Шууд Chart

“Рио 2016” олимпийн наадмын 15 дахь өдрийн тойм

2016-08-21 06:41:09

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны олимпийн XXXI дүгээр наадам Бразилийн Рио-Де-Жанейро хотноо 15 дахь өдрөө үргэлжилж байна.

207 орны 11 мянга гаруй тамирчин оролцож буй олимпийн наадмын 15 дахь өдрийн тоймыг уншигч та бүхэнд хүргэе.

Олимпийн наадам дуусах дөхсөн эдгээр өдрүүдэд спортын төрөл бүрт финалын болон медалийн төлөөх тоглолтууд явагдаж буй. Тухайлбал, өнгөрөгч өдөр чөлөөт бөхийн 86 болон 125 кг жингийн медалийн төлөөх барилдаанууд, заалны волейболын эмэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөөх тоглолт, боксын  эмэгтэй 51 кг, эрэгтэй 56, 75 кг-ийн финалийн тулаанууд, сагсан бөмбөгийн алтан медалийн төлөөх эмэгтэй багийн тоглолт мөн хөл бөмбөгийн  алтан медалийн төлөөх эрэгтэй багийн тоглолт, бадминтоны эрэгтэй ганцаарчилсан төрлийн медалийн төлөөх тоглолтууд болсон юм.

Наадмын 15 дахь өдөр манай улсын чөлөөт бөхийн хоёр тамирчин зодоглосон ч хэн, хэн нь тэмцээнээ өндөрлөсөн юм. Энэ талаарх дэлгэрэнгүйг хүргэе.

 О.Үйтүмэн Болгарын бөхөд цэвэр ялагдлаа

“Рио-2016” зуны олимпийн наадмын Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг жинд манай улсаас Олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн нэгдүгээр тойрогтоо Болгарын бөх Ганев Михаил Петровтой учраа таарсан.  Барилдааны явцад О.Үйтүмэн хоёрдугаар үед 6:4-ийн харьцаатай оноогоор илүүрхэж байсан ч сүүлийн хоёр секундэд Болгарын бөх Ганев Михаил Петровт цэвэр ялагдсан.

Хэрэв Болгарын бөх финалд үлдвэл О.Үйтүмэн дагах барилдаан хийх боломжтой байсан ч Ганев Михаил Петров финалд үлдээгүй учраас О.Үйтүмэн олимпийн наадмыг дуусгасан юм.

 Ж.Чулуунбат дагах барилдаандаа ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг жинд манай улсаас зодоглосон ОУХМ Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогтоо Дэлхийн хошой аварга Туркийн бөх Таха Агкултай барилдаж онооны илүүгээр ялагдсан. Тодруулбал, барилдааны эхний үед Туркийн бөх Таха Акгул найман оноо авч, хоёрдугаар үед нэмж хоёр оноо авснаар ОУХМ Ж.Чулуунбатыг 10:0-ийн харьцаатай онооны илт давуугаар ялж шигшээ наймд шалгарсан юм. Улмаар Ж.Чулуунбат дагах барилдаан хийх эрхтэй болж Беларусийн бөх Ибрахим Сайдовтай барилдсан. Гэсэн хэдий ч 4:1-ийн харьцаагаар ялагдаж хоёр дахь удаагаа оролцож буй олимпийн наадмаа өндөрлүүлсэн.

 

Өнгөрөгч өдөр медалийн төлөөх барилдаануудаас үзэгчдийг хамгийн ихээр шуугиулсан нь чөлөөт бөхийн 86 кг-ийн аваргын алтан медалийн төлөөх барилдаан байсан юм.

Дэлхийн хошой аварга А.Садулаев 20 насандаа олимпийн аварга боллоо

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ийн алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Абдулрашид Садулаев, Туркийн бөх Яасир Селим нар барилдсан бөгөөд Абдулрашид Садулаев 5:0-ийн харьцаагаар ялж олимпийн аварга боллоо. Ингэснээр дэлхийн хойш аварга Абдулрашид Садулаев 20 насандаа олимпийн аварга болсон юм.

Мөн энэ өдөр АНУ-ын эмэгтэй сагсчид  олимпийн наадамд 6 дахь удаагаа түрүүлсэн нь онцлох сэдвийн нэг байлаа.

АНУ-ын эмэгтэй сагсчид  олимпийн наадамд 6 дараалан түрүүлэв

“Рио-2016” зуны олимпийн наадмын сагсан бөмбөгийн эмэгтэй багийн алтан медалийн төлөөх тоглолт АНУ болон Испанийн шигшээ багуудын хооронд явагдаж, 101:72-ын харьцаатайгаар АНУ-ын  шигшээ баг өрсөлдөгч багаа  29 онооны зөрүүгээр  ялснаар алтан медаль хүртэж, “Рио-2016” олимпийн наадмын аварга боллоо. Ингэснээр тэд сүүлийн зургаан олимпдоо дараалан түрүүлж байгаа юм.

Torrens, Alba, Delle Donne, Elena - Spain (ESP - BK - Female), United States (USA - BK - Female) - Basketball - Spain, United States - Women - Women's Gold Medal Game - Carioca Arena 1

Харин өнгөрөгч өдөр хамгийн их үзэгч хөгжөөн дэмжигчтэй байсан тоглолтуудын нэг нь заалны волейболын эмэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөөх тоглолт юм.

АНУ-ын эмэгтэй волейболчид хүрэл медаль хүртлээ

“Рио-2016” зуны олимпийн наадмын заалны волейболын эмэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөөх тоглолт Нидерланд болон АНУ-ын шигшээ багуудын хооронд явагдсан. Тоглолт нийтдээ дөрвөн үе явагдсан бөгөөд 3:1-ийн харьцаагаар АНУ-ын шигшээ багийн тамирчид олимпийн хүрэл медаль хүртлээ. Тэд олимпийн наадам эхлэхээс өмнө багийн чансаагаараа нэгдүгээрт бичигдэж байсан юм.

Banwarth, Kayla - Volleyball - United States - Women - Women's Semifinals - Maracanãzinho

АНУ-ын эмэгтэй багийн хувьд олимпийн гурван мөнгө, нэг хүрэл медальтай. Тухайлбал, өнгөрөгч 2008 оны Бээжингийн, 2012 оны Лондоны олимпод дараалан хүрэл медаль хүртэж байсан бөгөөд 2016 оны Риогийн олимпод ийнхүү дахин хүрэл медаль хүртэж байна. 

Энэ өдөр болсон бусад тоглолтуудын талаарх мэдээллүүдийг mnb.mn сайтаас уншаарай. 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

“Рио 2016” олимпийн наадмын 15 дахь өдрийн тойм  
Үзсэн: 3640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй