Шууд Chart

Цөлийн элс, холын аян

2014-03-14 16:25:06

... Москва нисэх тийз бүтэхгүй болсныг сонсоод урамгүй алхаж явахдаа багийн гишүүдтэй машинд нь суугаад хамт явчих минь яалаа гэж дотор сэтгэлдээ өөрийгөө зэмлэж билээ. Түүнээс хойш хоёр долоо хоног шахам өнгөрчээ. Нийслэл хотод намар эртэлж 9-р сарын дундуур модны шарласан навч аль хэдийн газар хөглөрч, шороон салхи үе үе хөдлөхөд удахгүй цас унаж сэрүүсэх нь дээ гэсэн гунигт бодол төрнө. Шөнө дунд утас дуугарлаа. Босч авбал Баасандорж гуай дуу. Цаадуул чинь Тунисын Эль Кантаугаас ярилаа гэв. 2002 оны хавар. Ажил дээрээ бичиг цаасан дарагдаад түүртэж суутал үүдний харуулаас:- Таньтай хүн уулзахаар ирлээ гэв. Тэр дороо бууж хүрвэл өндөр нуруутай цэвэрхэн хувцасласан дунд эргэм насны хүн ёсорхуу мэндэлж угтлаа. Тэр хүн өөрийгөө Энхбаатар гэж танилцуулав. Бид хэсэг зуур сууж ярилцлаа. Энхбаатар Герман хэлний сургалтын ESO гэдэг нэртэй сургуулийн захирал аж. Баруунд боловсрол олж авчээ. Германы амьдрал яггүй сайн мэдэж байв. Тэр өнгөрсөн жил Герман нөхдийн хамтаар Африкийн хойт хэсгийн Тунис улсад автомашины нэгэн уралдаан очиж үзсэнээ ярив. Өөрөө автомашин сонирхдог, монголд уралдаан зохиогддыг дуулсан бид оролцож болох юм билээ гэж ярив. Би толгой дохив. Ярьж дуусмагц
-          Батхүлэг гэдэг автомашины бартаат, тойрог замын уралдаан зохиогдоод удаж байгаа. Зохион байгуулдаг хүмүүстэй нь уулзъя гэж хэлсэн юм. Бидний анхны яриа ингэж өндөрлөсөн. Хэд хоногийн дараа утсаар ярьж цаг товлоод найз Д.Батболдын хамт тэднийд явж очлоо.
Давчуу бага зайтай албан өрөөнд хөглөрсөн бичиг номын дунд суух Энхбаатар биднийг уриалгахан хүлээж авав. Бидэнд Сахара- Эримель гэдэг автомашины уралдаан Тунис улсад зохиогддогийг тодорхой сайн тайлбарлаж ярив. Бас бичлэгтэй видео хуурцаг үзүүлж ном танилцуулга өгөв. Хуурцагт байгаа бичлэгийг үзэхэд Тунист Парис- Дакарын уралдаантай адил төстэй тэмцээн зохиогддог ажээ. Их сонирхолтой байв. Хариуд нь Монголд зохиогддог Батхүлэг тэмцээний тухай ярьж холбоогоо танилцуулав. Бидний яриа сонирхол нийлэх шинжтэй. Энхбаатар монголын тамирчдыг Тунисын тэр уралдаанд оролцуулах бодолтой, болох уу гэж асуув. Манайхны хувьд болохгүй гэх юмгүй гэж Д.Батболд хариулав. МАСАХолбоо байгуулагдсан цагаас хойш дотоодод зохиогддог тэмцээнийг зэгсэн чанартай болгож, чамгүй өндөр түвшинд хүрсэн, олон сайхан залуу тамирчдыг төрүүлсэн тухай ч ярив. Оросын холбооны Улсын Ульяановскт болдог тэмцээнүүдэд манай тамирчид хоёр ч удаа тун амжилттай оролцсон байдаг юм. Одоо дахин нэг том алхавал Европ руу гарч тэндхийн уралдаанд оролцох цаг болсон гэж тайлбарлав. Ингэж Энхбаатартай танилцсан тэр явдал үнэхээр МАСАХ-ын хувьд шинэ боломж нээж өгсөн чухал үйл явдал болсон юм.
Тэр холын Тунис улсад зохиогддог элсэн цагийн уралдаанд оролцвол монголын автоспортын түүхэнд болон бас монголын тамирчдын хувьд ч дэлхийн тавцанд гарах бас нэг чухал хуудас нээгдэх ажээ. Үүнийг бид сайн ойлгов. Ингээд л ажилдаа шуудран орохдоо хаа хаашаа зориг шулуудсан хэрэг. Монголын Автоспорт Аялалын холбоо энэ ажлыг гартаа авч зохион байгууллахаар боллоо. Төлөвлөгөө гаргаж эхлэв. Бичиг цаасны ажил ч ундарлаа. Тэр жилийн Батхүлэг -2002 уралдааныг улсын аваргыг үе шаттай зохион явуулж шилдэг баг тамирчдыг сонгон шалгаруулахаар шийдвэрлэв. Энэ тухай Батхүлэгийн зүүн бүсийн аймагт зохиогдсон хоёрдугаар шатны уралдаанд бүх тамирчдыг албан ёсоор танилцуулж мэдэгдэв. Тэр хугацаанд Тунисын тэмцээнд нэр нөлөөтэй оролцож зохион байгуулдаг Германы нөхөдтэй албан ёсны холбоо тогтоов. Тунисын уралдааныг Германууд зохион байгуулдаг аж. Тэнд олон танилтай. Энхбаатараар дамжуулж дэмжлэг авсан нь зарим нэг асуудлыг тун нааштай шийдэж өгч билээ. Гэхдээ л төвөгтэй зарим нэг асуудал байсаар л байв. Уралдаанд оролцох машиныг онгоцоор тээвэрлэж аваачих уу, эсвэл хөлөөр нь хүргэх үү тэгвэл хэр хэмжээний зардал гарах вэ гэсэн асуудал гарч ирсэн юм. Тээвэрлэх зардал яагаад ч олдохгүйг харгалзан Ази-Евро тур нэртэй аялал зохиож машинаа унан Европ хүрэх нь хамгийн оновчтой шийдэл болов. Үнэндээ Улаанбаатар хотоос гарч Сибирийн өргөн уудам зэлүүд нутгаар дамжин, Уралыг даваад, Москва хүрч тэндээс буурал Европ хүрнэ гэдэг ёстой л бөх зүрхтэй хүний ажил байлаа. Тэр оны хавар Улсын аварга шалгаруулах тэмцээн эхлээд Дарханд болж дараа нь Багануур, Замын үүдэд үргэлжилэн эцэст нь Улаанбаатарт Их сорилго нэртэй болж шилдэгүүдээ тодруулсан байв. Нийлбэр оноогоор Сэлэнгэ аймгийг тамирчин Дамдинжавын Батсайхан шалгарчээ. Д.Батсайхан манай автоспортын шилдэг ахмад тамирчин. “Батхүлэг” авто уралдаанд алгасалгүй бүгдэд нь сайн давхиж бас Ульановскт болсон ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний 6-р шатны уралдаанд амжилттай оролцсоныг манай спорт сонирхогчид андахгүй сайн мэднэ. “Евро-Ази тур” –ын замыг Улаанбаатараас эхэлж буцаж ирэхтэй нь тооцвол 24000 км болж байв. Энэ урт аяны бэрхшээл саадтай замыг УАЗ загварын машинаар туулна гэдэг амаргүй ээ. Бараг бүтэмжгүй үлгэр мэт санагдахаар аж. Гэвч шийдвэр нэгэнтээ гарчихсан болохоор ухралтай биш. Бүх бэлтгэлийг чамбай хийж эхэлцгээв. Товлосон өдөр ирлээ. 2002 оны 9-р сарын 17 ны өдөр нийслэл хотын хүндтэй хоймор Жанжин Д. Сүхбаатарын төв талбайгаас олон зуун хөгжөөн дэмжигчид цугларав. Тэд Сахара-Эримель 2002 оны улсын автомашины уралдаанд оролцох монголынхоо баг тамирчдыг итгэл сэтгэл дүүрэн өдөж өгөхөөр ирцгээсэн юм. Ёстой л үдэлт болсон доо. Туг далбаа нь намирч, баяр ёслол бялхсан тэр мөчид улаан нар улайссан элсний орон Африкийг зорьж сэтгэл зориг шулуудсан тамирчдаа харахад үнэхээр Эзэн Чингэсийн үр сад Зоригт Монголын хөвгүүд мөн дөө гэж хэлмээр догдолж билээ. Сүүн цацалтай аслын аян зам өлзийтэй байх болтугай. Зоригт хөвгүүд алсын замд мордлоо. Монголын тамирчдыг холын Тунисээс буцаж ирэхэд нь тэднийг үлгэр домог мэт сонирхолтой яриа ахин дахин сонсоод ч уйдмааргүй байсан даа. Бахархах сэтгэл цээж дүүрэн халгиж байв. Батхүлэгийн уралдааны талбайн шүүгчдийн бүрэлдэхүүнийг ахалж олон жил уйгагүй зүтгэсэн залуу тамирчин Д. Лхагважавын Тунисын уралдаанд бахархмаар сайхан оролцсоныг сонсоход үнэхээр сайхан байдаг. Монгол улсынхаа нэрийг нэр хүндтэй дуурсгаж чадсан залуу. Д.Лхагважав над ингэж ярьж билээ.
Евро – Ази турынхан Улаанбаатраас гурван машинтай хөдөлсөн. Эхний машинд Тунист оролцох монголын баг тамирчдын ахлагч Энхбаатар, механик Ариунболд, удаахи машинд / дугаар 290/ Д.Батболд, Зоригт 295 дугаартай гуравдахь машинд Батсайхан Лхагважав нар явжээ. Тэр жилийн намар 9-р сарын дундуур цас их орсон тул Улаанбаатар Алтанбулагийн чиглэлийн зам аль хэдийн чөлөөтэй болсон байж билээ. Гэсэн хэдий ч тэдний машин замд сааталгүй довтолсоор Сэлэнгэ аймагт хүрэв. Тэндээ Батсайханыд хоноглоод маргааш өдөр улсынхаа хил дээр очлоо. Алтанбулангийхан алс холын аяныхныг үдэж гаргахаар хүүхэд хөгшидгүй цугларав. Сурагчид эгнэн жагсаж үлээвэр найрал хөгжим цог жавхлантай марш тоглов. Сэтгэл хөдөлгөсөн энэ үдэлт багийханд үлэмж их урам зориг хайрлав. Харин Оросын хилийн шалган нэвтрүүлхийнхэн манай хэдийг саатуулав. Шалтгаан нь тэдний дүрэмд богино долгионы радио холбооны хэрэгсэл хил нэвтрүүлдэггүй аж. Хэрэв зөвшөөрвөл тусгай газрын бичиг хэрэгтэй гэнэ. Хоёр машин Оросын хил дээрээс буцав. Батсайханы танил нөхөд ойрхон байсан тул тэд хөөцөлдөж нэлээд явсан боловч болсонгүй. Амьд хүн аргатай гэдэг. Яаж ийгээд холбооны хэрэгсэлээ авч гарахаар болсон юм.
Хилийн дээс алхаж, машинаа хөдөлгөн эхний 1000 гаруй км замыг саадгүй туулав. Зам зуур Улан-Удэ хотын замын цагдаагийн шалган нэвтрүүлэх байнгын постынхон дээр хэсэг саатсаныг эс тооцвол бараг зогсоогүй юм. Багийн гишүүд бүгд л алс холын Арабын элсэн цөлийг сэтгэлдээ төсөөлж явна. Урт хугацааны аялалын замын эхний өдрийг ардаа орхиж хурдалсаар Эрхүү хотыг өнгөрч байж сая зогсцгоов. Аяны тулга “примусээ” голлон хооллов. Шөнө орой болсон тул ярьж хөөрөлдсөөр машиндаа унтацгаав. Лхагваа битүү машинд унтаж чадахгүй гэж хөнжил дэвсгэр аваад аянчин маягаар машиныхаа дээвэр дээр хонов. Маргааш өглөө нь эртлэн замд гарлаа. Красноярск Омский дундахь нэг жижигхэн хотод ирэхэд ахалж яваа Энхбаатар механикч Ариунболд хоёрын сууж яваа машины хагас юм хугарчээ. Эвдрэл гарсан болохоор цааш явах аргагүй. Ярилцаад хотын техникийн захаар эрэлд мордов. Хайгад хайгаад олсонгүй. УАЗ-ын сэлбэг зардаг ганц чингэлэг тэр өдөр цоожтой байлаа. Монголд олдчихдог сэлбэг тэнд олдохгүй нь сонин. Чингэлэгийн хөрш худалдаачин оросууд эднийг нь олж өгч туслав. Ингээд нүдний гэм болсон хуучин зургаан нүхтэй хагас гол олж эвдэрсэн тэргээ янзлаад цааш хөдлөхөд бэлэн болжээ. Хол замд явахад бие чилж ядардаг. Нэгэн үдэш машин тэргээ шалгаж өөрсдөө амрахаар суулаа. Аян замын эр улс хөгжилтэй яриа дэлгэж алжаалаа хатуу хараар тайлав. Багийн ахлагч Энхбаатар догшин сахиуст ариун ундаанд ялимгүй халамцжээ. Ойролцоо байсан оросууд хоржоонтой үг чулуудсанд цаадуул нь тэсэлгүй дайрчээ. Орон нутгийн бяцхан тулаан болсон. Гэхдээ бэртэж гэмтэхээр сүйдтэй юм болоогүй. Хол яваа эр хүнд юу эс тохиолддог билээ. Зоригоо чангалж хийморио дэврээхэд эр хүн яван чангарна. “УАЗ” машины өлгий нутаг Ульяановска хотод ирлээ. Эрээн мяраан бичиг үсэгтэй тод ногоон өнгийн уралдааны дугаартай машинууд явахад Оросын замын цагдаа нар сонирхож зогсоохгүй өнгөрүүлнэ гэж үгүй. Тэгэх бүртээ:
-          Та нар хаашаа явж байгаа вэ? Нисч байна шүү гэнэ.
       Оросын төв замаар явж байсан болохоор Нижний Новгород хотыг зайлшгүй дайрдаг. Тэндээс Ульяновск хүрэхэд 250 км орчим зам хазайна. Ульяоновскт эртний анд А.Мольков, Е.Солдатов хоёр тосч угтав. Тийшээ машин тэргэндээ хэрэгтэй гэсэн чухал сэлбэгүүдийг арай хямд үнээр олж авах гэж очсон юм. Бас орос нөхөд нь уралдаанд бэлтгэж, тэргэнд нь тусгайлан арай илүү тохироо хийж өгье гэж амласан байв. Тэд зочид буудлын гаднахи том хашаанд гурван тэргээ тавьж, Женя Солдатовын жижиг цагаан “лада”-гаар сэлбэгийн эрэлд мордлоо. Тэндээ нэг хонов. Машин тэргээ үйлдвэрт оруулж Энхбаатар Ариунболд хоёрын “304” дугаартай тэргийг янзлуулав. Тэр тэрэгийг хойд “Мостны арьс”-ыг сольж тохиргоо хийлгүүлсэн юм. Харин Батсайхан Лхагважав хоёр 295 даа нэмэлт амортизаторын суурь суулгаж “карбюратор”,клапаны пүрш сольж бас тохиргоо хийлгүүлэв. Батболд, Зоригоо хоёрын “290”ийг Лхагважав Солдатов хоёр өөр нэг гараашинд бүтэн өдөржин нухаж гайгүй тохируулж билээ. Аз болоход монголоос яваа автосэлбэгийн худалдаа хийдэг Чинбаа Дээгий гэж хоёр залуу сэтгэл гарган тусалж танил талаасаа бөөний сэлбэгийг жижиглэнгийн хямд үнээр олж өгч билээ. Багийн гишүүд замд гарахын өмнө УАЗ-ын үйлдвэрийн төв хаалганы өмнө орон нутгийн сонины сурвалжлагчидтай уулзаж ярилцлага өглөө. Урьд нь Монголд уралдаж байсан Эдуард Евгеньевич Кривин Монголын баг алс холын Сахарын элсэн цөлийг зорьж яваа тухай үйлдвэрийн удирдлагуудад хэлж танилцуулсан байжээ. Тэрэгнүүдийг үйлдвэрт нь оруулж тохиргоо хийлгүүлсэний учир нь тэр юм. Сонины сурвалжлагчидтай уулзаад шууд замд гарлаа. Хоёр хоног давхиж Москва хүрсэн. Зам зуур Ульяановскоос холгүй жижиг тосгон бараадан зогсох болж билээ. Тосгоны ойролцоо сүүний чиглэлийн үнээний ферм байлаа. Алс холын Монголоос автомашин бартаат замын уралдаанд өөрсдийнх нь УАЗ машин хөлөглөж яваа зоригтой залуусыг тосгоныхон талархан хүндэлж, ёстой нэг идээ цагааны дээж цагаан сүүгээр угжиж билээ. Их ч сүү уусан даа. Оросын ард түмний элгэмсүү дотно, өгөөмөр сэтгэлийг цагаан сүүний дээжээр нь бэлэгшээж талархцгаасан юм.
     Уулын мод урттай богинотой, хүний авир сайнтай, муутай гэдэг. Мордавын Автономит улсын хил дээр замын цагдаагийн шалганыхан баахан саатуулав. Тэр нь гар утас, холбооны хэрэгсэл авч яваа гэсэн дэмий шалтаг байжээ. Нэг их ач холбогдолтой юм биш билээ. Тэдэнтэй зууралдахыг хичээлгүй өнгөрцгөөв. Харин дурсгалт адал явдал гэвэл Европ-Ази тивийн уулзвар Уралын нуруунд түр саатаж бүгд зургаа авахуулж сүрхий баярлацгаав. Аян зам улам цааш хөтөлнө. Москвад багийхан саатсангүй. Шөнө дунд орсон болохоор таних мэдэх айл хунарт төвөг удалгүй шууд явчихья гээд давхисан юм. Уг нь Москвад уулзаж учрах хүн олон бий. Москва Минскийн алдартай хурдны шулуун замд орлоо. Ёстой л шавай ханаж, мотороо улайтал гишгэв. Сайхан зам гэдэг сэтгэл сэргээж урам өгдөг. Москвагаас гарч шулуун замаар нисэх мэт давхисаар Орос Белорусь улсын хил дээр ирлээ. Оросын хилээс гарахад гаалийн байцаагчдын хөнгөн шуурхай, ажил хэрэгч үйлчилгээ сайхан сэтгэгдэл төрүүлэв. Харин Белорусь руу ороход 90-ээд оны эхэн үеийн хүнд суртал, бага түшмэдүүдийн хойрго ихэмсүү зан, дээрэнгүй зан ажиглагдсан. Замд гарахад ивээн тэтгэгчдийн өгсөн бэлэг сэлт сая аминд орж эхлэв. “Косма” компаний монгол янжуур олон хүнийг аргалав.  
-          Энэ танай Монгол тамхи уу? гэж гайхаж үзсэн ээ
-          Ну давай, валяйте гээд л явуулна.
Минскийн үзүүргүй хөврөх шулуун дардан замаар салхитай уралдаж гишгэсээр Польшийн хил дээр ирэв. Багийнхныг алдарт Брест хотод Монгол улсаас Белорусь улсанд суугаа өргөмжлөлт консул Болдбаатар угтаж авав. Брестед Бүрэнхий болж байхад ирсэн болохоор Консулын гэрт буув. Консул Болдбаатарын гэргий өгөөмөр сайхан зантай зочломтгой орос эмэгтэй. Ёстой л монголдоо ууж байдаг аагтай өтгөн сүүтэй цайгаар дайлж, гараа гаргаж хийсэн түмэн зүйлийн амттан шимтнээр дайлав. Муу хүн идсэнээ, сайн хүн явсан аа гэдэг ч гэрийн эзэгтэйн бууз, шарсан хавирганы амтыг мартах аргагүй ээ. Брестийн олон улсын хилийн Боомт 24 цаг ажилладаг тул тэднийд тавтай амарч хооллоод хил рүү явав. Байцаан өнгөрүүлэх шалганы хилийн хориотой бүс болон дундын бүсэд хил нэвтрэхээр дугаарлаж зогсох хэдэн зуунд машиныг харахад мянган жил зогсох юм шиг санагдана. Тийм олон машин нэг дор багширалдаж байхыг харахад зүрх алдмаар. Консул Болдбаатар туслаагүй бол монголын баг тэндээ тэтгэвэрт гарах байсан. Хилийн нэвтрэн өнгөрөх хэсэг бүр дээр “Космо” янжуурыг нэг нэгээр нь атгуулсаар урагш зогсолгүй ахиж цагийн дотор нэвтэрч чадав. Ном журмаар нь хүлээсэн бол юун Сахарын уралдаан шөнө тэмдэгрэх үед хилийн дээс нэвтэрч сэтгэл амраад тэндхийн газарт түр саатан кофе ууцгаав. Консул Болдбаатар Польш руу Монголын баг орсоныг танил нөхөддөө дуулгажээ. Тэндээс Оюунбаяр хүү Содоогийн хамт хэсэг залуучуудтай ирэв.
      Өглөө нар мандаж шинэ өдөртэй золголоо. Тэд давхисаар Польшийн нийслэл Варшавт хүрэлцэн ирэв. Манай машинууд содон харагдсан нь лавтай. “Тахир муруй” гудамж сүлжиж явсаар нэгэн тохилог сайхан хаузын үүдэнд ирж зогслоо. Гэрийн эзэн Оч ээж, охин, эхнэрийн хамт хадаг сүү барин тосч угтав. Бас Польшид ажиллаж амьдардаг олон арван Монгол хүмүүс хүрэлцэн ирсэн аж. Польшид ажил тун их. Ер нь Евро-Ази тур 24000 километр хол замд хамгийн элэгсэг дотно хүлээн авсан нь гэвэл Польшийн Монголчууд. Хэзээ ч сэтгэлээс гарамгүй баяр хүндэтгэлтэй сайхан уулзалтыг тэндхийн Монголчууд зохион байгуулсан. Улс монголынхоо алтан соёмбот далбааг намируулсан тод ногоон өнгийн “290” “295” “304” дугаартай уралдааны УАЗ загварын бидний нэрлэж заншсан “Жаран ёсийг” үзэж тэндхийн Монголчууд бүгд сэтгэл хөдөлжээ. Польшийн телевизийн сурвалжлагчид ирэв. Сахарын цөлийн уралдаанд явж байгаад нь талархаж Монголчуудын танил засвар үйлчилгээний Польш механик техникчид ёстой гараа гаргав. Чанартай сайн гэгддэг “elf” ийн тос масслаар шахав. Сайхан сэтгэлийн тус дэм аян замын өлзийтэй ерөөл болж үйлс бүтээл мялаадагийг тэгэхэд л ойлгосон гэж Лхагважав ярих дуртай. Варшав хотоос зүүн хойш үзэсгэлэнт байгалийн дунд амралтын газар очиж Монголчуудтайгаа уулзалт зохион байгуулав.Чингэсийн Монголын үр сад морио орхиж Моторт хүлэг эзэмдэж, эр зоригоо чангалан буурал Европыг туулж, алс холын алтан элст нутаг Африк тивийг зорьж яваа нь юутай бахдалтай. Хүн болгон сэтгэл хөдөлж ерөөлтэй сайхан үг хэлнэ. Гэрээс гарч хол зам туулан аяншсан тамирчид бие тавирч сэтгэлт амартал нэг сайхан нойр авцгаав. Амралтын газрыг эзэн монголын багийнхныг очиход л талх давс барин угтаж Алс холын аянд яваа Зоригт Монголын хөвгүүд та бүгд манай буудалд тавтай тухлан саатана уу гэж хэлсэн нь сэтгэлд дотно өөриймсөг санагджээ. Польшийн Монголчууд дундаа мөнгө цуглуулж шатахууны үнийг төлж байв.
     Аялалд гарахын өмнө, мод түлж гуйлга гуйхаас наагуур яваад яваад олдоогүй мөнгө цуглуулж, сүрхий дэмжлэг үзүүлж чадав. Элэг зүрхний тасархай гэж дуулдаг даа. Тэдэнд талархаж амжилт л үзүүлэх хэрэгтэй болжээ. Берлинд ирлээ. Нартай дулаахан налгар сайхан намар болжээ. Багийнхан “ Тигелийн” олон улсын нисэх онгоцны буудал руу хөдөллөө. Улаанбаатараас МАСАХолбооны ерөнхийлөгч, Да. Ганболд тэргүүлэгч гишүүн Энхтайван, Цогтбаяр, нар нисч ирэв. Холбооны дарга Да. Ганболд чанга инээн гараа алдалж:
-          За сайн явцгааж байна уу? моньдууд минь гэсээр уулзав.
Амьдралын сайхан нь уулзалтандаа байдаг гэж манай нэртэй нэг зохиолч бичсэн байдаг. Анд нөхөд, дарга удирдлагуудын чин сэтгэлийн халуун уулзалт болов. Ингээд багийнхан ам бүл нэмж Лайпциг руу гарав.Тэгшхэн саруул хурдны замаар салхитай уралдан давхихдаа хотоос ирсэн нөхөддөө аян замын сонин ярьж хөгжилтэй наргиа дэлгэж инээлдэж шуугилдсаар нэг л мэдэхэд тэнд хүрэв. Польшийн монгол анд нөхөд багийнхныг Лайпциг хүртэл гаргаж өгөөд визний журмын дагуу шөнийн 12 цагаас өмнө буцах ёстой тул сайн сайхныг ерөөгөөд буцлаа. Польшид өнгөрүүлсэн хоёр хоног үнэхээр мартагдашгүй дурсгалтай. Польшийн Лигнец хотод эзэн Чингэсийн морьдын туурай тамгалсан домог түүхийг Бямбаагийнд сонсож байхдаа одоо хойчийн үр сад нь моторт хүлгээр мөр гаргалаа гэж бахдан ярилцаж байсансан. Улаанбаатраас гарч нийт 9000 км туулжээ. Тунисийн элсэн цөлд дөхөж яваа Монголын баг Европын цардмал замаар урагшлан явна. МАСАХолбооны шилдэг тамирчдаас бүрдсэн Монголын автоспортын баг анх удаа Сахарын цөлд уралдах гэж байна. Хүн бүр сэтгэл хөдөлж бодол санаа нь аль хэдийн холын холд бэлчжээ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн бүхий л ажил амжилт Батхүлэг гэж олон түмэнд танил болсон нэр алдар, хариуцлага бодогдоно. Одоо Сахарын элсэн цөлийн уралдаанд шийдвэрлэх чухал шалгалт өгөх гэж байгаа шиг санагдана. Бүгд тэгэж ойлгож явсан. Лайпцигаас гарч Нойс Ийзенбург хот орох замдаа Энхбаатарын дүүгийнд түр буудаллаад цааш замд гарлаа. Зам зуур уралдаан, аялалын машин тоноглодог жижиг үйлчилгээний газраар орлоо. Өмнө нь тэдэнтэй цахилгаан шуудангаар холбоо тогтоож өөрсдийн, аялалын зорлигыг танилцуулсан болохоор шууд очсон нь тэр. Авто үйлчилгээний тэр газрын хүмүүсээс. Цахилгаан өөрөө татагч / либедка / мөн трипмастер гэдэг уралдааны зам хэмжигч авав. Төхөөрөмжүүдийг уралдааны хоёр тэргэнд суурилуулав. Нэлээд цаг зарцуулсан. Ажил дууссаны дараа шөнө хөдөлж давхилаа. Сэрүү татсан шөнийн агаарт салхи татуулан хурдалсаар Нойеийзенбург хүрч, дэлхийд алдартай Холидэй Инн /holiday inn/ буурчийн газар буув. “Сахар-Эримель-2002” уралдаанд оролцох бусад орны баг тамирчид хэдийн ирчихсэн аж. Өрсөлдөгчидтэйгээ анх удаа нүүр тулан учир байгаа нь тэр. Маргааш өдөр нь Питер Шилленхофын засвар үйлчилгээ худалдааны төвд очиж бүртгэлийн ажиллагаанд оролцов. Хаа холын Ази тивээс өөрсдөө машинаа унаж хэдэн мянган бээр зам туулж ирсэн Монголын баг тамирчдад талархаж чанга яригчаар онцгойлон баяр хүргэв. Сонсоход сайхан байлаа. Одоо арваад мянган километр зам туулсан машин тэргээ уралдаан бэлтгэх хэрэгтэй. Ажил ундарч эхлэв. Москвагийн орчим ялааны чинээ том том “махчин” шумуулуудтай шөнөжин тулалдаж, бороотой шороотой, цастай холын аянд алжаалгүй явсаар зорьсон газартаа ирэхэд сайхан байлаа. Одоо тун бага хугацаа үлджээ. Зорьж очих Тунис бол аялал жуулчлалын орон. Тунист 10-р сараас эхлэн алдарт Парис- Дакарын, Оптик 2000 ралли мөн Тунисын ралли гээд олон арван уралдаанууд шил шилээ даран зохиогддог ажээ. “Сахара-Эримел” ралли нь тавдахь жилдээ зохиогдох гэж байв. Энэ раллид 8 орны 33 баг тамирчид ачааны болон автомашины төрлөөр уралдана. Автомашины гэсэн нь бартаа туулах чадвартай 4*4 WD жийпний төрлийн машинууд юм. Тэр нь дотроо моторын багтаамжаар бас дөрөв ангилагддана. Харин тамирчид нь гурван зэрэглэлээр уралдах ёстой аж. Хачирхалтай гэмээр нэг сонин нь багууд мэргэжлийн, ердийн тамирчдын, сонирхогчдын гэж гурван зэрэглэлд хуваагджээ. Уралдааны машинууд 100-р эхэлсэн дугаартай нь мэргэжлийн тамирчдынх, 200 аас хойшхи нь зүгээр тамирчдынх, 300-р эхэлсэн бол сонирхогчдын болон зохион байгуулагчдынх. Нийт гучин гурван баг, дээр нь сонирхогчийн нэг баг, үйлчилгээний 20 гаруй машин нийлээд Сахарын цөлд уралдана. Үйлчилгээнийх гэдэгт эмнэлэгийн, техникийн, түргэн тусламжийн, хяналтын цэгүүдийн, мөн уралдааныг үзэх жуулчдын машинууд багтсан байв. Бүртгэлийн бичиг цаасны ажил шувтарч багууд Германыг орхиж Франц улсын далайн тээврийн томхон боомт хот Марселийг зорилоо. Германд очиход үйлчилгээ засвар хийж тусалсан Карл гэдэг хөгшнийг мартаж болохгүй. Шөнө дунд машинаа янзалж байхад тэр өвгөн хоол цайтай ирэхдээ зүсэн зүйлийн эрэг боолтны “цуглуулга” авч ирж, их тусалсан. Нарийн тохиргоо хийхэд үлэмж хэрэгтэй олон багаж зэмсгээр хангана. Бас өөр герман хоёр залуу бий. Илүү хүчтэй мундаг мундаг машинууд харж манайхныг сүрдэхэд мань өвгөн тайвшруулж:
-          Та нар машинаа мэддэг залуус айж эмээх хэрэггүй. Заавал түрүүлнэ гэж зоригжуулдагсан.
      Марсель хүрэхийн тулд Нойеийзенбургийн ойстеррайхь төвөөс бүх багууд гарааны цаг бүртгүүлж давхилаа. Монголын далбаатай тод ногоон өнгийн “УАЗ” загварын 290, 295 дугаартай машинууд анхны шалгуур болох маршрутын замд орлоо. Марселийн боомтонд хүлээх аварга том ачааны хөлөг онгоцонд хоцролгүй түргэн давхиж хүрэхдээ Ерөнхий байдлаа шалгуулах ёстой. Хэрэв замдаа саатвал уралдаанд оролцохгүй аж. Маршрутын зурагт тэмдэглэгдсэн гарааны цэгээс боомт хүрэхэд 1100 километр. Тэнд хоёр чиглэлийн бүхий зам зурагдсанаас манай баг Швейцарын визгүй тул Зөвхөн Францын нутгаар давхиж тэнд хүрэх болжээ. Гэтэл элсний данхраад /өргөгч/ аваагүйг санаж хазайхаас өөр аргагүй болов. Элсний данхраад авахыг зохион байгуулагчид шаардсан байв. Давхисаар Германы нэг жижиг хотруу зам хазайн хэсэг хугацаа алдсан ч Марсельд хоцролгүй амжилттай явж хүрсэн юм. Аварга аварга том усан хөлгүүд олон давхар өндөр барилга мэт үзэгдэнэ. Далайн усан мандал яаж дааж байдаг юм бол гэж гайхмаар. Аварга том ган төмөрөн бие цогцос, цул бүтээж тэр нь хөвж явдаг гэхэд гайхмаар. Гэвч хүн төрөлхтөн оюун ухаанаараа тэрнээс илүү гайхамшигийг бүтээсэн байдаг. Хүний оюун ухааны хүч чадал гэдэг юутай гайхалтай. Марселийн боомтод түм түжигнэн, бум бужигнана. Ачааны тэр хүү аварга том хөлөг онгоцуудын нэг нь л гэхэд мянга гаруй автомашиныг тээнэ. Ёстой санаанд багтамгүй. Марсельд товлосон цаг хугацаандаа давхиж хүрсэн нь уралдааны комиссынханд итгэл төрүүлжээ. Өглөө Марселийн зочид буудалд аяг кофе хөнгөн зуушнаас өөр юм олдсонгүй. Сайн хооллоод гаръя гэсэн нь бүтээгүй тул замд авч яваа борцоороо хоол хийв. Өег тэжээлтэй гэж аргагүй. Хүмүүс сонирхож гайхна. Сахарын уралдаанд оролцох бүх машиныг Газрын дундад тэнгисээр тээвэрлэх аварга хөлөг онгоцонд гурван мянган зорчигч суулгаж, 800 автомашиныг ачив. Үй олон усан онгоц чихэлдэн боомтоос гарч байгаа “Медитариан” хөлөгийг замчин урьд нь жижигхэн онгоцтой явав. Хязгааргүй цэлийх тэнгист гарлаа. Марсель хотын бараа аажим холдож, өмнө хөлгүй цэнхэр далай л цэлийнэ. Бас алдарт Монте Кристо гүнгийн Иф цайз ч ард хоцров. Тал нутгийн монгол хөвгүүд далайд гарч хараа бэлчээв. Ёроолгүй их уусан далайгаас өөр юу ч үгүй орчлон үргэлжилнэ. Юм үзэж нүд тайлсан хүн өөр байдаг. Манайхны нэг нь Арабад архи байдаггүй, халуун газар гэдэг ходоод өвдөнө. Хэдэн шил виски архи авна байгаа гэсэн нь зөв болсон юм билээ. Тэнд шил архи хэдэн авдар архины үнэтэйг очоод л мэдэв. Үнэхээр шил виски 250 еврогийн үнэтэй аж. Маргааш өдөр нь чухам ямар шалтгаанаас болсон нь мэдэгдсэнгүй уралдааныханд хоол ирсэнгүй. Монголын баг “түргэн тусламжийн” борцоо гаргаж хийн зуухаа асаагаад амиа борлуулав. Борцны хурц үнэр тэр орчим содон байсан биз. Гэхдээ л өлсөж яваа гадны хүний ходоодны мухрыг гижигдсэн нь лавтай. Газрын дундаж тэнгисээр аялж яг 24 цагийн дараа Африк тивийн хойд хэсэгт халуун элсэн цөлий Тунис улсад ирлээ. Нийслэл Тунис хотын боомтод хөлөг онгоц зангуугаа хаяв. Тэнгэр голлосон хурц халуун нар шарна. Бүртийх ч үүлгүй гүн цэнхэр огторгүй дор өвөрмөц өнгө төрхтэй, аж амьдралтай түмэн буман мэдэхгүй хэлээр шулганаж, хар ямаа шиг язганах шинэ ертөнцөд орж ирлээ. Онгоцноос буухад Монголийн багийг адал явдалт кинонд гардаг тагнуулч шиг өндөр нуруу, туранхай горзгор биетэй, хянга хамар дээрээ нүдний шил тохсон араб хүн тосч сүйд болов. Манайхан зохион байгуулах комиссын нэг төлөөлөгч нь юм болов уу гэж боджээ. Гэтэл холбооны ерөнхийлөгч Да Ганболд Францаас Тунис руу ярьж тосуулсан юм байж. Сүрхий найрсаг угтсан тэр хүн Тунисын аялал зуучлалын яамны сайд аж. Тэр үед бусад нь мэдээгүй байв. Монголын тусгай үйлчилгээний танхимаар /VIP/ гарсан тул бичиг баримтын шалгалтанд цаг алдсангүй. Тэрч байтугай уралдааны машинтайгаа түрүүлж гарсан тул аварга том хөлөг онгоцонд ачаатай 800 машин буулгахыг хүлээх хэрэгтэй болжээ. Уралдааны бусад багийнхныг хүлээж өдөржин юм болов. Бор царайтай нүд хөмсөг нь тодорсон хүмүүс шоргоолж шиг үймэнэ. Францын 50-60 аад оны үеийн “Пежо” машин шиг бөмбөгөр хамартай хуучин цагийн машин олонтой газар байлаа. Бас “өвгөн бензээр” дүүрсэн газар аж. Тэндхийн их бага бүхий л жуулчлалын компаний гол унаа нь Тойото Ланд Крузер бололтой. Аялал жуулчлалын компанийг гадаа хаа л бол хаана хэдэн арваараа зогсож харагдана. Үнэхээр “Ландын” хэрэглээтэй улс бололтой. Уралдааны цуваа Тунис хотоос бензин тосоо аваад Эль-Кантау хотруу хөдлөв. Уралдааны нэгдүгээр гараа ингэж эхэллээ. Цардмал замаар нилээд давхиж, шороон замд орлоо. Манай хөдөөгийн замаас нэг их ялгагдсангүй. Бүгдэд өгсөн маршрутын дагуу уралдааны замд ормогц л бүгд өрсөлдөгчид болов. Батсайхан Лхагважав хоёр “295” дугаартай, Батболд, Зоригоо нар “290” дугаартай Монгол улсаараа овоглож уралдаанд орлоо. Хэн хүнгүй л гарын нь алга хөлөрч, сэтгэл оволзон догдолж байж тэсэх аргагүй болсон байв. Гарааны өмнө зургаа байн байн харж, хэдийгээр машин тэрэг уяа сойлго таарсан хүлэг шиг бэлэн байсан ч аар саар зүйлд сэтгэл хоосон зовов. Аргагүй л яарч догдолсных. Бушуухан л замд гарч сэтгэл амрахсан гэж бодоцгооно. Холбооны ерөнхийлөгч Да Ганболд багийн ахлагч Энхбаатар, тэргүүлэгч гишүүн Энхбаатар, Цогтбаяр, Механик Ариунболд бүгд л сэтгэлээ барьж яджээ. Дарьзавын Батболд, Дорлигийн Зоригт хоёр түрүүлж уралдааны замд орлоо. Хурд, хүч, тэнцсэн өвөр бараа ихтэй, мундаг тоноглосон барууны ланжгар багийн машинуудын дэргэд манай УАЗ жижигхэн туниа муутай харагдана. Гэхдээ УАЗ бол УАЗ. Тэргээ мэдэхгүй монгол жолооч гэж байхгүй. Хамт яваа холбооныхон Арабын цэлмэг хөх тэнгэр, торгон зөөлөн элс нь Монголын Зоригт хөвгүүдэд ээлтэй байх болтугай гэж дотор сэтгэлдээ залбирч мордуулав. Батболд, Зоригт хоёр гараад хоёрхон минутын дараа Батсайхан Лхагважав хоёр замд гарлаа. Сул элстэй замаар цөл туулж давхих байх гэсэн нь тэгсэнгүй. Гуу жалга ихтэй чулуу үсэрч, шороо дэгдсэн уулын хатуу хөрстэй замаар уралдав. Учиргүй тоос босох тул урд яваа машин үзэх аргагүй. Гүйцэж түрүүлж тоосноос нь гарах нь чухал ажээ. Замд гарсан 34 багийн машин гэвэл, Ланд Ровер дефендер/ land rover defender/, рейнжер / land rover ganger/,тоёота ланд крузер-77,99, Ниссан –Террано, Митцубищи Пажейро, Мерседес Бенц, Гланде Веган жийп, Гранд Шероки/ Grand Cherokee/ митцубищи L-300, pick up, Исузу Троопер, бас Марк нь тодорхойгүй загварын зургаан дугуйтай аалз хэлбэрийн машинтай Австрийн баг, IFA Унимёг загварын Бенз ачааны тэргүүд байлаа. Батболд Зоригт хоёр хясаа хавцал, энхэл догол ихтэй замд орсон тул хүчтэй хурдлах боломжгүй байлаа. “295” жигд давхив. Газрын бартаа Монголынхтой төстэй... /Үргэлжлэл бий/   
 
 
Нийтэлсэн: Г.Золжаргал

Цөлийн элс, холын аян  
Үзсэн: 5138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй