
Гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр болсон охид, бүсгүйчүүдийг магтан дуулаагүй хүмүүн гэж үгүй. Халуун бүлээн цустай эр хүмүүн бүр гоо үзэсгэлэнгийн өмнө өвдөг сөгдөн, зүрхээ шархлуулан, дуулж, дурлаж явсан нь олон.
Энэ дэлхийн муу муухай бүхний аргадаж, зөөллөж байдаг үйл ухаан нь тэгширсэн гоо үзэсгэлэнт охидын тэмцээн хүн төрөлхтөний анхаарлын төвд байсаар ирсэн.
Манай улс ч дэлхийн нийтийн жишгээс хазайлгүй “Miss Mongolia” тэмцээнийг зохион байгуулж өдгөө 10 дахь жилтэйгээ золгож байна. “Miss Mongolia-2013” тэмцээнд хот, хөдөөгийн 78 охид бүртгүүлснээр шилдэг 20 оролцогч тунаад байна. Охид тэмцээний турш 6 номинациар өрсөлдөх бөгөөд шалгаруулалт ид дундаа явж байна. Бид тэмцээнийн бэлтгэлийн үеэр оролцогч Ц.Амарзаяатай ярилцлаа.
Тэрбээр аавынхаа төрсөн нутаг Архангай аймгийг төлөөлөн оролцож байгаа аж. Ц.Амарзаяа Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль төгссөн. Аялал жуулчлал, худалдааны менежир мэргэжилтэй. Орос, англи хэлтэй.
- “Miss Mongolia-2013” тэмцээнд оролцоход хэн нэгэн нөлөөлөв үү, өөрийн тань шийдвэр үү?
-Би загвар өмсөөд хоёр жил боллоо. Энэ хугацаанд монголдоо төдийгүй олон улсын хэмжээнд чамлахааргүй амжилтыг гаргасан. Өнгөрсөн жилийн “Miss Mongolia-2012” тэмцээнд оролцож эхний шатанд шалгарсан ч, тодорхой хүндэтгэх шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр тэмцээнийг орхисон. Тэр үед өөртөө дараа жилийн тэмцээнд оролцоно гэсэн зорилго тавьж жилийн турш бэлдсэн. Өнөөдөр тэмцээний шилдэг 20 охидын нэгээр нь шалгарч өрсөлдөөд явж байгаа минь сайхан санагдаж байна.
.jpg)
-Өмнө нь энэ тэмцээнд орж байсан туршлагатай болохоор өөрийгөө бэлдэхэд мэдлэг мэдээлэл сайтай байсан байх?
-Мисс хүн бүх талын авьяастай байх ёстой. Цор ганц гаднаас харагдах гоо үзэсгэлэн бус дотоод гоо үзэсгэлэн, авьяас, мэдлэг боловсрол, биеэ авч явах байдал, хэл ярианы соёл, тухайн нөхцөл байдлаас өөрийгөө зөв авч гарах чадвар гээд л бүхий талаар бэлдсэн дээ.
- “Miss Mongolia-2013” тэмцээн талдаа орлоо. Охид хоорондоо ойлголцож , найзууд болж чадав уу?
-Төгсгөлийн шатны оролцогчид бүгдээрээ гоо үзэсгэлэнтэй, өөрийн гэсэн өнгө төрхтэй найрсаг охидууд гэдгийг би нүүр бардам хэлж чадна. Тэгээд ч миссийн тэмцээнийг эв нэгдэл, найрамдлын бэлэгдэло гэж би ойлгодог. Мисс хүн өөрөө энхтайван, сайн үйлс, сайхан сэтгэлийн элч төлөөлөл байдаг учраас сайхан хүн байх учиртай. Энэ ч утгаараа бүх зүйлээрээ өв тэгш охидууд энэ жилийн тэмцээний шалгаруулалтад үлдсэн. Бид энэ цөөн хоногт сайн найзууд болж, бие биенийгээ хэн нь хэн бэ гэдгээ ойлголцсон. Бид хоорондоо зөв өрсөлдөж чадаж байна. Миний хувьд бүгдтэй нь найрсаг харилцаатай найзууд болж байгаадаа баяртай байгаа шүү...

-Тэмцээний шалгаруулалт талдаа орлоо. Шалгаруулалтын ямар номинаци нь хэцүү, бэрхшээлтэй байв. Аль эсвэл өөрийнхөө хувьд хэцүү зүйлтэй учраагүй л явна уу?
-Энэ жилийн “Miss Mongolia-2013” тэмцээн их онцлогтой болж байна. Учир нь Монголын “Miss Mongolia” холбоо мисс элчүүдийг өөрсдийнхөө эгнээнээс төрүүлээд 10 жил болж байна. Арван жилийн ой гэдэг өөрөө хамгийн том ололт, амжилт юм. Тиймээс 10 жилийн ойн шалгаруулалт хүндхэн чанга явагдаж байна. Тухайн хувь хүнээс гарч болох бүхий л хүч бололцоог нь шавхсан шалгаруулалт үргэлжилж байна. Миний хувьд хамгийн их сэтгэл зовоож байсан номинаци “Спорт мисс” шалгаруулалт байлаа (инээв). Тухайн өдөр цаг агаарын хүнд нөхцөлд явагдсан. Эхний 100 метрт ус сөрж гүйсэн, дараа нь дугуйгаар 1 км уралдаж, төгсгөлд нь 1 км орчим зайд гүйж барианд орсон. Бороотой хүйтэн байсан ч охид маань тэвчээр зааж бүгд амжилттай оролцсон. Тэр үед би охидоороо их бахархсан шүү. Триатлоны төрөлд охидыг 3 баг болгон хуваасан. Эхний багийн охид их цуцсан байдалтай байхыг хараад айсан. Гэсэн ч би өөрийнхөө багаасаа нэгд орж чадсан. Ямартаа ч хамгийн хүнд гэж бодогдож байсан шалгаруулалтынхаа нэгийг нь ардаа хийж чадлаа. Тиймээс бусад үлдэж байгаа бүх шалгаруулалтаа хүнд хэцүү гэж бодолгүй, хариуцлагатайгаар, өөртөө бүрэн дүүрэн итгэлтэйгээр “Miss Mongolia-2013”тэмцээнээ дуусгана даа гэж бодож байна.

-Бүтэн жил бэлдсэн хүнд том зорилго байгаа байх. Нууц биш бол хуваалцаач?
-Тиймээ, мэдээж миний хамгийн гол зорилго “Miss Mongolia-2013” оны ялагч болох. Улмаар “Miss International” тэмцээнд оролцож, олон улсын сайн үйлсийн аянд нэгдэн гар бие оролцох нь миний зорилго. Учир нь би энэ тэмцээнд өөртөө маш их итгэлтэй орж ирсэн.
-Эцэст нь бусад охиддоо хандаад юуг хэлэх вэ?
-Бид тэмцээний оролцогчид, бие биенийхээ хамгийн хүчтэй өрсөлдөгчид бас сайн найзууд. Охидуудаа зорилгодоо хүрээрэй гэж чин сэтгэлээсээ хэлмээр байна.
“Miss Mongolia-2013” тэмцээний оролцогч Т.АМАРЗАЯА: Бид хүчтэй өрсөлдөгчид бас сайн найзууд | ||
Үзсэн: 3118 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.