
Уулын цанын спортын Дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна. Итали улсын Санта Катерина цанын баазад эмэгтэйчүүдийн төрлийн слалом ангиллын гараа явагдлаа. Энэ удаагийн гараанд Норвеги улсын Нина Лөүсет тэргүүллээ.
Сүүлийн хоёр гараанд Норвеги улсын баг тамирчид шилдэг нь байж медальт байруудад шалгараад байсан. Тэгвэл энэ удаагийн эмэгтэйчүүдийн слалом ангилалд ч Норвеги улсын тамирчид илүү гэдгээ харууллаа. Өдгөө 26 настай Нина Лөүсет нийт замыг 1 минут 57.65 секундын хугацаанд туулж, барианд орж ирсэнээр энэ удаагийн гарааны ялагч болсон юм.
Тэрээр Норвеги улсын түүхэнд 16 жилийн дараа цомын тэмцээнд тэргүүлсэн анхны эмэгтэй тамирчин болж байна. Түүний араас 2010 оны Ванкуверийн өвлийн олимпын наадмын хүрэл медальт Чех улсын тамирчин Саарка Страчова /Sarka Strachova/ орж ирлээ. Тэрээр Нина Лөүсетеес 1.12 секундээр хоцорч, 1 минут 58.77 секунд хурдалж, барианд орж ирсэн юм.
Харин гурав дугаар байрт Словак улсын тамирчин Вероника Велез Зузулова /Veronika Velez-Zuzulova/ орж ирлээ. Тэрээр нийт замаа 1 минут 59.02 секундын хугацаанд туулжээ. Энэ удаагийн гарааны дараах байдлаар Швейцарь улсын тамирчин 658 оноотой дэлхийн цомын тэмцээнийг хошуучилж байгаа бол Шведийн тамирчин Хаансдоттер Фрида 521 оноотой, АНУ-ын тамирчин Вонн Линдсей 500 оноотой эхний гурван байрт явж байна.
Дэлхийн цомын тэмцээний дараагийн гараа манай цагаар өнөө шөнө эрэгтэйчүүдийн слалом ангиллаар үргэлжлэн явагдана. Эрэгтэйчүүдийн төрлийг 2010 оны Ванкуверийн өвлийн олимпын аварга, ДАШТ-ийн таван удаагийн аварга Норвеги улсын тамирчин Аксел Лунд Свиндал тэргүүлж байна.
Харин түүний араас 2014 оны Сочигийн өвлийн олимпын наадмын мөнгөн медальт, ДАШТ-ийн дөрвөн удаагийн аварга Австри улсын тамирчин Марсел Хийршер 621 оноотой явж байгаа бол 411 оноотой Норвеги улсын тамирчин Янсруд Кжетил нар эхний гурван байрт эрэмблэгдэж байна. Уулын спортын дэлхийн цомын тэмцээн энэ оны гурав дугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилж, аваргуудаа тодруулна.
Уулын цанын ээлжит гараанд Норвегийн Нина Лөүсет тэргүүллээ | ||
Үзсэн: 1368 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.