Шууд Chart

“Шаазан бөмбөг”

2013-11-05 10:48:38

Телевиз киноны нэрт найруулагч Б.Бадрууган агсны тухай дурсамж өгүүллэгүүд...


Миний энэ дурсамж 90 оны босго хараахан даваагүй байна. Юу гэсэн үг вэ гэвэл 80-аад оноо тойрч мөлжөөд л явна гэсэн үг. Бид хоёр Спорт эрүүл мэндийн редакцад очихоосоо өмнө тус тусдаа өөр албанд байдаг гэж ярилаа. Энэ бол 83- аас 88 он хүртэл. Гэсэн ч лав долоо найман нэвтрүүлэг хийж туршсан. Туршсан гэдэг нь шинэ нэвтрүүлэг гаргах гэж оролдсоных. Телевизийн орчуулгатай киног илүү олон жүжигчинээр уран сайхны хэлбэртэй уншуулах ажлыг миний бие, Ууган маань бас нэвтрүүлэгч Батбаяр санаачилсан. Энэ бол 1985 оны гуравдугаар сар. Монгол кино үйлдвэрээс жүжигчин Элбэгсайхан, Карма нарыг урьж телевизээс Ж.Батбаяр , Бадрууган, Ж.Бямбаа нар оролцож анх удаа олуулаа дуу оруулж байлаа. Үнэхээр хэцүү ажил байсан. Яагаад гэвэл... Орчуулгын дуу оруулж байгаа кино болон жүжигчдийн уншилтыг “ВМЗ” гэдэг бичлэгийн аппаратад бичсэн. Кино жүжгийн үргэжлэх хугацаа нь 1 цаг 40 минут. Уншиж байгаа жүжигчинээс хэн нэгэн алдвал эхнээс нь дахиад л явна. Тав зургаа хүн нэгэн зэрэг алдахгүй явна гэдэг гонж. Одоо эргээд санахад дотор муухайрдаг юм. Шөнөжин сууж талыг нь хийж байж билээ. Маргааш нь бас үргэлжилсэн. Гэхдээ бид халшраагүй ээ. Дуусгасан л юмдаг. Ууган энэ бүгдийг найруулан зохион байгуулсан. Тэр үед ажилдаа нэг саарал костюм пиджактай ирдэг байсан. Нөгөө алдартай “кепка малгай” шаргал савхин богино куртканд ороогүй байсан үе. 85 оны хавар Ууган одооны хуучин төвийн нэг давхарт Вильнюсээс ирсэн Виталис гэдэг зөвлөх найруулагчийн өрөөгөөр их ордог, юм их ярилцдаг байсныг тод санаж байна. Ууганы гэрт байдаг Шилялис гэдэг жижиг телевизорыг Витаце гуайгаас 200 төгрөгөөр билүү авч байсан санана. Виталис гэж жигтэйхэн хөнгөн шингэн, их цэвэр цэмцгэр хувцасладаг жижиг шар өвгөн байж билээ. Балтийн хавийн Латви хүн. Нөгөө Оросуудаасаа их ялгаатай байсан. Боловсон, найрсаг бас хэнтэй ч үг хэлээ амархан ололцдог, сэргэлэн өвөө байж. Ууган тэр хоёр их ярина. Виталис гуай Уган бид хоёрт нэг хөгтэй явдал ярьсан юм. Мань эр /Ватилис гуай/ Вилньюсийн радиод ажилладаг байж. Зөвлөлт Холбоот Улсын Үед Октябрын баярыг нижгэр тэмдэглэдэг байв. Залуу найруулагч Витале тэр баяраар өмнө Ленин найраглалыг уншуулж бичих тухай даалгаварт баригджээ. Латвийн ардын жүжигчин нэг манжгар нөхрийг студидээ урьж урьд өдөр нь бичив. Ардын жүжигчин уншаад л уншаад л байж. Найруулагч сүүлдээ лазан хүрсэн юм байх, анхаарал нь суларчээ. Жүжигчин уншиж дуусав. Төгсгөлийн хэсэг өөрт нь таалагдаагүй юм болов уу дуусчихаад “ гавно” гэж өөртөө хэлсэн нь хальсанд бичигджээ. Шөнө нь Виталис найруулагчийн туслах нь нөгөө бичлэгт эхлэл тоо хийж өгөөд залхууран хальсыг төгсгөл хүртэл нь дуржигнуулан гүйлгээд за болчлоо хэмээн буцааж гүйлгээд эхэнд нь болгож орхисон гэдэг. Тэр туслах нөгөө “Гавно” гэсэн үгийг нь сонсолгүй явуулж дээ. Ингээд октябрын баярын сүр жавхаа хотын төвийн талбайд цуурайтаж Ленин найраглал тэнгэрт дуулдтал хадаж өгчээ. Хүмүүсийн баяр бахдал омог хөөр буцалж, улаан туг, цог жавхлан бүгд бадарч, коммунист намын удирдлагууд занхайн жагсагчдад баяр хүргэж байсан нь мэдээж. Ленин найраглал төгсөхөд жүжигчин “Ленин живее всех живых” гэж сүүлчийн мөрийг сүртэй хэлж дуусмагц ар нь “гавно” гэсэн ганц үг талбай дүүрэн цуурайтсан гэсэн. Ууган бид хоёр нулимсаа арчиж байгаад л инээсэнсэн. Виталис гуай ч мундаг арга хэмжээ авахуулна биз. Нэг иймэрхүү яриа өрнөж байсныг санахад саяхан мэт. Тэр хавар буюу 85 оын гуравдугаар сараас Ууган жүжиг найруулах ажил эхэлж билээ. Би кинопрограммын редакцид орчуулгын редактор байхдаа Дожоодорж гуайтай хамт нэг өрөөнд суудаг байсан. Өөд өөдөөсөө хараад л сууна. Тийм мундаг том кино зохиолчтой хамт нэг өрөөнд сууж байсан даа. Дожоодорж гуай жүжиг киноны сайн зохиолч, мастер, хурдан бичнэ гэж яана. Киноны диалогийг гайхалтай суулгана. Аман хуур киног нь хичнээн үзээд ч одоо хэр уйддаггүйн учир диаолог ярианы амт шимтэйнх. Сана л даа. Кинон дээр Айлын авгайн охин нь:
-Ээжээ энэ чинь хот тохижуулах газраас өгсөн бичиг байна шүү дээ гэтэл
      -Үхсэн хойноо хот тохижуулах газар, айл амьтны хашаа гэр нураачихаад харин ч хот бусниулах газар гэвэл таарна. Та хоёрч бүр нэг тэрэгний хоёр дугуй л даа гэдэг хэсэг эсвэл найз авгай:
-Хашаа байшингаа будчихаад суугаад бай хөгшөөн гэхэд нь
- Би ч суух нь битгий хэл хэвтээд байсан ч чадна л даа гэх зэрэг сэтгэлд хадаатай өч төчнөөн сайхан яриа байдаг даа. Киноны “диалог” буюу баатруудын яриа хэдий чинээ үнэн, амьд, хурц, уран байна, төдий чинэээ хүний сэтгэлд урт удаан хоногшдог. Дожоо зохиолч тэгж бичдэг байжээ. Ингээд Дожоодорж гуай “Шаазан бөмбөг” гэдэг жүжгийн зохиолоо Бадрууганд өгсөн юмсанж. Дайны өмнө Японд байгаа Монгол тагнуулын тухай, Халх голын дайны үеэр Япончууд бактериологийн зэвсэг хэрэглэх гэж байсныг Монголын туршуул илрүүлж байгаа тухай. Энэ зохиол адал явдалт жүжиг эсвэл кино болохоор бичигдсэн байсан. Ууган үүнийг гардаж авсан юм. Үнэхээр шуранхайлж, ёстой л ханцуй шамлан орж билээ. Энэ үеэс “Кепка” малгай тавьж эхэлсэн.  Найруулагчийн төлөвлөгөө гэж нэг юм байдаг. Тэр бол эх зохиолоос дутахгүй зохиол. Ууганыг найруулагчийн зохиолоо ид бичиж байх үед би олон удаа дэргэд нь сууж хардаг байлаа. Өөрөө фантазлаж яриад л бараг зүүдэлдэг байсан байх. Нөгөө айлын өрөөндөө л бичсэн дээ. Жижиг явган ширээн дээр баахан олон өнгийн харандаа асгачихсан зохиолын үйл явдал, диалоги яриа, план кадруудаа харандаагаар ялгаж зурна. Би юу анзаарсан бэ гэвэл. Ууган маань найруулагчийн хувьд, ургуулан бодох түүнээ сонирхолтой ялгаж өрөх төрөлхийн “юмтай” байсан болов уу гэж ажсан. Найруулагч хүнд ургуулж бодох их чухал. Дараа нь аливаа юмны логик учир холбогдлыг сайн ухаж төнхөж ойлгох түүнийгээ бас дэг дараатай зөв өрөх нь бас найруулагчийн чухал авъяас байх хэрэгтэй аж. Ер нь товчхон хэлбэл “мэдрэмж” л юм даа. Энэ киноны найруулагчийн зохиолын эх гар бичмэл машиндсан хувь гэж зөндөө юм байх ёстой. Бодвол “Нараа хадгалсан биз” Ууган их олон гар зураг зурсандаа. Баатруудынхаа ерөнхий хэв байдал, нүүр царайны онцлог, ялгарах шинж төрөхийг өөрийн хэрээр зурсан байдаг. За тэгээд энэ киног бүтээхэд найруулагчийн хувиар зоригтой шийдсэн ялгарах алхам нь ихэнх дүрүүддээ манай телевизийн бүх найруулагч уран бүтээлчдийг тоглуулсан явдал. Урьд нь хэн ч ингэж байгаагүй. Ер нь найруулагчийн чадварыг хэд хэдэн үзүүлэлтээр шинжилж болмоор шиг санагддаг. Жишээлбэл: Зохиолыг тайлж зөв өрөх, задаргаа сайн хийх, үзэгдэл юмсын логик чанарыг сайн ухаж мэдэрсэн байх, мөн ургуулан боддог зангилаа үүсгэх, ээдрээ болгох, учиртай зөв тайлах, эвсэл жүжигчидэээ гайхалтай сайн сонгодог, мөн баг хамт олныг шагай шиг хурааж, эвтэй зөв удирдаж, хүн болгоны түлхүүрийг олдог, бүр цаашилбал зураг авалт монтажийн ер бусын харц, мэдрэмжтэй байх гээд ярьвал олон юм бий. Энэ бүгд Ууганд байсан даа. Харамсалтай нь Би найруулагч гээд тэр бүхнээрээ мэдэмхийрч зааж, зааварлаж явдаггүй байлаа. Хүний сайн дотроосоо гэрэлтэй гэж үнэн дээ. Зүгээр нэг өнгөц харвал нийтэч, алиа, марзан хүн шиг санагдах нь бий. Ямарч болов найруулагч болж харагдах гэж явдаггүй байсан. Нэгдүгээр дэлгүүрийн тэр байранд үе үе гэрэл тасардаг байж. Тэгсэн тэр нь өөрт нь лаа асаагаад шөнө дөл болтол суухад элдэв адал явдлын сюжет ургуулж бодоход нь харин ч тус болсон гэдэг. Ингээд манай телевизийн толгойтой бүхэн Ууганы кинонд орох болов. Харин ч сонирхолтой юм болох шинжтэй энд тэндгүй ярьж эхэлсэн. Гол дүрд нь жүжигчин Гүрсэд мөн Ардын жүжигчин Очирбат гуайн охин Оюун гээд хэдхэн мэргэжлийн жүжигчид оролцсон. Зохиолч сэтгүүлч Н.