
Нэгэн цаг үед МҮОНР-ийн захирлаар ажиллаж байсан М.Шийрэв дарга өөрийгөө маш эгзэгтэй цаг үед ажиллаж байсан хүн хэмээн тодорхойлдог. Тэрээр 1990-1993 онуудад тус байгууллагын даргаар ажиллаж байсан юм.
Юун түрүүнд танд МҮОНР-ийн 79 жилийн ойн баярын мэнд хүргэе. Та Монгол Улсын түүхэн эгзэгтэй цаг үед МҮОНР-ийн захирлаар ажиллаж байсан цөөн хүний нэг. Тиймээс та тэр үеийнхээ дурсамжаас бидэнтэй хуваалцахгүй юу?
Ер нь миний ажиллаж байсан 1990-1993 он бол их явдалтай он жилүүд байлаа.
Өдөр болгон жагсаал, цуглаан, суулт болдог. Дэлгүүрийн лангуу давснаас өөр бараагүй тийм л цаг үе шүү дээ.
Манай үндэсний радиог тэр үед боломжийн сайн ажиллаж байсан гэж олон нийт хожуу ч гэсэн ярьдаг юм билээ. Тэгж сайн ажиллаж байсан нь бидний сайных биш радио өөрийн гэсэн тогтсон уламжлал, гайхалтай сайхан хөлөө олсон бүтэц зохион байгуулалтай, уран бүтээлийн цөм байсан гэж би хэлэх дуртай. Учир нь 1 минут, 1 секундтэй уралддаг ийм сайхан уран бүтээл буцалсан газарт ажил ер цалгардаж байгаагүй. Харин ч ажил явдгаараа сайн явж байсан.
Таны ажиллаж байсан үе бол нэг намын системээс олон намын систем рүү шилжиж байсан торгон цаг үе. Тэр ч утгаараа энэ олон уран бүтээлчид хүн л болсон юм хойно тэрхүү жагсаал цуглаанд очно биз?

Жагсаал, цуглаанд очдог, суулт хийдэг, өлсдөг хүмүүс манайхны дунд байсаан. Гэхдээ тэд маань хэзээ ч ажлаа таслаж байгаагүй шүү. Ажлынхаа зав зайгаар жагсаал, цуглаанд тууштай оролцоод, идэвхтэй дэмжээд, тугаа бариад явдаг л байсан. Учир нь радио бол хөлөө олсон газар байсан тулдаа л ажил хэвийн сайн явагддаг байсан юм.
Өнөөгийн өндөрлөгөөс тэр үеэ эргэн харахад танд юу бодогдох юм дээ?
Сайхан шүү дээ. Энэ ариун дагшин сүмд орж ирэх дээ, өглөө бүр дотроо мөргөж, залбирч орж ирдэг, хүүхдүүд маань ч үүнийг мэддэг.
Манай радиогоос өчнөөн олон телевизийн ажилтнууд, FM, радиогийн хөтлөгч, эзэд төрөн гарсан байдаг. Өөрөөр хэлбэл тэр айхтар хүмүүсийн уламжлал, туршлагаар өнөө цагийн олон сайхан удирдагч , уран бүтээлч нар бэлтгэгдэн бий болсон.
Тийм дээ ч манай радио нэг талруугаа туулширч, намчирхдаггүй байсан. Э.Бат-Үүл, Баабар болон МАХН-ын хэн нь ч ирээд чөлөөтэй үгээ хэлээд, яриад гардаг. Бид ч аль болох нээлттэй бодлого явуулдаг. Манай Н.Чойжил дарга ч хүртэл хэлдэг. Энэ залуучуудыг дураар нь тавьчих, нэг их айхтар хүний эрх зөрчсөн, үндэсний үзэл суртал, эх орны эсрэг зүйл, тусгаар тогтнол гэсэн сүйдтэй юм ярихгүй л бол яриул, оруул гэдэг л дарга байсан шүү.

М.ШИЙРЭВ: МҮОНР Э.Бат-Үүл, Баабар нарыг чөлөөтэй яриулдаг, оролцуулдаг байсан | ||
Үзсэн: 2090 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.