийн Бруклин хотод нартай сайхан өдөр болж, хөнөөлт дайны хор уршгаар эдийн засгийн уналт алгуурхан ойртож байгааг хараахан мэдээгүй хүмүүс нааш, цааш хөлхөлдөж, уурын тэрэг нэг хотоос нөгөө рүү давхилдаж, анхны машинууд гудамж талбайг сүлжинэ. Ноён Жозеф Патрик Кеннеди хотын хамгийн шилдэг эмнэлгийн хүлээх тасалгаанд дэгжин хар хүрэмтэйгээ догдолсон байдалтай сууж, түүний дэргэд хоёр настай хүү Жо нь ааваасаа ээжийнхээ тухай асууна.

Ноён Жозеф Кеннеди бол  тухайн цаг үеийн Америкийн томоохон сэхээтэн, улстөрч, бизнесмэн төдийгүй Английн Ерөнхий сайд У.Черчиль, Ерөнхийлөгч Франклин Рузвельт нартай ойр дотно харилцаатай, нэр нөлөөтэй нэгэн байлаа. Шаргал үстэй сувилагч бүсгүй аав, хүү хоёрын дэргэд ирж “Ноёнтон танд баяр хүргэе. Та хүүтэй боллоо” гэж хэлэв. Жозеф түргэлэн босч, Жо хүүгээ хөтлөөд амаржсан эхчүүдийн өрөө рүү цагаан халаттай орж, эхнэрээ үнсээд, шинэ хүүгээ тэвэрлээ. Тэгээд Жозеф хоёр дахь хүүгээ  “Жон Фицжеральд Кеннеди” гэж нэрлэсэн юм.

Бяцхан Жоны амьдралд дутуу зүйл даанч байсангүй. Эцэг, эх нь түүнд хайр халамж, элбэг хангалуун амьдрал, тансаг хэрэглээ, тэр бүү хэл, нэг ах, долоон дүүг өгсөн юм. Ноён Жозеф, хатагтай Роза нар хүүхдүүдээ боловсролтой хүмүүс болж, ирээдүйд улс эх орныхоо төлөө ихийг хийгээсэй гэж цаг ямагт хүссэн. Тиймдээ ч Жон хүүгийн бага нас тоглож наадах завгүй өнгөрч байлаа. Тэр ном уншиж, оддыг дурандан, алсын алсыг мөрөөдөх дуртай нэгэн болжээ. Цаг хугацаа улиран одсоор. Нэгдсэн улс хүчирхэгжихийн хэрээр зохион байгуулалттай гэмт хэргийн ертөнц цэцэглэж, архины хуурай хуулийг дагасан бизнес газар авчээ. Зарим судлаачид энэ үед ноён Жозеф Кеннеди хууль бус наймаанаас ихээхэн ашиг олсон ч гэдэг.

Жон 13 нас хүрлээ. Ингэхдээ тэр Бруклин хотын Ривердэйлийн бага сургуулийг онц дүнтэй төгсөж ахлах сургуульд элсэн суралцахад бэлэн болжээ. Жон Кеннедигийн амьдралын энэ үе хоёр хувилбартай. Бяцхан хүү үргэлжлүүлэн чухам ямар ахлах сургуульд суралцсан нь ойлгомжгүй хийгээд ноён Жозеф хүү Жоныгоо Коннектикут мужийн нэгэн хувийн сургуульд илгээсэн гэх боловч хүү хүндээр өвдсөний улмаас суралцах боломжгүй болсон гэж тэмдэглэсэн байна. Чингээд гэрээр үргэлжлүүлэн боловсрол эзэмшсэн Жон таван жилийн дараа 1935 онд Пристоны их сургуулийн оюутан болсон боловч мөн л хууч өвчин нь сэдэрч, гэр рүүгээ буцжээ. Гэтэл үүний нөгөө хувилбар нь Жон 1930 онд Шинэ Мильфорд дахь Кентербарийн сургуульд элсэж, дараа жил нь Воллингфорд Коннын Чоатийн академид дэвшин суралцсан байна.

Тэгээд 1935 он болоход 18 настай сургуулиа төгссөн Жон Их Британийг зорьж, Принстоны их сургуулийн оюутан болсон ч төдөлгүй эргэж ирэн түүхт Харвардын их сургуульд элсэн суралцах болжээ гэсэн хоёр дахь хувилбар байна. Эдгээрийн чухам аль нь үнэнд ойрхон болохыг эрхэм сонсогч та эргэцүүлнэ буй заа. Ямартай ч залуухан хөвгүүн залуу Жон Кеннеди 1936 онд холын Америкт төдийгүй дэлхий дахинд алдартай Харвардын их сургуульд номын дуу сонсож, улс төр, олон улсын харилцааны чиглэлээр ихээхэн мэргэшсэн гэдэг нь батлагдаж байгаа юм. Бас л завгүй Жон... Түүний амьдралын энэ үе сургууль, номын сан, гэр гэсэн гуравхан замтай байв. Залуу хөвгүүн ч энэ гурван замаар итгэл төгс алхаж, олон гутал элээжээ.

1940 он боллоо. Олон улсын байдал хурцдаж, хайр дурлал, сэтгэл хөдлөлийн өлгий гэгдэх Франц орон немцүүдэд эзлэгдэж, 1939 оны есдүгээр сарын 1-нд ноён Гитлерийн арми Польш руу довтолсон байлаа. Мөн дэлхийн нөгөө өнцөгт Японы зэвсэгт хүчин Хятадыг дайраад их гүрнүүд хараахан тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөөгүй Монгол Улсын хил рүү халдсан тухай мэдээ “Times” сонины тэргүүн нүүрэнд гарчихсан байв. Төгсөх дамжааны оюутан Жон Кеннеди дипломынхоо ажлыг “Гитлерийн Германы зэвсгийг хураах үйл явцад Их Британи улсын байр суурь” гэсэн сэдвээр бичиж, амжилттай хамгаалав. Хожим тэрбээр энэхүү дипломынхоо ажлыг улам өргөтгөж “Англичууд яагаад дайны үед унтсан бэ?” хэмээх номоо туурвисан юм.

1941 оны намар Жон Кеннеди АНУ-ын Тэнгисийн цэргийн усан флотод алба хааж байв. Тэр энд байхдаа зүгээр ч нэг байлдагч байсангүй, цол, зэрэг ахиж, немцүүдтэй нэг биш удаа ширүүн тулалдсан юм. Тэр “мина” тээгч шумбагч онгоцны ахлагчаар  дайснууд руу довтолж, хүндээр шархдаж, “Эр зоригийн” одонгоор энгэрээ цоолуулсан юм. Эр зоригт усан цэрэг Жон Кеннедигийн амьдралын энэ мөчлөг бол түүний хожмын үйлсэд томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно.

Дайн дуусах дөхөж байлаа. Холбоотны цэрэг Гитлерийн зэвсэгт хүчнийг ухрааж, Берлин ойртсоор. Жон Кеннеди фронтод тулалдаж байгаа ах Жо болон гэр бүл рүүгээ долоо хоног бүр захидал бичиж, бас тэднээс хариу авна. Мэдээж тэр эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр. Гэтэл 1944 оны тэр нэг өдөр гүн эмгэнэл илэрхийлсэн бичиг, гурвалжилж эвхсэн төрийн далбаа хоёр ноён Жозефын гэрт очжээ. Ах Жо нас барсан байлаа... Жон Кеннеди хожим энэ тухай ярихдаа “Миний улс төр рүү орох болсон хамгийн том шалтгаан бол ах Жо маань нас барсан явдал. Хэрэв маргааш надад ямар нэгэн зүйл тохиолдох аваас миний оронд дүү Роберт, түүнд бас золгүй явдал тохиолдох юм бол бага дүү Тедди маань биднийг орлож аугаа Америкийн төлөө зүтгэх болно” гэж хэлсэн байдаг. Түүний энэ үг үнэн байсан юм... Чухамдаа дайны дараагаас мэдлэг боловсролтой, зохион байгуулах, удирдах ухаанд чадварлаг суралцсан хүүгээ ноён Жозеф улс төрд хүч үзэж, улмаар Ерөнхийлөгч болохыг хүсч эхэлсэн байдаг.

Хөнөөлт дайн дууссаны дараа Жон сэтгүүлчээр ажиллаж байлаа. Үнэндээ тэр улс төрч болохыг тийм ч ихээр хүсээгүй бөгөөд сэтгүүлчийн ажил түүнийг үнэхээр татаж байсан юм. Гэвч тэрбээр аавынхаа хүсэлт, шахалтыг удаан бодож үзсэний эцэст 1947-1953 онд Конгресст Бостоныг төлөөлж дараа нь Сенатын гишүүн боллоо. Том ах Жо-г орлох болсон Жонд дүү нар нь бүхий л талаар тусалж, амжилтанд хүрэхэд нь ихээхэн хувь нэмэр оруулж байв. Ерөөс тэдний гэр бүл халуун дулаан уур амьсгалтай, нөхөрсөг, сайхан харилцаатай, харилцан бие биенээ хүндэтгэж, хайрладаг хүмүүс байжээ. Дахиад л амсхийх завгүй өдөр, хоногууд үргэлжилж эхлэв. Жон улс төрд эргэлт буцалтгүй орохоор шийдэж, өөрийн нэр хүндийг өсгөх зөв алхмууд хийхийн хэрээр америкчууд түүнд талтай болж, итгэл, найдвар хүлээлгэнэ. 1953 оны есдүгээр сарын 12-ны өдөр Жон Кеннеди Францын язгууртан гаралтай үзэсгэлэнт бүсгүй Жаклин Бувьетэй хуримаа хийсэн нь америкчуудын ярианы гол сэдэв боллоо. Жон, Жаклин нарын амьдрал тийм ч  аз жаргалтай байгаагүй юм. Тэд дөрвөн хүүхэдтэй болсон ч хоёр нь хорвоод ирээд удаагүй буцсан юм.

1960 он гарлаа. Судлаачид өнгөрсөн зууны энэ цаг хугацааг нүгэлт он жилүүд гэж бичсэн байх нь олонтаа. Амьдралын хатуу бэрх, зовлон жаргал, хагацал гунигийг амсаж эдэлсэн Жон Кеннеди АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарлав.

Зохион байгуулалттай гэмт хэрэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, Вьетнамын дайн, коммунистуудын заналхийлэл улам хурцадсаар... Нэгдсэн улсад эдгээр хүндрэл бэрхшээлийн өмнөөс эрс шулуун, зоримог зогсох удирдагч юу, юунаас илүү хэрэгтэй байлаа. Жон Кеннедигийн хамгийн хүчирхэг өрсөлдөгч бол Ричард Никсон. Ард түмний тэн хагас түүний талд зогсоно.

Америкчууд чимээгүй... Радиогоор Ерөнхийлөгчид нэр дэвшигчид мэтгэлцэж байгаа болохоор америкчууд аниргүй байлаа... Никсон өмнөх засаглалын үйл хэргийг сайшаан дэмжиж, хэрвээ Ерөнхийлөгч болох аваас тэдний зарчмаар ажиллах тухай ярихад Жон харин үүнийг эрс эсэргүүцсэн, үгүйсгэсэн, өөрчлөлт, шинэчлэлтийг хийх цаг нь болсон тухай өөртөө итгэлтэй, шийдэмгий өгүүлнэ. Энэ  мэтгэлцээн ээлжит сонгуулийн ялалт Жон Кеннедигийн талд эргэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. Сонгуулийн дүн гарлаа... Жон Кеннеди өрсөлдөгчөөсөө 119 мянган хүний саналаар илүү буюу нийт сонгогчдын 49.7 хувийн саналыг авч Америкийн Нэгдсэн Улсын 35 дахь Ерөнхийлөгч боллоо.

1961 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр... цэл залуухан Ерөнхийлөгч эрх чөлөөт сая сая америкчуудын өмнө тангараг өргөхөөр индэр дээр гарч ирлээ. Мянга мянган хүмүүс баяр хүргэж, алга ташина. Жон Кеннедигийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр хэлсэн үг бүх Америкийн шилдэг 100 илтгэлийн 2 дугаарт жагсдаг. Тэр...

Дайны түрэмгийлэл, хэцүү бэрх боловч үнэ цэнэтэй энх тайван ноёлсон энэ зуунд төрж өссөн, эртний өв уламжлалаараа бахархагч  хүний эрхийг дээдлэхэд эрт эдүгээ, өнөөдөр ч хувь нэмрээ оруулсаар ирсэн Америкийн хойч үе болсон бидний үг яг энэ цаг мөчөөс, яг энэ газраас бидний анд, дайсан хэнд ч болов хүрэх болтугай. Саад тотгор тохиож, хүндрэл бэрхшээл учирсан ч ямар ч үнээр болов эрх чөлөөг мандуулахын төлөө бид бүхэн анддаа тусалж, дайснаа эсэргүүцэх болно гэдгийг маань бидний төлөө бидний эсрэг зогсож буй улс орон алин боловч мэдэж автугай. Үүнийг мөн үүнээс ч илүүг бид амлаж чадна. Бидэнтэй соёл болоод сэтгэл санаагаараа хамт байсан эртний холбоотнууддаа бид бүхэн үнэнч шударга андын холбоог амлаж байна. Бүгдээрээ нэгдэж зориглон хөдөлвөөс бидэнд хийж чадахгүй зүйл бараг үгүй. Харин дан дангаараа хийж чадах зүйл бидэнд бараг алга аа. Бид олон хэсэг болж аз туршихыг хүсэхгүй байна...

Жон Кеннеди Ерөнхийлөгчийн албан ажлаа авсны дараа маш олон зоримог шинэчлэлийг хийх гэж оролдсон юм. Харамсалтай нь түүний санал болгосон өөрчлөлтүүдийг Конгрессийн гишүүд шүүмжилж хориг тогтоолоо. Тэгэвч Жон Кеннеди ерөнхий прокурор дүү Роберт Кеннедигийн хамт арьс өнгөний ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тууштай тэмцэж Алабама, Миссисипи мужийн бүхий л  их, дээд сургуулиудад  хар, цагаан оюутнууд ижил тэгш эрхтэйгээр суралцах боломжийг бий болголоо. Америкийн нэгдсэн улсын 35 дахь Ерөнхийлөгчийн зайлшгүй анхаарч ажиллах нэгэн зүйл бол коммунистуудтай зөв замаар харилцах, тэдний зүгээс ирж болзошгүй аюулаас урдчилан сэргийлэх явдал байв.

Зөөлөн бороо дааман цонх даган урссан үдэш байлаа. Ноён Ерөнхийлөгч Жон Кеннеди албан өрөөндөө түгшсэн байдалтай сууна. Түүний өмнө түрүүхэн орж ирээд гарсан тагнуулынхан тун тааруу мэдээ бүхий баримт бичиг, гэрэл зураг орхижээ. Тэрхүү баримт бичгийн утга, гэрэл зураг нь дээрх дүрсүүд Куба улсын нутаг дэвсгэр дээр Зөвлөлтийн цөмийн пуужингууд байгааг нотолно. Эдгээр цөмийн пуужингуудын гол бай нь  Америкийн нэгдсэн улс... 1962 оны 10 дугаар сарын 22-ны өглөө Ерөнхийлөгч Жон Кеннеди Тэнгисийн цэргийн нисэх хүчинд Зөвлөлтийн цөмийн цэнэгт хошууг Куба руу тээвэрлэхэд нь саад болох тухай тушаал өглөө. Мөн Кубын нутаг дэвсгэрээс дэлхийн аль нэг орон руу агаарын цохилт өгсөн тохиолдолд АНУ Зөвлөлт рүү довтолно гэсэн анхааруулга өгөв.

Кеннедигийн энэ зоримог мэдэгдлийн дараа нөхөр Хрущев Кубын нутгаас цөмийн цэнэгтэй хошуунуудаа эргүүлэн татлаа. Дэндүү хурцадсан энэ үйл явдал эцэстээ хоёр их гүрний харилцаа холбоонд үнэтэй хувь нэмэр оруулж, тэд 1963 онд цөмийн зэвсгийн туршилтыг хориглох гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ бол сая сая хүний амь насыг аварсан аугаа их үйл явдал байлаа. Гэвч Жон Кеннедигийн үйл хэрэг үргэлжилсээр. Тэр Вьетнамаас Америкийн цэргийг буцаан татах ажилд ихээхэн хүчин чармайлт гаргасан ч хориг саад ихтэй байв. Басхүү Жон Кеннеди сансар судлалын түүхийг эхлүүлсэн юм.

Энхтайвны корпус байгуулж хөгжиж байгаа орнуудад тусламж үзүүлэн, Латин Америкийн улсуудыг эдийн засгийн хамтын ажиллагаанд уриалан дуудсан “Хөгжлийн төлөө холбоо”-г үүсгэсэн,  Америкийн бахархалт Ерөнхийлөгч Жон Кеннеди 1963 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тэргүүн хатагтай Жаклин Кеннедигийн хамт Техас мужийн Даллас хотын гудамжаар явж байлаа. Ерөнхийлөгчийн хувийн хамгаалалтын алба, Холбооны мөрдөх товчоо, цагдаагийн бүхий л албан хаагчид аюулгүй байдлыг хангаж баярлаж хөөрсөн, сэтгэл нь хөдөлсөн олон мянган хүмүүс замын хоёр талд хуран цуглажээ. Ноён Ерөнхийлөгч Жон Кеннеди задгай дээвэртэй, хар өнгийн кадилак машинаас гараа даллан байснаа гэнэт больж, хоолойгоо барин, зангиагаа тайлах гэж оролдлоо.

