Шууд Chart

“Намрын сүүлчийн өдрүүд...”

2013-12-17 10:04:31

Телевиз киноны нэрт найруулагч Б.Бадрууган агсны тухай дурсамж өгүүллэгүүд...

Есдүгээр сар гармагц эхний долоон хоногт сүрхий халж байснаа төд удалгүй хүйтэн бороо асгадаг. Тэгээд л шөнөжингөө бээрч хоносон модны навчис гундаж захаасаа шарлана. Үдийн хэрд нэг их айхтар хална. Харин орой үдэш болоход дорхиноо сэрүүн унадаг. Намар бол намар. Хаа сайгүй самар жимс зарж, машин тэрэг оюутан сурагчид бужигнаад их хотын амьдрал нэг их үймээний хөлд дарагддаг. 2001 оны хавар зун эх орондоо байгаагүй. Бараг хагас жил шахам Сан -Францискод өнгөрүүлж билээ. Батбилэгийн / хүүгийн/ урт удаан хугацааны эмчилгээ дуусч, үлдсэн хоёр сард нь Лос-Анжелесээс Нью-Йорк хүртэл явж юм үзэж байв. Алдартай гэмт халдлагаас өмнө Нью-Йоркод очив. Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагт орой болсон хойно дээвэрт нь гарч билээ. Шөнө дүл болоход тэнгэрийн од лугаа гялалзах хэдэн сая гэрэл  чийдэнд умбасан Нью-Иорк хот үгээр хэлж барамгүй ер бусын үзэсгэлэнтэй сайхан байсан. Амьдрал тайван амгалан, хүмүүс инээж хөхөрсөн, идэж уусан нэг л жаргалтай орчлон хорвоо байв. Гэвч есдүгээр сарын аймшигт халдлагаас хойш нэг хэсэгтээ хаа сайгүй түгшүүртэй болж билээ. Би яг л есөн сарын эхээр эх орондоо ирсэн юм. Нэг их өөрчлөгдсөн зүйлгүй юм бүхэн бахь байдгаараа л байлаа. Ажилдаа ч орлоо. Баяр наадмын үеэр намайг “Алтан гадас” одонгоор шагнасныг мэдсэн. Дарга маань өрөөндөө дуудаж гардуулсан. Телевиз нилээн олон компьютертэй болсон нь нүдэн шууд тусав. Өрөө тасалгаануудад хаа л бол хаана компьютерийн ард суух болжээ. Амьдрал зугуухан хэр нь эргэлт буцалтгүй урагшилсаар байсан хэрэг. Гэртээ ирэхэд манай хороололд “Ачлал” “Нарлаг” гээд том том худалдааны төвийн барилга сүндэрлэх болсон нь бас нүдэнд туссан. Тэр үед гуравдугаар хороололд өнөөдрийнх шиг ийм олон үйлчилгээний газар, бар сав байсангүй. Олон машинч байгаагүй. Ирээд удалгүй би Ууганыд нэг орой очиж хоол цай идэж ууж баахан суусан. Нэлээн шуучихсан, гурав дөрвөн хундага бариад дорхноо халж байв. Нараа хэлэх нь хааяа гэлтгүй нэлээн “залаад” байгаа бололтой. Ууган заримдаа нэг “эхэлчихвэл” гурав дөрвөн хоног гулардаг байсан. Өглөө босоод шараа тайлах гэж зуу татдаг болсноос хойш өдөржин халамцуу явах болсныг мэдэх юм. Сургууль дээр тэр зовлонг нь Дагий багш сайн мэдэх болохоор хааяа бас зохицуулж байсан биз. Тэр мэдээж. Ер нь тэр үед нэлээн чанга гарын томчууд манай сургуульд байсан даа. Найруулагч Баатар / одоо гавъяат болсон/ Энхжаргал, хааяа Дамдин гуай, Шаравдорж гуай, гаднаас ирсэн нэг хоёр багш нар Ууган захирлын өрөөнд үе үе шар тайлцгаадаг байв. Нэг их ноцтой үйл явдал болдоггүй амьдрал тийм л байж. Би нэг хоёр хоног дамнаж ууж чаддаггүй учраас  хааяа Уугантай суувал нэг орой л баахан ярьж ганц хоёр шил мултлаад орхидог байсан. Дараа нь захирлыгаа ажлаа алдаж мэднэ гээд тиймэрхүү юмны сэдэл гарахаар тойрч явдаг болсон юм. Тэр намар Ууган захиралд бухимдах юм бишгүй л байж. Сургуулийг телевизийн байрнаас нүүлгэх тухай яриа дэгдсэн байв. Хөл дээрээ дөнгөж босч байгаа сургуулийн ажлыг тогтвортой явуулах бодол хэн хэнд маань байсан. Сургууль нүүнэ гэдэг амаргүй. Энэ тухай Ууган маань над телевизийн буфетэнд ярьж билээ. Америкаас ирсэн даруй Ууган бид хоёрын ажил хөөцөлдөж уулзсан бас нэг юм бий. Лхагвадулам гэдэг нэг эмэгтэй бий. Тэр хүүхэн нэлээн хөөцөлдөж байж киноны каскадёрын холбоо гэдэг төрийн бус байгууллага байгуулсан юм. Ууганыг удирдах зөвлөлийн даргаар нь тавина гээд надаар олон удаа хэлүүлсэн. Тийм учир бид миний явахын өмнө ирсний дараа ч уулзаж байсан. Лхагвадулам урьд нь нэлээн хэдэн киноны зодоон цохион, үсэрсэн харайсан юманд орлон тоглогчоор оролцсон байв. Ууган саналыг татгалзахгүй хүлээн аваад бас бус ажлын санаа хэлдэг байсан. Энд нэг дурсамж сөхье. Намайг үдшийн хэмнэл студид тэртээ 90-ээд оны эхээр ажиллаж байхад “3+1” гэдэг нэвтрүүлэг байлаа. Найруулагчаар нь Б.Нямхүү ажиллаж бид нэлээн хэдэн дугаар бэлтгэсэн юм. Тэр үед Ууган Батлан Хамгаалах Нийгэмлэгийн дэргэдэх клубын хэд хэдэн залуучууд оролцуулж техникийн спортын чиглэлээр уралдаатай, цэнгээнт нэвтрүүлэг бэлтгэсэн нь үзэгчдэд овоо хүрч байсан юм. бид шатаж байгаа байрнаас үсрэх, усан шумбах, буудалцах, морь малтай давхих, унах, машинаар хөөцөлдөх гээд л янз бүрийн юм авдаг байсан. Хавар дөрөвдүгээр сарын сүүлчээр харзны усанд аврагч залуучуудыг шумбуулж зураг авч байв. Биеэнд нь тос зузаан түрхэж байгаад оруулахад дарга нь:
-          Энэ залуусын бор шувууг нь хөлдөөвөл яана, зургаа хурдан аваарай гэж байсан санагдана. Дараа нь Гачууртын амны аль билээ нэг аманд морьтой залуус хөөцөлдөж хоорондоо буудалцаж байгаа тухай кино зураг авав. Тэр үед Монгол кино үйлдвэрийн Эрчээ гэдэг залууг авч явсан. Тэр бас нэлээн хэдэн кинонд тоглосон туршлагатай каскадер байсан.
      Хавар цас хайлаад бараг дуусч байх үед газар нэлээн чийгтэй байсан тул унахад гайгүй санагдаад хэд хэдэн “дубль” авсан. Тэр залуу моринд гарамгай байж билээ. Энэ үед Ууган яваагүй ч бас нэг өөр киноны зургийн бэлтгэл ажилд орсон үе. Юу гэвэл тэр нь “ Төрийн сүлд өршөө” гэдэг олон ангит кино. Бид уулзалдахгүй байсан ч утсаар ярилцаж байв. Морины зураг авсны дараа өөр нэг “сцена” авч үзэв. Давхиж байгаа “Зил-130” машины урд куперээс зүүгдэж хэсэг давхихад гараа ахиулсаар биеэ татаж, машины хамар гарч , тэрнээсээ дамжин кабины зүүн талын хаалганы цонхоор орж байгаа “ хулгайчийн” зураг авч туршив. Энэ бүх зураг авалтын техник үйлдлийг Лхагвадулам хариуцаж хэд хэдэн залуучууд авч ирсэн. Тэр үедээ “каскадёр” ашигласан нэлээн зоригтой зураг авалт хийж байж. Ууган маань каскадёрын аюулгүй байдлын талаар сайн мэдэж байв. Циркэд байсан жилүүдэд агаарын гимнастикаас нэлээн юм мэдэж авсан байж. Бас Ленинградад байхдаа хичээл заалгасан байх. Машины оролцоотой “трюк” хэцүү л дээ. Хүний амь нас сүйдэх ч аюултай. Үгүй дээ л ясаа хугалбал яана. Тэр үед яагаад тийм муйхар зориг гаргаж зураг авч нэвтрүүлэг хийдэг байсан юм бол. Бүгд кинонд дуртай байж дээ. Тэр үед хаана зав чөлөө гарвал оройхон Ууганыд очно. Киноны каскадёрын /орлон тоглогч/ асуудлаар ярина. Ямар ямар түүхэн зохиол романд орлон тоглогч зайлшгүй хэрэгтэй эгээ л маргааш зураг авах гэж байгаа юм шиг ярьцгаадагсан. Кино үйлдвэрт каскадёрын оролцоотой олон бүтээл байдгийг Ууган маань яаж хийж байсныг нь ярина. Морь мал унах, юм шүүрэх, буудуулах гээд бий л дээ. Ууганы ярианаас найруулагч өөрөө элдэвтэй юм юм сонирхож сэддэг, тэрнийхээ төлөө үнэнч байх ёстой юм даа гэж ойлгодог байв.
Нийтэлсэн: Г.Золжаргал

“Намрын сүүлчийн өдрүүд...”  
Үзсэн: 2600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй