Шууд Chart

Үндсэн хуулийн “Төрийн сүлд” буюу Ц.Ойдов

2016-01-13 13:37:55

“...Хээрийн салхины аяснаас анир нэрэх тэнхээтэй
Хэрсүү суусан буурлуудын аялгуу дуунд уяатай
Өөрийн хүлгээ тоолгүй дэвэргэн явсан насандаа
Өрөөлтэй мэт гэлдрэхийн цагтаа аминд орсон дуугаан би ухаарав...”

Тэрээр ийм нэг шад шүлэг хэлчихээд манай өрөөнөөс гарлаа. Яруу найрагч гэж олонд танигдаагүй л дээ. Гэхдээ л зураачаас гадна яруу найргийн далд өгөгдөлтэй ясны уран бүтээлч. Сайн муугаар зүлгэвч нэг л янзаараа байх уул,  усны нэр мэт өөрийн дархлааг тогтоосон их авьяастан. 1970-аад оны дундуур уран бүтээлд социалист реализмын хяналт тултлаа ажиллаж байсан цагт шүлгээ хэнд ч үзүүлээд нэмэргүйгээ мэдэрсэн, эдүгээгийн “Төрийн зураач” Цэвээндоржийн Ойдов шүлгүүдээ дэвтэрлээд л дараад байжээ. Харин одоогоос хэдхэн жилийн өмнөөс тэр “юм”-нуудаа үзэхэд гаргацтай болгож эмхтгээд ганц нэг хүнд харуулж байгаа. Зургаа “хөрөнгөтний урсгал”, “хийсвэр” гэж хянуулж, шалгуулахын зэрэгцээ шүлэг зохиолоо цагдуулахыг төвөгшөөсөн биз ээ...

“Ойдов ах эдгээрийгээ өнөө цагт нэг гаргаж тавиач, шуугиан тарина даа” гэж намайг хэлэхэд тэр “Хөгшин ахаараа тохуу хийгээд л” гэж  цаанаа урам аван мушилзана.

“Зураачийн залуугийн хөрөг” гэдэг шиг түүний шүлгүүд нэлээд тэрсхэн бөгөөд сэтгэлгээний мэт мэдрэмжийг надад төрүүлдэг. “Тэгж байгаад л нэг ном бооно доо” гээд энэ яриагаа дуусгасан. Бас надад үзүүлсэн хуучны олон бичиг цаасаа цэгцлэв.

Гайхамшгийг бүтээгч нь яагаад ч юм эгэл хүн байх юм. Уулзаж ярихад хээ шаагүй, ихэрхэл, томорхолгүй энгийн жирийнийг ч хэлэх үү. Гэрээрээ урлан хийж, урлангаараа гэр хийж энэ хүмүүн сууна. Харин бүтээл тууривал нь бидний оройд залаастай буй. Түүний энэ “юм”-нууд зөвхөн Монголын бус “дэлхийн юм”. Энэ хүн бол Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн зураач Цэвээндоржийн Ойдов.

Төрийн сүлдээ Ойдов зураач билэг авьяас, саруул ухаанаараа бүтээсэн ч  “Төрийн минь сүлд өршөө” хэмээн цай, сүүгээ өргөсөөр ард түмэн тэр бүтээлийг амилуулж, аравнайлж ирлээ. Цаашид ч шүтэх буй заа. Төрийн зураач Ойдов хэмээхүйн учир нь Ойдов бээр Монголчуудын аз, эз түшсэн тэр цагт Монгол Улсын төрийн сүлдийг урласны зэрэгцээ төрийн их арслан тамгыг бүтээж өгсөн гавьяатай.

Ойдов ах дурсаж байна. “Монголчууд бүгдээрээ зовхи өөдөө болчихсон сайхан цаг. Шинэ үндсэн хуулиа батална гээд л. Төрийн сүлдээр залах бүтээлийн шалгаруулалт явж байгаа талаар ч Эвлэлийнхнээсээ дууллаа. Би бодохдоо их төрийн сүлдийг хэн нэг од нь гийсэн авьяастан л тэнгэрийн шивнээсээр шахуу үйлдэх биз ээ гэж огтоос оролцоогүй. Гэтэл нэг өглөө “араажив”-аар явж байна. “Монгол Улс, төрийн сүлдгүй үндсэн хууль батлах нь, ЗХУ-аас л мэргэжлийн хүн гуйж төрийн сүлдээ урлуулалгүй болохгүй нь, Манайд морь зурж чаддаг хүн ч алга...” гэж дуулддаг юм байна. Тэгэхээр нь миний шар гозойгоод явчихлаа. Нэг мянга орчим морины дүрс зураг зурсны хувьд нэг хавтастайг нь аваад Төрийн ордонг зорьсон. Захидал харилцааны газарт нь орлоо... “Би морь зурж чаддаг хүн шүү. Үүнийг тэр ажлын хэсэгтээ үзүүл. Маргааш ирж энэ юм аа авна” гэж орхиод гарсан даа. Маргааш нь намайг Засгийн газрын баруун хаалган дээр Ц.Лоохууз дарга дуудаад “Чи яасан хэнэггүй нөхөр вэ. Энэ "юм"-аа эрт харуулах нь яав. Төрийн сүлдний морь энэ дотор чинь цогиж явна” гэсэн. 200 гаруй зураачийн 900-гаад бүтээлээс минийхийг сонгосон гэдэг юм” гэж ярилаа.

Ийм нэг эрэмгий, авьяас нь багтаж ядсан омголон залуу Монгол төрийнхөө их сүлдийг гадны хүнээр зуруулахгүй гэж тухайн үед зарлагдсан төрийн сүлд урлаачдын уралдаанд шарлахан бүтээлээ өгчээ. Тэгээд тэр их олон адал явдалтай учирсны нэг нь, Захидал харилцааны газарт хүргэж өгсөн тухайн бүтээлээ /өнөөгийн манай төрийн сүлдийг/ өөр нэг  үзэсгэлэнд тавиулах гэсэн боловч, үзэл суртлаас үүдэн  хасагдсан байдаг.

Урам муутайхан сугавчилсаар гарч явтал гадныхны нүд өөр ч байсан юм уу, тэр хасагдсан бүтээлийг Англи хэл дээр гардаг “Монголика” сэтгүүлийн гадна нүүрт хэвлэж байсан нь яван явсаар өнөөгийн манай Төрийн сүлд болжээ.

Төрөө дээдэлдэг монгол хүний сүсэг бишрэл, бэлгэдлийн дээд болсон төрийн сүлдний анхны эхүүд тухайн үедээ үзэл сурталд хавчигдаж, басхүү өөр нэг газар бишрэгдэж явсаар их төрийн минь зулайд залрах төөрөгтэй байсныг хэн мэдлээ. Лавтай хэдэн арван жилийн өмнө Төрийн сүлд тэмдэг Ойдов зураачийн урланд он жилийг туулжээ.

Төөргөөр ч юм уу Ойдов бээр их л сонин цуглуулгатай байжээ. 200 гаруй орны төрийн бэлэг тэмдгийн эртний судалбартай. Улс орны төрийн сүлдийг цуглуулдаг, хадгалж харьцуулдаг нь түүний үнэнхүү сонирхол. Монголын түүхийн цадиг, нөр их судалгаа, арга билгийн шүтэлцээ, дээр нь авьяас билэг, онгод хийморь л Ойдов зураачийг “Төрийн зураач” болгосон байж таараа.

Түүний хувьд төрийн сүлд, арслан тамга тэргүүтэй алдарт бүтээлүүд нь бүгд л “миний зурсан юмнууд” гэх даруухан нэр дор харьяалагддаг. Түүний эгэлхэн яриа хөөрөө түүх домог ханхлуулсаар уламжлалт дүрслэх урлагийн язгуур тийш зүглэнэм. Энэ л Ц.Ойдовын “их хөлгөн зүглэл” юм.  

Монголын эртний дүрс тэмдэг буюу "Их хөлгөн зүглэл" 

“Буган хөшөө”, “Буган бичиг” гээч зөвхөн Монголын газар нутаг, дүрслэх урлагт л бий.  Дээр хэлсэндээ “Бүтээсэн нь зөвхөн Монголын бус “дэлхийн юм” гэж. Түүний бас нэг дурсамж нь “Улаанбаатарт 15 настай ирлээ. 1968 он. Шинжлэх ухааны академийн шилэн үзэсгэлэнд үзвэр үзээд явж байлаа. Адууны тамга шиг олон дүрс тэмдэг байх юм. Сүүлд мэдэх нь ээ Ц.Доржсүрэн гуайн судалсан “Цагаан голын хадны агуй”-н зураг болж таарсан. Би бүгдийг нь үзэсгэлэнгийн танхимд цаас харандаагаа гаргаж ирж, тэмдэглэж аваад хадгалсан даа. Түүнээс хойш өөрөө 50 мянгаар тоологдох дүрс тэмдэгтийг зуржээ” гэв.

Үүнээс сурвалжлан Төрийн зураач маань дүрс тэмдэгтийг зурах, дүрслэх сэдлийг авчээ. Дүрс тэмдгийн бэлгэдэл гэдэг бидний уг мөн чанарын нэгээхэн хэсэг ээ. Дүрс тэмдэг бол соёл иргэншлийн гарвал язгуур, түүхийн улбаатай чухал баримт. Адуу малын тамга, им тэмдэг, нярайн үнэг, лааны тосон дүрс, авдрын хээ гээд манайхны айл бүхэн нь дүрс тэмдгийн ахуй ч юм. 

Бүр цаашилбал, орчин үеийн Монгол зургийн оюун санаа, язгуур, мөн чанарын эхлэл нь Ц.Ойдовын судалж, тэмдэглэсэн “дүрс тэмдэг” юм. Харин буган бичиг хийгээд буган чулуун хөшөө бол ерөөс Монгол газраас өөр нутагт үл орших ажээ. Түүний асар их түүхэн мэдлэг, дээр нь хийморилог авьяас чадвар юу юугүй л энэ уран бүтээлчийг дүрс тэмдгийн зүг рүү татан чангаажээ. Дахиад л Ц.Ойдовын их хөлгөн зүглэл ээ. Зураач бүхний бийр өөр өөр хүүрнэлтэй дээ. Эднийгээ даруухан өгүүлэх түүний зан болов чиг уран бүтээлдээ хэрхэн авирладгийг хэн ч эс мэднэ.

Сэтгэлдээ баян явах нь уран бүтээлчийн жаргал. Түүхэн зүйн талаасаа зураач байх, тэр тусмаа хэдэн зуун мянганы эхээс ирээдүй өөд монгол үндэстний аугаа их түүх шаштир, оюун санааны их хөрөнгийг зөөж, тэр цагийн иргэн рүү хандаж уран бүтээлийн ажил хийнэ гэдэг амар биш шиг. Тиймээс Ойдов гуай бол цаг хугацааны дунд Монголын дүрслэх урлагийг нэгээс нөгөө рүү хүргэж өгч буй гүүр мэт санагдана. Түүний судалбар зургууд энэ төрөөс эртний аль төрд хүрэхийг энэ л цаг хугацааны “хүн гүүр”-ээр мэдэх боломж байна. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Үндсэн хуулийн “Төрийн сүлд” буюу Ц.Ойдов  
Үзсэн: 6380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2016-01-14 13:47
ЯГ ҮНЭНДЭЭ БОЛ ТЭНГИСБОЛДЫН ШОНХОРЫГ БАТЛАХГҮЙ ГЭЭД МОРЬ Л БАЙВАЛ ХАМААГҮЙ ГЭЭД СОНГОСОН.МАЛЧИН ДЕПУТАТУУДЫГ ТӨРИЙН СҮЛД УЛСЫН НЭРТЭЙ НОЦОЛДУУЛЖ БАЙГААД ҮНДСЭН ХУУЛЬД СУУЛГАХ ГЭСЭН ШИНЭ ОЙЛГОЛТУУДАА ХИЙЖ АВЛАА ГЭЖ ТЭР ҮЕД ЯРИЦГААЖ БАЙСНЫГ САНАЖ БАЙНА.
122.201.28.xxx [122.201.28.xxx] 2016-01-13 18:06
ene ch dee urlasan turiin syld ni chabaas gej neg tasarxai bietei modon mori tuxain yeiin ardchlal gej xashgichij yabsan teneg bolovsrolgyi noxdod l syld yum biz dee...
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-01-13 16:57
төрийн сүлд урлалаа гээд ганц байр ч өгөөгүй юм гэсэн
59.153.85.xxx [59.153.85.xxx] 2016-01-13 15:45
Монголчуудын"Айлаас асуухаас авдараа ух"гэж үг байдгийг санах хэрэгтэй.Наад Ойдов гэдэг хүн чинь монголын эгэлгүй авьяастай,мөнхөд буцалж байдаг билэг танхай,даруухан уран бүтээлч хүн дээ.Энэ хүнтэй уулзаж учирч явсангүй.Гэхдээ 1980 аад оны эхээр миний нэг найз надаас 10 ах УБДС-ийн багш Батбямба энэ Ойдов шүлэг бичнэ,зурна энэ их авьяас монгол улсад хэзээ нэг цагт хэрэг болно доо гэж хэлж билээ.2 удаа уулзах амжаагүй юм.

Бидэнтэй нэгдээрэй