
Ой мод болон ургамлын бүрхүүл агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийг “залгиж”, хүчилтөрөгч үйлдвэрлэхээс гадна эдийн засагт асар их үр өгөөж өгдөг. Тухайлбал, Герман улс ой модноос гарч буй нөөцөө ямар ч хаягдалгүйгээр боловсруулж, ашигласнаараа жилд 180 тэрбум евро олдог аж. Тиймээс арчилж, хамгаалах тусам өсөн нэмэгддэг ой модыг дэлхий дахинаа “ногоон алт” хэмээдэг.
Ойн салбарын 95 жилийн ойн хүрээнд Ойн үр, боргоцой бэлтгэх аюулгүй ажиллагааны болон Мод бэлтгэлийн талбай тусгаарлах ур чадварын тэмцээн энэ сарын 21-д МУИС-ын Сургалт судалгааны төвд боллоо. Түүнчлэн БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар энэ оноос эхлэн Ой модны салбарын ажилчдын өдрийг жил бүр тэмдэглэхээр болж байна.
Б.Оюунсанаа: Европт ойн салбарынхан хамгийн нэр хүндтэй байдаг
Энэ талаар БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа “Цаашид жил бүр ур чадварын тэмцээн зохион байгуулна. Ойн ангиудын үйл ажиллагаа босоо бүтэцтэй буюу удирдлага зохион байгуулалт нь БОАЖЯ. Тиймээс нэн тэргүүнд Ойн агентлаг байгуулах шаардлага бий. Ингэснээр ойн салбарын үйл ажиллагааг босоо удирдлагаар зохицуулах боломж бүрдэнэ. Энэ салбарын мэргэжилтнүүдийг урт хугацаанд бэлтгэдэг. Гэтэл удирдлага дөрвөн жилийн давтамжаар солигддог. Хэрэв босоо удирдлагатай болвол тогтвор суурьшилтай ажиллах мэргэжлийн боловсон хүчний тоо нэмэгдэнэ. Европын холбооны өндөр хөгжилтэй улс орнуудад ойн салбарт ажиллаж байгаа мэргэжилтэн, ажилтнууд хамгийн их нэр хүндтэй байдаг. Харин Монголд ойн салбар 1990 оноос хойш уналтад орсон. Өдгөө 70 орчим мэргэжилтэн ажилладаг. Ойн ангийн албан ёсны орон тооны тухай ярихад 3-4 хүн 300-400 мянган га талбай хариуцдаг гэхээр нэг хүнд оногдох ажлын ачаалал өндөр. Гэтэл орон тоог нь нэмэх хэрэгтэй байгаа ч төсвийн асуудал тулгарч байна.
Жеорж Ширмбэк: Модны нөөцийн үр бүтээлтэй ашиглалтыг бий болгосноор орон нутагт ажлын байр нэмэгдэнэ
Дээрх тэмцээнүүдийн нээлтийн үеэр Германы ойн аж ахуйн зөвлөлийн ерөнхийлөгч Жеорж Ширмбэкээс цөөн асуултад хариулт авлаа.
-Ойн салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлууд хийгдсэн бэ?
-Монгол, Герман хоёр орны ойн салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд маш сайн үр дүн гарсан. Цаашид манай талаас ойн аж ахуй болон ойн чиглэлийн шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий гэж харж байна. Мөн техникийн шинэчлэл, дэвшилтэт технологийн тал дээр хамтран ажиллах болно. Ойн салбарын чанар тэнд ажиллаж буй мэргэжилтэн болон ажилчдын ур чадвараас хамаардаг. Монголын ойн салбарт технологийн маш олон шинэчлэл хийгдэж байгаа. Үүнээс зарим шинэчлэл нь Германд 30 жилийн өмнө хийгдсэн. Дэлхий дахинд ойжуулах, ой арчлах, мод хураах ажил нэг л технологиор явдаг. Тиймээс Германы талаас ойн салбарт хэрэглэдэг технологи болон техникийг Монголд нийлүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.
-Манай ойн салбарт нэн тэргүүнд тулгарч буй бэрхшээлийг хэрхэн шийдэх боломжтой вэ?
-Монгол Улс мал аж ахуйн орон. Ойн салбарын хамгийн том бэрхшээлийн нэг нь мал аж ахуй байдаг. Ойжуулалт хийх талбайдаа мал оруулахгүй байх, хашилт хашаа барих хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд хоёр жилийн хугацаанд модоо ургуулах бүрэн боломжтой. Монголд мал аж ахуй маш үнэ цэнэтэй учир хориглох, хязгаарлах боломж байхгүй. Гэлээ ч ойн салбараа хөгжүүлэхийн тулд мал аж ахуйтай уялдсан бодлого барих хэрэгтэй. Монголд бэлчээрийн хэт ачаалал бий болсноос ойн салбартаа тодорхой хэмжээнд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа нь харагдсан. Манай Германы ойн салбарт ч тодорхой сорилт, бэрхшээл тулгадаг. Тухайлбал, ан амьтад ойн салбарын хөгжилд томоохон сорилт болж байна. Бид энэ сорилтыг давахын тулд байгалийн хуультай уялдсан бодлого явуулдаг.
-Дэлхийн жишгээс харахад ойгоо зөв, зохистой ашигласан улс орнууд энэ салбараас асар их мөнгө төвлөрүүлдэг юм билээ?
-Германд ямар нэг мод унагасан бол мөчир, ширхэг бүрийг нь ашигладаг. Монголын ойн салбарынхан унагаж, бэлтгэсэн модоо 100 хувь үр дүнтэй ашиглахгүй байгаа нь техник технологи бүрэн бус байгаатай холбоотой. Монголд орон нутагт ажлын байр бий болгох шаардлагатай өнөө үед модны нөөцийн үр бүтээлтэй ашиглалтыг бий болгох хэрэгтэй. Ингэснээр орон нутагт ажлын байр нэмэгдэнэ. Манай орны хувьд ой мод бүхий газар нутгийн хэмжээ бага. Манай ойг ОХУ-ын нийт ойн хэмжээтэй харьцуулахад дөнгөж 1.5 хувьтай нь тэнцэнэ. Гэсэн хэдий ч бид энэ бага хэмжээний ойн нөөцөө зохистой, үр ашигтай ашиглахыг хичээдэг. Тодруулбал, ойгоос гарч буй бүх нөөцөө ямар ч хаягдалгүйгээр ашиглаж байгаагийн үндсэн дээр ойн модны салбараас жилд 180 тэрбум евро төвлөрүүлдэг. Үүнээс харахад ойн салбараа зөв зохистой хөгжүүлснээр хэр их мөнгө тухайн орны эдийн засгийн эргэлтэд ордог болох нь анзаарагдана. Монгол Улс байгалийн буюу эрдсийн баялгаар баян орон. Түүнчлэн байгалийн баялаг нь ч хүн амынхаа амьжиргааны түвшинд үр өгөөжөө өгч байгаа. Үүнээс гадна ой модны нөөцөө зохистой ашигласнаар энэ салбараасаа үр нөлөөг нь хүртэх боломж бий.
Михаэл Трокенбродт: Монгол Улс ойн тооллогоо хийж, нөөцийн мэдээллийн сангаа бүрдүүлсэн
Мөн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” төслийн удирдагч, доктор Михаэл Трокенбродтоос зарим зүйлийг тодрууллаа.
-Монголын ойн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр дүнгээс танилцуулаач?
-ХБНГУ-ын Засгийн газрын Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас Монголын ойн салбарт өнгөрсөн зургаан сарын хугацаанд “Тогтвортой ойн салбарын хөгжил”, “Ойн салбарын техникийн ажилчдын мэргэжлийн боловсрол, ур чадварыг дээшлүүлэх” гэсэн хоёр төсөл хэрэгжүүллээ. Түүнчлэн төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар ойн тооллогоо хийж, нөөцийн мэдээллийн сангаа бүрдүүлсэн. Ингэснээр дараа дараагийн шатанд хийгдэх ажлуудыг тодорхойлох, мэдээллийн бааз бий болсон.
-Танд манай ойн салбарын мэргэжилтэн, ажилчдын ур чадвар хэр санагдав?
-Монголд ойн салбарын мэргэжил эзэмшүүлэх хичээл, сургалт маш сайн явагддаг гэж харсан. Би ойн салбар тэр дундаа модны чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Мөн ажлын шугамаар олон оронд очиж, ойн салбарын нөхцөл байдалтай нь танилцаж байлаа. Үүнээс Монголын ойн салбарын ажилчдаа бэлтгэж, мэргэжил эзэмшүүлж буй сургууль болон сургалтын арга барилаар бахархсан. Гэхдээ Монголын ойн салбарт техник технологи сайжруулах зэрэг нэн шаардлагатай олон ажил бий. ХБНГУ-аас өнгөрсөн онд тодорхой тооны техник, технологийг Монголд нийлүүлсэн. Цаашдаа ч энэ чиглэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хичээж ажиллана.
Ж.Гомбосүрэн: Хууль бус мод бэлтгэлийн тоо буурсан
Нийслэлийг тойрсон ойн сан бүхий газрыг харуул хамгаалалт арчилгааг хариуцан ажилладаг Төв аймгийн Батсүмбэр, Лүн сум дахь сум дундын ойн ангийн дарга Ж.Гомбосүрэн “Бүх ойчиддоо ойн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Төв аймгийн хэмжээнд 35 байгаль хамгаалагч, 27 байгаль орчны улсын байцаагч ажиллаж байна. Манай ойчид энэ жил Ойн цэвэрлэгээ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна нөхөн сэргээлт хийсэн.
Хууль бус зөрчил гарсан тохиолдолд цагдаагийн байгууллага болон Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэн ажилладаг. Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, орон нутгийн иргэд нөхөрлөлүүд хамтран ажиллаж тогтмол хяналт шалгалт хийж байгаагийн үр дүнд сүүлийн дөрвөн жил хууль бус үйл ажиллагааны илрүүлэлт нэмэгдсэн. Үүнийг дагаад хууль бус мод бэлтгэлийн тоо буурсан” хэмээв.
Ойн үр, боргоцой бэлтгэх аюулгүй ажиллагааны болон Мод бэлтгэлийн талбай тусгаарлах ур чадварын тэмцээний ач холбогдлын талаар албаны хүмүүсээс тодрууллаа.
ШУТИС-ийн профессор Ч.Ганбаатар “Мод бэлтгэлийн талбай тусгаарлах ур чадварын тэмцээн тэр дундаа хөрөөчдийн уралдааныг сэргээн зохион байгуулж байгаа нь маш сайшаалтай ажил гэж хэлж болно. Энэ төрлийн олон улсын тэмцээн жил бүр гадны орнуудад болдог. Монгол Улсын хувьд 1990 оноос өмнө Ойн модны аж үйлдвэрийн яамтай байхдаа хөрөөчдөө олон улсын тэмцээнд өрсөлдүүлдэг байлаа. Мод бэлтгэлийн үеэр хамгийн аюул эрсдэлтэй ажлыг нугалдаг хүмүүс бол хөрөөчин.
Тиймээс сүүлийн хэдэн жил тасраад байсан энэ уралдааныг улсын хэмжээнд зохион байгуулснаар хөрөөчдийн ур чадвар болоод хөдөлмөрийн аюулгүй байдлаа хэр сайн мөрдөж байна гэдгийг давхар шалгана. Манай мод бэлтгэлийн хөрөөчдийн ур чадвар сүүлийн жилүүдэд маш сайн нэмэгдэж байна. Монголд энэ ур чадварыг мэргэшүүлэх олон төсөл хэрэгжиж байгаа. Төслийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгийн Зүүн хараа болон Хөвсгөл, Булган аймгийн МСҮТ-д хөрөөчид бэлтгэж байна. Мөн манай хөрөөчид сүүлийн үеийн хөрөө хэрэглэдэг болсон. Дээрх ажлуудын үр дүнд ур чадвар нь илт сайжирсан” гэв.
Тус уралдаанд түрүүлсэн Завхан аймгийн “Малчин” нөхөрлөлийн менежер Д.Мөнхбат “Монголын нийт ойн салбарын ажилтнууддаа 95 жилийн ойн баярын мэнд хүргэе. Би 2017 онд Завхан аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан хөрөөчдийн тэмцээнд түрүүлсэн. Энэ жил улсын аварга шалгаруулах тэмцээнд ур чадвараараа тэргүүлсэндээ баяртай байна” гэлээ.
Ойн судалгаа хөгжлийн төвийн Ой хамгаалал, үржүүлэг, нөхөн сэргээлтийн албаны дарга Б.Ганзориг “Монгол орны ойн санд 150 орчим зүйлийн мод, сөөг ургадаг бөгөөд үрийг нь лабораторид дээж хэлбэрээр хадгалдаг. Ойн үр, боргоцой бэлтгэх аюулгүй ажиллагааны ур чадварын тэмцээний үр таних уралдаанд оролцогчид 25 төрлийн үр таних ёстой. Харин модонд авиралтын уралдааныг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр голчлон дүгнэж байна. Учир нь ойн инженерүүд болон ажилчид оройн үр бэлтгэх зорилгоор модонд авирахдаа цагт баригдаж, хурдан авирах бус аюулгүй ажиллагааны дүрэм журмаа сахих хэрэгтэй” гэв.
Ойн үр, боргоцой бэлтгэх аюулгүй ажиллагааны ур чадварын тэмцээнд түрүүлсэн Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ангийн нөхөн сэргээлт, мод үржүүлэг хариуцсан инженер Б.Болдбаатар “Ойчид оройн үр бэлтгэх зорилгоор хоёр бэхэлгээ ашиглаж, авирч буй мод болон мөчрийг нь гэмтээхгүйгээр авиралт хийдэг. Сайн шалгасны дүнд нэг бэхэлгээ ашиглаж буудаг байгаа. Би модонд авиралтын уралдаанд оролцохдоо шинэс модонд авирлаа. Ойчид модны үр, боргоцойг намар, нарс модны үрийг өвөл бэлддэг. Харин зөвхөн авиралтын сертификаттай ойчид намар, өвлийн улиралд, аюулгүй ажиллагаагаа бүрэн хангасны дүнд оройн үр бэлтгэх зорилгоор 24 метр хүртэлх өндөртэй модонд авирдаг.
Ойн үр, боргоцой бэлтгэх аюулгүй ажиллагааны ур чадварын тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна. Мөн БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газраас хоёр мэргэжилтнийг ирэх жил БНСУ-д сургалтад суух эрхээр шагнасан. Энэ хоёр мэргэжилтний нэгээр сонгогдлоо” гэсэн юм.














“Ногоон алт” “үйлдвэрлэгчид” ур чадвараараа өрсөлдлөө | ||
Үзсэн: 1463 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.