Шууд Chart

АНУ-д ажилласан тэмдэглэл

2013-10-09 14:41:19

Аян замын тэмдэглэл

Америк даяар боолчлолыг устгасан, хамгийн аугаа ерөнхийлөгч гэгдэх Авраам Линкольны бунхны өмнө зогсох үед нэгэн бодол минь биелэлээ олсныг саналаа. 1963 онд энэ хөшөөний өмнө болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр нэрт тэмцэгч Мартин Лютер Кинг "Надад мөрөөдөл бий" нэртэй илтгэл тавьсан юм. Хар арьстнуудын эрхийн төлөө хэлсэн Кингийн үгАмерикийг өөрчилж чадсан байна. Харин миний хувьд дэлхийн шилдэг илтгэлийг интернэтээс үзчихээд Линкольны хөшөөний өмнө Кингийн үгийг амьдаар сонсохсон гэж бодож билээ. Тэгтэл 50 жилийн дараа бараг адилхан үйл явдлыг сурвалжлах завшаан надад тохиодог юм байна.

Энэ бол “I have a dream” илтгэлийн 50 жилийн ой. Хар арьстнуудын төлөө амиа өгсөн Мартин Лютер Кингийн оронд тус улсын анхны хар арьст ерөнхийлөгч Брак Обама ард түмэндээ хандан үг хэлсэн юм. Би ч сурвалжлагаа тэр өдөртөө “Цагийн хүрд”-ээр гаргаж амжлаа. Энэ мэтээр Америкт өнгөрүүлсэн 30 хоногт олон үйл явдал тохиож, тэрүүхэндээ завгүй байлаа. Хуучны барилгуудтай, цаанаа нэг зангарагтай, тайван, цэмцгэр Вашингтон хотод байрласан. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар, Олон улсын боловсролын Америк дахь консулын газраас зохион байгуулж буй хөтөлбөрт хамрагдсан минь энэ юм. Мэргэжлийн ур чадвар, англи хэлний мэдлэг дээшлүүлэх сарын хөтөлбөр үр өгөөжтэй байлаа. Тэндхийн зарим сэтгүүлчидтэй уулзах үеэр “Америк бол засгийн газраа хэвлэлийн эрх чөлөөнд тулгуурлан байгуулсан анхны улс.
Бас ерөнхийлөгч сэтгүүлчийн нийтлэлээс болж огцорч байсан анхны тохиолдол манай улсын түүхэнд бий. Энд хэвлэлийн эрх чөлөө, түүний нөлөө жинхэнэ утгаараа бий” гэдгийг ам бардам хэлж байлаа. Бүхнийг биш нэгийг, өнгөцхөн биш лавхан мэдээлэх зарчим үйлчилж байна. Фокс ньюс мэдээгээ, Эн Би Эй сагсан бөмбөгөө, Диснэй хүүхдийн нэвтрүүлгээ, Дисковери танин мэдэхүйгээ л ярина гээд сайхан төрөлжсөн.
Гэхдээ бас саар нь бий. Хэтэрхий хов жив, сенсаци, шар талдаа боллоо. Мэдээний чанараас илүү хурдыг эрхэмлэж байна. Гар утасны бичлэг мэдээ болж байна гээд мэргэжлийн бус сэтгүүлзүй хүчээ авч буйг хэлж байлаа. Сэтгүүлзүйд холбоотой бас нэг зүйлийг Монголд элчин сайдаар ажиллаж асан Алисиа Кампи хэлэхдээ: Чи жирийн Америк хүнээс орчин үеийн монголын тухай асуу. Тэд сайн мэдэхгүй гэдэгт итгэлтэй байна.
Учир нь танай улсын тухай мэдээлэл үнэхээр хомс юм. Гэтэл Хятадын тухай хаа сайгүй гардаг. Томоохон хэвлэлүүдэд Хятадын тухай төлбөртэй мэдээнүүд цуварч байна. Харин Монголд юу болж байгааг олж мэдэх хэцүү. Тэр бүү хэл танай улсын ерөнхийлөгч Америкт айлчилж байхад Монголын элчин сайдын яам нэг ч удаа хэвлэлийн бага хурал зарлаж байгаагүй ээ. Тэгвэл Америкийн хөгжлийн нэг нууц нь улсаа сурталчлах явдал юм. Яг л брэнд бүтээгдэхүүн шиг. Нэр алдар нь түгэх тусам үнэ цэнэ өсч байдаг. Үүнийг л сэтгүүлчид анхаарах хэрэгтэй хэмээн зөвлөлөө. Нээрээ ч тийм. Сэтгүүлзүйн сургалтаас гадна англи хэл хамт үзсэн Араб, Африк, Франц, Испани, Бразил, Колумбиа, Мексик гээд газар газрын найзууд маань Монголын тухай мэдлэг муу байсныг нуух юун. Энэ мэтээр санаа авмаар, санаа алдмаар зүйл их байлаа. Хэлний сургалтын хувьд нэг сар гэдэг богино хугацаа биш ээ. Гол нь мэддэг царайлж дүмбийхийн оронд ичиж зоволгүй ярих ёстойг ойлгосон. Бусад орныхны дунд Монгол Япон 2 хамгийн нэрэлхүү нь байлаа. Харин нас хүйс, арьс өнгө, шашин шүтлэг, баян, ядуу, дарга цэрэг хэнийг ч ялгадаггүй Америкт англиар ярьж чадахгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүний тоонд орно. ММ агентлаг ч бас эхлээд англи хэл, дараа нь англи хэл, эцэст нь бас л англи хэлийг шаардаж байна...
 
 
 
ММ агентлаг сурвалжлагч Б.Пүрэв

АНУ-д ажилласан тэмдэглэл   
Үзсэн: 1014 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй