Шууд Chart

Найранд халсан найзууд

2013-11-25 12:52:53

Манайх нэгдүгээр хороололд айл болж нүүж очсон маань 85 оны хавар юм. Тэр жилийн намар өгөөмөр сайхан, урьд урьдын жилээс илүү урт болсон шиг санагддаг. Дөнгөж ашиглалтанд орсон шинэ хороололд өдөр бүр айл нүүж ирнэ. Бүхэл бүтэн хороолол амь орж, түмэн амьтан бужигнан эхлэх сайхан байсан. Зөрж өнгөрөх хүмүүсийн нүүр царай баяр баясал аз жаргалаар гэрэлтэж байх шиг санагдсан. Нийслэл хотод арав, нэгдүгээр хороолол, бүхэлдээ ашиглалтанд орж байсан нь тухайн үед их сайхан үйл явдал болж байж билээ. Манайх ч гэсэн жаахан цайллага хийсэн. Байр сууцтай болж шинээр гал голомтоо бадраана гэдэг сайхан. Хүний амьдралд тохиолдож байгаа мартагдашгүй үйл явдал. Би ч ажлын газрыхныгаа тусад нь нэг оруулсан. Тэгэхэд Ууган ирсэн юм. Миний хажуу хаалганд хотын захиргаанд ажилтай Пүрэвдоржийнх гэдэг айл оров. Гурван жаахан хүүхэдтэй жирийн нэг айл байсан. Удалгүй тэднийхэнтэйгээ дотно танилцаж орж гардаг болов. Гэмгүй сайхан үерхэж билээ. Хөрш Пүрэвдорж маань бас авъяастай. Уг нь бол эдийн засагч мэргэжилтэй, эхнэр нь бас эдийн засагч. Пүүжээ гэж хөршөө авгайлдаг болов. Пүүжээ маань ёстой нэг цангинасан сайхан нарийнхан хоолойгоор жингэнэтэл хүчтэй дуулдаг мундаг авъяастай байсан. Тэднийх байрны цайллага эхэлж хийсэн болохоор би Пүүжээгийн хоолойн чадлыг биширсэн. Гол төлөв ардын дуу дуулна. Богиновтор уртын дууг тэр мэргэжлдийн хүнээс дутахааргүй дуулдаг, хачин сайхан тунгалаг хоолойтой байж. Бас их нийтэч, алиа марзан юм хэлчдэг, хүнд их тусархуу. Ер нь наргиан наадамч хүн байж дээ. Ингээд шинэ байрны найранд Ууган, Пүүжээ хоёр танилцав. Хожим тэд их сайн анд нөхдүүд бололцсон. Ингэх учир шалтгаан бас байсан. Ууганы аав Ж.Бадраа гуай 90-ээд оны эхээр ардын дуу хуур, язгуур урлаг судладаг, сурталчилдаг “Өв” төв гэж байгуулсан. Би тэр үед “Өм” гэж буруу сонсоод явсан юм шиг байна лээ. Ардын жүжигчин Цогзолмаа гуай тэргүүтэй олон ахмад жүжигчид багтаасан урлагийн бригадтай. Хот хөдөөгүүр нилээд явдаг. Тэр ч бүү хэл баруун Европын хэд хэдэн улсад очиж тоглосон юм. Манай хөрш Пүрэвдорж маань Ж.Бадраа гуайн энэ хамтлагт дуулдаг бас санхүүгийн нь хариуцан ажиллаж байсан юм билээ. Пүүжээгийн хоолойны өнгө дуулах авъяасыг ихэд үнэлдэг байж. Ууган, Пүүжээ хоёр манай гэрт олон уулзсан даа. Хоёулаа хөгжилтэй, наргианч наадамч улс. Манай хоёр жигдэрч, зочид маань халж, яриа хөөрөө ч өрнөлөө. Пүүжээ:
-          Улсад алдартай Ууган дүүч байхад сампин цохидог санхүү ажилтай би ч урдуур нь орж амьтны урам хугална. Эхлээд та дугараа гээд айраг барьж өглөө. Ууган:
-          Ардын дуундаа жаргасан
Байрны сайхан найраа
Уртын дуугаар эхлэхгүй бол
Ууган хүү аавдаа алуулнаа та барь гээд хариу барьж байж билээ.
Пүүжээ:
-          Дагаад түрээрэй гээд авч өгөв. Үнэндээ Пүүжээгийн хоолой час хийн цангинахад таазнаас дүүжилсэн чийдэн чичрэх шиг болдогсон. Мөн ч хүчтэй хоолой шүү. Пүүжээ дараалаад хоёр дууллаа. Одоо Ууганы ээлж манай гэрт нэг гитар байдаг байсан. Дуу муутай гэхдээ Ууган голоогүй ээ.  Хариу болгон дэлхий ээжийгээ дуулав. Үнэхээр сайхан дуулсан. Ирсэн зочид хөөрч дахин дуулахыг шаардав. Ууган дууллаа. Нэг мэдсэн манай гэрийн найр Ууган, Пүүжээ хоёрын дууны ана мана өрсөлдөөн болов. Харин ч зочид хөгжөөгөөд улам эрч хүчээ авав. Эхнэр маань хотын биеийн тамирын хороонд мэргэжилтэн. Найзуудаас нь гадна гимнастикийн хүүхнүүд ирнэ. Марта, Хишгээ багш нар нь ч ирнэ. Ууган Марта багшийг их сайн таньдаг байлаа. Гимнастикийн ахмад тамирчин Марта багшийн ээж Дуламжав гуай Монгол кино үйлдвэрийн нэлээд кинонд тоглосон байдаг. Тоглох тоглохдоо монголын киноны шилдэг бүтээлүүдийн гол дүрд тогложээ. Ойроос нь нэрлэвэл “Хүний мөр” “Түмний нэг” киноны Чимэд багшийн эхнэрт, мөн тань руу нүүж явна киноны гол дүр, хүүгээ алдсан эхэд гайхалтай сайхан тоглож мартагдашгүй мөнхийн дүр бүтээсэн юм. Иймд Ууган найруулагч Марта багшийг бас сайн таньдаг байж. Ууган дөнгөж аравдугаар анги төгсөөд л Монгол кино үйлдвэрт ажилчнаар орж байсныг дээр өгүүлсэн. Киноныхныг бүгдийг нь танина. Пүүжээ, Ууган хоёр зүгээр ч нэг дуугаар өрсөлдсөнгүй. Бас айраг, шимийн архи хоёроор халз тулж байлаа. Нэг дуу дуулаад л нэг аяга айраг. Дараа нь ялагдвал мөнгөн аягтай шимийн архиа ууна. Тав зургаан дуу дуулцгааж жаахан цуцацгаав. 90-ээд оны дунд үе бол бидний ид хийж бүтээх оргилж буцалж явсан нас. Хөгжил баяр дүүрэн амьдарч байлаа. Хэдийгээр өнөөдрийнх шиг юм юмаар элбэг дэлбэг байгаагүй ч өөрсдөө хоол ундаа бэлтгэж элбэг дэлбэг сайхан ширээ засч болдог л байсан. Ууганыг манайд их ирдэг болохоор зочид маань баяр дүүрэн ирцгээсэн. Мэдээж бүхнийг хөгжөөж чаддаг болохоор хүн болгон Ууганы дуулахыг сонсох гэж тэмүүлдэг байсан шүү дээ. Дуугаар тэмцэлдсэн хоёр нилээд халамцжээ. Эцэстээ Пүүжээ ялж Ууган мөчөөгөө өгөхгүй өөр юмаар өрсөлдөнө гэв. Үнэндээ уртын дуу дуулдаг Пүүжээгийн хоолой нэлээн тасархай хол сонсдож байв. Ж.Бадраа гуай хожим манай Пүрэвдоржийг их магтаж, сайхан дуулдаг ховор хоолойтой авъяастай шүү гэж байсан юм. Ж.Бадраа гуайн магтаал тэр бүр амнаас нь унах үг биш ээ.  
Пүрэвдорж ид дуулж байх үедээ Ж.Бадраа гуайн чуулганд нэлээн хэдэн дуутай байсан. Европын нэлээд хэдэн орноор явж аймаг тоглоод ирэхдээ гадаадынхан Монголын язгуур урлагийг бахдан шагшиж байсныг сэтгэл нь хөдлөөд л ярьдагсан. Тэр үед нээлттэй нийгэмд шилжиж орсон Монголын тухай Өрнөдийн орнууд сайн мэддэггүй байсан. Урлаг спорт бол ард түмнүүдийг хэл ус хамаарахгүй төвөггүй ойлголцуулдаг жинхэнэ ардын дипломат ёсны сайхан гүүр байдаг. Ууган ч бас нэлээдгүй олон явсан. Харин яваад ирэхлээрээ хөөрхөн хөөрхөн онигоотой ирнэ. 80- аад оны эхээр Ардчилсан Герман Улсын Берлин хотод Инээмсэглэл хамтлагтай явснаа ярьдагсан. Герман хэлтэй хүн хэн билээ гэцгээн бие биенээ рүү харж. Хэзээний алиалж наргиад эхэлсэн, Ууган ярина:
-          Хүн аахтен, дээл заахтен өөр... гэсэн гэдэг гээд л одоо хүртэл найзууд нь дурсдаг. Монголын залуучуудын төлөөлөгчдийг Берлинд автобуснаас буутал гадныхан. Хөөх тарваган хүний хамтлаг уу гэсэн гэдэг. Ууган, Галсанбат, Энкүүш, Батчимэг дөрвийг хаанаас нь харсан тарваган хүн шиг байж. Энийг ч бас ярьж инээлгэнэ.
Монгол Германы Залуучуудын фестивальд оролцохдоо Улаанбаатрын үдэш дууг дуулахаар тайзан дээр гарч ирээд Данке шөөн. Битте шөөн гэж хэлээд үзэгчид инээлгэж байгаа бичлэг байдаг. Тэгэхэд энэ дууг мөн аатай сайхан дуулж билээ. Хааяа сонсоход нүдэнд харагдах шиг болдог. Ер нь Германд явсан тухай өндөр өвөөгийн / Намхайцэрэнгийн Ганбат/-ын ярьсан өшөө сонин юм байсан даа. Н. Ганбат, Ууган хоёр бас их дотно үерхсэн найзууд байлаа. Сүүлд 90-ээд оны эхээр Соёл Урлагийн хорооны даргаар очихдоо Ууган маань Н.Ганбатыг дэргэдээ авч ажиллуулсан юм. Зэгсэн мэдлэг боловсролтой, чамбай хэл устай, сайхан хүн байсан шүү. Н.Ганбаттай телевизийн нэг умгар өрөөнд чихэргүй хатуу кофе ууж дэлхийн соёл урлаг, сонгодог урлагийн тухай ярихдаа мөн их юм мэдэж авч билээ. Ууган тэр хоёр нийлбэл аягүй морь, жолоогүй машин шиг авч өгдөгсөн. Дэвэн дэлхийн юм хамана. Ярихдаа шалдир булдир юм ярихгүй. Тэр хоёрын ярианаас манай урлаг соёлынхны ажил амьдрал , хөгтэй паян юу эсийг сонслоо. Боловсролтой хүний далай яриаг сонсоход тархи толгой тэлэх шиг болно. Ойлгоогүй мэдээгүй олон юмны учрыг олно. Н.Ганбатын дэргэд байхад тэгэж санагддаг байв. Бид хоёр Оросын “сатирик шог” зохиолч  Жванецкийг их ярьж санаа нийлнэ. Тэр үеээ дурсан санахад сайхан байдаг юм шүү. За ингээд үндсэн яриандаа эргэж ороё. Гэрийн найранд халамцсан улс хөгжилдөж юу эсийг ярихав. Онигоо ярьж, дуу дуулалдаад сайхан. Пүрэвдоржид дууны тэмцээнд ялагдсан Ууган гэнэт:
-          За Өгөр өө, чи ингэж чадах уу гээд гутлаа тайлж ханад ойртож очоод хоёр гар дээр ээ зогслоо. Ууган :
-          За Өгөрүүдээ тоолоорой гэсэн юм. Ууган Өгөрүүдээ гэдэг үгийг хөгжилтэй хэлдэг учраас тийм муухай сонсогддоггүй байж. Бид тоолж эхэллээ. Хорин хоёр гэмэгц мань эр аргагүй нурж унав. Ингэж циркчин Ууган Акробат хийж Пүүжээг давж ялснаар бидний найрын оргил үе өндөрлөж билээ. Тэр намрын айрагны сайхан, найрны өргөнийг хэлээд баршгүй. Бүхэл бүтэн шинэ хороололд айлууд нүүж ирсэн өгөөмөр намар болж байж билээ.  
Нийтэлсэн: Г.Золжаргал

Найранд халсан найзууд  
Үзсэн: 7398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Bold.Sh [202.9.41.xxx] 2018-01-28 13:14
Mash goe dursamj baina. Muu Puujee naizig mini nudend haragdatal bichsen bna. Bayrlalaa маш гоё дурсамж байна. Муу Пүүжээ найзыг минь нүдэнд харагдатал бичсэн байна. Их баярлалаа.
Зочин [223.38.61.xxx] 2018-01-27 18:39
Nvdend hvrgen ah mini haragdtal saihan bichjee Joloo ahdaa ajiliin ajilt saihan bvhniig hvsie
31.211.224.xxx [31.211.224.xxx] 2014-01-04 06:29
ay ya ya ta saihan bichih yma bas tsuuhun bichih um esvel nadad tegej sanagdaad bnuu
202.131.231.xxx [202.131.231.xxx] 2013-11-29 17:02
Амжилт
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2013-11-29 14:18
Таалагдлаа.
202.131.248.xxx [202.131.248.xxx] 2013-11-28 10:27
Yamar saihan dursamj ve
70.194.77.xxx [70.194.77.xxx] 2013-11-27 23:29
Zoloo saihan bichjee Suuliin ued bichij bgaa zuiluudees chin ih yum medej avch bgaa.Chi martsan bauhaa Manaihiig solongost baihad irj saihan taniltsaj bilee.Ulam ihiig bicheerei Ulam ihiig hiigeerei Ireeduid heregtei shuu Odoo l bichij tuurvij uldeedeg tsag chin shuu Bayarlalaa Amjilt eruul enhiig husie!
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2013-11-27 19:25
манайх 10-р хороололд монголчууд бие даан барьсан анхны 9 давхарт орж байж билээ жирийн ажилчин хүнд олгож байсныг бодоход бас ч гэж сайхан л санагдаж байна олон хүүхдүүд дорхноо л найзууд болно хөгжилтэй сайхан амьдарч байлаа дурсамж сэргээсэнд баярлалаа
124.158.91.xxx [124.158.91.xxx] 2013-11-26 09:20
amjilt eruul enhiig husie
124.158.91.xxx [124.158.91.xxx] 2013-11-26 09:19
zoloo sain uu sain bichjee
92.20.90.xxx [92.20.90.xxx] 2013-11-26 05:49
Egel amidraliin egelgui saihan humuusiin dyrsamj bna da.
180.235.173.xxx [180.235.173.xxx] 2013-11-25 17:01
neeree ch ter ue uneheer saihan bsan shuu
180.149.95.xxx [180.149.95.xxx] 2013-11-25 16:59
Ih engiin saihan hun baisanda. sonirholtoi dursamj bn
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2013-11-25 16:56
сайхан дурсамж байна

Бидэнтэй нэгдээрэй