
Энэ удаагийн “Гэрт нь” буландаа бодибилдинг, фитнессийн ДАШТ-ээс 41-ээс дээш насны буюу мистер ангилалд түрүүлсэн Ж.Нурланыг урилаа. Дэлхийн бодибилдинг ба биеийн тамир, спортын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг өнгөрсөн жилийн дээрх тэмцээн Энэтхэгийн Мумбай хотноо болоход тэрбээр түрүүлснээр манай улс анх удаа бодибилдингийн аваргатай болсон юм.
Тэрбээр 2011 оноос хойш ААШТ-д оролцсон. 2013 онд Вьетнам, 2014 онд Солонгост болоход хос хүрэл медаль, цом хүртсэн билээ.
Манай сайтын сурвалжлах баг түүний гэрийн босгоор давах эрхийг мэдээж өөрөөс нь авсан. Тэр бидний хүсэлтийг нэг их цааргалсангүй. Гэхдээ “Өглөө хувийн ажил хөөцөлдөж гадуур нэлээн явж, орой нь бэлтгэлээ хийх болохоор та нар оройтохгүй гэвэл ярьж байгаад ирээрэй” гэв. Ингээд бид 22:30 цаг болж байхад очлоо. Эхлээд тэдний орон сууцны подвальд байх бодибилдинг, фитнесийн клубт оров. Учир нь тэр клуб Ж.Нурланых гэж сонссон тул бэлтгэл хийж байхад нь зураг авах гэсэн хэрэг. Үүднийх нь өрөөнд суугаа хүнээс түүнийг асуухад “Байхгүй ээ” гээд дуу муутайхан хариулах.
Ингээд бид гэрийнх нь хаалгыг тогшиход эхнэр нь үүдээ онгойлгож байна. Биднийг танихгүй болохоор гайхсан байдалтай харахад нь учраа хэлж зочны өрөө рүү нь ороход Ж.Нурлан буйдан дээрээ суучихсан “Өө та нар яваад ирэв үү. Би дөнгөж сая орж ирээд хоолоо идэх гээд сууж байлаа” гэнэ. Эхнэр нь бидэнд халуун шоколад, хоол аягалж өмнө тавилаа.
Гэрийн эзэн “Хэдүүлээ эхлээд хоолоо идчихье. Дараа нь ярилцлагаа эхлэх үү” гэх. Бодибилдингээр хичээллэдэг тамирчид давс, тосгүй хоол бараг иддэггүй гэж дуулсан болохоор түүнийг биднийхээс өөр хоол идэх болов уу гэж бодсон ч үгүй ээ. Тэгэхээр нь “Таныг өөх, тосгүй хоол иддэг байх гэж бодсон чинь үгүй юм аа” гэхэд “Тэмцээн тулсан үед ганц нэг удаа идэхэд зүгээр ээ. Гэхдээ бид ихэвчлэн давс, тосгүй агшаасан будаа, тахианы цээж мах иддэг. Заримдаа найзуутайгаа уулзаж ресторанд орохоор өнөө хэд чинь гайгүй юм иднэ. Харин би зөвхөн цэвэр ус л ууж байх жишээтэй. Тиймээс хэсэг сууж байгаад л харих минь гэж боддог. Хэдийгээр ийм байдалдаа дасчихсан ч дэргэдэх хүмүүст эвгүй байдаг юм шиг ээ” гэв. Хооллож байх зуураа “Таны бэлтгэл хийж байгаа зургийг дарах гээд клубт орсон. Энэ клуб ер нь таных хэвээрээ юу” гэхэд “Одоо больсон. Би бэлтгэлээ өөр газар хийж байгаа” гэв.
Тэрбээр хоолоо идчихээд ариун цэврийн өрөө рүүгээ орж тамхи татахаар явав. Энэ хооронд эхнэрээс нь “Бодибилдингийн тамирчинтай гэр бүл байх ямар бэ. Сайхан бие хаатай залуутай сугадалцаад алхахад зарим бүсгүй танд атаархана биз” гэхэд инээмсэглэснээ “Ер нь тамирчдын гэргий болгон нөхрийнхөө амжилтаар бахархаж, сэтгэл санаагаар унасан үед нь урам өгч чадахгүй ч, ар гэртээ шаналахгүй байлгахыг л хичээдэг” хэмээн даруухан хариулсан.
Тэднийх хоёр хүүтэй юм билээ. Томыг нь Н.Амарсанаа гэх ба гуравдугаар ангид сурдаг бол таван настай Н.Тэмүүжин нь цэцэрлэгт явдаг гэсэн. Бага нь их сахилгагүй бололтой. Бидний дэргэд ирж зургийн аппарат, дуу хураагуур барьж үзэхэд ээж нь “Миний хүү зүгээр байгаарай. Хүний юманд дураараа битгий хүрээд бай” гэхэд өөдөөс нь хэлээ гаргачихаад нөгөө өрөө рүүгээ гүйгээд орчихов. Тэр өрөөнд ах нь байсан болохоор ороод л хоёулаа шуугилдана. Магадгүй тэд дэрээрээ хэн хэнийгээ цохиж, бужигнаа биз.
Ж.Нурлан “Өнгөрсөн жил миний бэлтгэл сайн байсан. Тэр эрчээрээ ДАШТ-нд түрүүлж, мөрөөдлөө биелүүлсэн” гээд дэргэд суулаа. “Хоёр ч төрөлд оролцохоор явсан болохоор түрүүлдэггүй юм аа гэхэд ямар ч байсан мөнгө, хүрэл медалийн аль нэгийг хүртэх байх гэж өөртөө итгэж байсан” гэв.
Тэрбээр 17 настайгаасаа буюу 1991 оны эхээр бодибилдингийн спортоор хичээллэсэн. Анхны тэмцээн нь УАШТ байсан гэдэг. Гэхдээ тэр энэ спортоор тууштай хичээллэсэн хүн биш ээ. Өнөөдрийг хүртэл явахдаа амьдралын шаардлагаар хэсэг завсардаад авсан юм билээ. “Та энэ спортоор хичээллэж байх эхэн үедээ гудамжаар алхаж байхдаа хүмүүст булчин, шөрмөсөө гайхуулах гэж нимгэн хувцас өмсдөг байсан уу” гэсэн хоржин асуулт тавихад “Бас тийм үе байсан шүү. Иймэрхүү зүйлийг залуу насны алдаа гэдэг биз дээ” гэж инээснээ “Би “Гарьд” клубт С.Зулзага багшийн удирдлага дор анх хичээллэсэн. Тухайн үед энэ спортын төрөл манай улсад дөнгөж үүсч эхлээд байсан болохоор булчин жаахан товойгоод ирэхээр бусдад гайхуулах гээд хүйтэнд ч хамаагүй бариу пудболк өмсч алхдаг байлаа” гэхэд дэргэд нь сууж байсан эхнэр нь өөдөөс нь гайхасхийн харснаа инээмсэглэнэ. Үүгээрээ тэрбээр түүний амнаас ийм үг өмнө нь сонсч байгаагүйгээ илтгэх шиг болов.
Түүнийг энэ спортод уруу татсан зүйл бол гадаадын сэтгүүлд гарсан бидибилдингийн тамирчдын фото зураг гэсэн. Тэр зургуудыг тэрбээр хүрээгээр нь тойруулж цэвэрхэн гэгч нь хайчлаад хавтсанд хийж цуглуулдаг байсан аж. Тэр үедээ “Хүн яаж хөдөлмөрлөхөөрөө ийм “лаг” булчинтай болдог байна аа. Би хэзээ тэдний дайд хүрэх бол” гэж бодож байсан гэдэг. Тэр бодол нь түүнийг өнөөдрийн зэрэгт авч ирж 24 жилийн дараа дэлхийд данстай болголоо.
Манай бодибилдингийн тамирчин Ази тивийн наадамд анх 1996 онд оролцож байсан түүхтэй. Харин Ж.Нурланы хувьд олон улсын тэмцээнд оролцсон үе нь 2005 он. Тэрбээр энэ онд зүүн ААШТ-д оролцож, дөрөвдүгээр байрт багтжээ.
Бидний яриа түр завсарлах хооронд “Манай бодибилдинг, фитнесийн холбооныхон сурталчилгаа бага хийдэг болохоор энэ спортыг зарим хүн сайн ойлгодоггүй. Зөвхөн сонирхогч залуус болон бидний хүрээнийхэн л мэддэг. Холбооны Ерөнхийлөгчөөр хотын дарга Э.Бат-Үүл ажиллаад хоёр жил хэртэй хугацааг ардаа орхиж байна. Цаашид улам сайжирна биз дээ” гэв.
Ж.Нурлан анхны медалиа мөнгөөр эхлүүлсэн. Гэвч олон жил өнгөрсөн болохоор тэрхүү медалийнх нь өнгө одоо өөрчлөгдөж бараг хүрэл шиг болжээ.
Тэд олон улсын тэмцээнд оролцохдоо хувиасаа л зардлаа гаргадаг гэсэн. “Төр засаг маань Олимпийн топ таван төрөлд оролцох тамирчдаа л харж үздэг. Холбоо ч санхүүжилт муу болохоор энэ спортод амжилт гаргая гэсэн чин хүсэлтэй бид урд хормойгоо хойдохоороо нөхөж явна. Заримдаа аз таарвал ивээн тэтгэгч олдоно. Ингэн барин явахаар бусад нь биднийг дурандаа ингэж явдаг гэж ойлгодог юм шиг ээ. Уг нь бид бусад тамирчдын адил эх орныхоо нэрийг гаргах гэж л яваа шүү дээ” гээд гомдоллох. Энэ спортоор хичээллэдэг мэргэжлийн тамирчид сард хэрэглэх уураг, витаминдаа нэг сая төгрөг зарцуулдаг гэсэн.
Түүний өмнө нь гаргасан амжилтыг сонирхвол 85 кг-ын жинд улсын дөрвөн удаагийн (2004, 2005, 2006, 2012 оны) мистер, 2012 оны ААШТ-ий тавдугаар байр, 2013-2014 оны хошой хүрэл медаль хүртэж байжээ. Гэхдээ энэ их амжилт нь 1991 оноос эхэлсэн аж. Тодруулбал, 2001 онд УАШТ-д анх удаа оролцохдоо 75 кг-ын жинд өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн байна. Тэр цагаас хойш УАШТ-д 13 удаа оролцохдоо ес түрүүлж, мөнгө, хүрэл медалийг тус бүр нэг удаа зүүжээ.
Тэрбээр “Би уг нь хэдэн онд билээ дээ, барилгын мэргэжлээр нэг сургууль төгссөн юм. ҮБТДС-ийн багш, дасгалжуулагчийн ангийг ч төгсөх гэж хоёр жил гүйсэн. Гэвч энэ спорттой туурштай нөхөрлөснөөс хойш мэргэжлээрээ ажиллаж үзсэнгүй. Ер нь тамирчин хүн мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй юм байна” гээд дэргэдээ байгаа бага хүүгийнхээ толгойг илэв.
Түүний эхнэрийг Б.Ундрах гэнэ. “Юнител” компанид ажилладаг гэсэн. Юу хийдгийг нь Ж.Нурланаас асуухад мартсан уу эсвэл угаасаа мэддэггүй юм уу “Хөгшөөн чи чинь ямар мэргэжлээр ажилладаг билээ” гээд том өрөөндөө байх эхнэрээ дуудаж асуучихаад инээнэ. Хариуд нь эхнэр нь мөн л тас, тас хөхөрч “Эхнэрийгээ ямар ажил хийдгийг мэддэггүй хүн гэж байх уу, тийм ээ” гэж биднээс хариу нэхсэн байдалтай асууснаа “Борлуулалт үйлчилгээний газар ажилладаг шүү дээ” гэж бидэнд биш Ж.Нурланд хэлэх шиг хариулна билээ.
Нук (найзууд нь түүнийг ингэж дууддаг) “Би хөвгүүдээ заавал өөрийнхөө спортын замналаар явуулна гэхгүй. Гэхдээ том хүү маань их спортлог шүү. Сургуульдаа болсон хөнгөн атлетикийн тэмцээнд түрүүлж, дүүргийнхээ тэмцээнд оролцсон. Гэхдээ надад хэддүгээр байрт орсноо хэлэхгүй л байгаа” гээд инээв.
Ж.Нурлан таван ах, гурван эгчтэй айлын отгон хүү. Аав нь дотоод явдлын яаманд жолоочоор ажилладаг байсан юм билээ. Тэрбээр “Аав маань Ю.Цэдэнбал даргын жолооч хийж явсан шүү” хэмээн бахархангуй ярих. Харин ээж нь гэр зуур хүүхдүүдээ хараад суудаг байжээ. Түүний бага нас Амгаланд өнгөрсөн гэнэ. Түүнийг олон тэмцээнд оролцоход хамгийн их тусалдаг “Баянбүрд” компанийн захирал н.Мягмарт баярлаж явдгаа танай сайтаар дамжуулж уламжлъя гэлээ.
Тэр чөлөөт цагаараа агаарт гарах дуртай гэсэн. Харин хамгийн дуртай хоол нь үхрийн махыг төмстэй, гурилтай чанаж идэх бол түүхэн сэдэвтэй гадаад, дотоодын зохиолоос ч татгалздаггүйгээ дуулгасан.
24:00 цаг аль хэдийнээ өнгөрсөн хойно бид тэднийхээс гарцгаав. Танд болон танай гэр бүлд аз жаргал хүсч, спортын өндөр амжилтыг ерөөе гэхэд тэрбээр Монголын мянга, мянган гэр бүлд аз жаргал хүссэн юм.
Мөрөөдлөө биелүүлсэн мистер | ||
Үзсэн: 12918 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.