Барамсай, найруулагч С.Бадрах, Х. Нарангэрэл, сэтгүүлч Ш. Гүрбазар гээд нэрлэвэл олондоо олон, олон хүний нэр хэлнэ. Найруулагчийн ажил ярвигтай. Шаазан бөмбөг зохиолоор телевизийн кино хийх хүслийг нь бадраасан хүний нэг бол Ватилис гуай байсан болов уу гэж боддог. Ууганыг их хүндэлж үнэлсэний хувьд бие даасан бүтээл хийх цаг болжээ гэдгийг мань эрд ойлгуулсан байх. Найруулагчийн төлөвлөгөөг маш няхуур нямбай цэгцтэй гаргасан байдаг. Энд Виталис гуайгаас суралцсан зүйл бий байх. “Шар өвгөн” / бид заримдаа тэгэж ярьдаг байв/ зохиолоо зурж тэмдэглэж, зарим хэсэгт нь “оруулга” нэмснээ наасан зэрэг болон бичиг данс хөтөлж явдаг байсан юм. Тэгтэл Ууган бүр их бичиг цаас болгочихоод сууж эхэлсэн. Бүтээлчээр суралцах гэж нэг юм байдаг. Энэ киноны зураг авалтыг телевизийн байранд авсан. Нэлээдийг нь Телекино үйлдвэрийн кинохальс боловсруулах цехийн хорны өрөөнд, подвалд авч байж билээ. Их хэмнэлттэй ажил болсон. Хаа байсан 30-аад оны, тэгэхдээ бүр Японд болж байгаа хэрэг явдалын тайзыг нэг бүрчлэн босгоно гэвэл телевиз байтугай улс хүчрэхгүй юм болох байсан байх. Телевизийнхээ оролцуулж тоглосон нь оносон гэж боддог. Тэр олон жүжигчдийг гаднаас нь авсан бол цалин хөлс шагнал бас зав зайг нь харж зураг авна гэхэд мөд бүтэхгүй болох байж. Манай уран бүтээлчид бүгд л мэргэжлийн сургууль дүүргэсэн найруулагч, жүжигчид болохоор тэр зэрэгт тоглолгүй дээ. Харин хэн ч урьд нь ингэж санасангүй. Зарим нэг хэсгийг Ууган гэртээ зураг авсан. Энэ бол өнөөх нэгдүгээр дэлгүүрийн дээр байдаг байр. Одоо тэр кино “ Нарны өнгө” нэрээр зурагтаар хааяа гарч л байдаг. Ууганы гэр гэж мэдэгддэгүй юм. Хүн болгон хичээж мэрийж бас Ууганыг дэмжиж ажилласан юм. Ерөөс сайн найруулагчийн нэг ховор чанар гэвэл хүн бүрийг өөртөө татах чадвар юм. Халгаатай хүн байдаг шүү дээ. Ууган бол тийм биш. Хаа явсан газартаа амьтан хүнээр хүрээлүүлчихсэн байдаг. Орой нь ажил дээр таарвал өдөр зургийн талбайд болсон хөгжилтэй явдлаа ярьж бидний инээдийг барна. Хотын зүүн зах Амгаланд зураг авч байжээ. Дотоод явдлын яамны туршуулын дүрд манай зураач Вандандорж тоглож байж хашааны буланд хүн мөрдөж дагаж байгаа хэсгийн зураг авч л дээ. Жүжигчний үггүй тоглолттой хэсэгт найруулагч өөрөө хэлж командлаад удирдах явдал байдаг. Үүнийг бид “духдах” гэж хэлдэг. Ууган командалж эхэлжээ.
- За явлаа, буланд зогслоо. Хоёр тийшээ хулгайн нүдээр хараарай. Болж байна.
Вандандорж хэлсэн бүгдийг нь ёсчилон гүйцэтгээд л тоглох юм гэнэ. Ууган тааламжтай нь аргагүй удирдаад л байв.
-Камер руу харахгүй шүү. За одоо бугуйн цагаа хараарай. Вандан өөр рүү хараад
- Аанхан гэж амандаа бувтнан толгой дохьсон гэдэг. Ууган энийг ярих их дуртай. Шоронгийн хэсэгт хоригдлууд гардаг. Шог зохиолч Ж.Барамсай, сэтгүүлч Ш.Гүрбазар хоёр тэр хэсэгт оролцсон. Гүрээ нь хэтрүүлж тоглоод, Барамсай нь дутаагаад хөгжилтэй байсан гэдэг. Энэ кино зургийг авч байх тэр үед зохиолч Ж.Барамсай нэг үе манай телевизэд редактор хийдэг байсан. Хэнд ч тал засч долигнодоггүй, шулуун шударга зантай, ил тод яриатай хүн байж билээ. Нийгэмд их бухимдаж явсан хүн шиг санагддаг. Хэрэв Ууган Ж.Барамсайг тэгэж кинондоо тоглуулаагүй бол амьд сэрүүний нь дүрс нэг их үлдэхгүй өнгөрөх байж. “Нарны өнгө” телевизийн кино бол манай телевизийн урын санд хүндтэй байр эзлэх сайн бүтээл. Энэ кино зураг авалтны үед би ажлын хажуугаар Ууганы найруулахыг харж зогсдог байв. Зарим найруулагч ерөнхийлөөд л авдаг. Энэ нь хоёрдугаар найруулагчдаа их найддаг хүний зан. Тэгвэл Ууган үгүй. Жижиг сажиг , аар саархан зүйлийг ч бодчихсон явдаг. Энийг би гэрт нь авч байх үеийн зурагнаас мэднэ. 1937 оны үеийн чүдэнз ямар байх вэ? , харандаа ямар байх вэ? зэрэгт бөөн бодол болчихсон явж байдаг.  Ажиглаад байхад үйл явдлын ээдрээ адал явдалд нэлээн хорхойтой, түүнээ тойруулж элдвийн юм нэмж бодоод байх шиг санагддаг. Ууганы энэ киноны гол дүрд залуу жүжигчин  О.Оюун тоглосныг дээр хэлсэн. Бараг анхных нь том бүтээл байсан болов уу. Театрт найруулах, дэлгэцэнд найруулах хоёр их ялгаатай. Ууган деталь буюу жижиг хэсгийн зураг авалтыг маш сайн бодож  тооцсон байдаг. Киноны уран бүтээлд энэ их чухал. Сүүлд хийсэн “Ертөнцийн сүүлчийн чулуу” “Шинэ үсгийн багш” кинонууд камерийн  хөдөлгөөн, зураглал зэргээр маш олон сонирхолтой шийдэл гаргасан байдаг. Энэ мэдээж төрийн соёрхолт Л.Шаравдорж гуайн үүрэг роль голлосон ч найруулагчийн сайхан сайхан шийдлүүд илт харагддаг. “Шинэ үсгийн багш” кино ахин дахин гардаг ч үзэгчид огт уйддаггүй үзээд л инээж л байдаг нь Ууган найруулагчийн өөрийн төрөлх зан чанартай шууд холбоотой юм шиг бодогдоно. Ууган хэзээ ч хүн уйдааж байгаагүй. Инээгээд л, марзагнаад л, хошигноод л цаанаасаа сэтгэлийн өгөөмөр буянтай, бүлээн гэрэл цацруулсаад л явсан хэрэг. Дожоодорж гуай нэг өдөр
- Энэ Ууган сүрхий залуу юм. Миний муу юмыг овоо өөд нь татчихлаа гэж билээ. Олон жил өнгөрчээ. “Нарны өнгө” кино зураг авч байсан тэр өдрөөс хойш 27 жил болсон байх юм.
Нийтэлсэн: Г.Золжаргал

“Шаазан бөмбөг”  
Үзсэн: 5583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.227.xxx [202.131.227.xxx] 2015-08-11 14:22
Аяыг нь олж сонсох юм сан
202.131.227.xxx [202.131.227.xxx] 2015-08-11 14:21
Аяыг нь олж сонсох юм сан
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-05 18:52
"Нарны өнгө" жүжгийг хүүхэд байхдаа үзсэн. Одоо бодоход детектив өнгө аястай, юмны араас нуугдаж харахгүй бол аймаар ч юм шиг, хөгжим нь хүртэл яах бол гэж зүрх түгшүүлдэг жүжиг байсан санагдана. Оюун эгч цагаан халат өмсчихсөн, хүүхдээрээ шахуу. Хулгануудыг туршилтанд оруулаад л, Японууд гараад л... Гүрсэд ах тагнуулын дүрд тоглосон байдаг бил үү, зүүд зэрэглээ шиг л санагдаж байна. Одоо эргээд нэг тогтож үзэх юмсан. Бадрууган агсантай хамт ажиллаж асан тэр өдрүүдийн тань нэгэнд очиж үзмээр санагдчихлаа. Та ч хувьтай хүн юм аа.
108.213.66.xxx [108.213.66.xxx] 2013-11-05 12:14
Сонин юм аа
108.213.66.xxx [108.213.66.xxx] 2013-11-05 12:13
Сонин юм аа..

Бидэнтэй нэгдээрэй