Шууд Chart

"Төр минь түвшин, түмэн олон минь амгалан байг"

2016-09-06 13:20:45

Саяхны нэг өдөр “Хэзээ ч Төрийн ордонд орж үзээгүй хүмүүс "Монголын төр новш" гэж компьютерийн араас амаараа "хувьсгал" хийдэг” гэсэн сэтгэгдэл олж уншив.

Хэдий өрөөсгөл ойлголт байж болох ч “төр”-өө хараан зүхэгчид сүүлийн үед хэт олширсон нь үнэн.  

“Төр”-өө хараан зүхэгчид сүүлийн үед хэт олширсон нь үнэн

Угтаа бол төр гэдэг хийсвэр ойлголт. Харин улстөрчид төрийг бодит болгодог.  Төрийн ордонд, чуулганы танхимд хууль баталж буй хүмүүс чинь өөрсдөө төр. Тэгэхээр иргэд улстөрчдийг үзэн ядахдаа төрөө хараан зүхдэг байх нь.  Харин яагаад улстөрчдийг ингэтлээ ихээр үзэн ядаад байна вэ.

Монгол Улс төрт ёсны 1000 гаруй жилийн түүхтэй. Мэдээж түүхийн аль ч үед төрөө эсэргүүцдэг “хэсэг” байсан. Гэхдээ тодорхой зорилготой байсан байдаг.

Харин өнөө цагт төрөө муулагчдын дийлэнхид нь ямар ч тодорхой зорилго алга. Үнэхээр төрийг, төрийг ч гэж улстөрчдийг муу  ажиллаж байна гэж шүүмжилж байгаа бол оронд нь өөрсдөө төрийг бүрдүүлээд өөр шигээ ард түмнээ сайхан амьдруулах том зорилго тэдэнд алга. Тиймээс өөрсдөө хийж чадахгүй бол ардчилсан нийгэм хэдий ч бид төрөө хүндлэх ёстой.

Өөрөөр хэлбэл, бидэнд бусдыг хүндлэх хүндлэл хэрэгтэй. Монголчууд эртнээс нааш төр, өвгөд өтгөс, аав, ээжээ хүндлэх гурван ухааныг үр хойчдоо уламжлуулж ирсэн. Харин энэ гурван ухаанаас хамгийн чухал нь төрөө хүндлэх. Үүний тулд ах эгч, аав ээж, өвгөдөө хүндэлж сурвал төрөө хүндлэх ухаан тэр хүнд сууна. Юм багаас эхэлнэ гэдэг л энэ.

Эмээ минь “Төр минь түвшин, түмэн олон минь амгалан байг” гэж цайныхаа дээжийг өргөдөг байв. Би ч гэсэн цайныхаа дээжийг өргөхдөө тэгж залбирдаг. Мухар сүсэгтэй хүн болохоор тэгж байгаа юм биш. Шууд логикоор нь бодоод үзэхэд төр, улстөрчид нь ухаантай байж зөв шийдвэр гаргаж байвал бид амар тайван, сэтгэл хангалуун амьдарна. Шууд утгаараа бид төрдөө/улстөрчдөд/ захирагдах ёстой гэсэн үг. Харин захирагдах гэсэн үг Их эзэн хааны удамтай орчин үеийн “сүрлэг” монголчуудад таалагддагүй. Тиймээс хуулийн дагуу ажиллаж амьдрах ёстой гэсэн өгүүлбэрээр орлуулъя. Их энгийн. Бид улстөрчдийг “зөв” сонгож төрөө бүрдүүлнэ. Харин тэр төр нийгмийн олонхийн төлөө хууль батална. Бид тэр хуулийг нь мөрдөж ажиллаж амьдарна. Үүнийг бүрэн ойлгодоггүй иргэд олширсны улмаар бид “ямар ч зорилгогүй” төрөө хараан зүхэх нь ч нэмэгдэж.

Тэгэхээр төрөө үзэн ядагчид олширсны нэг тал нь бидэнд бусдыг хүндлэх сэтгэл үгүй болж байгаагийнх.

Харин нөгөө тал нь ард иргэдээрээ хүндлүүлэх чадвартай, сэтгэлтэй улстөрчид дутсаных.

Саяхан манай улсад хамгийн ихээр хөгжсөн гэгддэг хошин урлагийн хэдэн жүжигчин Төрийн ордонд болж байдаг үйл явдлуудыг дүрсэлж үзүүлж. Арай ч дээ гэж уулга алдмаар дүрслэл. Гэхдээ үнэн байдлыг хошноор гаргаж ирсэн гэж өөрсдөө тайлбарлах.

Яалтай ч билээ, ард түмний саналыг авч “төр” болж суугаад, бүхэл бүтэн эх орноо төлөөлж бидний өмнөөс дэлхий дахинд үг хэлж, гарын үсэг зурах эрхтэй тэдгээр хүний хийж байгаа үйлдлүүдийг.

Гаднаас нь хараад залуучууд нь дөлж, ахмадууд нь Төрийн сүлд өршөөг хэмээн залбираад өнгөрдөг Төрийн минь ордонд танхайрч, бусниулах нь энүүхэнд. Харамсалтай нь энэ бүхэн нь нийгэмд хэтэрхий ил тод. Тиймээс энэ хэрээр бидний хэлдэгчлэн төрийн “босго” намсана.

Өөрөөр хэлбэл, ерөөсөө би их хурлын гишүүн болно хэмээн “хэнхэглэгчид”,  намдаа хэдэн жил ахиухан мөнгө өгөөд байвал гишүүний суудал гарцаагүй хэмээн “тооцоологчид” олширч байна.

Өрхийнхөө төсвийг зөв зарцуулдаг ганц бие ээж “Гишүүн болно гэдэг чинь төсөв зөв зарцуулахыг л хэлж байгаа биз дээ, би чадна шүү дээ” гэнэ. Спортын карьер нь дууссан эрхэм дасгалжуулагч хийж илүү олон тамирчныг дэлхийн тавцанд гаргаж сонгуулийн үеэр амладаг шигээ эх орныхоо нэрийг дэлхийд гаргах гэж хичээхийн оронд намын нөхөд, иргэдийн итгэлийн тусламжтайгаар хууль батлагч болох гэж улайрна.

Шинэ парламент дотор төсвийн тодотгол битгий хэл улсын төсвийг хэдэн үе шаттайгаар яаж баталдгийг ч мэддэггүй хүн олон бий. Арга нь барагдахдаа чуулганы үеэр чимээгүй л сонсож сууна, ядаж дараа нь тойрогтоо очоод сонссоноо мэддэг юм шиг ярих гэж тэр.

Аливаа бүхэн хэд хэдэн талтай байдаг. Өнөөгийн “төр-улстөрчил-иргэд” ч гэсэн. Тиймээс энэ бүхнийг өөрчилж зөв голдиролд нь оруулахыг бид өөрсдөө л хийх ёстой.

Төр минь түвшин, түмэн олон минь амгалан байг.

Нийтэлсэн: О.Энхмаа

"Төр минь түвшин, түмэн олон минь амгалан байг"  
Үзсэн: 5051 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ямар ч утга алга [202.70.34.xxx] 2016-09-14 14:39
ямар ч утга алга
ямар ч утга алга [202.70.34.xxx] 2016-09-14 14:39
юу бичнэ вэ

Бидэнтэй нэгдээрэй