Түүний дэргэд сууж явсан хатагтай Жаклин хүртэл анхандаа юу ч мэдсэнгүй. Ерөнхийлөгч тэргүүн хатагтайн баруун мөрийг налахад Жаклин гайхсан байртай Ерөнхийлөгчөөс юу болсныг асууж байтал алуурчны хоёр дахь сум  гайхамшигт хүмүүний баруун шанаанд тусч, тэр ямар ч тусламж авч чадалгүй хоромхон зуурт амьсгал хураав. Хатагтай Жаклин Кеннеди цочирдон кадилак машины арын багаажин дээр гараад ирлээ... гэвч цуваа зогссонгүй... зуу зуун гэнэхэн хүүхдүүдийн нүдэн дээр, зуу зуун догдолж баярласан хүмүүсийн өмнө энэ аймшигт явдал болсон юм. Хүн төрөлхтний түүхэнд төрсөн хамгийн аугаа удирдагчдын нэгийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой, цагаач Ли Харви Освальд гэдэг этгээд хөнөөжээ.

Гэвч түүнтэй хамт гурван мэргэн буудагч байсан гэдгийг мөрдөгчид тогтоосон бөгөөд тэдний цаана асар том алан хядагч нуугдсан нь ойлгомжтой. Ли Харви Освальд өөрийгөө ямар ч буруугүй гэж байсан ч 11 дүгээр сарын 24-ний өдөр Даллас хотын нэгэн шөнийн цэнгээний газрын эзэн алуурчныг үгүй хийжээ. Ерөөс энэ хэрэгтэй холбоотой бүхий л хүмүүс цаг бусаар үрэгдсэн хийгээд Ерөнхийлөгчийн үхэл хэнд ямар ашигтай байв. Хэн түүний амь насыг захиалав гэдэг 20 дугаар зууны аймшигтай оньсого болж үлдсэн юм.

Америкчууд хайртай Ерөнхийлөгчөө 1963 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Арлингтоны Үндэсний оршуулгын газар эцсийн замд нь үдсэн юм. Кеннедигийн хүү 1999 онд автомашины ослоор нас барсан бол охин Каролина нь өдгөө энх тунх амьдарч байна.

 

/Жич: Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлан хэвлэн нийтлэх, түгээхийг хориглоно.../

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Америкийн зүүд Жон Кеннеди   
Үзсэн: 9137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2015-03-17 13:31
"Жич: Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлан хэвлэн нийтлэх, түгээхийг хориглоно. " гэнэ үү? Ичихээ байж ээ байж хахаха
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-03-16 18:37
Энэ Социалистуудын үлдэгдэлүүд юу гээд байгаа юм бэ?
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-03-16 18:37
Энэ Социалистуудын үлдэгдэлүүд юу гээд байгаа юм бэ?
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-03-16 18:27
Коммунистоо баяртай
182.160.1.xxx [182.160.1.xxx] 2015-03-16 10:47
Нэг талыг барьсан мэдээлэл гэж үүнийг хэлнэ, Америкчууд эхлээд Кубад хүч хэрэглэх шийдвэр гаргаж цөмрөн орох хүчээ бөөгнүүлж эхэлсэхний дараа ЗХУ үүнийг эрс эсэргүүцэж цэргээ бужаан татахыг АНУ-аас шаардсан юм, АНУ үл ойшоосон учраас ЗХУ маш нууцаар цөмийн пуужингуудаа Кубад зөөн аваачиж зориуд АНУ-г шахалтанд оруулсан учраас ЗХУ АНУ 2 харилцан буулт хийж аль аль нь цэрэг зэвсгээ эргүүлэн татсан түүхтэй юм. Тиймээс Кеннеди аймаар зоиртой мэдэгдэл хийсэн чинь ЗХУ айгаад пуужингаа татсан гэдэг бол АНУ-ын дунд сургуулийн үлгэр шүү дээ. Америкчууд түүхийг зөвхөн өөрсөндөө ашигтайгаар мушгин гуйвуулахдаа сурамгай гэдгийг тэндхийн хэвлэл мэдээлэл үзэл суртлын хэрэлслүүдээс элбэг олж харж болно.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-03-16 10:32
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыГ ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

Бидэнтэй нэгдээрэй