Шууд Chart

Хүүхдийн баярын сурвалжилга

2018-06-01 21:35:12

Өмнө нь хүүхдийн баяр байснаа эх, үрсийн баяр болоод одоо буцаад “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болсон энэ сайхан өдөр би өөрийгөө Боролдой хүү хэмээн сэтгээд Сүх жанжныхаа талбайгаар зугааллаа.

Хүүхдээ хөтөлсөн, тэвэрсэн, тэргэнд суулгаад түрсэн эцэг, эхчүүд хаа сайгүй алхалдана. Мэдээж энд тэндгүй эрээн, чамин тоглоом, бөмбөлөг, туузнууд хийсэх нь баярын өнгийг бүрдүүлж. Зарим хүүхдүүд баярлан ийш тийш гүйлдэх бол зарим нь ээж, аавынхаа гараас чанга хөтлөөд эмээсэн байртай явна. Багачуудын зарим нь унтаж явах бол зарим нь ийш тийш бүлтэлзэж, цөөн хэд нь учир зүггүй чарлаж байна даа.

Талбайн зүүн, баруун, өмнөд хэсгээр ижил хэмжээтэй цагаан асруудыг байрлуулжээ. Харин хоймор хэсэгт “Монгол хүүхэд” гэсэн бичигтэй нилээн нүсэр тайзыг эзэн Чингис хааныхаа өвөрт байрлуулсан байна. Энд хүндэтгэлийн арга хэмжээ болох юм байна хэмээн ойлгож аваад талбайгаа нар зөв тойрлоо. Асаруудад хүүхэдтэй холбоотой олон байгууллагууд байрласан байна. Тэгэхдээ ихэнхи нь худалдаа, үйлчилгээний газрууд байх бөгөөд хоол унд, хувцас хунар, ном дэвтэр, тоглоом наадам зэргийг худалдалж байна. Нэг зүйлийг сайшаахад Монголдоо үйлдвэрлэсэн зүйлс их олон болжээ.

Талбайн гурван талаар зэрэглэн зассан олон асруудын голд гурван жижиг тайз засчээ. Би зун амрах аятайхан зуслан хайж яваа болохоор Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас зассан баруун талын тайзыг ихэд сонирхов. “Энэ жигүүрт л зуслангууд байгаа” гэж хэлж өгсөн цагдаа ахдаа баярлалаа.

Намайг очиход тайзан дээр зурагтаар гарч байдаг Бонго, Мишээл, Можуух нар дуулж байна. Тойроод олон цагаан сандал тавьсан тул өвөр дээрээ хүүхдээ суулгасан ээж, аавууд алга ташин хөгжөөн дэмжиж байлаа. Харин хажууханд нь Монголын Скаутын Холбооны гоё дүрэмттэй хүүхдүүд бүжиглэж байна.

Энэ их дуу чимээн дундуур явсаар Ирээдүйн жүжигчдийг бэлтгэх “Янзага” зуслан гэсэн асарт иртэл нэг их сонссон дуу. Асар дотор зурагт гарч байгаан болов уу? гээд хартал үгүй ээ. Харин хажууд зогсоо саравчтай малгайтай, саарал пиджактай ах ярьж байна. Тэр хараачээ. МУГЖ Нэргүйбаатар ах байна. “Янзага” зусланд тайзны яриа, дуу оруулах хичээл заах гэж байгаа гавьяатаас “Яагаад энэ зусланд явах ёстой” тухай тодруулахад “Хүүхдийн зуслан гэхээр л идэж, тоглож байгаад ирэх биш ямар нэг шинэ зүйл сураад, өөрийнхөө авьяасыг тодруулаад ирэх ёстой юм шүү дээ. Энэ зуслан долоо хоногийн дотор хүүхдүүдэд жүжиглэх урлагийн анхан шатны мэдлэг ологох тул би энэ зуслантай хамтарч ажиллаж байна” гэлээ.

Намайг хөөрхөн дуулдаг, хөдөлгөөний эвсэлтэй гээд байдаг тул явахад яг таарах юм байна гэж бодоод цааш явлаа.

Чингис хааны талбайн урд тайзан дээр олон авьяаслаг хүүхдүүд болон, ах эгч нар тоглолтоо хийж байна. Том том дарга нар ч үг хэлж байна. Гэтэл талбайгаар гоё гоё дээлтэй, том том цэцгийн баглаа барьж энгэртээ нэгээс хоёр одон гялалзуулсан гоё эгч нар алхалдаад эхлэх нь эгээ л цэцгийн хүрээлэн мэт болгов. Нээрээ өнөөдөр “Алдарт эх”-ийн одон гардуулж байгаам байна гээд ордны хойд хаалган дээр очлоо.

Олон олон гоё дээлтэй эгч нар ордонруу орохоор хүлээж байна. Эсрэг талд нь тэднийг гарч ирэхийг хүлээсэн гэр бүлийнхэн нь өнгө өнгийн цэцгийн баглаа бариад зогсоцгоож. Тэгэхдээ тэр халуунд халхлах сүүдрэвч ч байхгүй, ус, ундааны худалдаагүй тул орох байхаа олж ядсан хөгшчүүл цэцэрлэгийн модны сүүдэр бараадаж, балчир хүүхдүүд нь хөлсөө урсган чарлаж байх юм. Баярын өдөр тул хатуурхаж болохгүй гэтэл бас дээрээс өгсөн тушаалаа зөрчиж болохгүй тул хамгаалалтын хэдэн ажилтнууд л “ийшээ ч явж болохгүй, тийшээ ч гарч болохгүй” хэмээн дэмий үглэцгээнэ.

Энд тийм ч сонирхолтой байгаагүй тул буцаад талбай орлоо. Том тайзны тоглолт дуусч байгаа бололтой тэр хавьд бөөгнөрч байсан олон талбайруу яг л урсгал ус мэт аажуухан орцгоож таарав. Гэтэл хэсэг хар хувцастай ах нар хүмүүсийг нааш цааш болгон өнөөх баруун асруудруу явж байна. Сонирхоод дагаж очтол УИХ-ын дарга М.Энхболд баярын үйл ажиллагаатай танилцаж явна. Дагаж яваад Скаутын холбооны асарт очлоо. 6-11 насныханд зориулсан тусгай хөтөлбөрөө өөрийн “Эко зуслан”-даа зохион байгуулж байгаа гэнэ. М.Энхболд дарга “Эдний хөтөлбөр ч гоё шүү” гэж байхыг бодоход сонирхолтой байж таараа. Даан ч би чинь том болсон шүү дээ.

Зиа тэгээд ахиад л талбайгаар явав. Энд тэндгүй хүүхдийн тоглоом, ус ундаа зарсан хүмүүс. Үкүн, Баажи хоёр, Минионууд, Алт мөнгөн хүн хөшөө гэх мэт сонирхолтой багтай хүмүүс, гэр бүлүүдтэй хамт зураг авахуулж байна. Өнөөх гурван тайзан дээр янз бүрийн тоглолт, тэмцээн уралдаан болсоор.

За ингээд ядарлаа даа. Тэгээд харьхаар хотын захиргааны өмнөх замаар төв замруу алахлаа. Энэ замыг машин явахааргүй хаасан тул унадаг дугуй, скит, роликтой хүүхдүүд ёстой нэг жаргаж байна. Харин хүүхдээ дагаж явсаар ядарсан ээж, аав нар хотын захиргааны сүүдэр дагаад замын хашлага дээр эгнэн суусан нь өмнө харагдаагүй сонирхолтой үзэгдэл байлаа.

Талбай бараг хоггүй гэж болохоор харагдахад ЮНИТЕЛ компаний энд тэндгүй тавьсан ногоон хогийн савнууд, нэг хогийг нэг чихрээр сольж байгаа сайн дурын залуучуудын ач гавьяа их шүү. Харин өмнөх жилүүд шиг бөгс эргэх зайгүй биш байгаа нь өөр олон хүүхдэд зориулсан төвүүд байгуулагдаж, аж ахуйн нэгжүүд ч өөр өөрийн онцлогт тохирсон баярын арга хэмжээ явуулдаг болсонтой холбоотой байх.

Ямар ч байсан энэ жилийн хүүхдийн баяр сайхан боллоо. Бүх хүүхдүүдэд олон улсын хүүхдийн эрхийн өдрийн мэнд хүргэе!

Г.Ариунчулуун







































Нийтэлсэн: Анжигай

Хүүхдийн баярын сурвалжилга  
Үзсэн: 3447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [150.129.143.xxx] 2018-06-02 09:22
saijirchee

Бидэнтэй нэгдээрэй