Шууд Chart

Улсын харцага Б.Пүрэвсайханд Ерөнхийлөгчийн нэрэмжит үүрд хадгалагдах цом гардуулав

2016-02-03 09:50:36

Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн  нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан өнгөрсөн өнгөрөгч арванхоёрдугаар сарын 29-нд  болсон билээ. Тав дахь жилдээ зохион байгуулагдсан шигшмэл хүчит бөхийн уг барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харъяат, “Ховд” бөхийн дэвжээний бөх Улсын харцага Б.Пүрэвсайхан хоёр дахь удаагаа түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг гардан авсан юм. Тэрээр 2013 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд мөн түрүүлж анхны цомоо гардаж байв.

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлсэн Улсын харцага Б.Пүрэвсайханд өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үүрд хадгалагдах цом гардуулав. Цом гардуулах үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Монголчууд дэлхийн дээвэрт дэг журам тогтоож явсан аугаа түүхтэй. Гэвч дараа нь эвдрэлцэл, хуваагдал, эв түнжингүй байсан янз бүрийн шалтгаанаас бутарч, сарниж, суларч бусдын боол, босгоны зарц болж 220 жил зовсон ч 1911 онд монголчууд Богд хаанаар удирдуулан тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан. Тэр ойг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар 2011 оноос хойш тэмдэглэдэг болсон юм. Түүнээс хойших өнгөрсөн богино хугацааны түүхт ойн барилдаанд хоёр удаа түрүүлж, шилжин явах цом гардан авсанд баяр хүргэж, үүрд хадгалагдах хоёр дахь цомыг гардуулан өгч байна. Энэ 2016 он бол олон давхар ойн жил. Улсын баяр наадмаар 1024 бөх барилдана. Тэр наадамд зоригтой, шударга сайн барилдаж түмэн олноо баясгаарай” гэлээ.


Улсын харцага Б.Пүрэвсайханд Ерөнхийлөгчийн нэрэмжит үүрд хадгалагдах цом гардуулав  
Үзсэн: 413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй