Шууд Chart

Коста Рикачууд АНУ-ын багийг хожлоо

2017-09-04 07:16:32

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж байгаа багуудын сонгон шалгаруулалтын тоглолтууд энэ 7 хоногт үргэлжилж байна. Америк тивийн сонгон шалгаруулалтын бүсд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байгаа АНУ, Коста Рикагийн шигшээ багууд энэ удаад учраа тааран тогложээ. 

Дэлхийн аваргын сонгон шалгаруулалтын Хойд Америк тивийн бүсд 3-р байрт бичигдэж байгаа АНУ-ын шигшээ баг Нью-Жерси мужийн "Ред Булл Арена"-даа энэ бүсийн 2-р байрт эрэмбэлэгдэж байгаа Коста Рикагийн шигшээ багийг хүлээн аван тоглолоо. Тоглолтын эхний үеийн 30 дахь минутад зочин баг Коста Рикагийн шигшээ багаас Маркос Уренья тун чадварлаг тоглолтыг үзүүлж, Тим Ховардын хаалганд гоолыг оруулж, тооны харьцааг нээсэн. Оскар Рамирез дасгалжуулагчтай Коста Рикагийн шигшээ баг энэ өдөр 4-5-1 гэсэн хувилбараар тоглож, үзүүрийн довтлогчоор Маркос Уренья тоглосон нь ийнхүү үр дүнгээ өгсөн юм. Энэ өдрийн тоглолтод агуулгын хувьд АНУ-ын шигшээ баг илүү тоглолтыг үзүүлж, олон шуургалсан довтолгооныг хийж байсан ч Испанийн эзэн хааны "Реал Мадрид" клуб болон Коста рикагийн шигшээ багийн хаалгач Кэйлор Навас шилдэг тоглолтоо үзүүлж, хаалгандаа гоол алдсангүй. Улмаар баг нь тоглолтын 2-р үеийн 82 дахь минутад сөрөг довтолгооноос дахин нэг гоол оруулж, Давид Гусманы дамжуулалтаар Маркос Уренья энэ өдрийн 2 дахь гоолоо хаалганд оруулжээ.

Ирэх жил ОХУ-д болох Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхийн төлөө Хойд Америк тивийн сүүлийн шатны сонгон шалгаруулалтад 6 улсын шигшээ баг өрсөлдөж байгаа юм. Энэ тивээс 3 орны шигшээ багт дэлхийн аваргын тэмцээнийг зорих эрх олгоно. Одоогоор Мексикийн шигшээ баг 17 оноотой хойд америк тивийн бүсд тэргүүлж байгаа бол Коста Рика 14 оноотой 2-р байрт, АНУ-ын баг 8 оноотой 3-р байрт бичигдэж байна. АНУ-ын баг дараагийн тоглолтоо энэ сарын 5-ны өдөр Гондурасын багтай хийнэ. Улмаар ирэх 10-р сард Панама, Тринадад ТОбаго улсын шигшээ багуудыг өөрийн талбайдаа хүлээн аван тоглох юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Коста Рикачууд АНУ-ын багийг хожлоо  
Үзсэн: 1920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй