Шууд Chart

Бохир гарын өвчин

2015-03-20 09:58:23

Гараа сайн угаагаагүйгээс болж элдэв өвчин тардаг тухай бүгд мэднэ дээ. Тэр тусмаа бохир гарын өвчин гэхээр халдварт шар өвчин л гэж ойлгодог. Хүний элгийг гэмтээж, яваандаа хүний эрүүл мэндэд тун ноцтой хөнөөл учруулдаг нь халдварт шар буюу эмнэлгийн хэлээр гепатит гэх өвчин бохир гараар дамждаг болохоор аргагүй юм. Халдварт шар өвчин дотроо олон янз. Ерөнхийдөө бол бохир гараар дамждаг, тариураар дамждаг үндсэн хоёр төрөл байдаг юм. Энэ өвчний үед элэг гэмтэж, цөсний замд саатал гардаг учир цөс /билирубин/ цусанд орж арьс, нүдний салст шарладаг болохоор шар өвчин гэж нэрлээд заншчихсан. Арьс салст шарлах олон шалтгаан бий. Энэ дотроос хамгийн элбэг бөгөөд халдвартай нь дээр дурдсан гепатит гэх өвчин. Шар өвчнийг үүсгэгч вирус бохир гараар дамжин аманд орж, цааш элэг, цөсийг өвчлүүлдэг гэж ойлгож болно. Тийм болохоор сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдүүд олноороо нэг дор амьдардаг, хичээллэдэг газарт шар өвчин тарвал хурдан тарах аюултай байдаг. Ер нь шар өвчин үүсгэгч нян, вирус та бидний орчинд таатай боломжийг хүлээгээд нуугдаж байдаг юм. Тэгээд биеийн эсэргүүцэл нь суларсан хүүхдийн гараараа барьсан хоол хүнсээр дамжин дотогшоо орж элгийг чинь өвчлүүлдэг. Өвчилсөн хүүхэд эхэндээ бага зэрэг ядрах, нойрмоглох, бие нь загатнах зэрэг шинж илэрч байснаа нүдний цагаан хэсэг нь шар туяатай болж, гарын алганы арьс нь эхлээд шар болсноо, аажмаар бүх бие нь шарлах хүртлээ даамжирдаг. Танай гэрт, эсвэл цэцэрлэг, сургууль, ангид чинь нэг л хүүхэд шарлавал эмчдээ хурдан хандах хэрэгтэй.

Эмч үзээд шар өвчин мөн байвал тэр ангийг түр хаадаг. Магад ч үгүй шар өвчин нь хөнгөн хэлбэртэй бол хаалгүйгээр ариун цэврийн дэглэм сайн сахиулах, амны хаалт хэрэглэх, тусгай ариутгасан уусмал болон савангаар гараа угаах /ялангуяа хоол идсэн, бие зассаны дараа заавал/ зэргээр урьдчилан сэргийлж болно. Шарласан хүүхдийн арьс салст шарлахаас гадна шээс нь өтгөрч улаавтар шар болдог гэдгийг анзаарах хэрэгтэй. Шар өвчнийг заавал халдвартын эмчид үзүүлж, тусгаарлан эмчлүүлэх шаардлагатай. Харин нэг удаагийн зүү, тариур хэрэглэлгүй эм тариа хийлгэснээс болж шар өвчний вирус судсаар шууд цусанд халдварлах нь нэлээд хүнд хэлбэрт тооцогдоно. Дээр дурдсан бохир гарын шарнаас ялгаатай. Харьцангуй удаан хугацааны эмчилгээ шаардана.
Сайн эмчлүүлэхгүй бол элгэнд вирус нь үлдэж хоцордог. Энэ тохиолдолд тухайн хүнийг вирус тээгч гэх бөгөөд бусдад өвчнөө халдаах магадлалтай. Багадаа тариураас болсон шараар өвчилсөн хүүхэд том болсон хойноо шинжилгээ хийлгэхэд вирус илэрдэг шүү дээ. Гадаадад суралцах болон ажил хийхээр явах үед цусны шинжилгээ заавал хийлгэж, “С” вирус байгаа эсэхийг тогтоодог нь халдвар тараах аюултай учраас тэр. Хэдийгээр тариурын /шприцны шар гээд байдаг даа/ шар гэж нэрлэдэг ч халдвар мөн л бохир гараар дамжих нь элбэг учир гараа сайн угааж байхыг хэзээ ч мартаж үл болно. Аль ч хэлбэрийн ялгаагүй шар өвчнийг гүйцэт сайн эмчлүүлэх нь хожим илрэх элэгний архаг үрэвсэл, элэг хатуурах, хавдар зэргээс сэргийлэх ач тустай. Ер нь өвчилсөн хойно нь эмчлэх гэхээсээ энэ өвчнөөр өвчлөхгүй байх нь юу юунаас илүү хэрэгтэй. Тиймээс хүүхэд бүр гараа сайн савандаж, зөв угааж занших хэрэгтэй. Бохир гарын өвчнөөр өвчлөхгүй байх боломж хүүхэд бүрт байдаг юм шүү.

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос
 


Бохир гарын өвчин   
Үзсэн: 8834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
М.Төрбат [202.9.44.xxx] 2016-09-26 21:50
Шар өвчин аймар юм болохийг ойлогсон юм

Бидэнтэй нэгдээрэй