Шууд Chart

Хөхүүрийн эрэлд

2013-11-20 14:47:04

Телевиз киноны нэрт найруулагч Б.Бадрууган агсны тухай дурсамж өгүүллэгүүд...

Уран бүтээлч бидэнд хөдөөний томилолт гэж нэг хүсэж хүлээсэн сайхан юм байдаг. 90- ээд оноос өмнө тийм томилолт одоог бодвол олон байж. Телевизийн буянаар мөн ч их явж. Эх орноо хөндлөн гулд туулаад дуусчээ гэвэл хүн атаархмаар юм билээ. Үнэндээ тийм. 89 оны зун Туяа дарга /Ю.Эрдэнэтуяа/ дууддаг юм байна. Бид олон даргын нүүр үзсэн. Дарга бүр янз янзын ааш араншинтай, ажлын арга барилтай. Бас сонирхол, үзэл бодол нь өөр. Ууган ерөнхий найруулагч байх үедээ өглөө бүр дарга нарын шуурхайд ордог байсан. Заримдаа Туяа дарга яачихсан юм бол? Өглөө аль хөл дээрээ боссон болоод гэрийнхээ уураар бид нарыг загнадаг байна аа гээд л орж ирдэгсэн. Эмэгтэй даргатай байхад сайн ч юм саарч юм байдаг. Гэхдээ саар нь тийм ноцтой юм биш. Сайн нь гэвэл юм бүгдэд нягт нямбай байхыг шаардаж, байнга шалгадаг, оролцдог. Саар нь гэвэл эрчүүд шиг хааяа нэг дэлгэр сайхан наргиан наадам, идэж уух юм өдөхгүй .Туяа дарга Ууган бид хоёрыг дуудаж:
-          Та нар хөдөө явах уу? нэг сэдэв байгаа юм. Айлууд хуучин цагийнх шиг үхрийн арьсаар хийсэн хөхүүргүй болчихож гэнэ, хаа сайгүй пиавр цэнхэр саванд айраг бүлдэг болж. Жинхэнэ хөхүүртэй айлд очоод, аятайхан сурвалжлага тэмдэглэл хийгээд ир, би томилолт бичнэ гэлээ. Туяа дарга сайхан айрагнаас буцдаггүйг бид мэднэ. Гэхдээ сэдэв нь чухал байв. Ууган уухайн тас зөвшөөрлөө.Наймдугаар сарын дундуур гэхэд хаа сайгүй дэлгэр сайхан зуншлагатай байсан жил. Манай телевизэд Дэмбэрэлийн Баярсайхан гэж авъяастай сайхан зураглаач байлаа. Аав нь Монгол киноны анхны операторуудын нэг. Баярсайхан бид хэд кино үйлдвэр дээр өсч бойжсон нэг үеийн хүүхдүүд надаас хоёр ах. Бага байхад зуслан дээр мөн ч их тоглож, бие биенээ шоглож өссөн хоёр. Нэг удаа ах гэдгээрээ түрүү барин хүч хэрэглэж намайг хүүхдийн тоглоомын талбайн элсэн дээр байдаг сүүдрэвчний баганад хөлийг минь ороож суулгачихаад өдөржин алга болчиж билээ. Бүдүүн баганад тэвхдүүлсэн хөлөө мулталж чадахгүй өдөржин суусан нь санаанаас гардаггүй юм. Хүүхэд насанд хөглөх зүггүйтэхийг алийг тэр гэхэв.
 Ингээд бид хэд айрагны хөхүүр олж сурвалжлахаар Архангай, Өвөрхангайг зорьж холын замд гарлаа. Хорин хоёрын товчооноос гараад сэвэлзсэн салхи, хээр талын ногооны үнэрт толгой эргэж сайхан байв. Дөрвөн ханатай хотын өрөө тасалгаанд бүгчимдэж суудаг албан хаагчид, хээрийн замд гарч аясын салхиар цээж дүүрэн амьсгалахад байгаль ертөнц хорвоо дэлхийн шимтэй сайхан бүгд уушгиар дамжин эд эсэд минь хүрэх шиг ер бусын тааламжтай мэдрэмжээр бялхдагсан. Манай жолооч Шуура гэх 55 орчим насны туранхай шар хүн байлаа. Жоохон овортой харагддаг юм. Баруун хөл муутай учир ялимгүй хазагнана. Ёстой нэг ам хуурайггүй жолооч байж билээ. Хотоос хөдөллөхөд л ярьж эхэлсэн. Ууган үе үе Шуураад -Хар цай өг. Ам нь хатчихна. Шугамын  радио Шуураагаа зөндөө сонслоо гээд л хөгжөөнө. Шуура хариуд нь
-          Хуцаж байгаа юм шүү гээд л дотноор уянгалуулна. Ууганыг жигтэйхэн хүндэлдэг учир хараал хэлсэн ч дууны нь өнгө нь цаанаа нэг зөөлөн.
-          Шуураа чи машин барьж чадахгүй байна гэж Ууган хэлнэ.
-          Яаж байна?
-          Хажуугар чинь машин зөрөхөд нүдээ цавчих юм.
-          Хуцаж байгаа юм шүү.
-          Аанхаа болж байна. Одоо рулиээ / жолоогоо/ жаахан эргүүлээ, консоо гишгэлээ, араа солилоо, зүйтэй сайн байна, хурдаа хасаарай, замын хагархай! Болж байна. Зүүн гараа цонхтой талдаа тохойлдлоо... Машин зөрөх нь сигнал, сигнаал гэж жолоочийнхоо хөдөлгөөн бүрийг морь тайлбарлаж байгаа юм шиг аялгуулан дуудна. Шуура:
-          Боль л доо. Хүн машин бариулахгүй юм гээд л хөгжилдөнө. Энэ хоёртой явахад зугаатай байлаа. Ууган:
Монголын радио тэр олон амьтан дэмий тэжээж байна. Шуурааг л өглөөнөөс микрофонтой нь нэг өрөөнд түгжихвэл , улсад хичнээн хэмнэлттэй... Шуура:
-          Хуцаж байгаа юм шүү гэнэ.
Бид явсаар Сансар сангийн аж ахуйн төв дээр ирлээ. Гадаа халуун гэж жигтэйхэн. Ёстой л нохой гаслам бөгчим зуны өдөр. Тэр үед Уаз-469 машинаар хөдөө явдаг байлаа. Машин халаад явах янзгүй. Шуураа амандаа хараал урсгасаар  хамрыг онгойлгов. Аржааторын ус буцалжээ. Би яарч байлаа. Шуура жолоочид хэллээ:
-          Аймгийн төвд орой 10 гэхэд хүрнэ шүү.
-          Хол замын хүн цаг товлодоггүй юм. Эргүү юм битгий асуугаад бай.
-          Орой хөлбөмбөг гарна. Орос- Голланд тоглохыг үзчих юмсан.
-          Тэг тэг. Гүйчих
-          Өө энэ Шуураатай явахлаар шуудай углаад дэвхэрсэн юм шиг л газар ахидаггүй юм.
-          Байх л үгүй юу. Хэн чамайг хөдөө яв гэсэн юм.
-          Шуурхай Шуура явна гэхээр л шуурчихгүй юу
-          Ха ха ха гэсэн инээд ханиадын юм ярьж хөгжилдлөө. Шуураа жолооч бид хоёр 83 оноос хойш танил. Намайг кино редакцид байхад бид кино үйлдвэрийн архиваас бараг өдөр болгон хамт явж кино татдаг байв. Задгай амтай, хамаа намаагүй ярьдаг ч цайлган хүн байж. Ууган гуанз орсон боловч хоол байсангүй бололтой урамгүй царайлсаар  гараад ирэв. Нар хэвийх тийшээ тонгойсон ч өдрийн халуун буухгүй нь ээ. Хааяа нэг сэвэлзүүр салхи үлээхэд замын тоос явган босч угалзарах гэснээ дорхиноо бууна.
Зуны цагт хөдөөгийн суурин газар хүний хөл татардаг. Ганц нэг мотоциклтэй хүн давхиж өнгөрнө. Гуанзангийн үүдэн дээр хоёр гурван нохой халууныг тээршааж залууран хэвтжээ. Хэлээ унжуулан амьсгаадна. Шуура
-          Жов муу гуйранчингууд гээд хөлөө дэвсэлтэл нөгөө ноход хөдөлсөн ч үгүй.
-          Яаж байгаа юм бэ. Хэвтэж л байг гэж би үг өдөв.
-          Уаа. Нохой өмөөрч гэнэ. Энэ годронгууд бүр таргалчихаж. Тэгтэл Ууган:
-          Маниусаас л дээр  Өглөө хэдэн хуушуур аваад ирсэн бол эд нар шиг нарлаад хэвтэж байхгүй юу. Нохой гэж... Шуура наадуул чинь толгой нь ажилладаг жовууд байна.Гуанзан сахиад хоолтой байгаа биз дээ Мулгуу нь жорлон, мундаг нь гуанз барааддаг  байхгүй юу гээд над руу нүд ирмэв. Шуура:
-          Уаа .За яахав та нар оодор ч л бай. Орой гэдэс чинь хонхолзоод ирэхээр над шиг үнэтэй амьтан олдохгүй. Ахынхнаа гарт орно доо. Өө муу гурайнууд жов гээд арай хүчтэй дэвсэлтэл өнөөх ноход арайхийн босч дуртай дургүй холдлоо. Бид хэсэг амарч байгаад хөдлөв. Хөлөрсөн алгаа цонхоор гаргахад сэрүүхэн салхи алгадаж үлээгээд таатай. Одоо хурц нар чанх урдаас тосно. Бид баруун зүг явж байгаа болохоор аргагүй. Шуураагийн хараал холилдсон шулганаа үргэлжинэ. Ууган:
-          Шуураа ядаж гурван үгний араас наад “Пээгээ” хэл  дээ. Гурав нэг, гурав нэг... болно шүү дээ гэж нөхөрсөг инээв. Би хошуу нэмж
-          Хоёр нэг, хоёр нэг гэхлээр чинь монгол хэлний үгийн сан аравхан үгтэй болоод байна. Шуура:
-          Хуцаж байгаа юм шүү. “Пээ” гэж хэлэхгүй байхыг чинь харнаа. Өө, пээ, гуанзангийн үүдэнд тосны алчуураа орхичож. Ууган:
-          Өө, яадаг “Пээ” вэ гэдгийг зориуд санаатай хэлээд инээв.
-          Шуура: Пээг хэлэхгүй байх чинь яасын ... ха ха ха гээд чанга инээлээ. Бүгд хөхрөлдөв.
Дэмий балай юм ярьж инээж хөхрөлдсөөр нэг мэдэхэд нэлээд зам ардаа орхиж, нар ч тонгойн сайхан сэрүү унажээ. Бид тус тусдаа жаал жоолхон хүнстэй явсан тул дэвсэг газар хийж зам хазайн ёстой л нэг ширдэг шиг зүлгэн дээр буув. Ууган:
-          Шуура ухаантай юмаа. Өдрийн муу гуанзыг хаяад Цогт хун тайжийн гэгээн ордны дэргэд авчирдаг юм байна шүү. Гялайлаа. Хунтайжийн балгасанд ирчээд арай хар цай уулгаад хөдлөх юм биш биз дээ гээд бас л над руу нүд ирмэв.  Шуура:
-          Муусайн юмнууд гуанз гуанз гээд үхчих гээд байсан. Яав гэдэс хонхолзоо юу? Ууган:
-          Ходоод гэдэс нийлж үхэх нь ээ гэж хоолойгоо шахаж хэлбэл
-          Шуура: Үх үх... гээд дийлсэн хүний бардам сэтгэлээр таатай гэгч мушилзав. Бид дэвсгэр дэлгэж хоол унд өрлөө. Нээрэн л Цогт хун тайжийн балгасны дэргэд ойрхон буужээ. Ууган бас Шуурааг өдөж:
-          Амны цангаа ч тайлагдчихна, архины цангаа тайлагддаггүй ээ яах юм бэ Шуураа?
-          Хохь чинь, хэн амаа цангатал гудар гэсийн? Ууган учиргүй инээж
-          Ерөнхий найруулагчийн урдаас ямар аймшиггүй дуугарна вэ? Машин нь ус уугаад хөдлөхгүй, өөрөө болохоор цай залгиад явахгүй ийм эр байдаг юм уу Шуура:
-          Уаа, олигтой уудаг ч юм шиг гэснээ за за юм байвал гарга удахгүй шүү гээд тэрэг рүүгээ хазганан алхлаа.
Ууган Цогтын балгас, эх дэлхий дээд тэнгэртээ сэржим өргөлөө. Цэцэг ногооны анхилуун хурц үнэр холилдсон хээрийн салхи үлээнэ. Жаргаж байгаа нарны цацраг алтан утас мэт гялалзаж, хорвоо ертөнц үзэсгэлэнтэй, жавхаатай. Бидний дуу, наргиан наадам ариун агаарт дэгдэж байгаль дэлхий бүхэлдээ баясч байх шиг санагдана. Хараацай шувууд хөх тэнгэрт  цэнхэр магнаг торгыг эсгэх мэт дүүлэн харван нисч, алсын уул нэрмэлд халчихаад  жаргаж суугаа өвгөн мэт малийна.. Сайхан байлаа. Бид талх хиам, печеньхэнээр хөнгөхөн гол зогоож илүү ч үгүй, дутуу ч үгүй ганц шил юм мултлав. Таван хүнд хоёр ч тойрсонгүй. Тэгээд хөдөллөө.
Замд Ууган онигоо ярьж бид цонхоор харан, зураглаач түр зүүрмэглэн явсаар Архангай аймгийн нэг суманд хүрлээ. Энэ бол тэртээ наяад оны сүүлч, социализмын үед. Сумын төвд шөнө явж ороход харанхуй, гэрэлгүй байдаг. Энд тэнд уяанаас тавьсан ноход гэрэлд гүйн орж ирнэ. Сум эзгүй бололтой. Зуны цагт айлууд зусланд гардаг болохоор сум хүнгүй байдаг. Буудлын өмнө очлоо. Засвартай аж. Ундуй сундуй хөглөрсөн хогтой “балгас” угтав. Шуураа хараал урсгасаар дэмий шогшорсноо,
-          Гуанз орьё гэлээ. Очлоо, бас түгжээтэй. Бид бууж хөшсөн биеийн чилээ гаргав. Сумын төвд хэр нь малын өтөг бууц холилдсон үнэртэй  сэрүүн салхи үе үе үлээнэ. Шуура тэргээ асааж хөөе гэхийн завдалгүй яваад өгөв. Бид хоолгүй гэж ойлгоод  ачаа бараагаа шалгав. Нэг их удсангүй жолооч маань давхиад ирлээ. Махлаг намхан авгай бууж ирэв. Өнөө гуанзны тогооч бололтой. Авгай цуйван хутгаж авчирчээ. Хуршсан мах сэнхийв. Миний дур гутаж идэх хүсэл төрсөнгүй. Хэдэн гурил үмхээд орхив. Ууган ч бас идсэнгүй. Манай дөрөв “гөвж” өглөө. Хол замд аяншиж, хоолондоо цадав бололтой, эвшээж эхэлцгээв. Шуура:
-          Буудлын эрхлэгч чинь хааччихсан юм. Албаны хүмүүс явна бушуу олоод ир гэж мундагдав. Тогооч авгай санаа нь зовж:
-          Манайхан хөдөө гарчихсан, буудал засвартай хүнгүй байгаа, гэхдээ нэг гэр бий.
-          За тийшээ чинь очьё гэхэд нь Шуурааг дагаж бослоо. Ингэж бид хоног төөрүүлэх газартай болов.
Үүрээр хэн нэгний түр тар хийх чимээнээр сэрэв. Зураглаачийн гэдэс нь өвджээ. Бас техникч өвдсөн байв. Хордлого өгсөн бололтой . Хуршсан махтай цуйван идэж, шөнө даарч хоносноос гарцаагүй. Өглөө болоход өнөө хоёр маань бүр эвхрэв. Шуура хараал урсгаж цамнаж гарлаа. Ууган:
-          За, за суу суу. Юун сүр болдог юм .Харин ус ширгээ. Над нэг арга бий. Утас зүү олоод ир гэв. Удалгүй Ууганы эмчилгээ эхэллээ. Ууган -Ямарч байсан ходоодоо угаа. Гараа үмхэж сайн огь, гарах юм байвал гарга. Энэнээс сайн  уу гээд буцалгаж ариутгасан ус зөөглөсний дараа цутгаж өгөв. Ходоодыг нь эргэтэл бөөлжүүлж усаар шахсаар нөгөө хоёрынхоо тамирыг барах шахав.
-           Одоо болоогүй ээ  гээд зүүний үзүүрийг шүдэнзний галаар ариутгаж цэвэрлээд хоёуланг нь хатгав. Хоёр гарынх нь хурууны хумсны толионы ард хатгаж цус гаргалаа.
-          Алзахгүй ээ. Зүгээр болно. Жаахан хэвтчих. Өнөө хоёр ч хэлснээр нь боллоо. Нээрэн ч удалгүй царайд нь цус гүйж, улайгаад зэвхий нь дороо арилж, өнгө засав.
-          Ёох үхэх нь байна шүү гэсээр уван цуван өндийв. Энэ бол хатгуулснаас хойш хоёр цагийн дараа. Ууган:
-          Өнөөдөр юм идэхгүй шүү. Буцалсан ус л ууна. Талхаа гуанзанд очиж шаруулж сухаарь болгоод явна гэлээ. Ингэж манай хоёр Ууганы ачаар боссон юм. Ингээд аян замын холд гарлаа.  Яваад л байв. Үнэндээ  бидний орсон айлуудаар жинхэнэ хөхүүр байсангүй. Бүгд л хөх пиавр саванд айраг эсгэнэ. Наяад оны сүүлээр хөдөөгийн айлууд бараг хөхүүргүй болж эхэлсэн байж. Архангайгаас Өвөрхангай руу хөдөллөө. Зам зуур амссан айрагны амт өөрчлөгдсөөр. Өвөрхангайн айраг цаанаа нэг шимтэй. Хар тос хөвнө.  Тэр зун Монгол киноныхон Өвөрхангай аймагт “Тод магнай” киноны зурганд гарсан байв. Ууган бид хэд олзуурхаж Бунтар гуайн группээр ороё гэж шийдлээ. Ууган маань кино үйлдвэрээс амьдралын гараагаа эхэлсэн болохоор тэр тухай ярих дуртай. Алдарт Тунгалаг тамир киног найруулсан Р.Доржпалам найруулагчийн багшаа гэнэ. Энэ тухай хожим дэлгэрэнгүй ярья. Харамсалтай нь биднийг очиход “Бунтар” гуай байсангүй. Ажил хөөтцөлдөж хот оржээ. Кино группийнхэн Ууганыг хараад эхэндээ гайхав. Энд хээр хөдөө уулзана гэж хэн санах билээ. . Би ч бас олон сайхан танил ах эгч нартайгаа уулзав. Бүгд л биднийг хараад  сүйд болсон юм.
Хангай газрыг бодвол өвөр талруугаа ялимгүй ганджээ. Хэд хоног халсан гэнэ. “Тод Магнай” киноны зураг ид дундаа яваа гэж ярьлаа. Кино группын нэг гэрт орж хоол ундаар дайлуулав. Ууган “оточ”-оор эмчлүүлсэн манай хоёр өнгө зүс, дуу шуу ч орж. Гэхдээ тэр хоёрт  хоол идүүлээгүй. Бунтар гуайтай уулзаагүй нь харамсалтай байлаа. Ашгүй кино группээр орсон биш эрлийн үзүүрээ заалгав. Залгаа багийн хэд хэдэн айл хөхүүртэй гэв. Киноныхон мэдэлгүй дээ. Оройхон бид замд гарлаа. Нар жаргахаас өмнө айлаа бараадья гэж зогсолтгүй хэсэг давхив. Бутлаг ургамал ихтэй говийн шинжтэй завсрын энэ нутагт удахгүй намрын шинж орох нь. Гэхдээ байгаль хангай шаргалтсан өрөм тос шиг нүнжигтэй харагдана. Явсаар бид дөрөв таван гэрээр айл буусан хотонд очлоо. Баруун захын гэрээс хүүхдүүд гарч ирэв. Мал малын захтай айл юм. Гүү барьжээ. Тээр зүүн урдаас хонь наашилж яваа бололтой. Өтөг бууц үнэртээд аргагүй л хөдөөний айл. Гэрт орлоо. Айлд орох бүрдээ баруун хаяа руу нь харна. Ашгүй сайхан хөхүүртэй айл байв. Бидний баярласан гэж. Тос ис болсон дунд хэрийн хөхүүрийг ханын толгойноос бэхэлжээ. Бид хэд гэрт ормогц баруун талаа бариад эрэмбэ дараагаар сууцгаав. Ууган ахалж толгой талдаа суудаг юм. Айлынхан холоос яваа бидэнд савтай боорцог, ааруул барьж удалгүй айраг аягалж, яриа хөөрөө өрнөв. Бидэн дундаа л хөдөөний хүмүүстэй ам нээж ярьвал Ууган эхэлдэг. Айраг ууж ойр зуурын юм ярилцаад зураг авах ажилтай яваагаа дуулгалаа. Гэрийнхэн
-Яадаг билээ хө гэснээ тэгэсгэд зөвшөөрөв. Хөдөөнийхөн юу юу гүй уулгамч хүн шиг за гэдэггүй. Аандаа л яриан дундаа хавчуулж хэлдэг. Айлынхан хоол унд хийхээр болж, бид хэд оройтож ирсэн тул хонож амраад өглөө зураг авахаар тохиролцов. Зуны адаг сарын дундуур хөдөөгийн агаар салхины сайханд гэрт хонох юутай таатай. Бид тав нэг гэрт орлоо. Хоол унд идэж, зураг авах айлаа олсон болохоор сэтгэл хөгжиж бүгдээрээ сэргэжээ. Орой болтол энэ тэрийг ярив. Ууган, Баярсайхан бид гурав кино үйлдвэрийг сайн мэдэх тул Палам найруулагч /Р.Доржпалам/ Бунтар гуай, Жигжид гуай гээд таниж мэдэх ахмадуудынхаа тухай хуучлав. Ууган дунд сургуулийн аравдугаар анги төгсөөд кино үйлдвэрт ажиллахаар орсон байдаг юм. Тэнд туслах найруулагчийн орон тоонд багтаж  найруулагчдын гар хөлийн үзүүрт зарагдах ажил хийж эхэлснээр кино урлагтай танилцжээ. Хамгийн анхны кино нь лав “Тунгалаг Тамир” Энэ кинонд туслахын ажил хийж байхдаа кино оператор Г.Маштай дотно танилцжээ. Ууганы идэр залуугийн тухай Г.Маш ах илүү мэднэ. Тэр тухай бичих биз ээ. Тунгалаг Тамир кинонд явсан болохоор Доржпалам гуайг багшаа гэх болсон. Туслах гэдэг хүн кинонд их чухал. Зургийн талбайд хамаг ажилд гүйнэ. Морь мал бэлтгэх, айл айлын хонь хурааж зурганд оруулах, хувцас хунар жижиг хэрэгсэл цуглуулах, түлээ мод хөрөөдөх гэр бараа ачих буулгах гээд юу эс мундах билээ? Чухам эндээс л Бадрууган кино урлагийн нүсэр их ажлын хар борыг амталсан. Туслах найруулагч өрөөрөөс дээш бүх хүний зараалын морь болдог. Загнуулна, заримдаа бараг зодуулах дөхнө. Ууртай найруулагч алийг тэр гэхэв. Тунгалаг Тамир киноны гуравдугаар ангийн Цахиур Төмөр буудуулдаг хэсгийн өмнөх зодоонтой сценийг найруулж бэлтгэсэн тухайгаа шимтэн ярьдагсан. Өөрөө тэр хэсэгт ордог. Цахиур Төмрийн хүчтэй нударганд унаталаа цохиулж байгаа нэг бандийн үхэтхийн амьсгал хурааж байгааг жүжиглэсэн байдаг. Ууган хожим олон кинонд найруулагчаар ажиллахдаа зургийн талбайд хүмүүсийн ажлын хуваарь, үүргийг сайн ногдуулдаг байсан нь туслах найруулагчаар эхэлж байсантай холбоотой.  
Айрагны хөхүүрийн зураг авах тухай бид хэд замдаа сайн ярилцсан болохоор төвөгтэй юм болсонгүй. Хотоос гарахын өмнө ч ярьсан. Зарим нэг санааг цаасан дээр буулгасан болохоор багахан хэмжээний зохиолтой яваа гэж хэлж болно. Ууган маань их фантаз сайтай найруулагч байсан юм. Жишээ нь:  Гүү сааж байгаа хүүхнийг зүгээр нэг үзүүлэхгүй ээ. Энэ хүүхэн сэтгэлтэй хархүүгээ холоос ирэхийг хүлээсэн байж таараа. Хүүхнийг орон дээр нь суулгаад хөөргөний даалин оёж, утас шаглаж, хээ урлаж байгаагаар эхэлье. Энэ үеэр гадаа адуу мал тургих, янцгаах сайхан дуу чимээнээр баяжуулна. Зэрэглээ “монтаж” хийнэ. Хөнгөн явдалтай морь унасан идэр залуу хүн уртын дуу аялаад хөдөө хээр давхиж явааг авна. Хурдан давхиулахгүй. Тэгээд үдэд саамандаа гарч байгаа хүүхэн оёж байгаа даалинга ээж ааваасаа нуусан байдалтай хулмагнаж, тэрүүхэндээ далд хийчихэж байгааг харуулна. Дараа нь гүү сааж байгааг авна. Залуу нь хөдөө хээр сэтгэлт бүсгүйдээ яаран яаран явааг болон уртын сайхан дууны аялгуунд үзэсгэлэнтэй байгаль харуулна. Ингэж байж Монгол айраг, монгол айл, ахуй, хүний сэтгэл бүхэлдээ гарна гэж зохиолыг баяжуулж байлаа. Ууган дэлгэцийн уран бүтээлд ид орж байх эхэн үед би цаг үргэлж дэргэд нь байсан болохоор найруулагч хүний зарим эрхэм чанар мань эрд байсныг мэднэ. Зургийн талбайд ямарч байсан хашгирч гуугачсан хүн найруулагч байдаггүй юм гэдгийг харж л байлаа. Гэхдээ Ууган огт уурладаггүй найруулагч байсан гэвэл үгүй ээ. Д. Норов зохиолч нэг удаа над ярьсан юм. “Уулын хөх сүүдэр” уран сайхны киног Д. Норов гуайн зохиолоор Ууган найруулсан. Сэлэнгэ аймагт энэ кино хийгдсэн. Яг мотор дуугарсаны дараа хэн нэг нь тэгмээр байна гэжээ. Ууган чигтэйхэн уурлаж:
-          Би ерөнхий найруулагчийн хуьд “задание” өгчөөд мотор явуулж байна. Хэн чамайг дуугар гэсэн юм. Хэлэх юм байвал намайг задание / даалгавар гэж орчуулахч кинод өрөлт хийсэн үед гэвэл зохилтой/ өгөөгүй байхад ярьж бай гэж уурласан гэдэг.
Ингээд айрагны хөхүүрийн тухай тэмдэглэл маань багахан хэмжээний кино болж хувирав. Гэрт байгаа хэсэг, гэрийн эзэн өвгөний намба маяг төрх  зэргийг тэрүүхэнд нь их аятайхан найруулж байлаа. Би олон найруулагчийг мэднэ. Хүн бүрт өөр өөрийн арга барилтай. Ууган юмны “логик” учир холбогдлыг их сайн нягталж боддог, түүнээсээ ургуулан баяжуулж чаддаг онцлоготой байжээ. Ургуулан бодохдоо “деталь” ашиглаж метафор буюу адилтгал зүйрлэлээр илэрхийлэхийг эрмэлздэг байсан болов уу. Монгол аж амьдрал, ахуй байдлын тухай нэлээн өргөн мэдлэгтэй ч байсан. Тэр үед Ууган маань 38 тай байсан болов уу. Зарим үед Гандан хийд орж лам хуврагаас ярилцлага авахад би Ууганаас гуйдаг байсан. Тэр үед би сурвалжлагч болоод удаагүй, үндэсний уламжлал ёс заншил, шашны тухай, нимгэн ойлголттой явж байсан. Мань эртэй ярих тоолонд олон юмны учрыг мэдэж авдаг байсан. Хааяа бид хоёр оройжин ярьдаг, маргадаг байсан үе бий. Баярсайхан маань тун дажгүй сайхан зураг авсан. Ер нь уран бүтээлдээ чин сэтгэлээсээ хандаж , эрж бодож, хийж, бүтээж түүнээсээ сэтгэлийн таашаал авдаг улсад зургийн талбайд бүх ажил инээд ханиад, наргиа наадам дүүрэн, ажил аяндаа бүтээд явчдаг. Заримдаа хүүхдүүд тоглож баясаж байгаа шиг санагддагсан. Уугантай хамт зурганд явсан бүхнээ эргэн бодоход нэг их төвөггүй ажил бүтдэг, наргиан наадам дүүрэн байсаар дуусдагсан. Орой нь нар жаргахын алдад бидний зураг дуусч билээ. Бүгд л сэтгэл хангалуун баяртай байсансан. Найруулагч гэдэг нь маш энгийнээр хэлбэл амьдралын үзэгдэл юмс, түүний эцэс төгсгөлгүй элдэв үргэжлэлийг багцлах, цэгцлэх хэлбэр юм. Гэвч найруулагчийн тэр ажил  хүний бодол сэтгэлд хүчтэй тусч нөлөөлдөг. Тийм ч учраас аятай ч, аймшигтай ч зэвсэг мэт.  Ууганы найруулга нь үзэгдэл юмсын логик учир утгыг маш сайн бодож боловсруулж уран санаагаар нилээд баяжуулсан бүтээл болдог. Амьдралын өдөр тутмын ахуйн харилцааны цагаахан наргиа гэмгүй хошин инээд баяр баясалаар дүүрэн болдог. Үүнийг жишээг “Шинэ үсгийн багш” киноноос харж болно. Зуны дэлгэр сайхан цагт таван хоног явж монгол хөхүүрийн тухай тэмдэглэл хийхээр явсан бидний тэр нэг явдлаас үлдсэн дурсамж ийм юм. Энэ бол хорин ёсөн жилийн өмнө байж. Тэр үед өглөө мандаж байсан нарны туяа, мориноосоо бууж байгаа яралзсан цагаан шүдтэй идэр залуугийн, хөрслөг бор царай жавхаатай харагдаж, наана нь халаасандаа гараа хийж ялимгүй гэдийн зогсох Ууган найруулагчийн өгөөмөр амгалан инээмсэглэл тодорч байж билээ. Бид залуу явжээ...
 
Нийтэлсэн: Г.Золжаргал

Хөхүүрийн эрэлд  
Үзсэн: 6393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-23 20:47
Сайхан дурсамж байна. Сэтгэл их баяслаа.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2013-11-21 13:45
estoi goe dursamjuud yum aa zoloo ahdaa bayrlala

Бидэнтэй нэгдээрэй