Шууд Chart

Эргэх дөрвөн улирал, арван долоон учрал

2013-10-29 10:24:33

Телевиз киноны нэрт найруулагч Б.Бадрууган агсны тухай дурсамж өгүүллэгүүд...

 
Эргэх дөрвөн улирал, арван долоон учрал
 
...Бадраагийн Бадрууган. Энэ нэрийг олон хүн мэднэ. Уг нь Бадар-Ууган гэж бичих ёстой юм билээ. Над өөрөө Бадрууган гэж бичиж байгаарай, тэр нь зөв гэсэн болохоор би Бадрууган гэж бичсээр ирсэн. Захиасыг нь биелүүлж яваа нь тэр . Миний бие 1980- аад оны сүүл 90-ээд оны дуусгавар хүртэл Бадруугантай маш ойр явжээ. Найз минь их олон талын ажилтай, юм юманд хүрэлцэж явсан. Би найздаа телевиз, кино, жүжиг, за тэгээд ар гэрийн амьдрал хавьцаад нь арай илүү ойр байсан тул тэр талаас нь ярьвал дээр юм. Бид хоёрт ажил, амьдрал, уран бүтээл, баяр гуниг элдэв юм холилдсон жилийн дөрвөн улирал шиг олон жил дамнасан сайхан, сайхан дурсамжтай явдал их бий. Бадрууганы дуулсан дууг хааяа сонсоход тэр бүгд кино үзэж байгаа юм шиг хөвөрдөг. Кино плёнк он цагийн аяс муу даадагчлан над тохиолдох амьдралын элдэв явдалаас болж сайн нөхрийн минь дурсамж зарим нь өнгө алдаж бүдгэрэх бий. Зарим нь бүр плёнкны эх адаг, тасарч хугардаг шиг алга болчих нь гэсэндээ үзэг цаас авч сийрүүлсэн нь энэ. Найз минь ер нь янзын хүн байсан юм даа. Дурсах сайхан байдаг.
“Анхны клип” юм болов уу...
 
Энэ явдал 80-аад оны сүүлээр болсон юм. Яагаад гэвэл телевизийн дарга Ю.Эрдэнэтуяа гуайтай холбоотой болохоор яах аргагүй тэр орчим таарна. Туяа дарга 88 онд телевизийн даргаар ирсэн юм. Одоо Үндэсний телевизийн “ММ” агентлаг байрлах гурван давхар шар тоосгон барилга бол манай телевизийн гал голомтоо асаасан нэг ёсны төрсөн гэр орноос өөрцгүй газар байгаа. Тэнд бид 87 он хүртэл бужигнасан. Тэр жил шувтарч 88 он гарахад манайхан одоогийн энэ шинэ төвд нүүж ирсэн түүхтэй. Одоо ажиллаж байгаа 20-30-аадтай залуучууд тэрнийг мэдэхгүй. Хуучин төвийн хоёр давхар тэр чигтээ  телевизийн гол ажил хөвөрдөг “гал тогоо” байлаа. Нэвтрүүлгийн бүх эвлүүлэг “монтаж” энд явна. Ууган бид хоёрын уран бүтээлийн зам мөр эндээс эхэлсэн. Уйлсан, дуулсан, инээсэн, хөөрсөн бүгд энэ давхарт болж өнгөрчээ.
 
Нэг өглөө Ууган маань их л  ажил хэрэгч “важный” царайлсаар орж ирэв.
-За Туяа даргатай ярилаа. Би санаагаа хэллээ. Өөрөө зав зай гаргаад хий л дээ гэж байна. Би тэр үед Ууганы монтаж хийдэг өрөөний хажуу тасалгаанд киноны редактор ажилтай сууна. Ажил хэрэгч дүртэй гэсний учир нь мань эр өглөө орж ирэхдээ заавал нэг онигооо юмуу хэн нэгний эвтэйхэн шоглосон юм ярьж инээсээр орж ирдэг байсан учир энэ удаад тэгээгүйг гайхаж, үнэхээр “важный” царайлсан нь одоо ч нүдэнд харагддаг.
 
Ууган хэлж байна:
-Хоёулаа камер захиалъя. Одоо наадмын дараа ажил бага байна. Оршуулгын газар, бас булшны чулуу, өглөө оройны нар, борооны дараа навчнаас дусал бөнжигнөж байгаа дүрс авна. Харин чи архиваас намрын навч, горхины усанд хөвж байгаа шаргал навч цэцэг, талд давхиж байгаа унага, хүүхдийн дээр өлгөөстэй эргэлдэх хайчилсан үнэгний дүрс олоорой гэв. Би ч за л гэлээ...
Миний ажил наадмын дараа бас л бага болсон байв. Ууган над тэр хавар нь Б. Шаравын “Уяхан замбуу тивийн нар” нэртэй оратори дуулалт бэсрэг симфони сонсгоод энүүгээр клип хийнэ гэж байсан юм. Тэр бэсрэг симфони тухайн үед маш сонин сайхан санагддаг байлаа. Плёнкоор зураг авч, ВМЗ гэдэг үхэр тэрэг шиг том трактор шиг их дуутай аппаратанд зуны халуун өдөр “монтаж” хийнэ гэдэг ч, нэг   их дурламаар ч юм биш л дээ. Гэхдээ бид дурласан ажилдаа ухаангүй давхиж ордог залуу явсан нь үнэн юм даа. Төвөгшөөж олон таван юм бодоогүй ээ...
 
Тухайн үед Туяа дарга Ууганыг их дэмжиж ажиллана. Гэхдээ хааяа тэр хоёр ам муруйдаг байсан.Туяа дарга тэр хоёр 88 оны Баярын мишээл нэвтрүүлгийн  үеэр шинэ төвийн 600 –гийн студид болох бичлэгт  камераас  болж жаахан маргасныг санаж байна. Японы Бетасам камер Орос камерийн хажууд солонгын долоон өнгө шиг зургийн хуар шиг дүрсэлдэг болохоор Ууган тэрнийг авна гэж.Туяа дарга дөнгөж сая ашиглалтат орсон студийн камер юу нь муу байдаг юм битгий маягла гэж л дээ. Тэгэхэд л нэг даргатай муудсаныг санаж байна. Гэсэн ч Туяа дарга Ууганыг их хүндэлдэг байсан.Дараа зун нь бид хэд мөөг түүхээр ууланд нэг их сайхан явж билээ. Ууган мөөгөнд нугасгүй. Өөрөө түүсэн мөөгөө дарж өвөл нэг сайхан хоол хийгээд биднийг гэртээ урьж дайлна. Хоолонд ер нь сайн л байсан даа. Найз нөхөд дэндүү олонтой явжээ. Харин хүнтэй  айхтар хэрэлдэж би чи дээ тулж байсныг үнэхээр үзээгүй юм байна Үүрэг даалгаварыг нь  сонссон ч сонсоогүй юм шиг хүлээж авсан хүнд хааяа нэг гашуун  үгийг их донжтой, хоржоонтой  л хэлдэг байсан байх.
 
Санаж байна, нэг удаа их уурласан бололтой бас л “Баярын мишээл”-ийн үеэр  харих нь битгийн хэл унтах завгүй дэвхцэж, ажил боймилж байх үед  нь гавъяат Б.Сарантуяа /эстрадын нэртэй дуучин болоод байсан үе/ бичлэгт нь ирэхээс татгалзсан юм.
-Дүү минь чи хэзээ нэрээ бодож, хэзээ мөнгөө бодох оо ядаж ялгаж салгачдаг болоорой, баяртай гээд утсаа нэлээд чанга тавьж байсныг санаж байна.
Маргааш нь Сараа ирж бичүүлж байсан. За тэгээд найз минь зургандаа орж гурван дөрвөн хоног явсан. Плёнкоор зураг авсан бол тэр үед Телекино үйлдвэрт очиж эх дүрсээ нааж эвлүүлнэ. Хоёр, гурав хоногийн ажил. Харин жинхэнэ эвлүүлгийг өнөөх үхэр шиг том ВМЗ гэдэг аппаратанд угсарна .Дамартай том хальс нь 7 кг орчим жинтэй. Эхнээс нь адаг хүртэл гүйлгэхэд /хальсыг эргүүлэх/ 10 орчим минут хүлээнэ. Зуны бөгчим халуунд эвлүүлгийн өрөөний том цонхыг цэлийтэл нээчихээд бид  /эвлүүлэгч байсан/ дөрөв, тав хоног хаашаа ч гаралгүй үзэж тарсан даа. Их сонин эвлүүлэг болсон юм. Мань эр элдвийн зугаатай юм ярина. Хүн шоолно. Эвтэйхэн шоглоод яриа зохиочихно. Хөгжмийн зохиолч гавьяат Алтанхуяг тэр үед Ууганы дарга нь байлаа. Хөгжмийн редакц гэдгийг 85 онд тусад нь байгуулахад очсон дарга бол яах аргагүй мань хашир. Алтанхуягийг телевизэд дуудаж авчирсан нь М.Чойжил гуай. Хөгжмийн редакцийнхан одоогийн “UBS” телевиз байгаа, тэр үеийн Телекино үйлдвэрийн урьдах залгаа 2-р студийн дэргэд байсан залгаа байранд бужигнана. Тэнд бас “Жүжиг уран зохиол”-ын редакцийнхан байв. Хожим энэ хоёр редакцийг нийлүүлж ерөнхий редакци болгосон байгаа. Тэр үед уран бүтээлчид хааяа, хааяадаа дажгүй дугтарчина. Төв байрнаас хол болохоор тэр байранд юу болж байгааг хэн ч мэдэхгүй. Тэгээд л дарга нарын нүд чихнээс хол болохоор хааяа суух аятайхан газар болдог. Нэг удаа Алтанхуяг дарга өрөөндөө нэлээн “муудчихсан” сууж байж. Цонхоор хараад мэдчихсэн С.Бадрах, Ууган хоёр дамшиглахаар шийджээ. Бадрах найруулагч заримдаа их хатуу тоглоомтой. Одоогийн залуус бараг даахааргүй тоглоно. Утас аваад л яг Чойжил даргын дууны өнгөөр:
-Алтанхуяг аа.Чи өрөөндөө байна уу. Яаралтай ороод ир. Маргааш нөгөөдрөөс Болгар явах чухал ажил гарлаа. Бушуул гэж. Хөл хэл нь багагүй орооцолдсон Алтанхуяг дарга хуучин төвийн гурван давхарт мөлхөхөөс наагуур очоод зангиагаа нэг муухан засч, тэнцвэрээ олоод М.Чойжил даргын өрөөнд явж оржээ. М.Чойжил дарга ухаангүй уурласан гэдэг. Ууган тэрнийг яг дуурайж нулимс гартал ярьдаг байж билээ.
 
Алтанхуяг зохиолчийн инээх нь бусдаас ялгарна. Хоолойгоо шахаад хүн шоолж, чингэнэтэл хөхөрдөг хүн. Ууган яг тэгж дууриаж байгаад л ярина. Даргыгаа тэгж дамшиглана гэж байх уу. Ер нь тэхэд зугаатай юм их болдогсон. Нэг удаа бүх дарга нар өвлийн бэлтгэл шалгаад өрөөнүүдээр явж л дээ. Ерөөс хавар намартаа өрөө тасалгаа шалгаж бөөнөөрөө тэгж явдаг байсан юм. М.Чойжил дарга цуваа ахалбал араас нь бөөн жижиг дарга нар цувчихна.Ажил хэрэгчээ...
 
 Шалгалтынхан явсаар сантехникийн дээд талын өрөөнд орж л дээ.
-          Өрөө халж байна уу? Цонхоо дулаалсан уу? Паар хэр байна гэсээр Чойжил дарга намуухан дуугаар асууна. Паарны буланг алгаараа дарж үзнэ.Тэгээд  хажуугийн нэг шугам хоолойг алгаараа илжээ. Ууган:
-          Даргаа энэ нойлын шугам байна. Хар будагтай нь бохирынх байдаг юм гэхэд.
Чойжил дарга тэр дороо эвгүйрхэж гараа гялс татаж авсан гэдэг .-Яг ингээд л гээд дууриаж үзүүлдэгсэн. Тэр үеийн дарга нараас хамгийн чамбай, хий зайгүй нь М.Чойжил гуай байсан даа. Их нягт нямбай, хашир нь дэндсэн хүн санагддагсан. М.Чойжил дарга Ууганд их сайн байж билээ. Бие биенээ хүндэлнэ. За тэгээд л нөгөө “Уяхан Замуу тив” ораторийг дүрсжүүлсээр бид хоёр ВМЗ-гийн өрөөнд монтажаа  нэг юм дуусгасан даа. Тэр үед би нэвтрүүлгийн ажилд гүйцэт ороогүй, зөвхөн орчуулга хянаж, гар бичмэлтэй ноцолддог  байсан учир монтаж сайн мэддэггүй байсан. Ердөө л санаагаа хэлнэ, хажууд нь хань болно. ВМЗ-д олон хоног эвлүүлэг хийнэ гэдэг ёстой  тэвчээр шаардсан ажил байж билээ. Чимээнд нь удвал толгой өвдөнө. Хальсаа гүйлгэж байх үед дүрсээ харна гэж үгүй. Цаасан дээр цаг хугацааг нь тэмдэглэчихээд тэрүүгээрээ баримжаалан хэрэгтэй зургаа олно. Дамартай хальсыг нааш нь, цааш нь гүйлгэхдээ тэдэн минут, тэдэн секундэд очоорой гээд л хүлээж суудагсан. Өдөржин суучихлаар нөгөө аппаратын чимээ нь тархинаас гарч өгөхгүй, унтая аа гэх нь унтаж чадахгүй амаргүй л байж Гэхдээ сайхан байсан. Яагаад гэвэл урам зоригтой ажилладаг. Оройн таван цаг болоход олонхи нь маань зуслангийн автобусанд суугаад харина. Монтажтай хэдэн хүн л үлддэг. Телевизийн тэр орчим  гуанзгүй, дэлгүүргүй, одоохи шиг очоод Солонгос бэлэн гоймон авъя гэхэд байх биш. Хэдэн боорцог, печень, хааяа гэрээс цуйван авчируулбал хоолтой. Кофе тэр үед  нүдний гэм. Ийм л байсан .Ууганы монтаж сонин болж байв. Гүн ухаан, философийн ч юм шиг. Хүн төрөөд л, унага давхиад л, бороо орно, лам хуврагууд маань мэгзэм уншина. Үүл зангирч аянга ниргэнэ, цахилгаан цахина. Оршуулгын газрын өвс салхинд хийсч хааяа сэнсний эргэлдэх чихрах чимээ сонсдоно. Ямартай ч Б.Шарав “симфонистын” нэг бэсрэг зохиол дүрсжигдлээ. Ууган анх удаа клип хийсэн нь тэр. Янз бүрийн дүрс энд тэндээс сонгож хоёр секунд хүрэхтэй үгүйтэй залгаж байсан. Богино хугацаатай дүрсийг ВМЗ аппаратад залгах нь ёстой нэг шар махтай хатаана. Хальс нь нэг минут 30 секунд ухарч байгаад л залгах дүрс рүүгээ эргэж очино. Олон удаа хийвэл хүсэх ч юм биш. Ууганы монтаж 20-иод минутын юм болсон. Гурав хоног өдөр шөнөггүй суусан ажил. Мань эр сэтгэл их хөдөлж, өөдрөг урам зоригтой дуусгасан. Сайн ч нухсан. Сайхан ч хийсэн Ингээд ажил дууслаа. Туяа дарга их сонирхож үзсэн. Нэг, хоёр санал хэлсэн байх. Ер нь жирийн үзэгч ойлгож хүлээж авахад тэрхэн үедээ төвөгтэй, ярвигтай бүтээл байсан болов уу. Чимхлүүр нарийн эвлүүлэгтэй философийн санаа байсан болохоор тэр биз. Тэр зун Ууган нарийн нүхнүүдтэй  нейлон богино ханцуйтай цамц өмссөн юм.. Даавуун кепка, / саравчтай малгай/ наас бас салаагүй. Тэр торон цамцтай Ууган чамгүй ганган л байсан. Манай Ууган хээнцэр юм үе үе их хэрэглэдэг байв. Эхнэр Нараа нь / уран нугараач Наранцэцэг/ гадаадад байнга  явна. Удаан ч явна. Ууганд олон чамин юм авч ирдэг байсан байх. Бд хоёрын эвлүүлэг дуусч, Ууган ч сэтгэл амрав. Санаж бодож явснаа ажил болгох сайхан. Тийм жаргал эдлэх уран бүтээлч хүнд жаргалын дээд. Ууганы нойргүй хоносоноос ялимгүй ядарсан царайнаас ажлаа чамгүй дуусч баярласан гэрэл гэгээ цацарч байсан байх. Гэхдээ хэчнээн ядарсан ч тийм үед наргиантай юм ярьж сэтгэл хөгжөөдөг хэвээрээ. Бусдыг инээлгэж амьдралын баяр баясгаланд умбуулах нь  нь бүр сайхан. Ууганы дэргэд олон хүн шавдаг. Яагаад гэвэл бүгд Ууганаас энерги авдаг байсан байх. Хожим тэгэж бодогдсон . Амьдрал сонин шүү. Нэг хэсэг нь нөгөөгөө баярлуулж баясгаж, тэдний төлөө төрсөн юм шиг бүхнийг бүтээнэ. Нөгөө хэсэг нь сайн сайхан бүгдийг шимж хүртсээр дуусдаг. Амьдралын хатуу бөгөөд, бултах аргагүй үнэн гэвэл энэ. Яалтай билээ.
 
 За тэгээд эвлүүлэг дууссан тэр нэг хагас сайн өдрийн халууныг хэлэх үү, нохойны хэл унжиж, хар зам хайлсан өдөр байсан санана. Тийм халуунд зуслангийн унаанд чихэлдэн явах... жаргал даа жаргал...өөр юу гэхэв. Манай телевизийн ажилчдын унаа өдрийн хоёр хагаст байгууллагын үүднээс хөдлөв. Чихэж, чихэж л гарсан. Автобусны ард залуучууд гол төлөв явах. Ууган дунд нь дээд талын бариулаас зүүгдчихсэн шахуу зогсох хэр нь онигоо ярьж амьтан хөгжөөнө. Халуунд хөлс ямар ч хаалтгүй урсч байв. Шадивлингийн зуслан орчим дөхөж байсан болов уу, юм яриад хавийн амьтан инээлгэж байсан Ууган гэнэт царай нь хөхөрч мөр дагаад аажуухан гулсаж эхлэв. Бид сандарч  хөөё, хаая боллоо. Тэгтэл хиншүү ханхалсан  тэр халуун өдөр  автобусанд хөл гишгих зайгүй чихэлдэж явснаас агаар дутаж, бас нойргүй хоносноос Ууган маань түр муужирсан байв. Бас ажил дээр олигтой хоол унд идээгүй явсных биз. Унаа тэр дороо хааз чихруулан зогсож, сандарсан хүмүүс Ууганыг дамжилсаар зүлгэн дээр хэвтүүллээ...
Зураач Энхбаяр ойрхон явсан юм. Мань эр цүнхэндээ нэг шил юмтай явж. Тэр дор нь бөглөөг нь мулталж ам руу нь жоохон дусаав. Амьтан хүн салхи тавь, салхи тавь гэж сандралдаж байлаа. Тэгтэл ашгүй Ууган сэргэж сэхээ орсон бололтой нэг гүн амьсгалснаа инээж, нүдээ ирмээд
-          Нөгөөхөө яасан, нэг балгачихья. Тэгвэл бослоо гэж юу ч болоогүй юм шиг маг маг инээгээд  шалмаг өндийчихөж билээ. Хөгжилтэй юм болсон тэр агшинд хавь ойрын амьтан сэргэж, айдас хүйдэс нь дорхиноо арилж бүгд автобусандаа инээж ханиан сууснаар энэ явдал өндөрлөсөн юм.
 Дараа бодоход янгууч сүртэй хүн гэртээ очоод духан дээрээ нойтон алчуур тавьж хэсэг хэвтэх байсан биз. Мань эр ер нь ямар ч юманд сүр дуулиан болж хүндрүүлэлгүй наргиан болгоод өнгөрөөчдөг ховор зантай хүн байж. “Уяхан замбуу тивийн наран” гэдэг оратори ч ингэж дүрстэй золгон клип болж байж билээ. Тэр бичлэг одоо байхгүй болсон бизээ. Байвал нэг үзэхсэн. Дараагийн минь дурсамж гэвэл бас сонин...
 
 
Нийтэлсэн: Г.Золжаргал

Эргэх дөрвөн улирал, арван долоон учрал  
Үзсэн: 8512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-09-17 10:53
Гоё дурсамж байна..... Бадрууган гуай ч ёстой азтай хүн байж дээ, таниар дурсамжаа бичүүлээд л .... Амжилт хүсье, танд
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-08-26 01:05
bayarlalaa
98.226.62.xxx [98.226.62.xxx] 2013-11-03 01:45
engiin murtluu setgeliin altan syljees shig yamar saixan dursamj be.bayarlalaa.
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2013-10-29 23:51
Дурсамж бүхэн сайхан. Танд ажлын өндөр амжилт хүсье. :)
202.131.231.xxx [202.131.231.xxx] 2013-10-29 16:16
goy dursamj bna
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2013-10-29 12:13
thanks,

Бидэнтэй нэгдээрэй