Шууд Chart

МАН Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байна гэв

2016-08-29 12:06:43

Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.

Энэ сарын 15-ны өдөр Засгийн газраас Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Үүний дагуу өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороо хуралдаж хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Тухайн үед УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч байнгын хорооноос цаг тулсан гэдэг шалтгаанаар нэг өдрийн завсарлага өгсөн юм. Байнгын хорооноос өгсөн завсарлага дуусч хурал зарласан боловч АН-ын бүлэг өнөөдөр хуралдах бүлгийн хурал дээр Хууль зүйн, дотоод хэргийн сайдаас мэдээлэл сонсож байж саналаа нэгтгэнэ хэмээн хурлыг цуцлаад байсан.

Харин дөнгөж зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэгт намын бүлгүүд болон ажлын хэсэг төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Засгийн газраас хуулийг татаж авч байгаа шалтгаанаа ард иргэдэд хуулийг хэрэгжүүлэх хэмжээний хангалттай мэдээлэл тараагаагүй, сурталчилгаа дутуу хийгдсэн, мөн хуулийг хэрэгжүүлэх байгууллагуудыг бэлэн биш байгаа хэмээн тайлбарласан. Үүнээс гадна шинэ хуулиуд хэрэгжиж эхлэх үед дахиж 1500 харгалзагч хэрэгтэй болох гэх мэт төсвийн хувьд ч алдагдалтай учраас ийнхүү Эрүүгийн болон Зөрчлийн хуулиудыг эргүүлэн татах болсон гэлээ. Харин УИХ-ын гишүүн Лу.Болд, С.Бямбацогт сайд шинэ хуулийн талаар ямар ч мэдээлэлгүй байна гээд хэрэв есдүгээр сарын нэгнээс шинэ хуулиуд хэрэгжиж эхэлсэн бол харин ч төсвийн хувьд ашигтай байх боломжтой байсан гэсэн юм. Мөн МАН эрх барьсан даруйдаа ийм шийдвэрүүд гаргаж хүний эрхийг хамгийн ихээр дээдэлсэн хуулийн төслүүдийг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуультай ч холбоотой гэлээ. Тодруулбал, манай улсад өнөөдөр эрх зүйн нөхцөл байдал тийм ч таатай биш, хэнийг ч шоронд оруулж, хэнийг ч хэлмэгдүүлж хорьж болно. МАН яг ийм нөхцөл байдалд Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахыг хүсч байна гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг санаачилж батлуулахын төлөө ажиллаж байсан гэдгээ хэлээд Засгийн газар маш олон иргэнийхээ эрхийг боомилж байна гэв. Засгийн газар шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээр төсөвт хүндрэлтэй тусна гэж үзсэнийг тэрбээр мөн эсэргүүцэж буйгаа хэлсэн. Тухайлбал, одоо хэрэгжиж буй Эрүүгийн хуульд хорих болон торгох гэсэн хоёр төрлийн ял байдаг байсан бол шинэ хуульд нийгэмд тустай ажил эрхлүүлэх, зорчих эрхийг хязгаарлах, эрх тусгаарлах гэх мэт олон төрлийн ялын заалтууд оруулсан. Тэгэхээр Засгийн газрын ярьж байгаа шиг дахиж 1500 харгалзагч авах, нэмж шорон барих гэх мэт шаардлага байхгүй, харин ч төсөвт эерэгээр нөлөөлнө гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр хүний эрхийн хуульч М.Ичинноров мөн үг хэлсэн. Тэрбээр Эрүүгийн шинэ хуульд хүний эрхийг хангаж сайжруулахад чиглэсэн маш олон заалтууд тусгагдсан байгаа гэдгийг хэлээд МАН улс төрийн зорилгоор энэ хуулийг гацааж байна гэж бодож байна гэдгээ мөн хэлсэн юм.

Өнөөдөр 14:00 цагаас Хууль зүйн байнгын хороо хуралдаж дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийднэ.

Нийтэлсэн: О.Энхмаа

МАН Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байна гэв  
Үзсэн: 1694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй