
Хүн төрөлхтнийг дуу, хөгжим хэмээх гайхамшигт урлагаас нь ангид салгах аргагүй мөнхийн холбоотой гэдгийг монголчууд дэндүү сайн мэддэг, мэдэрдэг билээ. Улс, үндэстэн бүрийн дуу хуур нь өөр өөрийн өнгө, хөг аялгуу, тухайн ард түмний оршин байгаа газар нутаг, байгаль дэлхий, түүх соёл, ёс, зан заншлын илэрхийлэл нь болж байдаг. Хүмүүн төрөлхтөн, өөр үндэстэн, ястнууд дуу, хуур, хөгжмийн хөг аялгууны ид шидээр ямар ч хэл ярианы тусламжгүйгээр бие биенийхээ зүрх сэтгэлийг ойлгож мэдэрдэг нь үнэхээр гайхалтай.
Олон үндэсний бүтээсэн дуун гайхамшгуудаас Монгол ардын уртын дуу нь өөрийн өнгө, цар хүрээгээрээ онцгой гэдгийг дэлхий дахинаараа хүлээн зөвшөөрч, улмаар дэлхийн биет бус соёлын өвд оруулж, түүнийг хамгаалан, судалж, түгээн дэлгэрүүлэхээр хүн төрөлхтөн сонирхон судлах болсон нь нэн таатай.
Уртын дууны доод өнгөнөөс яруухан дээш өгссөөр хамгийн дээд өнгө хүрэх явцдаа цохилго, чичиргээ, нарийн уран нугалаанууд эгшиглүүлэн шуранхайлах төв халх боржигин дэг нь нэн гайхамшигтай. Энэ дэгээр дуулахад асар их хүч, тамиртай хоолойн чадвар, хоолойн цараа шаарддаг. Өдгөө энэ цар хэмжээнд хүрч дуулах дуучин бараг л байхгүй болов уу.
ХХ зууны манлай уртын дууч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Намжилын Норовбанзад Монгол уртын дууны жинхэнэ мастер, байгалиас заяасан их авьяас билэгт дуучин гэдгийг уртын дууч монголчууд төдийгүй дэлхий дахин хүлээн зөвшөөрдөг. Тэрбээр «Монголын» хэмээх гайхамшигт уртын дууг хүний хоолойн боломжит хамгийн доод, дээд өнгө болон уран нугалаа, шуранхайгаар дуулж чаддаг хосгүй уртын дууч билээ. Норовбанзад уртын дууны гайхамшгийг хүрч болох хэмжээнд нь хүртэл шуранхайлах атлаа цаашаа улам бүр алсуурлан өгссөөр хүний хоолойн байж боломгүй өндөрт хүргэж тэнгэрийн уудамд уусган замхраах мэт болсноо эргэн хамгийн доод өнгөөр уянгалуулан дуулж чаддаг юм. Энэ их авьяас, хоолойн цар хүчийг тэр өөрийн өсч төрсөн нутаг Боржигины бор талын хараа үл гүйцэм алсын алсад тэмүүлэх салхи цуцаан аялгуулан дуулж ирсэн өвөг дээдсээсээ өвлөж авсан нь лавтай.
ХХ зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад хуучнаар Сэцэн хан аймгийн Боржигин Сэцэн вангийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг «Сүүдэртийн улаан овоо» хэмээх газар 1931 онд төрсөн билээ. Монгол уртын дууг дэлхийн сонорт хүргэж, Монгол уртын дууг хүн төрөлхтний биет бус өвд оруулахад онцгой гавьяаг бүтээж чадсан хүн бол Н.Норовбанзад хэмээх хосгүй их дуучин гэдэгтээ хэн ч маргахгүй билээ.
Хосгүй их авьяаст уртын дуучин Н.Норовбанзад гуай ХБНГУ, Польш, Унгар, Чех, Словак, Болгар, хуучин ОХУ, Югослав улс, баруун Европын Итали, Франц, Дани, Голланд, Норвеги түүнчлэн Ази тивийн Энэтхэг, БНСУ, БНАСАУ, Хятад, Япон, Афганистан, АНУ зэрэг дэлхийн олон улс оронд монгол уртын дууны гайхамшгийг мэдрүүлж, Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж явсан түүхтэй.
Н.Норовбанзад 1993 онд Япон улсын Фукуокогийн Азийн соёлын шагнал хүртэж, ЮНЕСКО-гийн соёлын өвд түүний дуулсан уртын дууны дээжийг бүртгэж авсан юм. Дэлхийд хосгүй уртын дуучин түүнд дотоодын төдийгүй гадаадын олон арван шавь бий.
Түүний тухай зарим сайхан дурсамжуудаас дурдахад, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Н.Жанцанноров «Тоглолтонд ямар жүжигчин сонгож оруулах вэ? Яаж түүнтэй зиндаа тааруулах вэ? гэдэг асуудал маш хэцүү байсан. Норовбанзад гуайг «Урьхан хонгор салхи»-ийг дуулсны дараа ямар ч дуучин залгаж дуулсан ч босч ирэхгүй» гэсэн байдаг.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат «Норовбанзад гуайн концерт энэ зууны хамгийн тансаг урлагийн наадам боллоо гэж бодож байна. Би ч яахав «тансаг» гэдэг үг хэлэх дуртай хойно. Гэхдээ л энэ тоглолт тансаг гэхэд илүү тансаг боллоо. Монгол Улс тусгаар тогтносон улс гэдгийг Норовбанзад гуай хүнийхээ хувьд дэлхийд харуулж байгаа. Монгол ардын урлаг ямар гайхамшигтай буй гэдгийг урлагийнхны талаас уртын дуу, морин хуур үзүүлж байна» хэмээн онцлон хэлсэн юм.
Харин УИХ-ын дэд дарга асан Ж.Бямбадорж «Норовбанзад гуайг агуу хүн гэдгийг тэртээ тэргүй надаар хэлүүлэлтгүй дэлхий мэддэг. Үүнийг л энэ тоглолтоороо дахин харууллаа «Уяхан замбуу тивийн наран» дууг дуулсан 70 настай хүн энэ дууг ингэж дуулна гэж байх уу, Гиннесийн номд бичдэг бол энэ хүнийг л бичмээр санагдлаа. Яг л залуу байхдаа яаж дуулсан тэгж л дууллаа. Энэ бол үнэхээр гайхамшиг» гэж хэлж байлаа.
Монгол Улсын ардын жүжигчин Х.Уртнасан «Би Норовоо эгчийн энэ тоглолтыг «Зууны урлагийн эхлэл» гэж хэлнэ. Урьд хожид үзээгүй ийм сайхан тоглолт боллоо. Тоглолт үнэхээр дээд зиндааны цараа хүрээтэй болж чадсан. «Уяхан замбуу тивийн наран» гэдэг дуу үнэхээр гайхамшигтай. Тоглолт шинэ мянганы баяр болсон. Норовоо эгч энэ зууны манлай дуучин гэдгээ батлав. Дараагийн зууны ч манлай дуучин гэдгийг хэлмээр байна» гэж үнэлж биширч байлаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа «Монголын нэрийг дуурсгаж яваа энэ хүнд бид их өртэй» гэсэн юм.
Харин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав «Ах нь Норовбанзадтай нэг нутгийнх, хүний хоолой элэгддэг, хорогддог зүйл гэхэд түүний хоолойг бурхан өөрт нь мөнхийн болгож заяажээ. Үнэндээ өөр магтах үг олдохгүй байна» хэмээн үнэлсэн байдаг. Энэ бүхнээс харж, сонсож байхад Н.Норовбанзад багш маань уртын дууг алдаршуулж, өөрөө мөнхөд алдаршиж, дэлхийд «Монгол» хэмээх уртын дууны гэрэлт хөшөөг босгож чадсан монголчууд бидний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдсэн агуу их дууч билээ.
Тиймээ, хоёр зууныг дамнасан түүний нэгэн насны амьдрал, уран бүтээл, хосгүй авьяаслаг дуу хоолойгоороо уяхан замбуу тивийн наран дор мөнхөд оршиж чадсан Монголын төдийгүй дэлхийн их дуучин гэхээс аргагүй дахин давтагдашгүй, хосгүй их авьяастан бол Н.Норовбанзад юм.
Дэлхийд хосгүй уртын дуу, дуучин хоёр | ||
Үзсэн: 3491 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.