
"Монголын мэдээ" сувгийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны "Явлаа, ирлээ" нэвтрүүлэгт Уулын спортын ОУХМ, МУГТ Б.Гангаамаа оролцлоо. Тэрээр эх орондоо ганцхан өдөр саатаад мордохдоо манай сувгаар зочилж, явсан газрынхаа сониноос хуваалцсан юм.
-Зорьсон ууландаа амжилттай авираад ирсэн таньд баяр хүргэе. Манай Монголчуудын хэллэгээр та далайг хураагаад ирсэн хүн?
-Тэгж хэлж болох юм. Зарим хүн далай гэдэг тивийг хураалаа гэхээр ойлгохгүй байх шиг байсан. Уулын спортод Дэлхийн хоёр том амжилтын нэг нь “Seven Summits” буюу долоон тивийн ноён оргил. Түүний нэг тивийн ноён оргил бол “Далайн ноён” оргил гэж хэлэгддэг Карстенз Пирамид хэмээх оргилд хөл тавиад ирлээ. Өмнө нь манай улсын уулчид хөл тавьж байгаагүй. Монголоос анхных нь болж байгаа юм шиг байна. Тэгээд л “Далайг хураалаа” гэж ойлгож байна.
-Өмнө авирч байсан оргилуудаас өндрийн хувьд харьцангуй намхан 4884 метр гэж байсан. Гэхдээ далай, хадан хавцал ихтэй. Өмнөх авиралтуудаас өөр юм шиг санагдсан?
-Ер нь тийм. Би явахдаа ч хэлж байсан. Энэ миний авирч байсан уулуудаас хоёр талаараа онцлогтой. Би өмнө нь эрс тэрс уур амьсгалд, хүйтэн цастай орчинд явж байсан. Ирэхдээ ч нүүр ам түлэгдээд горзойсон хар юм болчихоод ирдэг байсан шүү дээ. (инээв) Гэтэл энэ удаа ууландаа хүрэх зам нь ч, улс нь ч экваторын бүсийн халуун орон. За тэгээд мөнхийн усан бороо, ширэнгэн ой дундуур туулж байж Пункак Жаяа ууланд хүрч очдог. Цаашаа уул маань өөрөө цэвэр хадан уул учир хадны авиралт хийсэн гэсэн үг. Хадны авиралт хийхэд хэцүү байгаагүй. Учир нь багаасаа хадны авиралтаар хичээллэж байсан. Хамгийн хэцүү нь ширэнгэн ой юм билээ.
-Манай улсын үзэгчид бас гайхаж магадгүй. Аль орны, ямар уулыг нэрлээд, яриад байна гэж. Энэ бол Индонезийн 17 мянган арлын нэг, хамгийн оргил нь...?
-Индонез 17 мянган аралтай. Тэрний том таван арлын нэг Папуа гэдэг арал. Папуа арал өөрөө бас хоёр хуваагдаад тал нь шинэ Гвеннейд, тал нь Индонезид ордог. Уул өөрөө арлын Индонез талдаа байдаг. Тэгээд би арлаас, арлын хооронд арав хорин хоног ниссээр байж Папуа арал дээр очсон.
-Та Индонез талаасаа, өөрөөр хэлбэл Бали талаасаа авиралт хийсэн гэсэн үг үү?
-Тийм. Крстенз Пирамид буюу Пункак Жаяа, нутгийн иргэд болон уулчид Пункак Жаяагаар нь нэрлэх илүү дуртай юм шиг байгаа юм. Тэр бол Папуа арлын Индонез талд нь байдаг. Тэгэхээр Индонез талаар нь авирсан гэсэн үг. “Turkish Airline” компани миний ивээн тэтгэгчээр ажиллсан. Жакарта хүртэл бизнес ангилалд сайхан амраад, унтаад очсон. Очсон урдаас “пүн” гэсэн халуун, саун руу орж байгаа юм шиг л.
-Өдөртөө хэдэн хэм бэ?
-Гэхдээ өдрийн халууны хэмжээг 25-27 хэм хэтрэхгүй тавиад байдаг. Тэгэхэд манай Монголын 25-26 гайгүй л байдаг. Гол нь чийглэг, далайн халуун орон учир хүнийг зүгээр усанд орж байгаа юм шиг л айхтар норгодог. Зүгээр л усанд орж байгаа юм шиг л.
-Бид нар бас их газрын уур амьсгалд дасан зохицсон хүмүүс шүү дээ?
-Тийм. Энэдээс очихдоо ч бас сэтгэл санааны хувьд түгшиж байсан. Би өөрөө ялаа шумуул, халуунаас бол үнэхээр харшилтай юм шүү дээ. Үнэхээр байж чаддаггүй. Яаж тэрийг давж туулна даа гэж бодож байсан.
-Таны нүүр номноос мэдээлэл авахад эхлээд сэтгэлээр унасан юмуу гэж санагдаж байсан?
-Жакартад цэвэр уулын авиралт хариуцсан менежер маань надтай буудалд ирж уулзсан. Оффис нь Жакартагийн нөгөө захад, би эсрэг захад нь байсан болохоор бүтэн 3 цаг явж байж надтай уулзах гэж ирсэн. Ярилцлаа. Гадныхан Монгол гэхээр л Чингисийн талаар түрүүлж ярих юм. Заримдаа би ичдэг юм. Өөрийнхөө мэддэг гэж бодсон түүхээ тэд нарын дэргэд юу ч мэддэггүй юм гэж бодохоор. Дараа нь надад авиралтын талаар мэдээлэл өгсөн. Энэ бол дэлхийн хамгийн хүнд алхалт нь, тэгээд л би нөгөө уулаа яриад л хадны авиралт цэвэр, техникийн алхалт чанга байхаа гэсэн чинь “Гангаа авиралт хүртэл зай байна. Авиралтын наана бааз лагерь дээр хүрч очих тэр зам хүнд дээ, хамгийн хүнд” гэж хэлсэн. Тэгээд л хэлэнгүүт нь ялаа, шумуул асуусан чинь “ялаа шумуулаас гадна хүнд лаг шавар, намаг, бүгчим халуун, усан бороо өдөр бүр орно, хөлрөнө” гэсэн. Нээрээ л өдөр бүр бороотой. Мөнхийн нойтон хувцастай, майхан хүртэл бүх юм нойтон. Майхан барих усгүй, хуурай газар гэж хэзээ ч байхгүй. Арай нэг хавтгай гээд майхан барьсан ч устай. Усан дунд л шөнийг өнгөрүүлдэг.
-Явганаар хэдэн км явж байж үндсэн бааз дээрээ очих вэ?
-110 км алхагдаж байгаа. Үүний 20-иод км нь мотоциклоор явж байж алхалтын цэг эхлэсэн. Нийтдээ 4 шөнө 5 хоног бүтэн, өдөрт хамгийн багадаа 7 цаг 30 минут алхана. Хамгийн ихдээ 10 цаг алхана. Зогсолтгүй алхана. Бид нар Монголдоо явж байхад байс хийгээд л амраад ууж, идээд, нарлаж хэвтэж байгаад л явдаг. Тэнд бол зогсолтгүй 8, 9 цаг явна.
-Та хөтөчтэй явсан уу?
-Хөтөчтэй явсан. 6 орны 7 уулчин байсан. Бааз дээр очоод авиралтын өдөр 2 орны 2 уулчин нэмэгдсэн. Нэмээд 3 хөтөчтэй байсан.
-Хэзээ дайралт хийв. 10 цаг 01 минутад “Уулынхаа оргил дээр гарлаа” гэж бичсэн байсан?
-Их нарийн гаргасан юм билээ. Би 10 цагт гарлаа гээд байсан. Индонезийн тал сертификат дээр 10 цаг 01 минут гэж бичсэн байсан. Бидний авиралт яг 6 дугаар сарын 30-ны өдөр 17:00 цагаас эхэлсэн. Гэвч буугаад л, өгсөөд л байгаа байхгүй юу. Эхний 3 өдөр цэвэр ширэнгэн ойгоор явсан. Сүүлийн 2 өдөр нь яг өндөр рүү гараад ирсэн. Тэгээд дандаа эгц, эгц хадан хясаа дээгүүр өгсөж даваад л, 7 дугаар сарын 6-ны өдөр бааз дээр очсон. 7-ний өдөр амраад 8-ний өдөр оргил өөд авиралт эхлэж, 10 цаг 01 минутад оргил дээр гарсан.
-Хамт явсан долоон уулчин дунд танаас өөр эмэгтэй хүн байсан уу?
-Энэтхэгийн уулчин байсан.
-Түмэн саад бэрхшээлийг даваад 4884 метр уулын оргилд гарлаа. Таны зургуудыг хараад байхад тэнд бороотой бас салхитай байгаа юм болов уу гэж харагдаж байсан?
-Өмнөх бааз лагерь хүртэлх алхалтын үед битүү ширэнгэн ойгоор явж байгаа учир салхи мэдэгдэхгүй. Авиралтын өдөр оргил өөд, хадан дээгүүр алхалт хийгдэж байгаа учир хүчтэй салхитай, дээр нь манан бууж байсан. Тэр өндөрт бороо яг ордоггүй, бороо нь шамрагадуу байсан.
-Энэ бол өөрийгөө сорьсон нэг сорилт. Та далай дээр, хамгийн өндөр оргил дээр гарчихаад хамгийн түрүүнд юу бодсон бэ?
-Жаахан нулимс гарах гээд. Яагаад гэвэл Карстенз Пирамид уул бол маш нэр хүндтэй, үнэтэй уул. Яагаад 4800-тай уул ийм үнэтэй, нэр хүндтэй байдаг юм бол гэж явахынхаа өмнө бодож, гайхаж байсан. Яг очоод туулаад оргилд гарсныхаа дараа нэр хүндтэй, үнэтэй байхаас аргагүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Яагаад гэвэл “Sevem summits” хийх гэж байгаа олон хүнээс сонсож байсан. Олон хүн “Чи ийм их зардал гаргаж, ийшээ явах ямар шаардлага байгаа юм бэ?” гэж асууж байсан. Яагаад тэгээгүй вэ гэвэл дэлхийн амжилттай яваа олон уулчид “Би дөрвөн оргилд гарсан, таван оргилд гарсан” гээд хэлэхээр хамгийн түрүүнд “Карстензд явсан уу?” гэж асуудаг. Тэгээд “үгүй” гэхээр “Карстензаар хийх үү” гэдэг байсан. Бас Монгол хүн гарч байгаагүй. Тэгээд л би Карстенз Пирамид гарах ёстой юм байна гэж бодсон. Маш их хүлээлттэй, хүсэл тэмүүлэлтэй байсан учир гарчихаад үнэхээр их баярласан. Явахынхаа өмнө ч их эргэлзэж байсан. Би ер нь ууланд авирахын өмнө чадна гэж омгошидоггүй шүү дээ. “Заа чаддаг л байгаа даа” гэж байсан. Монголчууд намайг их зоригжуулсан.
-Та сая “нэг сумаар хоёр туулай агнасан”. Бас амаргүй Австрали дахь “Косушка” ууланд гарсан?
-Би яг Карстенз Пирамид явах гэж байсан чинь манай найз газрын зураг харж зогссоноо “Хүүш, Гангаа чи Карстенз Пирамид явах гэж байгаа юм чинь цаг, мөнгө хэмнээд нэгэнт л үүнийг хийхээс хойш нэг мөсөн дамжаад явчихвал амар юм биш үү” гэсэн. Гэнэтхэн бодоод хугацаа байгаа юм чинь гээд Австралийн виз мэдүүлсэн. Намайг явтал виз ирээгүй. Карстензид авирчихаад бууж ирээд Австрали очсон. Тэгээд Австралид байгаа Монголчуудад очих гэж байгаагаа хэлсэн дор нь зохицуулаад намайг тосч авсан.
-“Косушка” гэж ямар оргил юм бэ?
-“Косушка” өөрөө 2228 км өндөртэй. Би “Косушка”-г тийм цастай байна гэж төсөөлөөгүй. Тэгээд очсон чинь Австралийн яг өвөл нь юм байна. Монголчууд “энэ яг манай улсын гурав есийн хүйтэн шиг нь шүү дээ” гэж хэлж байсан. Тэгсэн манай намар шиг л юм билээ. Авирах гэж байсан ажилтан нь цасны гутал ав гээд “Тэрүүгээр яах юм бэ?” гэсэн чинь 1 метр гаруй гүн цастай гэж хэлсэн. “За нутгийн хүмүүс хэлж байгаа юм чинь” гээд авах ёстой бүх юмаа аваад гарсан. Оргил дээр гарсан даарч байсан. Хүйтэн байдаг юм билээ.
-“Косушка” оргил дээр гарахад бусад оргилоос юугаараа ялгаатай байсан бэ?
-Их эрс тэс байсан. Өмнөх бол хадан, ширэнгэн ой. Хүндийн хувьд ч газар тэнгэр шиг ялгаатай. “Косушка” бол манай Цэцээ гүний оргилтой л адилхан.
-Та найман оргилд амжилттай авирахыг зорьж байгаа. Дараагийн оргилд хэзээ авирах вэ?
-Дэлхийн уулчид “seven summits”-ыг хоёр төрөл хийдэг юм байна. Нэг нь 7 оргилыг 8-аар, нөгөө нь 7 оргилыг 7-оор нь хийдэг. Тэр 7/7 хийж байгаа хүн эсвэл Карстенз Пирамид эсвэл Косушка оргилоор хийдэг. Нөгөө нь хоёулангаар нь буюу Карстенз, Косушкагаар хийдэг. Тэгэхээр Австрали гэдэг маш том эх газар шүү дээ. Нэг тив гэж үзвэл ноён оргил нь. Нөгөө нь далай дотор хэдэн зуун арал байгаа түүнийг нэг тив гэж үзээд Далайн ноён оргил гэдэг. Үүнийг наймаар хийсэн хүн байдаг. Миний зорилго бол энэ хоёрыг хийчихсэн болохоор наймаар хийх юм. Гэхдээ хийж чадвал...
-Та одоо ОХУ руу уулчдыг авч гарах гэж байгаа гэсэн?
-Тийм. Би маргааш өглөө /2016 оны 7 дугаар сарын 29/ 5 цаг 30 минутад нисэх гэж байна. Энэ бол ОХУ-д байдаг Их Алтайн Нурууны ноён оргил Бялуухай гэж 4506 метр өндөр уул. Энэд ОХУ, Монголын хамтарсан сургалт, цугларалт, авиралт болно. Үүний ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа. Ажилдаа орохгүй бол болохгүй. Монголоос 20-иод уулчин явах гэж байна. Бялуухай гэдэг ууланд авиралт хийх гэж байгаа онцлог нь анх Алтайн оргилд Монгол хүн авирсаны 60 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. 1956 онд Монголын уулчин Алтай-таван богдод авирсан.
-Би бас гайхаад байдаг юм. Энэ жаахан биенд ямар их хүч, эр зориг, дайчин байдал багтаад, энэ их ажлыг амжуулаад байна вэ гэж... Дээр нь таны аян замын тэмдэглэлүүдийг уншиж байхад “Би Монгол хүн” гэсэн өгөгдөл, омогшил яваад байдаг юм?
-Дэлхийд “Seven Summits”-ыг хийсэн бүртгэгдсэн жагсаалт байгаа шүү дээ. Түүн дотор Монгол гээд нэр ороод ирвэл их зүгээр. Тийм учраас монгол гэдэг нэрийг бичүүлчихвэл миний зорилго биеллээ. Яагаад Монгол гэдэг омогшил байна гэхээр явах тусмаа тэр зүйлийг улам мэдэрдэг. Очсон газар бүр, уулзсан уулчин бүр, хүн болгон Монгол гээд л хэлэхэд нүд нь сэргэдэг. Хаадын түүх, Чингисийн түүхийг яриад эхэлдэг. Миний мэдэхгүй зүйлсийг ч өмнөөс ярьж, хэлж өгдөг. Өөрөө ичих шиг болдог. Ингээд бодохоор Монгол улс дэлхийд их нэр хүндтэй. Энэ нэр хүндийг өвөг дээдэс минь үлдээсэн. Тийм болохоор монголчууд сайн явах ёстой.
-Бид нар бүгдээрээ хичээх ёстой?
-Тиймээ, бид хичээх ёстой. Монгол хүн явсан газраа муу нэр дуулж болохгүй. Монгол хүн явсан газар гэрэл гэгээтэй байх ёстой. Монгол хүн явсан газар Монголчууд чинь ийм хүн юмуу гэсэн сайхан сэтгэгдэлтэй үлдэх ёстой. Ийм л байх ёстой гэж би боддог.
-Баярлалаа Б.Гангаамаа. Тэр их олон төлөвлөгөөтэй ажлын дундуур цаг зав гаргаж, манай өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа. Найм дахь оргилдоо амжилттай авираарай гэж хүсэн ерөөе!
-Баярлалаа. Ерөөл бат оршиг. “Seven summits”-д нэрээ бичүүлэх нь Монголчууд бидний зорилго билээ. Бүгдээрээ хичээх болно оо.






Б.Гангаамаа: “Дэлхийд “Seven Summits”-ыг бүртгэсэн жагсаалтад Монгол гэдэг нэрийг бичүүлчихвэл миний зорилго биелнэ” | ||
Үзсэн: 3623 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.