Шууд Chart

Түнэр харанхуйн эсрэг гэрэл гэгээ буюу Оскар Шиндлер

2015-03-25 10:47:07

Ленинградын бүслэлтийн хатуу хүйтэн, хоосон өвлийг эгэл жирийн орос хүмүүс тэсч, Сталинградын тэн хагасыг немцүүд эзэлж, аугаа их улаан армийн байлдагчид тэдэнтэй дундаа нэг буутайгаар тэмцэж байлаа. Барилга байшин, гудамж талбай нуранги болж, аавгүй хүү, хүүгүй аав, ээжгүй охин, охингүй ээж, гаргүй бие, биегүй гар энд тэнд хэвтэнэ. Цагаан хоолойгоор хэн нэгэн “Ах дүү Оросын ард түмэн. Бууж өг. Бид та нарт эрх чөлөөтэй, сайн сайхан амьдралыг өгөхөөр ирсэн. Та нарын цаана байгаа дарангуйлагчдыг бид үгүй хийнэ. Бид та нарыг яах ч үгүй. Бууж өг” гэж Герман аялагатай орос үгс хэлнэ.

Харин энэ галын бүсийн бүр цаана аварга том уурын зуухны яндангаас хар утаа суунаглаж, цас мэт үнс тоос наргүй болсон тэнгэрээс унана. Аушвиц, Освенцим хорих лагеруудад хэдэн мянган еврейчүүдийг уртаас урт дараалалд зогсоон, тэрхүү уурын зуух руу тууна. Туудагсдын цувааг догшин ширүүн саарал хувцастай, автомат буутай немцүүд хянан зогсож, илүү хөдөлгөөн хийснийг нь үг дуугүй хорооно. Хэнд ч гэм хийгээгүй балчир хүүхдүүд, нялх үрээ тэвэрсэн залуухан ээжүүд, эмэгтэйчүүд, эмгэд, өвгөд дуугүйхэн толгой гудайн урагшилж, уурын зуухны урт дараалал богиносно.

Тэгэвч төдөлгүй Франц, Итали, Унгераас дараагийн ээлжийн еврейчүүдийг ачааны вагоны харанхуй бүхээгт тээвэрлэж ирнэ. Дахиад л уурын зуухны уртаас урт дараалал үүснэ. Энд бол хүний амь, нас цааснаас хямдхан. Ингэж хорьдугаар зууны дунд үед хүн төрөлхтний нэг хэсэг нь үзэл суртал, харанхуй мунхагийн үүр уурхайгаар дүүрэн хар шуурга болж, нөгөө хэсэг нь гол мөрөн мэт нулимс урсгасан, тэнгис далай мэт зовлон шаналал эдэлсэн үүл болсон байдаг. Ноён Гитлерийн санаж, сэдсэн, бодит ажил болгосон энэхүү аймшигт үйлдэл нь хэдэн түмэн еврейн ард түмнийг үнс болгож, хэдэн буман ари үндэстнийг гутамшигт амьдрал руу түлхсэн юм. 

Харин энгэртээ даавуун одон хадсан, гэмгүй номхон хүмүүсийг үй олноор нь түймэрдэж, үгүй хийж байсан тэр он жилүүдэд Германы ард түмний дунд түнэр харанхуйн эсрэг гэрэл гэгээ байсан юм. Түүнийг Оскар Шиндлер гэдэг...

Европын хөх тэнгэрт шувуудтай хамт зөвхөн задгай дээвэртэй царцаа ногоон онгож нисч, газарт нь аз жаргалтай хүмүүс жимсний цэцэрлэг, ногооны аж ахуй, үхрийн фермер, адууныхаа зүчээнд амар тайван ажиллаж байсан 1908 он. Намрын сар аль хэдийнэ дундаа орж, Альпийн өндөр уулс, цас, мөсөндөө хучигданхан дүнсийхэн байна. Германчууд ямар нэгэн үзэл суртлын зэвсэг болоогүй, эелдэг найрсгаар бие биенээ хүндэтгэн аж төрнө. Удалгүй мөнгөн өвлийн улирал, зул сарын баярын хонх жингэнүүлэнхэн айлслаа. Арванхоёрдугаар сарын 28-ны тэрхүү христийн сахиусан тэнгэрүүд дэлхий дээр зочилж, хүмүүст аз жаргал бэлэглэдэг өдөр ноён Ганс Шиндлерийнх хүүтэй болов. Сахиусан тэнгэрүүд тэднийд хүү бэлэглэв. Гайхамшигт хүмүүний түүх ингэж эхэлжээ. Оскар Шиндлер тун хурц ухаантай хүүхэд байлаа. Энэ нь бизнесийн ухаан гэсэн үг л дээ. Мөн тэр төрөлхийн л энэрэнгүй, нигүүлсэнгүй, эелдэг зөөлөн нэгэн байв. Цаг хугацаа цастай хамт бударч, устай хамт урсаж, бороотой хамт шивэрч, цэцэгтэй хамт дэлгэрээд, навчтай хамт шарласаар, дэлхийн нэгдүгээр дайн болж, удалгүй германчууд ялагдал хүлээв. Шиндлер өсч, торниж, дунд, дээд боловсрол эзэмшиж, ухаажиж, бэхжиж байв.

Төрийн эрхэнд Гитлер гарч ирж, нацизмыг бүтээн байгуулж, нийгэм нэг л биш, хахир хатуу, хүмүүсийн хүн чанар хаашаа ч юм бэ алга болж эхэллээ. Шиндлер харин үйлдвэрлэл эрхэлж, олон зуун ажилчны амьдралын баталгааг хангаж байсан юм. Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө ч тэр ахуйн хэрэглээний сав суулга үйлдвэрлэж, үймээн самууны эхний жилүүдэд ч энэ ажлаа үргэлжлүүлсээр байв. Гэтэл нэг өглөө тэрбээр ажилдаа яаравчлан ирэв. Гудамжаар нацистууд, нохой хөтлөн гүйлдэж, гудамж, талбай, байшин барилга, орон сууцнаас еврейчүүдийг хүчээр гаргаж, тэдний гартаа барьсан бүгдийг тараан шидэлж гарлаа. Сэтгэл түгшсэн Шиндлер жолоочоо түргэн явахыг шаардсанд нацистууд гудамжаар дүүрэн байгаа болохоор тэгэх боломжгүй байв. Чингэж бэдэрсээр сая нэг үйлдвэрийн байрны гадаа иртэл тэнд хэн ч байсангүй. Дотор ортол мөн л хөндий хоосон байшин өөдөөс угтах нь тэр. Эндээс л Оскар Шиндлерийн зоригтой, зорилготой энэрэнгүй үйлс эхэлсэн юм. Немцүүд түүний еврей ажилчдыг туугаад явжээ.

Шиндлер маш ухаалаг, тайвнаар гэртээ харилаа. Тэгээд өөрийн ажлын өрөөндөө орж, албаны ширээ, шүүгээ, сефнээсээ их хэмжээний марк буюу мөнгө гаргаж ирэн цүнхнүүдэд хийж эхлэв. Мэдээж дайнаас өмнө тэр армийн зарим нэг томоохон албан тушаалтнуудтай танилцаж, дотно харилцаа тогтоосон байсан юм. Одоо харин тэдэнд энэ мөнгө хэрэгтэй. Шиндлерт бол еврейчүүд хэрэгтэй. Түүний ажилчид болон бусад газраас цуглуулсан еврейчүүдийг Польшийн Плашовын хорих лагерт цагдаж, харгис комендант Амон Гөт өглөөний цайныхаа өмнө, өдрийн хоолныхоо өмнө, оройн зоогныхоо дараа дурантай буугаар авлаж байв. Тэр ингэж 500 гаруй гэм зэмгүй хүнийг буудаж хороосон гэдэг.

Үнэндээ Шиндлерт хамгийн том, хамгийн аймшигт, өршөөлгүй хорих лагерууд болох Аушвиц, Освенцимын өргөстэй торны цаанаас хэнийг ч аврах боломж байсангүй. Тийм болохоор харгис комендант Амон Гөтийн Плашовын хорих лагерийг сонгож, хэрцгий эзэнтэй нь хэл амаа ололцох хэрэгтэй болжээ. Ингэхдээ Шиндлерийн арга нарийн байлаа. Эхлээд цэргийн танилуудаараа дамжуулж Амон Гөттэй танилцаж, улмаар Плашовын хорих лагерт үе, үе зочилж, тансаг хүлээн авалт, найр цэнгээнийг зохион байгуулж байв. Тэр хамгийн сайн дарс, хамгийн сайн навчин тамхи гэх мэт ер чанараараа шалгарсан бүхнийг Амонд авч ирж өгч, итгэлийг нь бага багаар олж эхэлжээ. Амон ч материалист нэгэн байсан тул Шиндлерын арганд ороод ирэв. Гэхдээ тэр энэ бүхнийг еврейчүүдийн төлөө хийж байгаа гэдгийг үнэхээр мэдсэнгүй. Хэрэв мэдсэн бол Шиндлер бүр мөсөн дуусах байлаа.

Энэ бүх үйл явдал 1940-1945 оны хооронд өрнөжээ. Гэхдээ цаг хугацааг нь хэзээ гэдгийг тогтоох амаргүй юм. Учир нь немцүүдийн ид бусармаг үйл ажиллагаа гаарч байсан тухайн он жилүүдэд тэдний дунд орж болж байсан үй түмэн үйл явдлыг нэг бүрчлэн тэмдэглэх ямар ч боломжгүй байсан билээ.

Ямартай ч Шиндлер немцүүдийг ятгаж дөнгөв. Жүүдүүдийг устгахын оронд ямар нэгэн цалин хөлсгүйгээр үйлдвэрт ажиллуулах нь дайны ялалтанд эерэгээр нөлөөлнө гэсэн түүний ухуулга зарим нэг цэргийн эрхтнүүдэд итгэл, үнэмшилтэй санагджээ. Үүний зэрэгцээ тэр бас их хэмжээний мөнгөөр немцүүдийг тэр дундаа Амоныг хахуулдаж, оронд нь хүмүүсийн амь насыг аварч байв. Шиндлер гурван үйлдвэртэй байсан. Эхэндээ тэд паалан эдлэл, ахуйн хэрэглээний зүйлс үйлдвэрлэж байсан бол сүүлдээ аргагүйн эрхэнд зэвсэг хийж эхэлсэн. Гэвч Шиндлерийн үйлдвэрүүдийн хийсэн зэвсгүүд чанараараа одоо хэр нь гайхагдаж байдаг Герман бүтээгдэхүүнүүдийн нэр, төрийг ёстой нэг хугалсан шиг хугалсан юм. Учир нь түүний үйлдвэрээс шууд фронт руу ачигдсан галт зэвсгүүд дайсны эсрэг цохилт өгөхдөө маруухан, дарьгүй, галгүй, асдаггүй гэх доголдлыг байнга гаргаж, араасаа хэл ам дагуулсаар байв. Шиндлер үүнийг мэддэг байлаа. Гэхдээ тэр хэзээ ч хүн хөнөөх  зэвсэг хийхийг хүсээгүй юм.

Дээр өгүүлсэнчлэн Оскар Шиндлер Польшид байрлах Караков, Судет, Брунлиц дэх үйлдвэрүүддээ нийт 1200 ервейг ажиллуулах нэрийн дор амь насыг нь аварч гарсан юм. Харин тэр яагаад ийм аюултай алхам хийх болсон талаар олон таамаглал байдаг. Зарим нэг нь тэр өөрөө еврей байсан гэх бол нөгөө хэсэг нь тэр маш энэрэнгүй нэгэн байсан гэжээ. Бодит байдал хоёр дахь таамаглалтай илүү ойрхон. Хэдэн жилийн өмнө Шиндлерийн бэлэвсэн эхнэр Эмилия Шиндлерийг Бразилын Сан-Висенте гэх жижигхэн хотод нууцхан аж төрж байхыг нь нэгэн сэтгүүлч олж, түүнээс бараг л цорын ганц гэж хэлж болох ярилцлагыг авчээ.

Хатагтай Эмилия эр нөхрийнхөө чухам яагаад еврейчүүдийг аварч, хамгаалах болсон тухай ярихдаа Шиндлер 1943 онд ервейн “Жойнт” байгууллагын удирдлагуудтай Стамбулд уулзсан. Тэд түүнийг хэрэв боломжтой бол жүүдүүдэд туслахыг гуйж дайны дараа ачийг нь хариулна гэсэн амлалт өгсөн. Тэр зөвшөөрсөн. Шиндлер үнэхээр адал явдал хайгч, азтай тоглогч байсан. Эхэндээ энэ нь ажил хэрэг төдий байсан ч дараа нь тэр бид хоёр еврейчүүдийг үнэн голоосоо өрөвдөж, тэдний төлөө бүхнийг хийж эхэлсэн юм. Караков дахь үйлдвэр бага зэрэг ашигтай ажилласан ч Судетын үйлдвэр зөвхөн хүмүүсийн хоргодох байр болсон. Брунлицын үйлдвэр нэг ч төгрөг олоогүй. Би өөрөө санхүүг нь хариуцдаг байсан юм” гэжээ. Ингэхээр Оскар Шиндлер гэж хэн болох нь батлагдаж байгаа юм. Сэтгүүлч түүнээс үргэлжлүүлэн Шиндлер тэдгээр 1000 гаруй еврей хүнийг аварч, өөрийн үйлдвэрүүдээ ажиллуулахдаа ашиг хонжоо харсан эсэхийг асуухад хатагтай Эмилия Шиндлер огцом уурлаж “Юун ашиг хонжоо... Ингэснийхээ төлөө бид минут тутамд амиа алдах аюултай байсан юм” гэж хариулсан байдаг. 

Бидний өгүүлэх дараагийн зүйл бол Шиндлерийн алдарт бүртгэлийн тухай. Үнэхээр тийм бүртгэл байсан гэвэл байсан. Одоо ч байсаар байгаа. Энэхүү бүртгэл нь еврейчүүдийн нэр, нас, хүйсийг тусгасан нийт 13 хуудас байх хийгээд түүнийг хэзээ үйлдсэн нь бүдэг байна. Цахим мэдээллийн санд бичсэнээр бол 1945 оны дөрөвдүгээр сарын 18-нд гэжээ. Гэтэл дайн бараг дуусч байхад тийм олон хүнийг аврах боломж бололцоо байсан гэж үү. Немцүүд тэднийг аль хэдийнэ хүйс тэмтэрчихгүй юугаа хийж байсан бол гэсэн асуултууд гарч ирж байна. Тэгэхээр Шиндлерийн бүртгэл дэлхийн хоёрдугаар дайны дунд үед зохиогдсон болох нь үнэнд илүү ойр мэт санагдана. Үнэндээ энэ бүртгэл л Польшийн 1200 еврейг аварсан юм. Шиндлерийн энэхүү бүртгэлийг немцүүд яг ингэж уншиж байлаа... Хорих лагерт жагссан хүмүүс нэрийг нь дуудах тоолонгоор ачааны машинууд руу хар хурдаараа гүйнэ.

Дэлхийн хоёрдугаар дайн дууслаа. Амьд, мэнд үлдсэн жүүдүүд 1945 оны тавдугаар сард Оскар Шиндлерийг эхнэрийнх нь хамт шар таван хошуутай хоригдлын хувцас өмсгөн найман хүнээр хамгаалуулан Судетээс гарган өгч, талархлаа илэрхийлэв. Тэр үед оросууд Шиндлерийг Вермахтын сөрөг хүчний тагнуулын жагсаалтанд оруулсан учир түүнийг хайж байсан юм. Түнэр харанхуй шөнө... айдас, хүйдэс дүүрэн аян зам. Зөвлөлтийн эзлэлтийн бүсээс гарах гэж явтал тэдний машиныг орос цэргүүд зогсоолоо. Одоо бүх юм өнгөрлөө гэж бодож байтал харуулын цэрэг цонхоор толгойгоо шургуулснаа “цаг аа, цаг аа тайлж өг... цаг аа өг” гэжээ. Бичиг баримт биеийн байцаалт нэхэхийн оронд шуудхан л шаггүй үнэтэй хөшүүргэн хөдөлгүүртэй герман цагийг нь нэхсэн явдал хатагтай Эмилия Шиндлерийн үлдсэн амьдралд таагүй сэтгэгдэл төрүүлсэн юм. Дараагийн харуулын цэг дээр Шиндлер зөвлөлтийн цэргүүдтэй архи ууж, Сталин мандтугай гэж орилж байв. Гэвч тэр хэзээ ч согтож байгаагүй. Амоныг хэрхэн мэхэлсэн шиг ээ оросуудыг ч бас тэгж аргалаад аюулаас мултарсан байна. Энэрэнгүй үйлст эхнэр,  нөхөр хоёр 1949 онд Бразил руу цагаачилж, удалгүй тусдаа амьдрах болсон. Түүний ажил хэрэг амжилтгүй болж, нэгэн хэвийнээр амьдарсаар 1974 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 66 насандаа таалал төгсчээ.

Шиндлерийг израйлчууд хамгийн сайнаар дурсаж, түүний алдар сууг магтан дуулдаг байв. Харин Холливудын нэрт найруулагч Стивен Спилбергийн “Шиндлерийн бүртгэл” хэмээх дэлгэцийн гайхамшигт бүтээлийг дэлхий дахинаа гартал Орос ч тэр, Европ ч тэр энэ гайхамшигт хүнийг мартчихсан байсан юм. Түнэр харанхуйн эсрэг гэрэл гэгээ... Оскар Шиндлер... 

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Түнэр харанхуйн эсрэг гэрэл гэгээ буюу Оскар Шиндлер   
Үзсэн: 10313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй