Шууд Chart

Сахарын цөлд

2014-04-09 14:15:25

...Эхний удаад тэргээ чагнах, замын байдал сэлтэд дасах бас бусад багийнхны янз байдлыг үзэх маягаар давхилаа. Замын хажуугаар жижигхэн тосгод өнгөрөх бөгөөд ойролцоох тариан талбай хажуугаар маш болгоомжтой гараарай гэснийг санав. Энэ бол хөдөөний хүмүүсийн ганц амьжиргаа учир сөөм газар нь ч үнэтэй, машины мөр бүү гаргаарай гэсэн юм. Зам дагуу өнгөрөх хүмүүс гар даллаад л хоцорч байлаа. Тунис улс их ядуу амьжиргаатай, хөдөөх тосгон ихтэй.  Нэг тэмээтэй бол унаатай айл. Харин илжигтэй бол манайхаар амьжиргаа цагаан гэдэг шиг амь зуух хөрөнгөтэй.

 Эхний өдрийн зайг даруухан тууллаа. Доогуур ч давхисангүй, дээгүүр ч давхисангүй. Ер нь болмоор санагдсан давхиа болов. Энэ өдөр 50 км зам туулж бариалсан болохоор бараг л бие халаалт болсон юм. Энэ зэргийн амжилт гайгүйд тооцогдоно. Батболд, Зоригоо хоёр 11-р байрт, Лхагважав Батсайхан нар 7-р байраар орж ирсэн. Батсайхан жолоо барьж “Роүдбүүкийг” Лхагваа уншиж байлаа. Асар хурдтай давхих үед чиглүүлэгч нь замын тэмдэглэл бүхий зузаан номыг дэлгэж бариад зурагт тэмдэглэсэн бүхнийг жолоочид сайн дуулдахаар чанга хэлж зогсоо зайгүй ярьдаг. Хөөе гэхийн завдалгүй л тэмдэглээстэй жалга, дов, бут замын тойруунууд гараад ирэх бөгөөд зарим үед нүдний өмнө жирэлзээд л өнгөрнө. Алдаж сонсвол буруу зам руу орно. Уралдсан 33 багаас энэ зэрэг давхисан нь тун дажгүй байсан юм.

Ганболд дарга сэтгэл нь хөдөлсөн байлаа.  Гэвч уралдаан дөнгөж эхэлж байв. Тэр өдөр орой нь шуугилдаж тэргээ сайн үзээд маргаашийн уралдаанд үндсэндээ бэлэн гэсэн дүгнэлттэйгээр амарцгаасан.  Хоёр дахь өдрийн өглөө боллоо. Том улаан нар өнөөдөр ч шарна даа гэсэн шиг цөлийн элстэй их дов сондуулт  талын цаанаас алгуурхан хөөрөв. Багууд цай унд ууцгаагаад уралдааны гараан дээр ирлээ. Манай хэд бусадтай харьцуулахад нутгаасаа гарч энэ машинаараа 9000 км зам туулж очсон гэхэд бахадмаар. Энд уралдаж байгаа мэргэжлийн найман багийнхан бүгд машинаа ачиж очсон билээ. Уралдаан зохион байгуулагчид анхандаа Монголын багийг амжиж очно гэдэг эргэлзэж байсан юм.

Анх үйлдвэрлэсэн 1970 оноос хойш зарчмын өөрчлөлт оруулаагүй Уаз-469 ыг гадныхан хараад ёстой л өхөөрдөж байлаа. Зарим нь инээж байгаа харагдав. Хоёр дахь өдрийн гараа. Янз бүрийн маркийн машинууд гараанаас гарна. Уншигч авхай та гайхаж байгаа нь лавтай. Яахлээрээ орос “69” барууны тэрэгтэй уралдах билээ гэж. Дэлхий нийтийн жишигт уралдааны машиныг Т1-Т4 гэж ангилан хуваадаг. Энэ нь тухайн авто машины моторын хүчин чадлаас хамаардаг. МАСАХ /Монголын авто спорт аялалын Холбоо/ Т1-Т2 ангилалд тамирчдаа оролцуулах дүрэмтэй. Сахаарт хамгийн бага ангилалд буюу 3000 хүртэл куб сантиметр багтаамжтай автомашины ангилалд уралдсан билээ. Уралдаан эхэллээ. Цувж гарахад машин тус бүрийн цагийг нь тооцож эхэлдэг. Өмнөх өдрийг бодвол харьцангуй элсэрхэг замд орж эхлэв. Мотор жигд хүнгэнэн хажуу талаар өнгөрөх юмс жирэлзээд л өнгөрч байлаа. Гадаа 34 хэмийн халуун байгаа. Жолооч штурман хоёр толгой хамгаалсан дуулга малгайтай яваа гэж бодоход машинд халууцаж байгаа нь ойлгомжтой.  Ганболд дарга, хэлмэрч зохицуулагч Энхбаатар болон механик Ариунболд Цогоо нар зам товчлон хурдалж бүртгүүлэх постон дээр түрүүлж очсон байв.

Тэд гар даллан хашгираад л өнгөрүүлж байлаа. Энэ өдрийн уралдаан бас л дажгүй өндөрлөлөө. 250 км зам туулав.  Гэхдээ нэг ноцтой асуудал гарсан билээ. Батболд Зоригоо хоёр элсэнд хүчилж хаазлан мотороо гэмтээх шахсан байв. Харин Батсайхан Лхагважав хоёр энэ “этапт” тавдугаар  байранд давхин орж ирсэн билээ. Гурил шиг нарийн ширхэгтэй элс юмуу орж, дээрээс нь халуу шатаж цөл газрын ааш зангаа таниулж эхэлсэн байв. Уралдаан бол уралдаан. Энэ ангилалд 18 машин уралдаж байгаа гэж бодоход хоёр дахь өдрийн амжилт үнэхээр баярлуулахаар байв. Элсэн цөлд уралдахад анхааруулж хэлдэг зохион байгуулдаг хэд хэдэн юм бий. Жишээлэхэд багууд дохионы галт пуужин наймаас доошгүйтэй явна.

 Машин зогссон бол тэрэгнээсээ 50 метр холдож болохгүй. Элсэнд гардаг гутлын мөр салхигүй ч гэлээ 15 минут болоод арилдаг тул холдвол төөрөх аюултай.  Багийн машинууд бие биетэйгээ ойр явах ёстой. Элсэнд суувал татна. Энэ мэт нарийн дүрэм журам олон бий. Тав дахь өдрийн уралдаан хүртэл дажгүй давхицгаав. Яваандаа манай хэдийг цаадуул нь дотно нөхдөө гэж таньж дажгүй сайн уралдах жинхэнэ өрсөлдөгчид болохыг мэдээд хүндэтгэх болов. Тавдахь өдрийн уралдааны зам өгсүүр ихтэй байлаа. Уралдааны замд Батсайхан Лхагважав хоёр өмнө гарсан хэдийгээ гүйцэн тун дажгүй амжилттай давхив. Гэтэл хаазны педаль хугарав. Карбюратороос уяа гогцоолон татаж гар хааз хийн үргэлжлүүлэн уралдлаа. Явсаар 20 дугаарт давхиж ирлээ. Орой нь буудлын гадаа машинаа янзалж бараг шөнө дунд болтол завгүй ажиллав. Өдрийн жин халуун бууж нар жаргахад сэвэлзүүр салхи үе үе үлээх нь сайхан.

 Багийн дүнгээр тийм ч муугүй яваа болохоор хүн бүр урамшиж байсан юм.  Дараагийн өдрүүдэд ч манай баг тун сайн давхилаа. Нэг удаагийн этапт Батсайхан Лхагважав хоёр бүр дээгүүр орж ирсэн билээ. Батболдын машин дөрөв дэх этапат гайгүй явж барианд дөхөж байтал элсэнд сууж таг унтрав. Италийн багийнхан ирж тэднийг чирсээр барианд ороход багийн дүн нойллоогүй билээ. Энэ мэт явдал бусад багийнханд ч тохиолдож байсан даа. Ганболд дарга баяртай байлаа. Раллид оролцож байгаа бусад багийнхан орос 69-тэй манайханд талтай болж хүндэтгэж байгаа сайхан сэтгэгдэл төрүүлсэн хэрэг. Сахаарын элсэн цөлд 2500 километр уралдсан энэ замд манай баг нэг удаагийн этапад хоёрдугаар байр нэг удаад тавд орж ирсэн.     

Үргэлжлэл бий.....
Нийтэлсэн: Г.Золжаргал

Сахарын цөлд   
Үзсэн: 3949 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй