Булган аймагт болж буй Хойд бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалтад хойд бүсийн аймгууд өөр өөрийн онцлог бүхий хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойллоо.
Тухайлбал, Орхон аймаг хүнд аж үйлдвэрийн цогцолбор, Булган аймаг ухаалаг хөдөө аж ахуй, Хөвсгөл аймаг аялал жуулчлалын бүс болох зорилт дэвшүүлсэн юм.
Энэхүү тэргүүлэх чиглэлийн хүрээнд Булган аймгийн хөдөө аж ахуйн салбарын мэдээллийг хүргэж байна.
Булган аймаг 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор 2.9 сая толгой мал тоолуулжээ. Энэ нь өмнөх оноос 60 мянган толгой буюу хоёр хувиар буурсан үзүүлэлт юм. Малын тоог төрлөөр нь авч үзвэл тэмээ 2.6 мянга, адуу 389.5 мянга, үхэр 381.4 мянга, хонь 1.3 сая, ямаа 873.7 мянган толгой тус тус эзэлж байна. Малтай өрхийн тоо 11.4 мянга буюу 15.2 мянган малчин бүртгэгдсэнээс 58.7 хувь нь эрэгтэй, 41.3 хувь нь эмэгтэй малчин байна.
2026 онд 1.2 сая толгой хээлтэгч төллөхөөс 915.6 мянга буюу 74.4 хувь нь төллөж, ботго 355, унага 50.6 мянга, тугал 74.8 мянга, хурга 494.2 мянга, ишиг 295.5 мянган толгой төл авч 99.1 хувийн бойжилттой байна.
Булган аймаг нь газар тариалангийн зориулалттай нийт 116.2 мянган га талбайгаас 92.9 мянган га талбайг эргэлтэнд оруулан ашиглаж байгаа бөгөөд газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээгээр улсад эхний 3-т эрэмбэлэгддэг. 2025 онд 49.2 мянган га талбайгаас 70.8 мянган тн ургац хураан авч нийт ургацын хэмжээгээр улсын хэмжээнд хоёрдугаарт, нэгжээс авах ургацын хэмжээгээр 13.9 цн буюу улсын дундажаас дээгүүр байна.
2025 онд малын тэжээлийн тариалалт өмнөх жилүүдээс 1000 га-гаар нэмэгдэж нийт ургацын хэмжээ 25.9 мянган тн буюу өмнөх жилийнхээс 10.0 мянган тн-оор нэмэгджээ.
2026 оны тариалалтын урьдчилсан төлөвлөгөөгөөр 56.1 мянган га талбайд тариалалт хийхээс өнөөдрийн байдлаар улаанбуудай 27.7 мянган га буюу 71.5 хувь, бусад үр тариа 236 га буюу 11.1 хувь, төмс 200 га буюу 42.8 хувь, хүнсний ногоо 35 га буюу 15.9 хувь, тосны ургамал 559 га буюу 9.3 хувийн гүйцэтгэлтэй байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
| Булган аймаг ухаалаг хөдөө аж ахуйг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна | ||
| Үзсэн: 73 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.