МҮОНР-ийн 79 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн баяраар олон уран бүтээлчид, ажилтан албан хаагчид ажил үйлсээрээ манлайлан байгууллагын болон салбарын шагналаар шагнуулав.
Энэхүү баярын хамгийн хүндтэй зочид нь радиог удирдаж явсан үе үеийн удирдлага байлаа. Тэдний нэг болох В.Бат-Эрдэнэ даргатай уулзаж, ойн баярын сэтгэгдэл, дурсамжийг нь сонссон юм.
Тэрээр хоёр нийгэм солигдох түүхэн цаг үе буюу 1989-1990 онуудад МҮОНР-ийн захирлаар ажиллаж байсан юм.
Танд МҮОНР-ийн 79 жилийн ойн баярын мэнд хүргэе. Та сайхан баярлаж байна уу?
Маш их баярлалаа. МҮОНР-ийн ойн баяр даруухан хэрнээ сайхан болж байна. Манай хамт олноос олон сайхан сайчуул төрөн гарч нэр хүндтэй олон шагналын эзэд болж байгааг харахад сэтгэл хөдлөөд сайхан байна. Та нартаа болон радио сонсогч нартаа мөн баярын мэнд хүргэе.
Та социалист нийгмээс, ардчиллын нийгэм рүү шилжиж байсан тэрхүү улс төрийн эгзэгтэй цаг үед МҮОНР хэмээх айлын даргаар ажиллаж байсан хүн. Тиймээс тэр үеийнхээ түүхэн дурсамжаас бидэнтэй хуваалцана уу?
Тэр үед МҮОНР болон Үнэн сонин хоёр хамгийн том монополь хэвлэл мэдээллийн байгууллага байсан. Аргагүй л социализмийн үеийн хүчирхэг хэрэгсэл байлаа.
Би өөрийнхөө тэр үеийг эргээд санахад бид нар бүгдээрээ залуучууд байсан. Энэ ардчиллыг амжилтанд хүргэхэд бид нар тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулсан. Ард түмнийхээ хүсэл сонирхол эрмэлзлэлийг бид мэдэрсэн.
Тиймээс манай МҮОНР гэлтгүй тэр үеийн үндэсний телевиз, МОНЦАМЭ, Үнэн сонинууд гол үүрэг гүйцэтгэсэн гэж би одоо эргэж хардаг юм.
Тэр үеийн хамгийн сонирхолтой зүйлээс ганцыг дурсая. Манай МҮОНР-д ардчиллын түүчээ дууч болсон “Хонх” хамтлагийн хоёр гишүүн (дуучин) С.Цогтсайхан, Н.Энхбаяр маань залуучуудын редакцид сурвалжлагчаар ажилладаг байлаа.
Хамгийн сонирхолтой нь бид гурав Эрхүүгийн Их сургуульд хамт суралцдаг байв. Би дээд ангийн ах, манай хоёр доод ангийн дүү байлаа(инээв).
Би МҮОНР-ийнхоо программын албаны дарга гэсэн жоохон “сэтэртэй” хүн байж. Гэтэл нэг өдөр манай радиогийн хорооны дарга намайг дууддаг юм байна. Ийм нэг “хонх, монх” гэсэн дууг манай уран бүтээлчдийн дундаас гаргасан байна. Чи цаад залуучуудтайгаа сайн ярилцаадах, юу болоод байгаа юм гэдэг байна шүү. Би ч даргад хэллээ. Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн болох гээд манай залуучууд түүнд зориулж шинэ уран бүтээл дээр ажилласан юм билээ гээд хэлэв. Дараа нь дууных нь үгийг нь сонсоод байсан чинь ёстой хэцүүхэн үгтэй дуу байж билээ. Яаж эфирээр энэ дууг явуулна даа гэж толгойгоо өвдтөл бодож билээ. Учир нь би тэр үед мөн хөгжмийн редакцид байсан юм.
Тэгээд ахимаг настай дарга нар чинь намайг чи залуу хүн, чи л залуучуудтайгаа учраа ололц хэмээн залуус руу явуулдаг болсон.
Хэрэв хуучин тогтсон ёс жаягаар байсан бол би ямар ч тохиолдолд тэднийг тэгж даврааж болохгүй л байсан байхгүй юу... Ардчилал гэдэг чинь өөрөө тодорхой хэмжээгээр олон ургальч үзлийн уулзвар гэдгээрээ хувь нэмрээ оруулсан.
Тухайн үеийн ардчиллыг эхлүүлж байсан залуучуудыг ойлгож ажиллана гэдэг бол удирдлагын их зориг байж дээ?
Тийм шүү, зориг байсан. Өөр арга байхгүй юм чинь. Яагаад гэвэл миний ажиллаж байх үед Хөвсгөл аймгийн өлсгөлөн зарлаж байсан ардчиллын тэмцэгч нарыг баривчласан гэх мэдээ гадуур тархсан. Тэрхүү баривчилгааны цаг мөчид талийгаач С.Зориг, Э.Бат-Үүл тэргүүтэй ардчиллын тэргүүлэгч нар радиогийн шууд ярилцлаганд орох гээд миний өрөөнд сууж байж билээ. Үүнээс жишээлээд харахад үндэсний радио, телевиз тухайн цаг үеийнхээ түүхэнд маш их үүргийг ардчилалд гүйцэтгэсэн юм байна гэдэг нь харагддаг.
Одоо 23 жилийн дараа эргээд харахад алдсан юм байгаа. Гэхдээ бид зөв зүг рүү явж байна. Үүнээс илүү чамбай болгох, цэгцлэх, эрэмблэх зохицуулах ажил бий. Хамгийн гол нь өнөөдөр зөв ёсны голдрилоороо МҮОНР явж чадаж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд үндэсний радио, телевиз бодлогын хүрээнд ч, төр засгийн түвшинд ч ард түмнийхээ үндэсний эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулах, бүтэц зохион байгуулалтыг сайжруулах үйл хэргээ үргэлжлүүлэх шаардлага зүй ёсоор бий болж байна. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд ч, үндэсний хэмжээнд ч үнэт зүйлийг авч явдаг том бодлоготой байх ёстой юм. Үүнийг өнөөдрийн МҮОНРТ авч явах ёстой, тийм ч үүрэгтэй.
| В.БАТ-ЭРДЭНЭ: МҮОНРТ нь үнэт зүйлийг авч явдаг том бодлоготой байх ёстой | ||
| Үзсэн: 1456 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.