Шууд Chart

Харгуйгаас эхэлсэн их зам

2014-02-11 15:51:13

                       /Баримтат тууж/
 
Ирж яваа цаг гэж. Өдөртөө нар сүрхий ээж цас мөс хөлрөн хотын гудамж талбайд хүн машины хөдөлгөөн ихэсчээ. Хавар болж байна. Богд уулын ар хормой хэдийн цоохортон харлаж харин сүүдэр газрынх нь цас хайлж дуусаагүй тул энд тэндээ оочин цоочин толботон үзэгдэнэ. Гэвч үдэш орой нар уулын цаагуур тонгойход жиндүүлсэн хэвээр. Бүр дунд сургуулийн зургаадугаар ангид байхад танилцсан нэг байр, нэг орцны найз болох Д.Батболдтойгоо эргэн уулзаж, дөрөвдүгээр сарын тэр нэг үдэш ажил тарсны дараа тухтай ярилцахаар цаг болзов. Д.Батболд намайг зорьж уулзахаар тэр өдөр миний ажил дээр ирсэн байв. Орой товлосон цаг болоход би хувцаслаад ажлаасаа гарлаа. Жавартай хөлдүү өвлийн амьсгал бага ч болов нугарч урин хаврын шинж оржээ. Эрт харанхуй болдог нь тавирч, долоон цаг гэхэд гэгээтэй байв. Би зурагтаас театр руу явган алхлаа. Толгойтын таван шарын тэнд баригдсан нэгдүгээр хорооллын угсармал шинэ байшинд анх нүүж байсан тэр цагаас хойш хорин нэгэн жил өнгөрчээ. Батболдынх манай доод давхарт нүүж ирж байлаа. Гэтэл харин хорь гаруй жилийн дараа биднийг өөр нэг цоо шинэ ажил амьдрал дахин учруулах ёстой байжээ. Энэ тухай эхний яриагаа дуусах үед үргэлжлүүлнээ.
                         ...                                                        
        Нөхөд маань тэр шөнө унтах завгүй ажилласан. Дор бүрнээ л ажлаа амжуулах гэж мэрийнэ. Би маргааш авах зургийнхаа ажлыг цэгцэлж бэлтгээд нэг мөр өглөө эрт очиж уулзъя гээд гэрлүүгээ алхлаа. Шөнө орой болжээ. Дэлгэр зуны цаг модны навчис сэрчигнэн зөөлөн бүлээн салхи үлээнэ. Хотын гудамжаар сургуулийн ахлах ангийн охид хөвгүүд гоё сайхан хувцаслаж хөгжил баяртай алхацгаана. Зургаадугаар сарын дундуур дээд сургуулийн шалгалтад бэлтгэж байгаа тэд дэвтэр ном сугавчилж хэсэг бөөнөөрөө явна. Энэ үед шөнө дөл болтол хотын гудамжинд хөл татардаггүй юм. Миний сэтгэл өөр нэг юманд догдолжээ. Би маргаашийн тухай бодож явна. Хоёр сар гаруй ярьж бичиг цаас болж хөөцөлдсөн ажлынхаа анхны үр дүнг, бас эхлэлийг маргааш үзэх гэж байна. Батболд, Батзориг, Лхагважав бид хэд жихүү даасан хаврын тэр нэг үдэш уулзаж, бодож сэдсэн ажлаа чухам юунаас эхлэх нь зүйтэй вэ гэж толгой гашилгаж оройжин ярьж суусныг бодвол одоо нэлээд зүйл амжуулжээ. Бас олон шинэ танилуудтай ч болсон байв.
 
Маргааш өглөө мандахын улаан нартай уралдан босч анхныхаа тэмцээнийг зохион байгуулна. Бидний ажлыг эмхэлж, мэдэх чадахгүйд сэтгэл гарган тусалсан Бааска ах / Баасандорж/ байгаагүй бол юу ч амжуулж чадахгүй байсан нь тодорхой. Батзориг шантрахгүй ажиллаж байв. Автомашинаар уралдаан зохион байгуулах анхны санааг Батзориг, Батболдтой ярьж хамтдаа санаачилсан. Шөвгөр зууван царайтай ялимгүй монхор хамартай энэ залууг би урьд нь таньдаггүй байв. Батболдтой байнга хамт явж бид хэд ойр ойрхон уулзах болсон хаврын тэр өдрүүдээс л мэдэх болсон хэрэг. Бидний зохиох гэж байгаа энэ уралдаан монголд анхных биш л дээ. 90-ээд оны эхээр Чулуун гэж хүн автомашины уралдаан зохион байгуулж туршсан гэдэг. Тэр уралдаанд найз Батболд маань оролцож байсан. Харин миний хувьд тийм уралдаан зохион байгуулахад оролцож яваагүй болохоор наддаа л анхных. Гэхдээ тэр чиглэлийн юм сурвалжилж явсан уу гэвэл байсаан. Монгол телевиз 90-ээд оны эхэнд уран бүтээлийн гурван нэгдэл байгуулж үзэгч олныг шуугиулж байх үед миний бие “Гал” нэгдэлд редактороор ажиллаж байсан. Хавар нь Япон улсын соёл урлагийн өдрүүд Улаанбаатар хотод болоход хэн билээ дээ тэдний нэг зартай овсгоотой бизнесмэн баахан мотоцикль Монголд авч ирэн нэг өдөржин хотын гудамжаар давхиулж ёстой нэг “шоудаж” билээ. Үнэтэй, чамин урьд өмнө нь Монголд үзэгдэж байгаагүй нэг их олон мотоцикль давхиулж, бид хэд өдөржин дагаж нэвтрүүлгийн зураг авч  байлаа. Тэгэхэд авто мотоспортын жинхэнэ хувцас, уралдааны ганган мотоциклийг ойроос анх удаа үзэж шагширсан юм. Энэ чинь лаазтай ундаа үзээд сонирхон баярлаж байсан 90-ээд оны эхэн шүү дээ. Дөрвөн бандгар дугуйтай ачааны суудалтай тод хурц өнгө, сонин хэлбэртэй мотоциклууд зайсан толгойн шатаар хүчтэй хаазлан өгсөхийг харахад ямар мундаг эд вэ гэж бахадсан. Тийм явдал шинэ нийгмийн босго давж орсон Монгол улсад маань зуны нэг нартай сайхан өдөр болж байсан юм даа. Батболд бид хоёр нас чацуу. Манайхан Маахуурын энгэрийн 15-р хорооллоос нүүж толгойтын Таван шар гэх  1-р хороололд очиж байхад тэднийх бас нүүж ирж байсан. Аав нь Дарьзав гэж жолооч хүн. Тэр үед гадаадын жуулчдад үйлчлэх баазад Оросын ПАЗ автобус барьдаг байжээ. Шинэ байранд орсон тэр өвөл их хүйтэн байж билээ. Хавар гадаа дулаарахад хүүхдүүд сая л гудамжинд гарах болж, нэг орцныхон байрныхан бие биенээ зүс мэддэг болов. Тэгэхэд Дарьзав гуай ПАЗ автобусаа гадаа зогсоочихсон хамрыг нь ухаж байх.
 
Батболд аавдаа тусалж байгаа нь цонхоор харагддаг байсан. 7-8 насны орчим эрэгтэй хоёр дүү нь бас тусална. Тэг тэгсээр нэг л мэдэхэд манай орцны жаалууд танилцжээ. Би кино үйлдвэрийн дэргэдэх 30-р сургуульд сурч байсан болохоор хотын баруун зах болох Толгойтоос хар үүрээр эртлэн гарч хотын нөгөө зах болох 15-р хороолол руу хичээлд явдаг сүрхий ажилтай. Тэр үед Толгойтын чиглэлийн автобус маш ховор явна. Өглөө эрт гараад л орой нэг гэрийн бараа харна. Шинэ байрны хүүхдүүдтэй тийм амар танилцах боломж эхэндээ байгаагүй юм. Тэр 70-аад оны үеэс нэг иймэрхүү дүр зураг сэтгэлд хадгалагдан үлдсэн байлаа. Ажлаасаа уруудаж алхсан би энэ мэтийг бодсоор тэр үдэш хорь гаруй жил уулзаагүй  найз Батболдтойгоо уулзахаар Дуурийн театрт очсон байлаа. Тэрнээс өмнө хойно олон л юм болсон дог. Автомашины анхны уралдаан, аялалд оролцох бүх машинуудаа хотын үйлчилгээний 29-р баазын гараашинд авчирч будаж эхлэв. Тэгэхэд одоогийнх шиг хууллага цаас, баллонтой шүршдэг будаг байгаагүй болохооор хатуу кардон цаас нүхэлж цоолтуур хийгээд будаг түрхсэн зөөлөн пролоноор машин бүрийн хамар бас  хажуу хаалга, хавирга бөөрийг нь гоёж, ноймор дугаар тавьлаа. Тэр гараашид шөнөжин ажиллаж бүх машинаа гоёсон юмдаг. Автораллийн уралдааныг кино телевизээс харж байхад гадаадынхан машинаа хачин сонин чимж эрээлсэн байдаг. Их л сүртэй. Бид амихандаа тийм л болохыг хүсч шөнөжин суусан хэрэг. Уралдаанд оролцох багууд гэвэл Баярмагнай гэдэг залуу “Нива” маркийн суудлын машинтай,ах дүү Бямбасайхан Баяртөгс нар “Шероки” /Cherokee/ жийпээр, Батболд дүү Өлзийгийн хамт Тоёото Ландкруйзер-60 , нөгөө нэг дүү  Лхагважав нь Ладатай, бид “ тавын халуун” гэж хочилдог Зоригт, / тэр үед Армийн болон улсын уран жолоодлогын, бас Латви улсад болсон ах дүү армиудын уран жолоодлогын аварга, мөн 90, 94 оны автомашины холын зайн уралдаанд оролцож байсан/ Хэнтийн Гал шараас ирсэн Доржсүрэн Лхагваа нар бүгд “ Зил-130” ачааны машинтай,  Багануурын Мөнхбат, Түшээ хоёр Ниссан Террано-гоор тус тус уралдана гэж  бүртгүүлсэн байлаа. Уралдаанд яагаад ингэж олон янзын машин оруулах болсныг яривал дахиад дөрөвдүгээр сарын тэр өдрийг эргэж дурсана.
 
Бид анхнаасаа автоспорт аяллын уралдаан л зохион байгуулна гэж зорьсон юм. Аав нь жолооч болохоор Батболд хар багаасаа л машинаар өвчилсөн хүүхэд. Байрны гадаа эцэг нь автобусаа янзалж байхад Батболд хэзээний дэргэд нь тосонд халтайчихсан зогсож байдагсан. Арван жилээ төгсөөд Ленинградад төмөр замын  инженерийн сургууль дүүргэж дараа нь цэрэгт алба хааж байхдаа  тэрэг барьдаг байснаа ярьдаг байлаа. Автомашин бол Батболдын мөрөөдөл амьдрал нь. Би явсаар талбай хөндлөн алхаад Дуурийн театрт ирлээ. Батзориг, Батболдын дүү Лхагважав бид гурав дотогшоо орж хоёр давхарт нэг жижиг кафед суув.Тэр үед Дуурийн театр дотроо архи пивоор үйлчилдэг кафетэй байсан. Намайг урьсан хэд автоспортын  нэг холбоо байгуулж уралдаан зохиох гэж байгаагаа танилцууллаа.  Батболд Ленинградад сурч байхдаа тэр үед Орост зохиогддог байсан олон янзын уралдааныг үзсэн тухайгаа ярив. Би ч бас зурагтаар харсан тэмцээнүүдээ хэлж  бид дөрөв тэр үдэш ёстой нэг автомашинаар ярьсаар “оройтов “. Автоспорт аяллын холбоо байгуулах тухай бидний анхны уулзалт тэр байсан юм аа. Батзориг 94 онд “Чингэс хааны говь” нэртэй автоклуб байгуулсан аж.  Клуб нь 1994 онд холын зайн авто уралдааныг Улсын  Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэгийн Төв зөвлөлтэй хамтран зохиожээ. Тэр уралдаанд Батболд оролцож түрүүлсэн боловч зохион байгуулагчид хуйвалдаж нэгдүгээр байрнаас хасаж булхай гаргасан гэдэг. Батзориг уралдааныг зохион байгуулсан хүмүүст дургүй хүрч Батболдтой нийлж “Чингэс хаан клуб”-ынхээ үйл ажиллагааг өргөжүүлж илүү шудрага уралдааныг зохион байгуулна гэж шийджээ. Тэр бодлоо орхилгүй явсаар мань хоёр 95 онтой золгож ямар ч байсан шинэ байгууллага, цоо шинэ мэргэжлийн уралдаан зохиох хүсэлдээ автаж, эхлээд телевиз радио хэвлэлийн сурталчилгаа хийх нь зөв гэж найз нөхөдтэйгээ уулзаж эхэлсэн нь тэр байлаа. Бид шөнө орой болтол суусан юм. Анхны зохион байгуулах хуралдаан хийх тухай ярилцсанаа тод санаж байна.
 
Тэмдэглэж хэлэхэд ер нь 90 ээд онд УБХТНТ Зөвлөл, техник спортын клуб, түүний мэдлийн мотоспортын клубууд уралдаан зохиодог байлаа. Хурал хийвэл: Баасандорж гэж хүн бий, бидний ажилд тус болно, урьд нь УБХТНТЗөвлөлийн авто сургуулийн аж ахуй эрхэлсэн орлогч захирал явсан. Одоо Энхтайван найрамдлын Ордны ажилтан тэр хүнтэй уулзъя гэж Батболд санал болгосон юм. Харин над хандаж телевизийн VIP нэвтрүүлгийн хөтлөгч, МЗХолбооны нарийн бичгийн дарга Ч. Сайханбилэгтэй уулзвал зүйтэй байх гэсэн юм. Хоёр гурав хоногийн дараа дахин уулзаж шууд л ажлынхаа ажил үүргийн хуваарийг гаргав. Хаврын ээлтэй нар гийсэн салхитай өдрүүд ар араасаа цуварч бид ажлын чамгүй төлөвлөгөө боловсруулав. Батлан хамгаалах яамтай холбоо тогтоох нь чухал байлаа. Тэр үед тус яамны аж ахуй үйл ажиллагаа явуулдаг “Зэв” концерн гэж байсан. Бид Армийн зэвсэг техникийн хяналтын албаны дарга байсан байх, нэлээд чухал дээгүүр алба хашдаг Энхсайхан гэх залуухан дэд хурандаатай уулзав. Тэр хүнтэй манай ахмад тамирчин Зоригт маань зуучилж уулзуулсан юм. Яамнаас харин Алтангэрэл гэж хүнтэй уулзах нь зүйтэй болов. Алтангэрэл гуай “Зэв” концерны захирал байсан. УАЗ-469 маркийн автомашины бааз суурин дээр бартаат замын уралдаан зохион явуулахад Батлан хамгаалах яамны зүгээс техник тоног төхөөрөмжийн холбооны хэрэгсэлийн майхан, сав суулга, гал тогооны зэрэг олон зүйлээр бодитой дэмжлэг үзүүлэх болов уу гэж найдсан юм. Манай улсад авто болон мотоциклийн уралдаануудыг олон жил зохион явуулсан зохих туршлага бий. Гэвч өнөө цагийн шаардлагаар зохион байгуулалтын болон техникийн өндөр түвшинд бэлтгэж, олон улсын хэмжээний жишигт хүрэхүйц уралдаан тэр болгон зохиогддоггүй байлаа. Бас уралдааныг шудрага өрсөлдөөнтэйгөөр зохион явуулах нь чухал. Тийм нэг шинэ байгууллагатай болохыг хүссэн хэрэг юм. Тэмцээн бүр гараа нь ч тэр,  бариа нь ч тэр сүртэй сайхан, ёслол төгөлдөр болж амжилттай оролцсон шилдэг тамирчид яг л олон улсын тэмцээнд байр эзэлсэн мэт оргилуун дарс буудуулж баяр хөөр болдог байгаасай гэж хүсэж байсан.  Сайхан мөрөөдөл заримдаа, урам зориг эрч хүч хайрлаж амьдралын төлөө тэмцэлд уриалан дуудах нь их бий. Гэхдээ л мөрөөдөл болгон бодит биелэлээ олоход он жил, цаг хугацаа нөсөр их тэвчээр шаарддаг. Баасандорж гуай уриалгахан сайхан зантай хүн байв. Бага залуугаасаа л олон улсын харилцаа, дипломат албанд зүтгэж бичиг дансны ажлын хар борыг үзэхдээ нүд тайлж юм үзсэн байлаа. Бас машин техникт сонирхолтой тул бидний яриаг анхааралтай сонсож хамтран ажиллахад татгалзах юмгүй гэж хэлсэн юм.
 
Батлан хамгаалах яамны зарим хүмүүс ч туслахад бэлэн гэдгээ амлав. Дэмжих туслах урамтай үг сонсоход сайхан. Бид өдөр өнгөрөх тусам Баасандорж гуайн ажил дээр уулзах нь олширч бие биенээ улам дотно ойлголцож эхлэв. Одоо бид хэд Батболд , Батзориг, Баасандорж, Батболдын дүү Лхагважав нийлээд нэг баг болжээ. Хэд хоногийн дараа Батболдтой хамт Ч.Сайханбилэгийн гэрт очлоо. Өрх тусгаарлаж айл болоод нэг их удаагүй ч ажилтай, халамжтай эзэгтэй гэр орноо тохьтой сайхан авч яваа нь ороход нүдэнд тусав. Анхдугаар зохион байгуулах хуралдааныг яаж явуулбал зүйтэй бол гэж Сайханбилэгтэй зөвлөлдөхөөр очсон нь тэр юм. 1994 оны өвөл МЗХолбооны ээлжит бус их хурал хуралдахад Сайханбилэг зөрчил маргаантай их төвөгтэй асуудал дүүрэн хурлыг чадварлаг удирдаж, даргалж байхыг харахад үнэлж, хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан. Бид эхнэр Байгалийнх нь бэлтгэсэн амттай сайхан хоолоор дайлуулж оройжин ярьж суусаар Сайхнаа хурал даргалах болов. Сайхнаа спортод дуртай. Бидний ажлыг сонирхон дэмжинэ гэсэн юм. Анхдугаар хурал хийхэд төвөгтэй олон асуудал гарах нь тодорхой байв. Хүмүүс олон янзын санал хэлнэ, эсэргүүцэх хүн ч гарах магадлалтай. Ямар ч болов сайн бэлтгэх шаардлагатай байлаа. Гурван долоо хоногийн өмнөхийг бодвол Батболд бид хэд багагүй ажил амжуулжээ. Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн нөлөөнд улсын чанартай уралдаан зохион явуулдаг болохоор бид арай өргөн хүрээтэй хэд хэдэн чиглэл бүхий үйл ажиллагаа явуулахыг зорьсон юм... /Үргэлжлэл бий/
Нийтэлсэн: Г.Золжаргал

Харгуйгаас эхэлсэн их зам  
Үзсэн: 4936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй