Шууд Chart

Ууганы “задаргаа”

2013-12-03 16:07:51

Телевиз киноны нэрт найруулагч Б.Бадрууган агсны тухай дурсамж өгүүллэгүүд...

Олон талтай уран бүтээлч байдаг. Ууган түүх хувьсгалын сэдвээр, “Төрийн сүлд өршөө” нэртэй телевизийн олон ангит кино найруулсан. Сэтгэхүйн драмын чиглэлээр “Ертөнцийн сүүлчийн чулуу” гэдэг кино бүтээсэн, аж амьдрал хүний хувь заяаны тухай “Уулын хөх сүүдэр” кино хийсэн. Тэгвэл “ Шинэ үсгийн багш” гэсэн инээдмийн кино бий. Ингэхлээр Ууганы бүтээлийг задалж олон талаас нь ярьж болохоос гадна, Ууганы өөрийнх нь бүтээлч мөн чанараар нь бас задалж болно. Нээрэн олон талтай уран бүтээлч байжээ. Дуу хуурыг нь орхьё гэж бодоход цаана нь ярих юм зөндөө байна. Ууган дандаа хүн инээлгэж явдаг байсан. Түүний хошин шогийн мэдрэмж их нарийн байжээ. “Азтай бадарчин” гэдэг фестиваль болж байсныг та бүхэн сайн мэднэ. Ууган тэр наадамд их идэвхитэй оролцдог байлаа. Гэхдээ тэр наадмын үед нь Ууганыг би нэг их дагаж явдаггүй байсан учраас дурсах юм бага байна. Харин өөрийнх нь болон найз нөхдийнх нь ярьж байсан зүйл сэтгэлд тод үлджээ. Саяхан даа, ажил дээрээ анд найз Ш.Ёолктойгоо нэлээн ярьж суулаа. Тэгээд л нэг мэдэхэд Ууганы тухай яриа дэлгэсэн юм. Ёолк ярихдаа:
-          Ууган маань их мэдрэмжтэй хүн юм шүү дээ. Хэдийгээр гэгээн цагаан цайлган инээд дүүрэн юм ярьдагч бас цаанаа нулимстай инээд хүрмээр зүйл олныг хэлчихдэг байсан шүү гэж билээ. Дараа нь энэ тухай нь нэлээн бодсон. Ууган маань их хурц бодож түргэн сэтгэдэг, ямарч нөхцөлд байдалд дор нь учрыг нь олохдоо хөөрхөн инээд наргиа болгочихдог байсан. Гэхдээ тэр нь сургамжтай.
Нэг удаа тэд хэд Зүүн-хараад тоглолтоор явж дээ. “Азтай бадарчин” Ёолк, И.Цэрэнжамц гуай Ё.Цог гуай, гээд олон хүн явнаа. Уран бүтээлийн улс хааяа нэг хоёр шил юм мултлаад л явж. Ууганы оролцсон баг түрүүлж шагнал авч. Тэгээд шагналаа угааж шил юм авсанаа найз нөхөдтэйгээ хувааж л дээ. Тэр удаа нэх их уугаагүй гэсэн. Ууганы хармаандаа хагас шил юм хийчихсэн яваад Ш.Ёолктой таарч. Тэгээд:
-          Энэ нэг тал шилтэй юм чинь аптекаас авсан кальци хлороод шиг яваад байх юм. Ёоогий нааш ир, хоёулаа шилтэй юм зовоогоод яах вэ гээд явъя гэсэн дохио өгч. Гэтэл Ё.Цог ах мэдчихэж. Мань хоёр кулисны /тайзны/ араар орох гээд цувартал ард нь дагаж эхэлсэн Ё.Цог ах яам руу хөгжимчид суудаг газар унасан юм байж. Унахдаа сүрхий бэртэж өрөөсөн хавиргаа хугалчихжээ. Юун архи уухтай мантай, Ууган:
-          Ёэ, ямаан дээр тэмээний гарз гэж. Хайран хавирга тал шил юмнаар явчлаа. Ер нь чи бид хоёроос болж Ё.Цог ах гэмтсэн. Энэ лүд / архийг хэлж байна /гарзандаа гарахгүй хавирга үйж гардаг. За яахав бид хоёр уусан бол хордож үхэх ч байсан юм бил үү. Цогийн хавирга золиос болж амь амарсан байна. Ахдаа өгөхөөс гээд
-          Өвчнийг нь дарнаа гээд архиа өгсөн гэдэг. Эмгэнэлтэй явдал болоход тун эвтэйхэн инээд ханиад болгохдоо дэмий марзагнахгүй хэлдэг нь Ууганы ховор чанар байж.
Нэг удаа төрийн соёрхолт Д.Норов гуай над ярьж билээ. Тээр жил Сэлэнгэ аймагт Уулын хөх сүүдэр кино зураг авч байхад болсон юм гэсэн. Зураг авалт дуусч бүгд амарцгаасан юм байх. Тэр өдөр Ууган бас Шарав аа ахын / Л.Шаравдорж, төрийн соёрхолт зураглаач/ эхнэрүүд очжээ. Орой нь бөөндөө хоол унд барьж, багахан цайллага, дайллага ч хийж. Өглөө нь зургийн групп найруулагч зураглаач хоёр цагтаа ирсэнгүй. Хүмүүс хүлээгээдл байж. Урьд өдөр нь тэдний зургийн талбайд ойр бас баахан зочид ирсэн байжээ. Оросоос баахан дээгүүр албан тушаалын эрхэмүүд ирж ан ав хийж бас л орой нь наргиж инээлгэсэн юм байх. Ан хийхдээ зэрлэг гахай агнахаар ирсэн оросууд байсан гэсэн. Тэгэж байтал манай хоёрын дуу гарч бараг хоёр биенээ түшсэн юм ирж явна гэнэ. Ууган гартаа бүтэн шил архи барьсан байх юм гэнэ. Ойртож ирээд:
-          Энэ муусайн дарга нар Оросуудтай нийлж монголын баялагийг цөлмөж дууслаа. Бид хоёр гэрт нь орж хариу цөлмөчихөөд ирлээ. Энэ гээд шилтэй архиа үзүүлж, бүгдийг нь хоосолсон. Унтацгааж байна лээ. Эрх мэдэлгүй бид яах юм бэ. Эд нар нутгийн минь баялгийг баллаж байна. Муусайн юмнууд гээд гэр лүү орсон гэдэг. Хэдийгээр энэ дурсамж бахдах сайхан жишээ биш боловч цаана нь бас гашуун үнэн нуугдаж юм бодуулсан явдал байсан юм.
99 оны өвөл  Ууган маань 25-р суваг телевизийн 1:1 гэсэн ярилцлага нэвтрүүлэгт орсон юм. Тэр нэвтрүүлгийг нэрт сэтгүүлч З.Алтай хөтөлсөн. Тэр хоёрын дунд сайхан яриа өрнөж билээ. Сэтгүүлчийн асуултанд хариулахдаа:
-          Ер нь явж явж би хошин уран бүтээлд сонирхолтой юм шиг байгаа юм. “Шинэ үсгийн багш” кино энэ сонирхолдоо хөтлөгдөн чадан ядан хийсэн. Урьд нь жижиг сажиг зохиомжоос халихгүй, тэрүүхэндээ өөрийгөө болгоод явж. Харин сая инээмдийн кино хийлээ гэж байсан юм. Энэ тухай нь хожим миний бие манай ахмад зураач Гоош гуайтай нэлээн хууч хөөрсөн юм. Инээдмийн кино бүтээнэ гэдэг амаргүй. Магад киноны төрөл жанраас хамгийн хэцүү нь байж ч мэднэ. Зураач Гоош гуай Ууганы тухай ярихдаа жүжигчидтэйгээ хэрхэн ажилласныг нь хэлж байж билээ.
-          Хүрлээ /жүжигчин Хүрэлхүү/ чи бод. Лхасаг бол хөдөөний гэнэт цайлган залуу. Алиа марзан биш. Байгаа нь л энэ. Алиалж тоглож хэрэггүй, Лхасагийн дүр алиа марзан хүний төрх биш. Өөрөө л элдэв юман гэнэн цайлганаасаа бол орчихоод тэр нь инээд ханиад болдог залуу гэж гэж үндсэн шугам, дүрийнх нь задачийг нь тодорхойлсон. Үнэндээ бол Хүрэлхүү жүжигчин эхний үед хошин шог дүрээр бодож тоглосон юм билээ. Зураг авалтын явцад олон хөгтэй явдал бас бэрхшээл хүндрэл гарч байсныг сүүлд над ярьж л байсан.Лхасагийн бухтай ноцолдох гэж хүзүүг нь мушгиж байгаа хэсгийг авахад үнэхээр найруулагчийн уран сайхны оновчтой шийдэл тун чухал байсан. Зураг авахаас урьд орой нь найруулагч, зураглаач, зураач гэртээ сууж баахан ярилцдаг. Яаж авах вэ гэж. Шарав ах /Л.Шаравдорж/ эрхий хуруугаа хэмлээд бодоод суучихна. Юм бодохоороо угаасаа тэгдэг зантай. Ийм юм болоход Ууган чухал санаа гаргадаг нь үйл явдлыг найруулахдаа “монтаж” эвлүүлэгт планууд яаж залгагдах вэ гэдгийг давхар боддог байсных. Үүнийг би өмнө нь олон нэвтрүүлэгт хамт явж байхдаа мэдсэн юм. Монтаж зөв болоход план кадрууд чухам яаж залгагдах вэ гэдгийг бодчихсон найруулагч хүн зургаа авахдаа түүндээ тохируулж даалгавар өгдөг. Зураглаачдаа бүр тодорхой хэлдэг. Зарим найруулагчид талбай дээр цамнаж цамнаж баахан зураг авахуулчихаад дараа нь эвлүүлэг эхлэхэд авсан дүрс нь залгагдахгүй зовоож эхлэхэд л баахан хүн рүү хараал урсгадаг.
 Кино найруулагч байхын нэг онцлог нь дүрсээ бодож найруулан өрөлт хийдэг. Ууганаас 90-ээд оны эхээр ганц мэдэж авсан юм маань энэ байж билээ. Ер нь дэлгэцийн найруулагчийн ажил хэцүү л дээ. Дүр сонгоно. Энэ нь тохирох жүжигчнийг гадна дотноос нь сайн шинжлэх явдал. Дотроос нь гэдэг нь дотоод сэтгэлийг нь мэдэж нарийн тоглолт шаардах гэж байгаа хэрэг. Дараа нь зохиолын шугамыг нь тодорхойлж киноны ерөнхий төлөв байдлыг нэлээн нарийвчилсан төлөвлөгөөгөөр цаасан дээр буулгадаг. Ууган энийг бишгүй л хийсэн. Энд тод дүрс крупный палн дунд дүрс средний план зэргийг маш сайн бодож тунгааж авахуулна. Яагаад гэвэл дараа нь монтажаар утга агуулга илэрхийлнэ. Зураачтай ажиллана. Павильон засна, эскиз гаргана. Хувцас хунар эд өлгийг гээд наян юм болдог. Энд найруулагч бас л юм бодох хэрэгтэй. Ганц удаагийн крупны планаар бүхэл бүтэн агуулга илэрхийлэх юм өч төчнөөн юм гарна шүү дээ. Деталийг Ууган найруулагч “Нарны өнгө” жүжигт олон удаа сайн ашигласан байдаг. З.Алтайн нэвтрүүлэгт оролцсон ярилцлагад Ууган хариулахдаа
-          Над олон юм байгаа л даа. Гэхдээ дурласан мэргэжил минь найруулагч юм. Сургууль төгсөхөд аав минь хөтөлж Доржпалам гуайд аваачиж өгсөн. Кино үйлдвэрээс миний амьдрал эхэлсэн гэж хариулсан байдаг. Энэ үнэн.
За тэгээд эхэлж ярьсан сэдвээ үргэжлүүлье. Ууган найруулагч киноныхоо жүжигчдэд “задач” сайн өгч, дүрийг нь тодорхой ойлгуулж чаддаг байж. Шинэ үсгийн багш бол инээмдийн кино. Гэтэл тоглосон жүжигчид нь бараг Хүрэлхүүгээс бусад нь инээмдийн жүжигчид биш. Кино маань хүн инээлгээд байдаг. Энэний нууц нь Ууган амьдралын үзэгдэл юмсыг хошин ухаанаар харж, ойлгож тэрнээ найруулан дэлгэж чаддаг, чухал авъяастай байж. Жамбалдорж зохиолчийн тэр туужийг би уншсан. Үргэжилсэн үгийн тэр зохиолд кинонд гардаг шиг инээдэмтэй үйл явдал байдаггүй. Тэрийг комеди болгож чадсан нь найруулагчийн шийдэл байж. Алиа марзан биш мөртлөө хөнгөн хошигнол, уянгын аяс дүүрэн инээд энэ киног хөглөдөг, үзэгчдийн сэтгэлийг урхиддаг. Энэ бол найруулагчийн нарийн мэдрэмж үр дүн. Ингэж л хэлье дээ. Яг амьдрал дээр Ууганы зүггүйтсэн бас марзагнасан явдал алийг тэр гэхэв. Гэхдээ юм “серьёзный” болоод ирмэгц ёстой Ёолкийн хэлдэг шиг нулимстай, инээд бүтээж чаддаг байлаа. Онигоо ярихдаа ч болсон үйл явдлыг сонирхолтой хошин бодож, заримдаа өөрөө сэдэж зохиосон нь мэдэгддэг. Хөдөө болсон нэг явдлыг ингэж ярьсан байдаг. Сонгодог урлаг, бригадаар явжээ. Симфони оркестр явсан юм байх. Зарлагч:
-          Ардын жүжигчин удирдаач Чулуун, “Уран хас” гээд сүртэй хэлж. Чулуун гуайг яг л дуурийн театрт гардаг шигээ ёслол төгөлдөр хувцаслаад удирдаж гарчээ. Тэгтэл нэг өвгөн:
-          Энэ нэг сарвагнасан юм чинь юм үзүүлэхгүй урд гарч навсагнаад, золигийн хүн бэ гээд ар хормойноос нь татаж холдооч хө гээд угзарч унагасан гэдэг гээд л ярьдагсан. Цаанаа их ёжтой хөгжилтэй ярьдагсан. Бид мэтийн инээд муутайн нус нулимсандаа хутгалдана л даа.
Ууганы задаргаа олон талтай байжээ. Мань эрийн байгаа нь бүтээлд нь олон янзаар задарч илэрдэг байсан даа.  Ямарч нөхцөлд байдалд сийрэгхэн боддог хүн сандарч мэгдэрч, айж, сүржигнэж элдэв явдал гаргадаггүй. Хүнд хэцүү юмыг хөнгөхөн наргиа болгочихно. Сургуулилт нь бүтэхгүй ч юм уу яасан ч юм бэ цухалдаж, Ууганд хариу өгөхгүй түнтэгнээд байсан бас нэг удирдаачийг харж зогссоноо:
-          Танай тэр хүн юу хийдэг юм бэ гэж гэнэ. Нөгөө хүн хэсэг сатаарч:
-           Хэн?
-          Яагаав тэр цохидог товариш,
-          Яаж байна?
-          Түрүүн оркестр сургуулилж байхад таныг харахаар л цангаа цохиод харахаа больчихлээр юу ч хийхгүй зогсоод байх юм. Цалингий нь хасаач гэсэн гэдэг. Өнөө хүний уур цухалдал дороо л гарна биз дээ.
90 оны эхнээс оволзсон уран бүтээлийн нүсэр их ажил нэг хэсэгтээ завсарласан нь Ууган маань Радио Телевизийн сургуулийн захирал болсон явдал. Эндээс Ууганы бас нэг “задаргаа” эхэлнэ. Энэ бол 1996 оны хавар байж билээ.
 
Нийтэлсэн: Г.Золжаргал

Ууганы “задаргаа”  
Үзсэн: 6331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.230.xxx [202.131.230.xxx] 2014-03-18 13:44
Агуу их хүн шүү миний ах Б.Бадарууган чинь.... ярих, бодох тусам л ам ч өмөлзөх л юм, ах минь юм шүү гэж аархах ч юм, түүний минь дайтай хэн сэн байна бэ гэхээр...мунхаг би л хувьдаа олохгүй юм...алив та нар боддоо.,,, Түүн шиг дуулдаг, инээлгэдэг, циркийг найруулдаг, киног түүхэн талаас нь хошин талаас нь, амьдрал ахуй талаас нь хийдэг ямар гавъяатууд, нөгөө олон СТА -нууд , төрийн шагналтнууд нь хийчихээд байгаа юм бэ. Тэгэхэд тэр хүн чинь ямар ч гавъяа шагналгүй шүүдээ гавъяатууд аа...
202.131.248.xxx [202.131.248.xxx] 2013-12-04 13:37
Гайхалтай хүний тухай сайхан дурсамжаа гоё бичсэн байна даа. Баярлалаа цайны цагаараа сайахн юм уншив

Бидэнтэй нэгдээрэй