Шууд Chart

Бүү ярь

2016-01-15 11:14:07

Хүн зарим нэг зүйлийг мэдэхгүй байсан нь дээр гэдэг үгэнд би дуртай. Тийм болохоор энэ зохиолчийн төрсөн нутаг, тэр зүүн хойд зүгийн Гаоми тосгон гэгч нь одоогийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын чухам яг хаана нь оршдог эсэхийг ёстой бүү мэд. Ямартай ч зохиолчийн өгүүлснээр бол энэ тосгон яавч орчин цагийн шил, толь болсон шинэ хотуудаас бүр ондоо юм шиг байна лээ. Бүр ондоо гэдэг нь хуучин соёл иргэншлээс тийм ч их холдоогүй төдийгүй, ядуу, дорой эгэл тариачдын амьдран суудаг, заримдаа бүр нэг ч хором тэсэхийн эцэсгүй бушуухан зугтаад өгмөөр тийм газар бололтой. Хятад тосгонууд аргагүй гунигтай, амьдран суухад зовлонтой гэдгийг манайхан ном зохиол дээрээс уншаа биз. Энэ зохиолч яг л тийм тосгонд төрж өсчээ. Гэхдээ байна шүү, түүний тухай учирлан өгүүлэхийн тулд эхлээд Гуань Мое хэмээх жаалын талаар ярихгүй бол болохгүй. Гуань Мое гэдэг тэр жаал 1955 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр нөгөө Гаоми тосгонд ядуу, тариачны гэрт төржээ. Ингэхэд ер нь Гаоми гэдэг нь ямар учиртай нэр юм бол. Ямартай ч мартагдаж, балартсан зүйлс заримдаа ийм гунигтай дуудлагатай үгээр нэрлэгдсэн байдаг гэдгийг та бидний зарим нь мэднэ. Гуань Мое хүүгийн амьдрал ерөөсөө жаргалтай байгаагүй юм. Түүнийг хорвоод ирсэн үед Хятад орон дөнгөж эмх цэгцийг олж, Мао дарга төрийн эрхэнд гарч ирээд Чан Кай Шигийн баримталж байсан хөрөнгөтний тогтолцоог ор сураггүй болтол нь арчиж, оронд нь коммунист дэлгэмээр эх орноо удирдан жолоодох болсон юм. Гэтэл томоохон хот суурингуудад бодитой өөрчлөлт гарч, шороон түмэн хятадууд нэгдэн барилга байшин босгож, зам харилцааг бэхжүүлээд, шуудан холбоог сайжруулж байгаа нь  нүдэнд харагдаж байсан ч жижиг тосгодын хувьд бүх зүйл ондоо байлаа. Тэд ядуу дээрээ ядуурч, дорой дээрээ доройтож, өлсгөлөн, гуйланчлал газар авч, маргаашийн өлийг хэрхэн залгах тухай л эргэцүүлдэг болсон байв. Гуань Мое хүүгийн гэр бүлийн амьдралыг ар араасаа болсон ган гачиг туйлдуулан, хагас өлсгөлөн байдалд оруулчихлаа. Гуань Мое айлын отгон хүү. Ээж нь түүний төлөө чадах бүхнээ хийх бол аав нь арай өөр хүн. Мөн тэднийх хэдэн хүүхэдтэй байсан эсэх нь тодорхойгүй. Энэ тухай манай хэл дээр хангалттай зүйл орчуулагдаагүй байгааг минь эрхэм та өршөөнө биз. Гуань Моеийн ээжийг бас хэн гэдэг байсан тухай эрхэм уншигч танд би бас л олигтой зүйл хэлж чадахгүй нь. Учир нь энэ зүгийн мэдээ ч бас Монгол хэлнээ эзгүй байсан. Гэвч үнэхээр царай муутай, чалчаа, мөрөөдөмтгий, ганцаардсан хүүгээ 21 дүгээр зууны алдартай зохиолч болоход асар их хувь нэмэр оруулсан Гуань Моеийн ээж 1922 онд төрөөд даруй 72 жил орчлонгийн зовлон жаргалыг эдэлж, 1994 онд бурхан болсон юм билээ. Өрөвдөлт энэ эмэгтэйн амьдралд аз жаргалтай өдрүүд тун ч цөөхөн байсан гэдгийг дараах үйл явдлууд гэрчилнэ. За яршиг, Гуань Мое гээд байгаа тэр нусгай жаал чинь та бидний танилцах гээд байгаа нөгөө Нобелийн шагналт Хятадын зохиолч Мо Янь байхгүй юу.

Гуань Мое буюу Мо Яний хүүхэд насны тухай бага сага зүйлийг зохиолчийн ярианаас олж анзаарснаа дараах байдалтайгаар сийрүүлье. Юуны өмнө Мо Янь үнэхээр царай муутай хүүхэд байсан гэдгийг хэлэх ёстой. Түүнийг харсан хүмүүс инээлдэж, зарим нь эргэж харж, гар хуруугаараа зангана. Сургуульд орсон өдрөөсөө л Мо Янь тэр тааруухан гадаад төрхөөсөө болж мөн ч олон удаа зодуулж, гэр рүүгээ гүйж ирдэг байлаа. Ангийнхан нь, сургуулийн бусад хүүхдүүд ямар ч гэм хийгээгүй хөөрхий Мо-г сав л хийвэл барьж аваад нүдчихнэ. Тэгэхдээ бүр нийлж байгаад нэвширтэл балбаж орхихыг нь яана. Нүд ам нь хөхөрсөн, мэлхий шиг царай муутай жаал нус, нулимс болсоор “Та нар яагаад намайг зодоод байгаа юм бэ. Би та нарт ямар гэм хийсэн юм бэ?” гэхэд цаадуул нь “Амаа тат, чиний наад муухай царайг харахаас зэвүү хүрээд байна” гээд дахин зодохоор дайрна. Чингэхэд нь Мо гэр рүүгээ зугтаж гарна. Хөөрхий түүнд амар тайван нэг өдөр байсан болов уу. Тийн уйлсаар гэртээ гүйж ирсэн Мо Янийг ээж нь аргадаж тайтгаруулан, энгэртээ нөгөө л даанч онигор нүд, дарвагар ам, мантуу хацар, чантуу духыг нь тэвэрч “Муухай биш ээ, миний хүү. Чамд хамар, нүд байна. Гар,  хөл чинь эрүүл. Чи яагаад муухай гэж. Хэрвээ чи сайхан сэтгэлтэй байвал, үргэлж зөв зүйл хийвэл царайны муухайг ч үзэсгэлэнтэй болгож болно шүү дээ” гэж хэлдэг байв. Хүү жаахан уйлж байгаад тайвширч, ээжийнхээ дэргэд өдрийг өнгөрөөнө. Тосгоны амьдрал өдрөөс өдөрт уруудсаар. Хөрш тосгонд ч мөн үгээгүй ядуусын тоо нэмэгдэж, өглөө болгон тэндээс доголон илжгэндээ модон дугуйтай эвдэрхий тэрэг хөллөж, бие муутай эхнэрээ дээр нь суулгасан аймшигт ядуу тариачин эр ирж, Мо Яний гэрийн өмнүүр өнгөрнө. Түүний модон дугуйтай тэрэг нь хэний ч зэвүүг хүргэхээр хяхтнан дуугарахад байдгаа барсан ядуу эхнэр, нөхөр хоёр руу тосгоны хүүхдүүд чулуу нүүлгэнэ. Мо ч бас нөхдийн дунд орчихсон үзэж тарж явсан удаа зөндөө.

Нэгэн өдөр нийтийн хоолны газрын халуун савыг Мо унагаад хагалчихлаа. Тосгонд юм бүхэн ховор. Тэр тусмаа халуун сав бол бүр ч ховрын бараа төдийгүй түүнийг шинээр худалдан авах гэж олон тосгон дамжин явах нь энүүхэнд. Айсандаа ухаан алдах шахсан Мо Янь ум хумгүй зугтаж тэжээлийн хашаа руу ороод бухалдсан өвсний дунд нуугдав. Гэвч жаал хүү тэр халуун савыг дэггүйтэж байгаад хагалаагүй юм. Тэр өлсөж туйлдахын эрхэнд гартаа бат бөх барьж чадалгүй газарт унагажээ. Өдөр өнгөрлөө. Хэн ч түүнийг дуудсангүй. Ер нь хэн нэгэн дуудвал сайн зүйл болохгүй гэдгийг Мо мэдэж байв. Чингэтэл орой ээж нь хүүгээ багийнх нь нэрээр өхөөрдсөн байртай дуудлаа. Улам их өлсөж, маш их ядарсан Мо өвсний хашаанаас толгой гудайлган зөөлөн, зөөлөн алхсаар гарч иртэл ээж нь түүнийг цохисонгүй. Бүр нэг ч хатуу үг хэлсэнгүй. Харин толгойг нь илж, энгэртээ тэврээд, тэд гэр рүүгээ явцгаасан юм.

Бас нэг удаа Мо ээжтэйгээ хамт буудайн түрүү хамахаар хамтралын талбай руу явсан юм. Үнэндээ бол хөөрхий эх, үр хоёр өлсөхийн эрхээр хулгай хийх гэж явсан юм. Шөнө байлаа. Эргэн тойронд ганц нэг нохой хуцаж, баян айлуудын гахай чарлалдана. Ээж нь балчир хүүгээ дагуулан явсаар хамтралын талбайд ирж, хошуулдан хураасан буудайг хамж эхэллээ. Гэтэл хаанаас ч юм бэ гар чийдэн барьсан манаач эр гарч ирэн тэр хоёр руу гэрэл тусгаснаа багтарсан их уур, омогтойгоор “Жань жу, жань жу” гэж хашгирав. “Жань жу, жань жу” гэдэг нь  “Зогс чи, зогс” гэсэн утгатай хятад үг. Өрөвдөлт эх шуудайныхаа ёроолд хамсан жаахан буудайгаа нэг гартаа барьж, нөгөө гараараа Мо хүүгээ хөтөлсөөр зугтах гэтэл юунд ч юм бэ бүдэрч уналаа. Манаач эр галзуу нохой шиг уурсан ирж явна. Ээж нь Мо-г зугт гэсэн юм. Мо жаахан зугтсан ч эргэж хараад өөдгүй манаач эрд нэвширтлээ зодуулж, уруулаас нь цус гоожиж байгаа ээжийгээ харсан юм. Энэ бол жаал хүүгийн амьдрал төдийгүй, хожмын их зохиолчийн мөнхийн гунигт мөч байжээ.  

Мо-гийн ээж зарим жил зах дээр байцаа зардаг байлаа. Тосгоны зах гэдэг даруухан хэрнээ, заваандуу газар байдаг. Мо сургуульд орчихсон болохоор ээждээ тус болж, худалдаа хийх үе ч бий. Тэгсэн чинь тосгоны нэг настан ирээд Мо-гоос байцаа авах юм боллоо. Манай хүн ч сэргэлэнтэж байгаад хэдэн зоос нэмээд өгчихлөө. Уг нь байцааны үнэ Мо Яний хэлснээс хямдхан байсан ч өвгөн юм хэлэлгүй байцаагаа аваад яваад өгөв. Орой нь Мо-г гэртээ ирэхэд хөөрхий ээж нь уйлаад сууж байх нь тэр. Бараг уйлдаггүй ээжийгээ харсан Мо Янь юу хэлэхээ, юу хийхээ мэдсэнгүй. Ээж нь хэсэг тэгж сууснаа нулимсаа арчиж “Хүү минь, өнөөдөр чи намайг ичгэвтэр байдалд орууллаа” гэж хэлсэн юм. Энэ үг Мо-г луйварчин, магадгүй хулгайч болохоос аварсан байх. Эцсийн мөчөө хүртэл үр хүүхдийнхээ төлөө зүтгэсэн тэр сайхан сэтгэлт эмэгтэй хэдий ядуу, тарчигч гэсэн Мо Янь-д шинэ ном, эсвэл бичгийн хэрэгсэл авч өгөхдөө хэзээ ч гар татдаггүй байсан юм. Амьдралд хайртай, түүний төлөө бол нуруугаа яаж ч бөхийсөн хамаагүй юу ч үүрэхэд бэлхэн ээж нь Мо-г ном уншиж суухад гэрийн элдэв ажлаас чөлөөлдөг байлаа. Энэ нь Мо-д эхэндээ таатай санагддаг байсан ч хөөрхий ээжийгээ хараад сүүлдээ тэр шинийг уншиж мэдэх, гэр орны аахар, шаахар ажил хоёрыг зохицуулдаг боллоо. Дараагийн нэгэн өдөр зах дээр үлгэрч ирсэн тухай шуугиад явчихлаа. Сонин сэтгүүл, радио холбоо байхгүй байсан юм байлгүй дээ, тэр өрөвдөлт ядуу Гаоми тосгонд. Цөм л зах руу бэлчлээ. Мо Янь ч гэсэн зах дээр очиход цугласан олны дунд үлгэрч зогсоод эрт цагт болж байсан байж мэдэх элдэв адал явдлыг ид шидтэй хольж хутган, бодол санаанд багтамгүйгээр тун ч уран яруу өгүүлж гарлаа. Хүмүүс түүнийг нэг үлгэр яриад дуусахад нь дараагийн үлгэрийг сонсохын тулд малгайд нь гуулин зоос хийнэ. Үлгэрч дахиад л ярина. Энэ мэтээр өрөвдөлт үлгэрч эр, эрүүгээ чилтэл үлгэр яриад овоо хэдэн зоостой үдшээр буцав. Мо Янь гэртээ гүйж ирэн юу болсон тухай ээждээ хэлэхэд анхандаа тийм ч таатай хүлээж авсангүй. Тэгэхээр нь чалчаа, бас сэргэлэн хүү өдөр зах дээр сонссон үлгэрүүдээ ярьж эхэллээ. Тэгсэн ээжийнх нь санаа арай эргэв бололтой. Төдөлгүй өдөр болгон зах дээр сонссон үлгэрээ үдэш бүр гэр бүлийнхэндээ ярьж өгдөг хүүг ээж нь дахиж хорихоо болилоо. Сүүлдээ Мо үлгэрийн төгсгөлийг ээжийнхээ санаанд нийцүүлэн өөрчилж, домог, түүхтэй хольж хачирлан ярих нь эмэг ээж, том эгч, нагац эгч нарт нь бас таатай санагддаг боллоо. Энэ үед хөөрхий ээжий “Миний энэ чалчаа хүү хэзээ нэгэн цагт дуугүй, чанга хөвгүүн болох л байгаа даа” гэж нэг биш удаа хэлсэн юм.

Ингэж байтал удаах нэг өдөр тэнгэр нураад ирлээ. Мо-гийн ээж уушгины хүнд өвчин тусч, чалчаа, царай муутай, мөрөөдөмтгий, өрөвдөлтэй жаал сургуулиас гарлаа. Тэр ажил хийх хэрэгтэй болжээ. Ядуу жаал үхэрчин боллоо. Зэлүүд уул,  талд тэр үхэр хариулж, мод, бут, өвс, цэцэгтэй ярилцаж, дээр жиргэх шувуудтай хүртэл үг солих ч цаадуул нь хариу юу ч эс хэлнэ. Үхэр хариулагч хүү сургуулийнхаа хашааны дэргэдүүр өнгөрөхөд түүнтэй хамт сурч байсан хүүхдүүд зугаатай, аз жаргалтайгаар тоглож байгаа нь сонсогдоно. Заримдаа ханзны шинэ татлага нүдэлж, цээжилж байгаа нь илт. Гэтэл Мо байдаггүй. Ямар ч хүсэл мөрөөдөлгүй, ирээдүй нь баталгаагүй нэгэн болж, тосгоны баяны үхрийг хариулаад тэнэг амьтан шиг ганцаараа ярьж явав. Энэ үед тэр маш их ганцаардаж, гунигладаг байсан тухайгаа ярьсан удаа бий. Гэхдээ түүний амьдралын энэ л өдөр, хоногууд Мо Янийг ирээдүйн алдарт зохиолч болоход нь үнэтэй хувь оруулсныг тэмдэглэх хэрэгтэй. Үхэрчин хүү өглөө гарч, орой ирнэ. Өлсөж, ядарна гэдэг жигтэйхэн. Гэртээ ирлээ гээд бас олигтой хоол унд байхгүй, түлш түлээ ч ховор. Ганцаардал, хоосролын дунд тэгж явахдаа Мо нөгөө л үлгэрээ бодож явсан байдаг. Үлгэрт гардаг гал улаан үнэг шиг сайхан бүсгүй гэнэт дэргэд гарч ирээд надтай хамт үхэр хариулаасай гэж жаал хүү мөрөөддөг байлаа. Мэдээж бүсгүй хэзээ ч ирээгүй. Гэхдээ нэг удаа яг тийм улаан үнэг гарч ирэхэд Мо айсандаа хөдөлж чадаагүй юм. Үнэг хаашаа ч юм бэ алга болсон хойно ч гэсэн Мо өвдгөө тэвэрсэн хэвээр уйлсаар суусан юм.

Тийм хүнд өдрийг өнгөрөөсний дараа Мо Янь хуучин хашааныхаа хаалгаар ядарч, сульдсан орж ирээд ээжийгээ дууддаг байв. Ээжийнх нь дуу хоолой түүнд маргааш үхэр хариулах, амьдрах хүч тэнхээ өгдөг байлаа. Харин нэг удаа хичнээн дуудаад, дуудаад ээж нь байсангүй. Аргаа барсан залуу хүү гэрийнхээ өмнөх шавар шатан дээр суугаад мэгшин уйлж байтал хашааны хаалга онгойлоо. Мо сэртэсхийн тэр зүг хартал өрөвдөлт эх жаахан түлээний мод үүрчихсэн орж ирээд хүүгээ харсан даруйдаа ачаагаа газарт орхив. Тэгээд хөөрхий ээж хүүдээ “Хүү минь санаа бүү зов. Миний амьдралд баяр цэнгэл гэж бараг үгүй ч бурхан намайг дуудах хүртэл хүүгээ орхихгүй” гэж хэлсэн юм. Мо хэсэг хугацаанд үхэр хариулж байгаад дараа нь тариан талбай, завод гээд хаа тааралдсан газарт амьдрахын эрхээр ажиллаж байв. Гэлээ ч ер хаана ч, юу ч хийсэн тэр залуу хүүгийн зүрх сэтгэл үлгэр туульсаар дүүрч, элдэв адал явдалт романсаар цалгиж, сайхан сайхан түүхүүдийг амилуулж, байгаль орчин, омгийн домгуудаар баяжиж байлаа.

Сарны наадмын өдөр билээ. Агаар тэнгэр хачин тунгалаг, Гаоми тосгоны ядуус  инээж баяссан тийм өдөр үнэндээ ховор. Энэ өдөр Мо Янь хийгээд тэдний гэр бүлийнхэнд тус бүр нэг, нэг аяга бууз идэх боломж тохиодог юм. Ийм боломж жилдээ ганцхан удаа олддог нь бас харуусалтай. Шавар пийшин дээр тавьсан хар тогоон дээрх хулсан жигнүүртэй бууз болж, дүүрэн баяр хөөртэйгээр Сарны наадмаа тэмдэглэн байгаа тэдний гэр бүл зоогоо барихаар зэхлээ.

Аяга дүүрэн бууз өмнөө тавьсан аав, ээж, ах, дүүс яг хооллох гэж байтал гадаа, тосгоноос тосгоны хооронд алгаа тосон явдаг гуйлгачин эр ирж, хоол өгөхийг хүсэв. Мо түргэлэн босч түүнд амтат төмс өгсөнд гуйлгачин эр “Би настай хүн надад бууз өгөөч. Та нар чинь ямар хүн чанар муутай хүмүүс вэ” гэж хэлэв. Мо хариуд нь “Бидний хувьд жилд нэг удаа ганц аяга эсвэл ганц ширхэг бууз идэх завшаан гардаг. Би чамд амтат төмс өгсөн. Идэхгүй бол тонил” гэчихэв. Ухаангүй үг хэлж байгаа хүүгээ харсан ээж нь босч ирэн Мо Янийг хатуу үгээр зэмлээд өөрийн аяганд байсан бүх буузаа гуйлгачин эрийн халтар тагш руу хийгээд өгчихлөө. Мо Янь дахиад л ээжээсээ суралцав.  

Мо тийм ч зоригтой нэгэн байсангүй. Угаас зохиолч бол зохиолч. Хичнээн мэдрэмтгий байна төдий чинээ сайхан зохиолч байх нь гарцаагүй. Тэр шөнө хийсэн ажлаа тоо бүртгэгчид хүлээлгэж өгөөд харих замдаа айдас хүйдэст автан гэр рүүгээ явдаг байлаа. Чингэхдээ дуу дуулдаг байв. Мо-гийн айдсаа үргээж дуулсан дуу нь эцэстээ зүгээр л хүний чих өвтгөж чахарсан зүйл болж хувирах нь бий. Гаоми тосгоныхон тэр бүр хол явж юм үзээгүй хүмүүс. Явсан нь эргэж ирдэггүй, очсон газраа шингэчихдэг болохоор тэр биз. Харин Мо Янь ганцхан удаа Чиндао руу галт тэргээр зорчиж модны үйлдвэрийг үзсэн юм. Тэгэхдээ бас болоогүй уул овоо шиг их банз, модон дунд төөрч, зүг чигээ алдаж байсан билээ. Эргэж ирснийх нь дараа ээж нь түүнээс “Чиндаод юу байдаг юм байна” гэж асуухад Мо “овоолсон банз” гэж тун ч дурамжхан хариулсан удаатай.

1976 он боллоо. Ашгүй нэг он саргүй юм шиг байсан өдрүүдэд цэг тавигдав. Энэ онд Мо Янь дандаа үзэн яддаг бас дандаа хайрладаг байсан Гаоми тосгоноо орхиж цэргийн албанд мордов. Гэтэл түүний хөөрхий ээжий өөрт үлдсэн цорын ганц үнэт эдлэл болох аль тэртээх хуримын гоёлоо зарж, хүүдээ “Хятадын товч түүх” гэсэн дөрвөн боть ном авч өгсөн юм. Мо ээжийнхээ энэ их бэлгийг цүнхэндээ хийж үүрээд амьдралынхаа хамгийн хүнд бэрх үе рүү зоригтойгоор алхаж орлоо. Мо армид он удаан жил алба хаасан хийгээд аль тэртээ 1976 онд анх цэрэгт мордсон залуу 1984 онд Ардын чөлөөлөх армийн Урлагийн Академийн Утга зохиолын тэнхимд элсэн суралцсан байдаг. Энэ үедээ тэр зохиол бүтээлээ бичээд эхэлсэн байв. Мо Яньд Америкийн зохиолч Уильям Фолкнер, Колумбийн зохиолч Габриль Гарсиа Маркес нарын бүтээлүүд хамгийн их нөлөөлсөн. Гэвч Мо анх юуны тухай бичихээ мэдэхгүй хэсэг төөрсөн нь үнэн. Тэгж тэгж хөөрхий ээж, аав, ах дүүс нь тарчиг ядуу хэвээрээ амьдарсаар л байгаа Гаоми тосгон нь түүний заавал бичих ёстой аугаа их ертөнц юм байна гэдгийг Мо ойлгосон юм. Тэгээд л тэр бичиж эхэлсэн. Эхлээд өөрт тохиолдсон явдлуудаа, дараа нь бусдын тухай тэр бичээд л, бичээд л байсан. Хятадын орчин үеийн нэрт зохиолч Шү Хуазон түүнд багшилж байв. Мо “Намрын үер”, “Ширгэсэн гол”, “Тунгалаг лууван”, “Улаан эрдэнэ  шиш” зэрэг шуугиан тарьсан өгүүллэг, туужаа бичив. Эдгээр бүтээл нь эзнийхээ дараагийн томоохон бүтээлүүдийн жинхэнэ оршил болсон юм. Төдөлгүй Мо “Сармисны дууль”, “Зандан модны үхэл”, “Том хөх өргөн тааз”, “Амьдрал, үхэл хоёр намайг элээж байна” зэрэг алдартай бүтээлүүдээ ар араас нь бичиж дуусгалаа. “Том хөх, өргөн тааз” романыхаа өмнө тэр “Ээжийнхээ оюун санаанд зориулав” гэж бичсэн юм. Тэр энэ зохиолоо ээждээ зориулсан юм. Мо Яньд нэг чанар байдаг. Тэр нь Гаоми тосгоныхоо тухай бичихдээ гарч байгаа дүрүүдийг шууд амьдрал дээрээс авч хэрэглэн, илүү баяжуулдаг явдал. Тэр бүү хэл, Мо тосгоныхоо тухай бичихдээ хүмүүсийн нэрийг хүртэл өөрчилдөггүй. Энэ үзэгдлийг анх Гаомигийн оршин суугчид цочирдон хүлээж авсан ч сүүлдээ тайвширцгаасан. Мо Янь 2012 оны Нобелийн шагналт зохиолч болсон. Түүнтэй бид илүү дотно  танилцах ёстой.

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Бүү ярь   
Үзсэн: 5079 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2016-01-24 16:41
Uran zokhiol , zokhiolch khoyoriig in salgakhiin argagui . Aguu zokhiolch bolgoj humuujuulj surgakhiin tuld tiim l amidraliig ,amidraliin khatuu hutuu,tarchig ami zuulga,gaduurkhal, tsuhrul gunigiig biye setgeleer in tuuluulj uzuulj soridog buyu. Tenger burkhanaas khuvi tavilang in sorikh, eldviig uzuuleh,ergetsuulj boduulj setguuleh, ukhaaruulakh,aviyas ukhaaniig in shanalgakh, zuud zun bilig,oi ukhaanaa,bichij tuurvih buhenee shavkhakh,ter bugdiig uzej tuulakh ,husel temuuleldee unench yavbal aldar tsuutai munhiin buteelee tuurvij ,ard tumen hiigeed humun turulhtunii oyun sanaand munhurmui. Khitadiin ene ih zokhiolchiin amidral,temuulel ,buteelees kharagdakh ajiguu !
124.158.109.xxx [124.158.109.xxx] 2016-01-15 16:29
гайхалтай
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2016-01-15 15:40
Манай сумдын өнөөгийн амьдрал бараг л иймэрхүү байгаа шүү. Сумаасаа холдож үзээгүй сумын заан хэр олон байгаа бол доо
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-01-15 14:01
аймшгийн амьдралыг гайхамшиг болгож чаджээ.
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2016-01-15 13:35
gaihamshigtai amidral.

Бидэнтэй нэгдээрэй