Шууд Chart

Монголчууд пүүл бильярдын төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ

2017-08-29 20:04:08

Зуны 29-р Универсиад наадмын пүүл бильярдын тэмцээн 5 дахь өдрөө үргэлжилж, эрэгтэй эмэгэтэй хосын төрлийн медалийн эзэд тодорлоо. Эмэгтэйчүүдийн хосын төрөлд монгол улсын тамирчин Б.Уянга, Б.Нарантуяа нар Сингапурын хостой учраа тааран тоглож, 9:3-ын харьцаатай өрсөлдөгчөө хожсоноор Универсиад наадмын хүрэл медалийг хүртлээ. Энэ төрлийн аваргын төлөөх тоглолтод манай улсын тамирчдыг хагас шигшээд хожсон Тайванийн хос БНСУ-ын хосыг 9:3-ын харьцаатай ялж, алтан медалийн эзэн болжээ.

Б.Нарантуяа, Б.Уянга нарын энэхүү амжилт монголын пүүл бильярдын спортын эмэгтэй тамирчдын анхны олон улсын медаль болж байна. Өмнө 2013 оны Танхимын болон тулааны спортын 4-р наадмын пүүл бильярдын тэмцээнд манай улсын тамирчин Б.Уянга шилдэг 16-д шалгарч байсан нь эмэгтэй тамирчдын олон улсын тэмцээнд гаргасан дээд амжилт болж байжээ. Тэгвэл энэ удаад бага олимп гэгддэг дэлхийн томоохон наадамд пүүл бильярдын төрөл анх удаа багтсан юм. Учир нь Тайвань орон энэ спортоор дэлхийд тэргүүлэгч хөгжилтэй, шилдэг тамирчидтай учраас зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу универсиад наадмын хөтөлбөрт оруулсан билээ. Үүнийгээ ч тэд баталж, эрэгтэй, эмэгтэй хосын болон ганцаарчилсан нийт 4 ангилалд 4 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж чадлаа. Тэмцээний ганцаарчилсан төрөлд нэг орноос ихдээ 2 тамирчин, хосын төрөлд нэг орноос ихдээ 1 хос оролцох эрхтэй байсан юм. Тайванийн эрэгтэй, эмэгтэй хос нь улмаар аваргын алтан медалийг хүртсэн бол эрэгтэй ганцаарчилсан төрөлд алт, мөнгөн медалийг хүртлээ. Тайваньчууд мөн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлдөө ч алт, мөнгөн медаль хамтад нь авна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байсан. Гэсэн ч манай улсын тамирчин Б.Нарантуяа Тайванийн шилдэг тамирчинг хагас шигшээд хожиж, мөнгөн медалийн болзолоо хангасан билээ. 

Дүгнэлт: Универсиад наадамд анх удаа бильярдын төрөл орлоо. Тайваньчууд бүх төрөлд хожигдолгүй түрүүллээ. Тайванийн тамирчдаас хожил авсан цорын ганц тамирчин нь Монгол улсын тамичрин Б.Нарантуяа боллоо. Түүнчлэн монгол улсын пүүл бильярдын спортын түүхэнд олон улсын том тэмцээнээс медаль авсан анхны тамирчин болохын зэрэгцээ универсиад наадмын медаль хүртсэн анхдагч тамирчдын нэг боллоо. 

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд монгол улсын тамирчин, спортын мастер Баярсайханы Нарантуяа мөнгөн медаль, хосын төрөлд хүрэл медаль хүртсэнээр энэ өдөр 2 удаа шагналын тавцанд гарсан юм. Б.Нарантуяа ийнхүү универсиад наадмаас ганцаарчилсан төрөлдөө мөнгөн медаль, хосын төрөлдөө хүрэл медаль хүртсэнээр хос медальтай өөрийн эх орондоо буцахаар боллоо. Монгол улсын засгийн газраас мөн 2017 оны Универсиад наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 30 сая төгрөг, мөнгөн медаль хүртсэн тамирчинд 15 сая төгрөг, хүрэл меадль хүртсэн тамирчинд 10 сая төгрөг олгож, урамшуулах юм. Таны төлөө залуусын төлөө уриатай энэ удаагийн Универсиад наадамд дэлхийн 162 орны 7.746 тамирчин спортын үндсэн 19 төрлөөр өрсөлдөж, 271 багц медалийн эздийг тодруулахад 65 орон медаль хүрлээ.  Монголын баг тамирчдын хувьд энэ удаагийн Универсиад наадмыг 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар дуусгаж, багийн дүнгээр 47-р байрт эрэмбэлэгдсэн юм.

 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Монголчууд пүүл бильярдын төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 1751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [150.129.143.xxx] 2017-08-30 05:52
Баясаа Оюутнуудын дунд биллиард сайн хогжуулж байна.

Бидэнтэй нэгдээрэй