Шууд Chart

Радиогоос урвасан залуу

2013-12-20 13:46:05


Телевизийн буянаар олон сайхан хүнтэй хамт ажиллаж уран бүтээлийн зовлон жаргалаа хуваалцжээ. Анд нөхдийн хүчинд хүн болж өдий дайтай яваа болохоор тэрэндээ насан турш талархаж явах учиртай. Тэднийхээ өөрсдийнх нь ярьж амжаагүйг нь та бүхэндээ уламжилъя даа.
 
... Тэр жил их хүйтэн өвөл болж билээ. Юм юм хомс  тарчиг, ялангуяа хотод автобус  унаа ховордсоноос   оройдоо нэг буудлаас нөгөө буудлын хооронд даарч зогсох хүмүүс бараг  хоорондоо хавирга сүвэргээрээ нийлэх  дөхтлөө бөөгнөрч  зогссон  тийм л хэцүү амьдралын дүр зурагтай  өвөл байжээ. Яагаад тэр бүхэн одоог хүртэл  сэтгэлд тод, нүдэнд жирэлзэн харагдсаар байнав гэхлээр  телевизийн залуу уран бүтээлч бид Равелийн чихэнд хоногшсон “Болеро” гэдэг нэртэй аялгуунд тохируулж   “Өвлийн хүйтэн, автобусны зогсоол” гэдэг эвлүүлэг хийж байсан учир одоо ч мартагдсангүй.  Энэ эвлүүлгийн санааг би гаргаж одоо баримтат киноны нэртэй найруулагч болсон Банзрагчийн Баяр нэг их хорхойсон хийж байлаа. Угаасаа “Болеро” аялгууг сонсоход дайн дажны үеийн барж дийлэшгүй гүн зовлонд нэрвэгдсэн  хүмүүс, бүрэнхий   нөмөрсөн хар бараан   дүр зураг харагддаг   билээ. Энэ аяыг анх Эрхүүд манай ангийн багш Ермолинский хичээл дээр сонсгоход нь аялгуу нь хар аяндаа сэтгэлд бууж хоногшсон хэрэг. Автобус ховордсон өвлийн тухай нэвтрүүлэг хийсэн маань 1993 оны 1 сар юм. Яагаад ч билээ тэр өвөл мөн их хүйтэн байсан санагддаг. Бид телевизийн даргын үүрэг түр гүйцэтгэгч Д.Жаргал гуайгаас даалгавар авч залуучуудад зориулсан шинэ нэвтрүүлэг хийхээр болоод 4 сар орчим болсон, шинэ сонин юм хийх гэж хэрэндээ нойр хоолгүй махран гүйж бужигнаж байсан учир сэтгэлд юм бүгд тод үлджээ. Манай албаны нэрийг “Үдшийн хэмнэл” гэх. Байгуулагдаад удаагүй байсан болохоор үзэгчид тэрийн болгон сайн мэддэг болоогүй байсан биз. Бид арван зургаа долуулаа бужигнаж байлаа. Залуучуудад зориулсан нэвтрүүлэг гэвэл  Зоригийн Алтайн “Цаг үе залуучууд” болон Доржхандын Төрмөнхийн “Товч толь” нэвтрүүлгээс хойш тасраад байсан үе. Раднаагийн Тулгаа, Янжмаа найруулагчийн хүү Ононбат нар “Гурвалжин” гэсэн  нэртэй хөгжим мэдээллийн хөтөлбөр нэг хавар хийлээ. Яруу найрагч залуухан бүсгүй Цоодолын Хулан усан цэргийн судалтай нимгэн цамц углаад бараг тал мөрөө гаргах шахан хувцаслачихсан манай телевизэд ирж монтажид оролцож байсныг санана. Тэр нэвтрүүлэгт хөтлөгч юм уу сурвалжлагчаар ажиллаж  байсан байх. 92 оны намар орой бас он гараад цаг дулаарсан 93 оны хавар, худал хэлсэн хүнд бид бараг гэртээ хариагүй дээ. Телевиз дээр л өнжиж байв. Энэ үед А.Авирмэд сэтгүүлчтэй их ойрхон явсан. Би Авираа л гэнэ. Манай залуу найруулагчид Ибрагим гэх. Яагаад тэгснийг жаахан хожуу хэлье ээ. 1992 оны намар 9 сарын эхээр бидний залуу уран бүтээлчдийг нэгтгэн редакц байгуулах шийдвэр гарсан байв. Авираа маань даргалах болж одоогийн телевизийн хуучин төвийн нэг давхарт урьд өвөл нь “Товч толь” нэвтрүүлгийнхэн сууж байгаад явсан жижиг өрөөнд орсон байлаа. Тэр өвөл  “Шинбао” гэдэг хятад тамхи хаа сайгүй л баагиулж сууцгаасан. Тохиролцооны дэлгүүрүүдийн хөгжлийн оргил үе юм уу даа.. Бид мэтийн юм голдоггүйнүүд нь хэзээний хармаалсан  явах. Тэр үед Авираа маань “Магна” гэж нэг сайхан янжуур татна. Ер нь тэрхэн үедээ манай телевизэд   чамин тамхи татдаг хоёр хүн байсан. Манай кино албаны дарга байсан Ширбазарын Алтансүх гуай хэзээний чамин хэрэглээтэй, тэр дундаа гаатай чихэрлэг нялуун үнэртэй    янжуур татна. Юм ховордсон үед Авираа “Магна” л татаж  байлаа. Өөртөө сайхан санагдсан юманд гар татдаггүй байсныг мэднэ. Ингэхэд Авираа хэзээнээс телевизийн хүн болсон бэ. Анх 87 оноос  телевизийн ажилд оролцсон болов уу гэж бодно. Манай Шалмаагийн Ёолк, Аюушийн Авирмэд хоёр радиод  байсан юм. Шинэ төвийн байр ашиглалтад орохоос өмнө МРТУХ-ны удирдлага, радио, МОНЦАМЭ-гийнхэн  хотын төвд одоогийн Төв шуудангийн байранд байлаа. Хааяа алба ажлаар тийшээ бичиг цаас бариад очно. Дотроо чимээ анир бага, шал нь үргэлж цэвэрхэн гялалзаж, гол төлөв цагаан срочкон цамцтай, байхуу цай барьсан тохьтой хүмүүс яаралгүй аядуу яриад нааш цааш хөлхөлдөж байсан дүр зураг сэтгэлд байдаг юм. Тэдний дунд цэл залуухан Авираа маань байж дээ. Төд удалгүй одоогийн энэ том байшин ашиглалтад ороход Радио Телевивизийнхэн нэг дор орсон. Бужигнаж гарсан даа. Авираагийн тухай миний санаад хадгалагдаж үлдсэн 80-аад оны дурсамжийг сэрээхэд дундаас нь Бадрах гэж хүн заавал босч ирнэ. Энэ аргагүй. Би Ёолктой хааяа сууж залуу явсан үеээ  дурсдаг юм. Үнэндээ бол Авирааг телевизэд уруу татсан хүн нь Бадрах байх гэж боддог. Залуучуудын редакц телевизэд хамгийн хүчирхэг нь байжээ. Тэнд дандаа л халуун яриа өрнөдөг шинэ юм ургаж төлждөг байсан газар. Манай Батын Дорж гуай хүртэл тэндээс яван явтлаа залуучуудынхаа   дунд нь  байсан шүү дээ. Мөн ч лут хамт олон байжээ. 1990 онд манай уран бүтээлийн “Гал” нэгдлээс найруулагч С.Бадрахын дэмжсэнээр нэг хэсэг уран бүтээлчид  Дэндэвийн Пүрэвдорж гуайн зохиол “Сартагтайн гуу “ өгүүллэгээр зохиомжит  уран сайхны нэвтрүүлэг хийж билээ. Тэр нэвтрүүлгийн найруулагчаар Нямаагийн Зориг ажилласан. “Сартагтайн гуу” нэвтрүүлгийг баруун аймагт магадгүй Ховдод хийсэн санагдана. Ховдын Эрдэнэбүрэн сум гэж хожим Зориг найруулагч ярьж байсан юм байна.Тэр үеэс Авирмэдийг нилээн ойр мэдэх болов. Би өөрөө “Гал” нэгдлийн сэтгүүлч сурвалжлагч нь байсан. Эхэндээ над нэг их сүрхий ойртоогүй. Мэнд мэдэлцээд л явж байлаа. Залуучуудын редакциас бэлтгэж эхэлсэн “Дөрвөн бэрх” уралдаант нэвтрүүлэг бол яах аргагүй С.Бадрах найруулагчийнх. Одоо бодоход үндэсний уламжлал ёс заншлыг тусгасан цэнгээнт энэ нэвтрүүлгийг үндсэн санааг мань Бадрах найруулагч олж хэрэгжүүлэхэд нүүр царайг нь бий болгосон хүн гэвэл Авирмэд болов уу.
Манай шинэ төвийн барилга ашиглалтад орж телевиз Радиогийнхон нэг дор бужигнахад эхэндээ амьдрал хөгжилтэй буцалж билээ. Үдийн цайны цагаар 40-50 хүн хоол идэх гэж шинэ гуанзанд үймнэ. Энэ үед Радиогийн редакторууд орж ирэхэд цагаан срочкон цамцтай төлөв цэвэрхэн царайтай нүүрэндээ ялимгүй инээмсэглэл тодруулсан Авираа нүдэнд эрхгүй тус ч билээ. Ер бол төв халхын монгол төрхтэй ингэхдээ царайлаг, ямарч бүсгүй хүний нүдэнд өртөхөөр залуу байсан. Авираа Их сургуулийн Монгол хэл утга зохиолын ангийг Ёолктай хамт төгссөн. Монгол бичигтэй, ёс заншил сайн мэднэ. С.Бадрах өрөөндөө Авирааг нэлээн магтаж бидэнд ярьж байж билээ. Гэхдээ л эхний тэр жилүүдэд би Авираатай ерөөс ойртож чадаагүй юм. Нэг удаа шугамын автобусанд тааралдаж телевиз хүрэх замд хамт нилээн хэдэн буудал явж билээ. Ам нээж баахан ярив. Эхнэр нь төрөөд охинтой болсон, төрөх яваад ажил амжсангүй гэж байна. Тэр өдөр хавар намрын нэг гандсан пальтотой жаахан жиндсэн байртай харагдаж билээ. Авираа маань өөрөөсөө найм эгч чуулгын хөгжимчин хүүхэнтэй суусныг мэдсэн л дээ. Би бас дотроо бага зэрэг эргэлзэнгүй бодож билээ. Найм гэж үнэн л байгаа гээд л. Би хувьдаа эхнэрийнх нь /Цогзолмаагийн/ барааг харахдаа,  хожим тэднийх төмөр замд шинэ байранд нүүж очсоны дараа нэг өдөр баахан бужигнасан залуус очиж наргиж шуугиж байхдаа мөн ч сайн ятгачин юм байна даа гэж ойлгосон. Авираа Цооцоо чи тоглооч гэж билээ.
Нийтэлсэн: Г.Золжаргал

Радиогоос урвасан залуу   
Үзсэн: 6145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.192.xxx [103.11.192.xxx] 2014-05-13 12:28
үргэлжлэлийг нь унший л да
124.158.92.xxx [124.158.92.xxx] 2013-12-21 21:32
их баяртай байна аа.90 он нүдэнд харагдаж байна Золоо ахаа цааш нь ...
103.26.194.xxx [103.26.193.xxx] 2013-12-21 20:36
Уншигч 124-т хандаж хэлэх нь: . Одоо цагт бие биенээ муулаад яах нь вэ .Бодвол би ажилдаа түүртэж ядраад таны хүсэлтэд тэр өдөр хайш яаш хандсан юм байлгүй дээ. Би онгироод одоо хаачих бил ээ Хүний тус мартаад юу болох билээ. Баяжиж хөрөнгөжиж онгирох маань нэгэит өнгөрчээ. Өвчин зовлонгүй л олныхоо дунд явахаас өөр юу байх бил ээ дээ. ээдээ өнөө цагт хүмүүс бие биенээ муулах атаархах нь бүр хэрээс хэтэрч байна даа. Яанам билээ гэж..
49.0.130.xxx [49.0.130.xxx] 2013-12-21 18:06
Urgeljlel bna uu zoloo ahaa
103.9.88.xxx [103.9.88.xxx] 2013-12-21 17:42
saihan niitlel bn urgeljlel hurdan unshii
124.158.90.xxx [124.158.90.xxx] 2013-12-21 16:34
Г.Золжаргал ч бас л тус мэддэггүй, ямар хүн яаж явснаа мартсан хүн байна лээ дээ. Одоо бол ажил ярьж, хийх гэж очсон хүнтэй дээрэнгүй, онгироо харьцаад их л муухай сэтгэгдэл төрүүлсэн дээ. Цагтаа өвчтэй хүүхдээ эмчлүүлэх гэж олон ч хүний тусыг хүртсэн хүн. Одоо тэр үеээ мартаж сэхчихсэн явна лээ. Нисэж явахдаа мөлхөж явснаа сана гэдэг шүү, Золжаргал минь
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2013-12-21 16:00
Энэ дурсамж олон хэсгээс бүрдэх бөгөөд үргэлжлэлүүд нь нь дараагийн дугаарт гарна аа Г.Золжаргал
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2013-12-21 15:53
yagaad dutuu bichen uym be Aviraa chin uunees xoish olon jil amidarsan shuu dee Zoloo chinii garaas uym garaxaa baijee
49.0.184.xxx [49.0.184.xxx] 2013-12-20 19:12
Avirmed uneheer busgui khunii nudend ortohoor saihan zaluu baisan oytan baihdaa kharj bsan

Бидэнтэй нэгдээрэй