Шууд Chart

Дэлхий тойрохын өмнө ба дараа

2014-01-22 15:50:08

             

Телевизийн буянаар олон сайхан хүнтэй хамт ажиллаж уран бүтээлийн зовлон жаргалаа хуваалцжээ. Анд нөхдийн хүчинд хүн болж өдий дайтай яваа болохоор тэрэндээ насан турш талархаж явах учиртай. Тэднийхээ өөрсдийнх нь ярьж амжаагүйг нь та бүхэндээ уламжилъя даа.
 
 ...Залуу насны ааг омог эрч хүч уулыг нурааж усыг эргүүлэх чадалтай гэж дуулдаг байлаа. Үнэн шүү. Залуу үеийнхэн босч тэмцээд хуучин нийгмээ хөмрүүлж орхисон. Тэрнээс хойш юм бүхэн хөрвөж унтаж байсан баатар эр сэрэх шиг болж билээ. Энэ үед сайн, муутайгаа хутгалдаад амьдрал ёстой нэг эрээлсэн олон өнгөтэй болж билээ. Гэхдээ л тун сонирхолтой байсан юм даа. Дугуйгаар дэлхий тойрох аяллыг анхлан чухам хэн нь сэдснийг мэдэхгүй. Ажил дээр ирэхэд нэг л өдөр Жагаа дэлхий тойрохоор явах гэнэ гэсэн “шум” дэгдсэн байлаа. Итгэхэд бэрх байв. Дугуйн спортын мастер Ганболдын Дэмбэрэлсайхан чинь Жагаагийн төрсөн ах нь юм. Жагаа олонд танил болж бас Америкт удаан яваад ирсэн болохоор энэ аяллын гадаад харилцаа олон түмэнд ойлгуулж сурталчлах хүн нь яах аргагүй мөн.
 
Тэр хэд 91 оны өвөл нэг жижигхэн машинтай болсон байлаа. “Гөөхийний” машин гэвэл та төвөггүй таана. Үнхэлцэг шиг жижигхэн машинд дугуйнуудаа ачаад бэлтгэлд гардаг болсон. Нэг орой ажил тараад доошоо уруудаад алхаж явтал нэг машин эгээ л дайрчих шахан хажууд зогсов. Дотроос нь Жагаа инээсээр гарч ирэв. “Дайрчихав даа, залуу минь. Уралдах нь уу” гэж асуутал “Та нар шиг мөлхөөнүүдтэй юугий нь уралддаг юм. За сурвалжлагаа хийгээд л шогшоод байна уу” гэсээр бид уулзалдсан юм. Тэгэхэд гадаа хүйтэн гэж жигтэйхэн ёстой идэр гурав тачигнаж байсан цаг. Бодвол тэр хэд бэлтгэлээ тараад явж байсан биз. Би лав дотроо “Барахгүй ажил байна даа” гэж шогширсон юм. Мартын наймны өмнөхөн байна уу арай хэд хоногийн хойно юм болов, уу дахиж нэг таараад энэ хэд маань яах аргагүй дэлхий тойрохоор гарах нь дээ гэж эргэлт буцалтгүй ойлгож билээ. Ажил нь жигдрээд хэзээ мөдгүй дүүлэх гэж байгаа юм шиг санагдсан. Улс даяар мэдээлж Жанжин Сүхбаатарын талбайгаас их сүр чимээтэй гаргаж өгсөн. Би лав тэр олон хүний дунд чихэлдээд хаашаа ч хөдөлж чадахгүй болж Жагаагаа холоос л барааг нь харж билээ. Тэр үеийн явдлыг уг нь манай Мөнхтөр бичвэл арай илүү юм хэлэх учиртай. Дугарын Жаргал дарга сэтгүүлч Ц.Мөнхтөрд “Гарын таван хуруу” багийг аяллын тухай нэвтрүүлэг хийх үүрэг даалгавар өгсөн байв. Жагаа тэр хэд ёстой үндэсний баатрууд болж байв. Эх орон ард түмэн зоригт хөвгүүдээрээ бахархаж байна гэсэн үг микрофоны араас талбай дүүрэн цуурайтаж байлаа. Улс орноо бужигнуулж чадсан гайхалтай хэргийн эзэд яах аргагүй манай Парик нарын таван залуу байлаа. Нэг цэнхэр гандсан дээлтэй буурал толгойтой эмээ алд хадаг бариад эгээ л хөвгүүдээ дайнд мордуулах гэж байгаа юм шиг зүрхээ шимшрүүлэн байж үг хэлээд бүгдийг нь хүзүүдэн авч үнсэж байсныг санаж байна. Бид хэд наана нь тэр их сүр хүч, дуулиан, олны хөлд үнэхээр дарагдан тэр хэддээ яаж ойр очих билээ гээд чихэлдэн тэмүүлж байсан гээд бодоход яах аргагүй нүсэр том үйл явдлын гэрч болсон юм даа. Тэгж үдэж өгөхийн өмнө цайллага хийсэн. Энх тайван найрамдлын байгууллагуудын ордны ресторанд болж нэг орой сүртэй сайхан хөгжилдсөн. Жагаа маань ямар олон найз нөхөдтэй болсныг тэр орой хараад бахархаж билээ. Ёстой нохой гурав харагдтал ууж наргисан даа. Хүмүүс ээлж дараалан босч хичнээн сайхан үг хэлэв. Тэр үеийн Монголын нийгэм их ариун тунгалаг хүсэл мөрөөдлөөр дүүрэн жигүүрлэж байсан шиг санагддаг. Дугуйчид Сүхийн талбайгаа нар зөв гурвантаа тойроод алсын аянд гарлаа.
 
Өмнө хойно нь гэрэл анивчуулсан хамгаалалтын машин сүртэй гэж жигтэйхэн. Өч төчнөөн сурвалжлагын машин дагаж хэдэн арван хөгжөөн дэмжигч найзуудынх нь цуваа хотоос мөд гарах шинжгүй уртын урт үргэлжлээд мөн чиг бахархсан даа. “Самсаа” шархируулсан. Лав хотоос баруун тийшээ Шар хөвийн дөрөлж өнгийтэл дагасан байх шүү. Уг нь энэ тухай манай Дашка ярьсан бол илүү тодорхой хэлэх байх. Даашка гэснээс Дашням сэтгүүлч Парик бид хэд нэг үеийнхэн болохоор телевиздээ зовлон жаргалаа удтал хуваалцсан андууд даа. Даашка дэлхий тойроогүй л болохоос биш сурвалжлах ажлаар хөдөө явахдаа дэлхийн бүслүүр хэд ороосон доо. Жагаа “Энэ одоо хөдөө явсаар байгаад тас харлачихсан. Саунд оруулж сайн зүлгэвэл нүүр нь цайрах болов уу” гээд л инээд хөгжөөнө. Гэхдээ дандаа инээж явсан гэвэл үгүй ээ. Хааяа ам муруйх зөрөх юм зөндөө л байж. Хаа очиж манай Жагаа дараа нь юм санадаггүй хүн байсан юм шүү. Энэ бол сайхан чанар. Жагаагийн дэлхий тойрсон дугуйн аяллын тухай зурагтаар мэдээлж бид хэд эндээ сайн яваа юм байна гэсэн баримжаатай тэр зун намрыг өнгөрүүлсэн. Хамгийн сайхан сонирхолтой хөгжилтэй адал явдлаа аяллаас буцаж ирээд хожим олон удаа ярьсан. Нэг удаа Дани юм уу Нидерландад очжээ. Тухайн газар нутагт явах орон нутгийн зөвшөөрөл авч амжилгүй цагдаад нарт хөөгдөөд шөнө жалганд нуугдаж хоносон. Өглөө нь автомат буутай цэрэг цагдаа бүслээд Жагаа гараа өргөчихсөн босч ирээд Пийс Пийс  /Peace / “энх тайван, энх тайван”  гэж боссон гэж ирээд ярьдагсан. Ер нь энэ аялал монгол хүний зориг самбаа, хийморь лундаа шинэ нийгэм байгуулахаар эрч хүчтэй орсон юм бүхний хүчтэй илрэл, бэлэг тэмдэг болсон санагддаг. Аяллаар явсан хэд маань замдаа даарч хөрч, өвдөж өлсөж цангаж юм юм л үзсэн юм билээ. Барагтай аавын хүү амны зоргоор яриад туулчих ажил биш ээ. Энэ онцгой аяллыг олон хүн дэмжсэн. Чадах чадахаараа л дэмжсэн. Оросын нутгаар явах их түгшүүртэй байсан гэдэг. Тэр зун Жагаа хэдхэн хоногийн хугацаатай хотод ирсэн. Яагаад гэвэл замын хоол хүнсний зардал, эм тангийн зардал дуусч   яах аргагүй дахин мөнгө хөөцөлдөх болсон байв. Тэгэхэд л аян замын явдлаа бидэнд хуучилж байв. Намар оройн сэрүү унаж, бараг өвлийн амьсгал мэдэгдэж эхлэхэд манай ”Гарын таван хурууныхан” Налайхын тэндээс угтуулан орж ирэхэд жанжны талбайд хурсан мянга мянган хүн уухай түрж сүртэй угтаж билээ. Эх орон баярлаж байсан. Ёстой л баатруудаа хүлээж авсан даа. 90-ээд оны дуулиант олон үйл явдлуудын дундаас энэ аялал Монгол хүний эрэлхэг зориг, тэмүүлэл, эрх чөлөөг хязгааргүй хүсэмжилж байдгийн гайхалтай жишээ болсон эерэг сайхан үйл явдал болсон юм даа. Энэ тухай хамт аялсан нөхөд нь хожим дурсамжаа үлдээж юм бичвэл сонин сайхан юм их гарна.
 
Нэг л мэдэхэд 90-ээд он дундаа орж амьдрал аажим аажмаар дээшилж байв. Тэр аяллын дараа “Гарын таван хуруу” багийнхан гэж эх орон даяар танигдсан. Жагааг хаа ч явсан хүмүүс тойрч хүрээлэн мань хүн олны дунд жинхэнэ “од” болсон доо. Найзаараа бахархаж хааяа энд тэнд баар ресторанд орвол талархсан олны сэтгэлийн өгөөжид мэр сэр “морьтны хишиг явган”-д гэгч болно. Өө, тийм үед оройжин хөгжилдөж Жагаагийн ярианд хөгжин бүгд сэтгэл ханан баярлана. Сайхан ч найрладаг байлаа. Нэг удаа 1-р хорооллын тэр хавьд шинэ нээгдсэн бааранд Жагаа бид хоёр очиж хөдөөнөөс ирсэн баахан залуучуудыг ангайлгаж, дараа нь навс дайлуулж билээ. Нэг мэдтэл таван хундагны дараа бид хоёр “Санаачлагыг” аль хэдийн гартаа авчихсан нөгөө хэддээ шейк, манга, твист заана гээд “шоу” эхлүүлсэн байв. Юу юу ч болсон юм бэ дээ. Нэг мэдсэн “брейк” үзүүлнэ гээд би л лав шалан дээр хэвтчихсэн байж. Маргааш нь Жагаа над хэлж билээ. Маргааш нь босох тэнхэлгүй, хөл гар хөндүүрлэсэн билээ. Навс шартсан хоёр  “Чи яасан бэ, би яасан бэ гэж эхлээд ёо ёо үхлээ” гээд бушуу утсаа тавьцгаасансан. Тэр үед нэгдүгээр хорооллын шинэ байруудад манай телевизээс хэд хэдэн айл байсан. Жагаагийнх манай урд талын могой шиг тахиралдсан арван хэдэн орцтой байранд орсон учраас бид хоёр нэг хэсэгтээ зам их нийлдэг байж. 93 оны зун Авираа, Алтай, хэд телевизээс гарч “Жааг” нэртэй хувийн студи байгуулахад Жагаа хамт явсан учир нэгдүгээр хороолол руу найзтайгаа телевизэд биш өглөө оройдоо гудамжинд тааралддаг болсон. Бидэн дундаас С.Бадрах, З.Алтай, Жагаа Ө.Нараа хэд анх хувийн машинтай болсон. Тэр үед юм бүхэн шинэ соргог, хүн бүр сайн сайхан амьдрал руу хүчтэй тэмүүлж байсан шиг санагддаг. Амьдрал сөрж түрүүлж зах зээлд орсон учир зарим маань юм юмтай болж байлаа. Үнэндээ ч тийм юм. Жагаа анх суудлын “Бенз” унаж бидэн дундаа унаатай болсон. Нэг удаа талийгаач Батсуурийн бил үү дээ ажил явдал гарч гэрт нь очих гээд бөөнөөрөө машинд нь чихэлдэн сууж хөдлөхөд мань хашир сайн барьж сураагүй учир асаахдаа ухасхийгээд дөрвөн замын уулзварт ч угзас угзас хийлгэн дотор нь явсан биднийхээ зүрхийг амаар гартал айлган хөгжөөж билээ. Хул шар өнгөтэй бенз байсан. Телевизээс гарч өөр газар ажиллах болсноос хойш “Тулах цэг” нэвтрүүлэг тэгэсгээд замхарч харин сүүлийн арав гаруй жил Жагаагийн брэнд /нэрийн хуудас гэе/ болсон “Центавр” нэвтрүүлэг эхэлсэн юм. Тэр нэвтрүүлгийг хөл дээр нь босгоход тусалж өлгийдөж авсан газар нь Улаанбаатар телевиз, тэр дундаа Балхааг гэж боддог. Манай Балхаа /Л.Балхжав, хөгжмийн зохиолч СГЗ / хүнд аль болох туслах гэж дэмждэг, хүн муулаад суудаггүй хов живд дургүй, ямар ч ажилд арга эвтэй, хүний ая тухыг сайхан олж чаддаг менежер юм.
 
Удирдагчийн хувьд дарангуйлагч дураараа аашлагч биш. Надад тэгж бодогддог. Би 90-ээд онд Балхжавтай хамтарч нэг биш удаа нэвтрүүлэг хийсэн болохоор жаахан зан аашийг нь гадарлана. Шинэ нэвтрүүлэгтэй болсон Жагаа завгүй болж эхэлсэн. Зарим орой “Хөөш дебиль ээ маргааш айхтар залуучууд орно хоёр гурван асуулт дутчихлаа, юу байна гээд л утасдана. “Центавр” бол залуучууд гэлтгүй нийт үзэгчдэд хүрсэн танин мэдэхүйн сүрхий нэвтрүүлэг болсон юм шүү. Эндээс хөтлөгч сэтгүүлч Г.Жаргалсайханы уран бүтээлийн шинэ үе эхэлж билээ. Би ажлын зав олдохгүй явсаар 93 он гэхэд гэртээ утас тавиулж билээ. Жагаагийнх манай байрнаас холгүй. Орой залгана. Хааяа цочтол асууна. “За “дебиль” ээ авгай чинь ирсэн үү. Чи одоо энд хоёр хүүхэд маллаад, гэрийн авгай биш, тэр эхнэрээ олж ирээч. Польшид юу ч хийж яваа юм. Эхнэрийг яг шилэн дээрээс нь атгадаг байхгүй юу” гэснээ ха ха ха гэж инээгээд баахан онигоо ярьж хөгжилдөнө. Нэг орой утасдав аа. “Хүрээд ир. манайх “синга” мебель авлаа. Найзууд угааж байна. Хоосон ирж тэнэгтэв ээ” гэв. Гайхаж байгаад яваад очтол том өрөөндөө ширээ засчихсан зөндөө олон хүн урьчихаж. Инээж хөгжилдөөд хоол унд болж байх юм. Нээрэн шинэ мебель авсан нь нүдэнд тусав. Би ойрхон дэлгүүрээс юм аваад очсон нь оносон аж. Харав уу гээд маадгар инээснээ чамайг авгай чинь байхгүй болохоор гэртээ хоол хийгээгүй байх гээд дуудсан гэж инээлгэв. “Гоё мебель авчээ. Чи нэг Ленинградын Эрмитажид шинэ үзмэр ирсэн юм шиг хөл алдаад. Уг нь музейн шинэ үзмэрийг тайлбарладаг байхгүй юу” гэтэл өлгөж аваад жаахан хөөрч Нааш ир гээд унтлагынхаа өрөөнд оруулав.  “Энэ бол Нараа бид хоёрын амралтын өрөө. Дээр нь юу яадгийг чи мэдэх үү” гээд алиалж билээ. Эхнэр нь гэснээс Жагаагийн Нараа ёстой алт шиг хүүхэн. Жагаа маань олны дунд явсан болохоор ажил төрөл ихтэй телевизийн бичлэг сургуулилт гадагшаа дотогшоо явах за тэгээд олны танил хүн дайлуулж цайлуулаад өчнөөн л яваа биз ёстой тэвчээртэй халамжтай тэнхээтэй хань байлаа.
 
Толгой дараалж гарсан дөрвийн дөрвөн нялх хүүхдээ хичнээн сайхан өсгөлөө. Энэ айлын ар талыг үүрч дүүрсэн гол хүн нь шүү дээ. Даанч би сүүлийн жилүүдэд ойрхон уулзаж чадсангүй. Ажил ажил гэж явсаар заримдаа чухал юмаа хоёрт тавьдаг нь хүмүүн бидний засч дийлдэггүй хачин зан. Энэ тухай хэлмээр санагддаг. Манай хүү өвдөөд би нэг хэсэг Америкаас салаагүй. Тэнд очиж хэд хэд сүрхий хагалгаанд оруулж билээ. Би Сан Францискод байв. 2001 онд Сан-Франциско хотын ойролцоо Оакландад очиж нэлээн хэсэг байсан. Оакланд бол Америкийн 20 зууны гайхамшигтай зохиолч Жек Лондоны унаган нутаг. Дурсгалын олон байшин сав байдаг юм. Найз маань тэнд ажил хийж амьдрал үр хүүхдээ бодон хэд гурван ногоон цааш нь хийе. Амьдралаа тэтгье л очсон хэрэг. Нэг хэсэг манайхан Америк Европ руу их явсан даа. Жагаа маань Оакландад байсан юм билээ. Энд хотын төвд нь амгалан орших багахан нуурын хажуугаар өглөө эрт босоод юм бодоод л алхчихдаг байсан гэж хамт байсан улс нь ярьдаг. Үнэндээ нялх нойтон бага балчир олон хүүхдээ санаж явсан нь ойлгомжтой. Удалгүй буцаж ирснийг бид мэднэ. Гэхдээ омголон, дагшин явцгаасан маань аргагүй л 90 –ээд оны дунд үе. 96 онд бил үү, хаврын нэг зэвэргэн өглөө Жагаа машины осолд орчихлоо сандаргаж билээ. Гайхаж хоцров. Тэгтэл хотын гудамжинд өглөө эрт явж байгаад мөргөлдсөн байлуу даа, ямарч байсан аваар гаргаж гэмтэлд очсон. Сар гаруй хөлөө гипсдүүлж хэвтсэн байх. Нэг өглөө мөөгтэй хар шөл хийгээд очлоо. Орон дээрээ гипстэй хөлөө татуурганаас дүүжилсэн хэвтэх. Бас л онигоо эхлүүлчихсэн палаатныхаа хэдийг тойруулжээ. За гипстэй чамайг эхнэр чинь яаж өвөртөө оруулна. Нөгөө “юуг чинь” бас гипсдчихсэн үү гээд дамшиглатал “Эр хүн нисч байхдаа жаргаж нисч  яваад л дуусдаг юм. Хэ хэ явган таваргаад л байна уу” гэж цайлган сэтгэлээр угтсан юмдаг. Мань хашир дотор халуунтай гэнэ.
 
Эмч үзээд хэлж байна гэхээр нь аминдаа туслах гэж мөөгтэй шөл авч очсон нь тэр. Сар гаруй болсон санагдана, сайн эдгэрээд гарсан. Бидний 90-ээд оны амьдрал олон өнгө аялгуутай дуу шуу ихтэйхэн бужигнаад л өнгөрсөн. Жагаа бид хоёрын нэг сайхан уулзалт гэвэл яах аргагүй Иллинойс мужийн Чикаго хотоос жаахан урьдхантай байдаг Блюмингтон хэмээх жижигхэн хотод Дээрхийн гэгээний Монголчуудтай хийсэн уулзалтын үеэр ярилцлага авахад хамт очицгоосон мартагдашгүй өдрүүд юм. Бид хоёр хар үүрээр оччихсон догдлоод хүлээж билээ. Маш цэвэрхэн сайхнаар засч тохижуулсан жижигхэн дацанд бүгд л Далай багшийн гэгээн энэрлийн далд сүр хүчинд өөрийн эрхгүй автсан мэт бишрэлд автан чив чимээгүй нам гүмд аван хүлээв. Энд бас эртний танил уран бүтээлийн анд Улаанбаатар телевизийн найруулагч Ж.Баяр очсон байв. Би кофе л уугаад байсан. Догдлохоороо тэгдэг. Жагаа хоёр алгаа байн байн үрээд   урдуур алхана. Чи юу гэж урдуур хөлхөөд байгаа юм бэ гэж хэлэв. “Нервтжээ” . Юу гуйх гээд байгаа юм Мөсөн чихэр үү гэж хөгжөөх санаатай асуув. Аан бие өвдөөд нойр муутай яваа гэж л хэлсэнсэн. Энэ бол 2007 оны намар байсан даа.
 
Далай багш их сайхан хүлээн авч   бид хэдтэй хагас цаг илэн далангүй ярьж билээ. Жагаа бид хоёр зэрэгцэж суугаад эгээ л сайн танилтайгаа учирсан мэт хөөрөлдсөн. Тийм сайхан учрал хувь заяаг нэг удаа Далай багш тэгж өгсөндөө. Дараа жилийн хавар Жагаа маань биднийгээ орхиод үүрд явсан. Хавраас яах аргагүй хэвтэхээс өөр аргагүй болсон юм билээ. “Чи нэг ирээч гэж 6 сард хоёр удаа ярив. Тэр үед аав маань хүндээр өвдөөд бүр дор орж эмнэлэг нэг мөр бараадсан тул би хонон өнжин сахиж тийш ээ очиж чадаагүй юм. Аав маань бүр асаргаанд орсон. Найз нь салахгүй сахиж байгаа шүү. Уучлаарай гэхэд “За за Гомбо гуайд мэнд хүргээд хамт эдгэрээд эмнэлгээс гарна” гэж хэлээрэй л гэж байсан. Тэрнээс хойш дахиж дуу хоолойг нь сонсоогүй. Нэг ийм сайхан найзтай хамт телевизийн уран бүтээлд юм хийцгээнэ гэж бараг хорин жил хамт явжээ.
 
Нийтэлсэн: Г.Золжаргал

Дэлхий тойрохын өмнө ба дараа   
Үзсэн: 5194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-01-24 10:32
дараагийн нийтлэлийг хүлээж байна.амжилт
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-23 22:34
баярлалаа Хичээе ээ
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-01-23 22:29
санамсаргүй энэ нийтлэлийг олж уншлаа. Золоог нийлэл бичсэн гэж мэдээгүй. Сайхан санагдлаа. Жагаа сэтгүүлчийг гэнэт нас барсан гэхэд их эвгүй байж билээ. Арай л залуугаараа, гэнэт өнгөрчихсөн дөө. Үнэхээр аргалж болохгүй өвчин бсан юм болов уу да.
Mendkhuu Ganbaatar [112.72.13.xxx] 2014-01-23 20:48
Sain baina uu? Zoloo ahaa. Tanii niitleluudiig bi algasahgui unshij baigaa. Ta ene niitleluudee emhetgeed saihan nom bolgood zaaval hevluuleerei. Mongoliin televiziin uran buteelchidiin tuhai, televiziin tuuhiin tuhai une tsenetei buteel bolno gej bodoj baina.

Бидэнтэй нэгдээрэй