Шууд Chart

Конвенцын хэрэгжилтийн тайланг хэлэлцүүлэв

2019-08-25 10:38:59

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2019 оны 08 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд НҮБ-ын Арьс үндсээр алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны 99 дүгээр чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар  тус конвенцын хэрэгжилтийн талаарх 23-24 дэх ээлжит тайланг  амжилттай хэлэлцүүллээ. Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенцыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 1965 оны 12 дугаар сарын 21-ний өдөр баталж, 1969 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүчин төгөлдөр болсон билээ.

Монгол Улс Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенцод 1969 онд нэгдэн орж Конвенцын хэрэгжилтийн тайланг хоёр жил тутамд гарган хороонд хүргүүлж байна. Энэ удаагийн 23-24 дэх ээлжит тайланг 2018 онд тогтоосон хугацаанд Нэгдсэн Үндэсний Байгууллагын гэрээний хороонд хүргүүлсэн.

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар батлагдсан Засгийн газрын ээлжит тайланг хэлэлцүүлэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн тэргүүлж, бүрэлдэхүүнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Цагдаагийн ерөнхий газраас тус тус төлөөлөл оролцов.

Төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, хуралдааны үеэр тус конвенцын Хорооны дарга, гишүүдийн зүгээс тавьсан 84 гаруй асуултад хариулж, нэмэлт зарим асуултын хариуг 48 цагийн дотор холбогдох журмын дагуу бичгээр хүргүүлсэн байна.

Энэ үеэр чуулганы хуралдаан даргалагч Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдөд тайланг амжилттай хамгаалсанд баяр хүргэж, тус конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх талаар идэвхтэй хүчин чармайлт гарган ажиллаж байгааг онцлон хэлсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.


Конвенцын хэрэгжилтийн тайланг хэлэлцүүлэв  
Үзсэн: 472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй