
-Эх орны дайны ялалтын 74-н жилийн ойд зориулав-
Харь холын газар замын эрхээр очсон хүлэг морьд унаган нутаг, ижил дасал сүрэгтээ очих гэж түмэн бэрхшээлийг цуулан хатируулахын тухай өгүүлэхэд үг эвлэхгүй мэт... Монгол эр хүн морь хоёрын амин холбоо, эх нутгаа гэх чин сэтгэлийн тухай домог түүх, ном судар олон байдаг л даа. “Адгуус гэдэг хүнээс ялгаагүй сэтгэл зүрхтэй амьтан...” гэж буурлууд учирладагсан. Тэртээ арван гуравдугаар зууны үед Монгол морьдын туурайн хээгээр дэлхийн талыг тамгалж байсан түүх бий. Тэр үед хичнээн олон хүлэг унаган нутгаасаа холдож, хагацал тэмцэл амсч байсан бол. Эртний түүх гэлтгүй, энүүхэн ойрын баримтуудыг л харахад үнэндээ элэг эмтэрч өр өмөрмөөр. Нутаг ус руугаа амь дүйн тэмцэж, олон мянган өртөө газрыг туулахын энэлэн зовлонг мэдэрнэ гэдэг юутай хэцүү. Бид, өргөн тал, өндөр даваа, гатлашгүй гүнзгий мөрөн голуудыг ч туулаад ирсэн морьдын тухай домог болгон ам дамжуулж ярьдаг. Тэр байтугай Вьетнамын аралаас гүйсэн ганц морь Шар мөрөн, Алашаадын их элсэн цөлийг туулаад ирсэн тухай ч үзсэн харсан мэтээр ярих хүн эдүгээ бидний дунд ч бий. Монгол морийг унаж эдлэж байсан гадаадын хүмүүсийн яриа, тэмдэглэл дурсамж зэрэг түүхэн баритуудаас үзэхэд энэ бүхэн худал зүйл огт биш бололтой. Цэнхэр гарагийг доргиулсан галт дайны талбарт ялалт байгуулаад шархтайгаа ирсэн морьдын тухай зүрх зүссэн баримтууд ч олон байх юм. Монгол морио гэж Монгол улсаасаа илүү түүхтэй ч байж мэдэх ийм л агуу ертөнц гэлтэй. Энэ бүхнийг эрэгцүүлэн бодоход Монгол хүн морин эрдэнээ төрийн сүлдэндээ залж, түүндээ залбирахын учиг багадах мэт...
Газар үнэрлэн ергүүлж яваа
Ганц морийг битгий үргээ
Эхийнхээ хээлэнд зарагдсан унага
Ижлээ орхин нутгаадаа гүйж явна аа... гээд одоо ч бид дуулж байна. Нас бие гүйцсэн хойноо хүний нутагт очсон морь байтугай, эхийнхээ хээлэнд байхдаа харь газар очиж, хүний нутгийн хөрсөн дээр тэнцсэн унага, уугуул нутаг усаа руугаа гүйж ирнэ гэдэг юу гэсэн үг билээ. Адуу малаас хол, хот суурин газарт төрж өссөн хүний тархинд бол буушгүй зүйл. Монгол эх орондоо, аймаг хошуу дамжуулж зарсан хүлэг морь ижил сүрэг, нутаг усруугаа гүйдэгийг бол мэдэхгүй хүн бараг байхгүй л дээ. Тухайлбал наран ургах зүгийн нутаг одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын цаад Халтарын говиос баруун Монгол алтайн нурууны дунд бие Баатар хайрхан уулын зүүн суга, хан Жаргалантын өвөр өнөөгийн Ховд аймгийн Зэрэг суманд худалдагдаж очсон хурдан хүлэг хэдхэн хоногийн дараа ижил сүрэгтээ сувдарсан тунгалаг хөлс дуслуулан гүйж очсон гэдэг. Мөн Завхан аймгийн Баянхайрхан сумын малын эмч Товуу гуай 1966 онд Улаанбаатар хот руу бэлтгэлийн мал туухдаа жороо хээр морио Төв аймгийн нутагт үнэ өсгөн худалдаад 8-р сарын сүүлээр гэртээ харьсанд жороо хээр морь нь өөрөөс нь түрүүлээд оччихсон байжээ. Өмнөговь аймгийн Манлай сумын худалдаа бэлтгэлийн ангийн жолооч Сувдхүү 1985 оны намар хар зүсмийн унаган морио Улаанбаатар хот руу туувар туусан хүнд дайж худалдуулсанд, тууварчин хотын хүнд зараад буцаж очиход хар морь зэрэг шахам ижил сүрэгтээ очиж нутгийн олныг гайхшируулж байсан гэдэг. Хойтон жил нь дахиад тууварт авч яваад Улаанбаатархотын мал бааз дээр борлуулсан боловч хар морь мөн л ижилдээ гүйгээд оччихоор нь өрөвдөж хайрлаад дахиж худалдалгүй нутагт нь ясы нь тавиулсан даа гэж хуучилдагсан. Энэ мэтээр тоочвол хүлэг морьдын нутгаадаа гүйсэн тухай хууч яриа маш олон бий. Гэхдээ харь гадаадын улс оронд танихгүй мэдэхгүй, олон уул даваа, гатлашгүй туулашгүй олон гол мөрөнийг туулаад нутагтаа ирнэ гэдэг үүнтэй адил зүйл биш ээ. Хэт алсаас гүйж Монгол эх нутгийнхаа ариун салхины сэжүүрийг амтлаад хилийн зурвас давж амжилгүй үргэгдсэн морьдын тухай ярих үүнээс өөр л дөө.
Дэлхийн хоёрдугаар дайн гэж Европ тивийг дарийн утаа нөмөрсөн ёроолгүй зовлонг Монгол морьд мөн л амссан. Орос зөвлөлтийн ахан дүүсдээ туслахаар Улаан армийн хэрэгцээнд шилдэг сайн агт морьдоо бэлэглэсэн явдал бол 72 жилийн л өмнөх үйл. Бүхнийг фронтод уриан доор өрнүүлсэн тухайн аянд 485 мянган агт морь цуглуулж, 33 мянган морийг зөвхөн дайны талбар луу илгээжээ. Гэвч энэ морьдын хэд нь Монгол нутаг руугаа гүйсэн бол, хэд нь Герман цэргийн суманд өртсөн бол гэж бодохоос зүрх хайлмаар... Оросын армид агт морьдыг хүргэж өгөхөөр малчдын төлөөлөл болж олон малчид очсон байдаг. Тэд дайны тухай ярихаасаа илүүтэй “Манай морьд Днепр мөрнөөс ус уугаад гарахдаа ихэнх нь нүдэндээ нулимастай, бүгд л нутгийнхаа зүг сэрийтэл харцгааж байсан...” гэж самсаа шархируулах ярьж буй дүрс бичлэг бий. Эх орны дайн гэх энэ дайнд манай морьд ихээхэн гавъяа байгуулж, агуу их ялалтад үнэтэй хувь нэмсэн гэж дайны жилийн Орос цэргүүд мөн л олон баримт дурсамж үлдээсэн. Өнөөдөр ч гэсэн энэ тухай хүүрнэх Оросын ахмад дайчид олон бий.
ОХУ-ын ахмад дайчин Федосевич дурсамж тэмдэглэлдээ Монгол морины тухай ингэж өгүүлжээ:
Монголын ард түмнээс олон мянган агт морьдоо Зөвлөлтийн армид бэлэглэсэн. Тэр жил ихээхэн хүйтэн хатуу өвөл байж билээ. Монголоос бэлэгний морьд ирсэн гэхээр нь манай сумангийнхан очиж үзвэл бүгд жижигхэн морьд байсан тул бид тоосонгүй. Удалгүй надад хээр зүсний Монгол морь хувиарлан өглөө. Манай сумангийнхан намайг, илжиг унасан “Дон Кихот” гэж хочилдог болов. Манай суман тагнуулын суман бaйсан тул ой ширэнгэ аль л байгалийн бартаатай газраар явна. Нэг удаа Немцүүдийн отоонд орж, олон цэргүүд гал нээхэд миний морь хамгийн түрүүнд тэндээс сум шиг харван гарч намайг анх удаа аварсан юм. Чихээ хулмайгаад сунаж байхад нь би дээр нь арайхийж л тогтдог байлаа. Морь маань намаг таарвал үнэрлэж байгаад цөмрөхгүй газрыг олоод гарчихна. Нөгөөх өндөр морьд маань харин намагт шигдээд гаргах гэж их л ажил болдог байлаа. Би мориндоо “Монгол” гэж нэр өгсөн бөгөөд манай суманд “Монгол”-ийг мэдэхгүй хүн үгүй. Бас нэг байлдаанд нэг цэргийн морь дайсны суманд өртөж дайны галын дунд үлдэхэд би морьтойгоо эргэн давхиад тэр шархадсан цэргийг авахаар ойртоход “Монгол” маань бараг газарт наалдах шахам налж өгч би тэр цэргийг гуд татан урдаа тэгнээд галын шугамаас холдсон. Ингэснээр “Монгол” маань сумангаар барахгүй Дивизэд нэр нь түгсэн юм даа. Тагнуулын сумангийн хамгийн эхэнд “Монгол” бид хоёр л явдаг болов. “Монгол”-д би сахар, хар талх идүүлж сургасан. “Монгол” бид хоёр байнга л хамт байдаг тул найз нөхөр шиг л дасал болцгоосон юм. Миний өврөөс сахар, хар талх үнэрлээд л мэдчихнэ, тэгээд нэхнэ. Ийм сайн морио бэлэглэсэн малчин Монголчууд сайхан сэтгэлтэй хүмүүс юмдаа гэж би боддог байв. Сүүлдээ миний “Илжиг унасан Дон Кихот” гэдэг хоч маань өөрчлөгдөж “Ид шидийн морьтон Илья Муромец” гэдэг алдартай болов. Тэр үед манай сумангийхан Монгол морьдтой болохыг л хүсдэг байлаа. Бусад цэргүүд маань өвлийн хахир хүйтэнд морьдоо хооллох гэж сандарч байхад, би бол хээвнэг дугжирч хэвтдэг байлаа. “Монгол” өөрөө цас ухаад өвсөө олоод идчихнэ. Ер нь миний амийг “Монгол” маань олон удаа аварсан даа. Тэр морь бол миний сайн нөхөр минь байлаа. Дайны дараа би “Монгол”-оо Москва хотын ойролцоо цэргийн аж ахуйн газарт хүлээлгэж өгөхдөө өр эмтрээд тэсэлгүй мэлмэртэл уйлж билээ. Дэлнээс нь л хэдэн хялгас тасалж аваад үлдсэн юм. Одоо Монголын маань хөшөө цэргийн ангийн цэцэрлэгт хүрээлэнд бий. Би Монгол Улсад очиж Монгол морь унаж, үнэрийг нь нэг сайхан үнэрлэх юмсан гэж бодож явдаг юм даа...
Монгол морьд Америк, Европын өндөр адуунаас илүү шандастай гэдгийг өрнөдийнхөн өөрсдөө баталсан юм. Дайны үед Москва хотын хотын ойролцоох цэргийн хүрээний агтаас арав гаруй морь тасарч гүйгээд Уралын нуруу давж яваад буцаад туугдсан байдаг. Мөн ахар дэлтэй, цээжин биедээ олон шарх соривтой шарга морь их Енисей мөрнийг гатлан явсаар Монгол шарын давааны шилд нутгийнхаа зүг тэргүүн залаад налсан тухай баримт, 1946 оны зун Их хянганы нурууны зүүн хажуугаас Монгол нутаг руугаа гүйсэн бор морь Манжуурын талыг хурдын хэрээр туулж хэтэрхий ангаж цангасны улмаас Эргүнэ мөрний уснаас цочир ихээр уугаад Далай нуурын эрэгт ясаа тавьсан гэдэг. Монгол морь зөвхөн Орос, Хятад, Вьетнамд очоогүй ээ. Тухайлбал АНУ-ын Пенделтоны армийн цэцэрлэгт хүрээлэнд Монгол хул морины хөшөө бий.
Энэ бол АНУ-ын Зэвсэгт хүчний бүхий л шагналыг хүртсэн монгол адуу юм. Америкийн түүхэнд тодоор бичигдсэн, давжаахан биетэй энэ морь бол 1954 оны хөх морин жил Солонгосын дайнд оролцож, Хятад болон хойд солонгосчуудын шуурган гал дундуур гайхамшгийг үзүүлсэн хүлэг. Олон олон орноор аялж явдаг циркчин морь биш мөртлөө дайны хүнд хэцүү он жилүүдэд хамгийн олон орон дамжсан түүхтэй хүлэг юм.
Тухайн үед морь танидаг хүмүүсийн харцыг булаасаар дуудлага худалдаа дамжин улмаар Америкт очсон гэдэг. Анхны дуудлага худалдаагаараа 250 ам.долларын үнэд хүрч байжээ. Түүний Солонгос эзэн нь Ким Хук Мүн гэгч залуу эр Эрик Педэрсэн гэгч америк эрд худалдсанаар хул морины амьдрал өрнө зүгт хөтлөгджээ. Америкт очсон хойноо ч олон тулаанд оролцож байсан бөгөөд, цэргийн жанждын итгэлтэй хүлэг байсан тухай олон хүн дурдсан байна. Америкчууд Солонгосын хойгийн дайнд татагдан орж олон америк дайчид Номхон далайгаар Азийг зориход Рэклес баатрын хүлэг болж явсанаар хамгийн сүүлийн дайнд оролцжээ.
Монгол адуу гэдэг ийм л эх орон ч ийм л тэнгэрлэг мал гэдгийг бид умартах ёсгүй. Хаана дайн болно тэнд Монгол морь л түүчээлж, хаанахын улс ялалт байгуулна тэнд Монгол морь л шагшигдаж байсныг бид өнгөрсөн түүхээс ийнхүү харж байна. Дайны морь гэж саяхан дэлхийн кино урлагийн сор бүтээл дэлгэцнээ гарч, олон улсад шуугиан тарисан. Угтаа тухайн кинон дээрх анжис чирсэн морь бол дайны морь биш, ертөнцийн дөрвөн зүг найман зовхисыг олон зуун жил хурааж ирсэн Монгол морьд л дайны морьд, тэр дундаа ялалтын морьд байж. Нүүдэлч түмний их баяр цэнгэл наадмын цэцгэн ширмэлтэй зурхайг алтан туураараа гижигдэн уралддаг Монгол морьд зөвхөн наадмынх байгаагүйг бид мартах учиргүй ээ.
Ө.Цогт-Эрдэнэ
Харьд одсон Монгол морьд | ||
Үзсэн: 5634 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.