Шууд Chart

“НАЙРУУЛАГЧ,, найзтай боллоо

2013-10-25 10:05:27

Телевиз киноны нэрт найруулагч Б.Бадрууган агсны тухай дурсамж өгүүллэгүүд...

... Тэр нэг өвөл манай дээд ангийн оюутан Бат-Эрдэнэ өвлийн амралтаар хариад ирэхдээ шинэ монгол дуутай хуурцаг авчирч билээ. Дууны үг аялгуу нь шинэ сонин, үнэхээр урд өмнө нь сонсогдож байгаагүй тун аятайхан байв. Удалгүй бид байнга сонсдог болов. Залуучуудын тэр хамтлагийг “Инээмсэглэл” гэж байв. Эрхүү хотын монгол оюутнуудын эвлэлийн хорооны даргаар Баатар гэж хүн ирсэн бөгөөд ажил төрөлд  санаачилгатай сүрхий залуу байлаа. Манай оюутны байрнаас Н. Энхбаяр, Цогтсайхан хоёр байсхийгээд л концертод оролцохоор явдаг болов. Тэр хоёр дуу хөгжимд сонирхолтой  болохоор “Инээмсэглэл” хамтлагийн залуусыг мэддэг, бид хэд хичээл тарж ирчихээд нэгнийдээ цугларч Долгион, Ганхуяг, Бадрууган гээд тэдний тухай зөндөө ярина. Тэр үеэс эхлэн Бадрууган гэдэг нэгийг байнга сонсох болсон юм. Анх телевизийн нэр дээр Москвагийн кино урлагийн дээд сургуулийн шалгалт өгөхөөр 1977 оны намар Н. Энхбаяр, С.Цогтсайхан, В.Бат-Эрдэнэ бид хэд очиж тэр намрын хоёр сарыг киноны сургуулийн оюутны байранд өнгөрүүлж билээ.
Нэг үдэш киноны сургуулийн ахлах курст сурдаг “хашрууд” нэгнийдээ цуглаж баахан хоол унд болцгоов. Намхавтар нуруутай, нимгэн цагаан царайтай, халимаг үсээ тэр үеийн моодоор урт ургуулсан хөгжилтэй ярих нэгэн залууг Ленинград хотоос ирсэн, нэр нь Бадрууган гээд бидэнд танилцуулахад толгой тохин мэндчилээд хөгжилтэй инээмсэглэж байсныг сайн санадаг юм.
Харин дараа нь Н.Энхбаяр, С.Цогтсайхан хоёрын ярианаас “Инээмсэглэл”-ийн тухай бага сага мэдэж авч, Бадрууган гэж тэр эчнээ залууг таньдаг болов. Үнэхээр наяад оны эхээр “Инээмсэглэл” залуучуудын сонсох дуртай хамтлаг болсон байлаа. Телевиз бол өглөө эхэлсэн ажлаа үдээс хойш, орой заавал нэг мөр дуусгасан байх ёстой, ихэвчлэн яарсан, тайван тухтай суух аргагүй ажилтай, үнэхээр шуурхай мэдээллийн байгууллага байв.
*                                                               *                                                                   *
Б.Бадрууган найруулагч тэгэхэд “Дуучин тагтаа” нэртэй шинэ нэвтрүүлэгт ажиллаж байв. Тэр бол улс төр, ажил хөдөлмөрийн тухай дуу дуулдаг хамтлагуудыг урьж оролцуулдаг, тэрхэн үедээ үзэгч залуучуудын дунд нэлээд нэртэй болсон хөгжмийн нэвтрүүлэг байв. Найруулагчид ихэвчлэн манай хажуугийн өрөөнд ирж эвлүүлгээ хийнэ. Нэвтрүүлэг эвлүүлнэ гэдэг олон цаг үргэлжлэх амаргүй хөдөлмөр. Дүрс бичлэгийн өч төчнөөн хальс эгнүүлж өрчихөөд түүнээсээ хэрэгтэй хэсгийг нөгөө нэг өөр хальсанд “чимх чимхээр” ар араас нь залгаж хуулдаг. Тэр үедээ найруулагч голлож эвлүүлгийн ажилд оролцох ур ухаан шаардсан нарийн мэргэжлийн ажил байдаг. Б.Бадрууган киноны тухай сайн мэддэг байлаа. Түүнийг эвлүүлгийн өрөөнд ирж суух бүрт нь бид хоёр өдөртөө нэг завсарлах үеэр уулзаж ярьдаг болов. Хөгжмийн нэвтрүүлгийн хариуцлагатай редактороор яг тэр үед “Цэцэгчний хүслэн” дуу нь олонд ид тархаж байсан хөгжмийн нэртэй зохиолч Г.Алтанхуяг ажиллаж байв. Ер нь бол их шооч, хэн нэгний тухай онигоо маягийн юм яриад хо хо хо гэж их чанга инээдэг хүн билээ. Бадрууган түүнийг яг дуурайж өөрийнх нь тухай маш инээдтэй ярина. Миний инээд муутайг хэлэх үү, заримдаа бүр нулимсаа гартал инээнэ. Зэрэг зэрэг ажилд дарагдан уймрах, ажлаа амжихгүй түүртэх, гар бичмэл шагайж ядарсан үед хааяа нэг Бадрууганы хөгжилтэй яриаг сонсоход тархи толгой сэргээд нээрэн амрах шиг болно. Мань эр алив юмны донжийг олж, хүний сонин содон бүхнийг гярхай ажиглачихсан, тэгээд дуурайж чаддаг, ярьснаа бүр нүдэнд үзэгдтэл дүрслэн хэлж чаддаг яггүй шооч залуу байв.
Бадрууган телевизийн уран бүтээлчдийн дунд хэзээ язааны хүн шиг амархан орсон. Телевизэд ирэхийн өмнө Улсын циркийн ерөнхий найруулагчаар ажиллаж байхдаа телевизийн уран бүтээлчидтэй ажил төрлийн ойр холбоотой байсан, ерөөс уран бүтээлийн дунд өсч өндийсөн болохоор тэрний зовлон жаргалыг сайн мэддэгийн хувьд зурагтад ирээд гол гол найруулагч, уран бүтээлчидтэй ойр дотно болж хэл амаа ололцоход түвэггүй байлаа. Тэдний уран бүтээлийн халуун маргаан хөгжилтэй, инээдтэй элдэв явдалын тухай яриаг сонсоход шинэ ирсэн бидэнд сонирхолтой сайхан байв.
Орой намайг ажлаа дуусгаагүй сууж байвал хааяа орж ирнэ. Эс бол Залуучуудын редакцийн өрөөнд С.Бадрах, Б.Дорж, зураач Ж.Вандандорж юм уу, ер нь л хэдүүлээ нийлчихсэн, ихэнхдээ Бадрууган голлосхийгээд хөдөө явсан тухайгаа хөг паян болгож зугаатай яриа дэлгэсэн суудаг байв.
Өвөрхангай аймагт найруулагчаар жил хагас ажилласны дараа Бадрууган Улсын циркт ерөнхий найруулагчаар ажиллаж байлаа. Тайз киноны урлагийг бодвол циркт бүх юм өөр байсан нь мэдээж. Тухайн цагт зарим ахмад уран бүтээлчид нь мэргэжлийн бус хүн ирлээ гээд Б.Бадрууганд дургүй байсан гэдэг. Бадруугантай анх танилцаад ярилцаж байхад циркийн тухай ямар их мэддэг юм бэ гэсэн бодол төрж байв. Найруулагч байх төрөлхийн авьяастай, аливааг ургуулан бодож сонирхолтой байх талаас нь харж чаддаг хүнд заавал тэр энэний гэх нарийн мэргэжил заан ажиллах шаардлагагүй юм шиг санагддаг. Циркт очсоны дараа Бадрууган урын сан хийгээд бодлого, бас үзэгдэл номер, бүрт нэлээд шинэлэг зүйл нэвтрүүлэхийг эрмэлзэн ажиллаж байв. Үзэгдэл номер хоорондын алиалагчдын хошин гарааг өөрөө зохион найруулна. Зарим жүжигчдийн тоглолтыг уран сайхны талаас нь боловсруулж, номерыг нь илүү сонирхолтой болгон чимэх гээд зай завсаргүй ажиллаж богино хугацаанд хамт олны дунд нэр хүндтэй болж чадсан билээ. Гэвч уран бүтээлийн хамт олны нилээд хэсэг нь түүнийг хүлээж авахгүй зөрчил их гардаг байж. Энэ тухайгаа надад олон удаа ярьсан юм. Түүнийг эхнэрээсээ салж уран нугараач Наранцэцэгтэй холбоотой болсныг циркийн зарим хүмүүс багагүй хэл ам татаж, эцэс сүүлд нь тэрбээр Соёлын Яамны коллегийн хуралдааны шийдвэрээр ажлаас халагдаж хэсэг зуур ажилгүй явжээ. Ингээд Наранцэцэгтэй сууж нэг хэсэг орон байргүйгээс хадмындаа Баянхошуунд байсан бөгөөд бас тэр тухайгаа хөгжилтэй дурсан ярьдаг байв. ховорхон авъяастай хүн байсан юм.
Телевизэд орчих үедээ туранхайвтар, гар хөлийн булчин хөгжил сайтай, заримдаа хоёр гар дээрээ зогсож, бүр хуруун дээрээ удаан зогсдог байсан. Ленинградад оюутан байх үедээ каратэгийн спортоор хичээллэдэг, яг Брюс Ли шиг зогсож байгаад зургаа авахуулсан нь хүртэл байдаг. Анх уулзахад тийм л залуу нүдэнд тусч байв. Ууган маань их ганган хувцаслах дуртай байсан санагддаг шүү. За тэгээд телевизэд очоод л дүрсээр урлах уран бүтээлтэй танилцсан биз ээ. Нэвтрүүлэг бэлтгэх амаргүй. Ялангуяа урлаг уран сайхны болоод ирвэл ярвигтай. Нэг их хүч хөдөлмөр заралгүй нэвтрүүрэг бэлтгэдэг хүмүүс байдаг. Тэр нь үзэгчдэд төдий хүрэлгүй тэгсхийгээд өнгөрдөг. Тийм бүтээлийг урсгал нэвтрүүлэг гэж болно. Намайг телевизэд очсон жил Бадрууган “Дуучин тагтаа” гэж нэртэй нэвтрүүлэг найруулж байв. Эргэлдэж байгаа дэлхийн бөмбөрцөг дээр цалин цагаан өнгөтэй тагтаа далавчаа дэвж байгаа дүрсээр энэ нэвтрүүлэг эхэлдэг. Ийм дүрс сонгож хийсэн нь найруулагчийн санаа. Тухайн үед дуулж, уран бүтээлээ ахалж яваа нэлээд олон залуу хамтлаг, дуучид мөн Хилийн цэргийн болон Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид, аймгийн сайн дурын уран сайханчид хүртэл ордог байлаа. Нэвтрүүлгийн эхэнд тагтаатай дүрс хийж киногоор яаж зураг авснаа телевизийн дарга М.Чойжил гуайд юу гэж тайлбарласнаа надад дараа нь нэг их сонирхуулж ярьж билээ. Бөмбөрцөг дэлхий дээр энхийн цагаан тагтаа байна Энэ бол амьд тагтаа. Ленинийг амьд бүхнээс амьд гээд л лоозогнодог. Энх тайвны тагтаа харин ч бүр амьд бүхнээс амьд байх ёстой биз дээ гээд л дүрслэн ярьсан юм. Ер нь сүүлд Дожоодорж гуайн “ Шаазан бөмбөлөг” жүжгийн зохиолоор найруулж тавьсан телевизийн “Нарны өнгө” киногоо эхлэхийн өмнө зохиолын үйл явдлын өрнөл, тайлал, зангилаа бүрийг нарийн бодож байгаагаа бүр нүдэнд харагдтал ярьдаг байсан .Би нэлээн хэдэн найруулагчтай ажилласан.Тэдний дундаас Ууганы ялгарах нь санаагаа хэн хүнтэй хуваалцаж фантазладаг уран бүтээлч байжээ.Энийг жаахан хожуу өгүүлнэ ээ.
Үргэлжлэл бий
Нийтэлсэн: Г.Золжаргал

“НАЙРУУЛАГЧ,, найзтай боллоо  
Үзсэн: 3161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-08-26 01:13
iim saihan dursamj bichsend bayarlalaa

Бидэнтэй нэгдээрэй