
"Эйч-Эс-Би-Си", "Барклей" зэрэг дэлхийд өрсөлдөгч томоохон банкууд санхүүгийн гэмт хэрэгтэй холбоотой хууль бус мөнгийг эргэлдүүлэхэд тусалсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
АНУ-ын Сангийн яамны бүрэлдэхүүнд багтдаг Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний 2 мянга 600 гаруй хуудас бүхий санхүүгийн баримт материал 2019 онд хэвлэлийнхний гарт орсон байдаг. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумынхан энэ талаар шинэ мэдээ нийтэлсэн байна.
"Дэйли-Мэйл" сонины цахим хуудсанд бичсэнээр, "Британийн "Эйч-Эс-Би-Си", "Барклей" зэрэг банкуудаас гадна, "Жи-Пи Морган", "Стандарт Чартерд", "Нью-Йорк Мелон" болон "Дойч" банкууд нь санхүүгийн гэмт хэрэгтэй холбоотой бохир мөнгө эргэлүүлэх боломж олгосон банкуудын дунд хамгийн олон удаа нэр дурдагдсан байна гэжээ. Энд нийт 2 их наяд доллартай холбоотой бохир мөнгөний гүйлгээ яригдаж байгаа юм. Мөн Оросын олигархууд санхүүгийн хориг шахалтаас хэрхэн зайлсхийдэг байсан нь энэ баримтад тэмдэглээстэй байгаа юм байна.
Тодруулбал, олон улсад үйл ажиллагаа явуулдаг Британийн хамгийн том банк болох "Эйч-Эс-Би-Си" банк 2013-2014 оны хооронд 80 сая доллартай тэнцэх бохир мөнгийг Америк дахь салбараасаа Хонгконг дахь салбар руугаа шилжүүлсэн. Энэ нь гэмт хэргийн сүлжээний мөнгө гэдэг анхааруулгыг мөрдөгчид өгсөөр байтал "Эйч-Эс-Би-Си" банк гэмт хэрэгтнүүдэд ийм зөвшөөрөл олгосон гэж "Би Би Си" мэдээлжээ.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путинтэй ойрын холбоотой байдаг нэг хөрөнгөтөн санхүүгийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон хориг арга хэмжээнээс зайлхийхийн тулд Лондон дахь "Барклей" банкаар гүйлгээ хийсэн, энэ тухай банкныхан мөн л мэдээлэлтэй байсан гэж Британийн хэвлэлд бичсэн байна.
Тэгтэл Америкийн "Жи-Пи Морган" банк л гэхэд Лондон дахь салбараараа дамжуулан нэгэн хувийн компанийн нэг их наяд долларыг шилжүүлэх боломж олгосон. Уг компани АНУ-ын холбооны мөрдөх товчооны эрэн сурвалжлах жагсаалтын эхний 10-т багтсан дээрмийн бүлэг байжээ.
Цаашлаад Ираны талыг хориг арга хэмжээнээс бултахад тусалсан нэг компанитай Арабын нэгдсэн эмиратын төв банк хамтран ажилласан, Германы "Дойч" банк зохион байгуулалттай гэмт хэрэг, террорист үйл ажиллагаа, хар тамхи тээвэрлэх зэрэг үйл ажиллагаатай холбоотой бохир мөнгийг эргэлдүүлэхэд тусалсан гэх мэт зөрчлүүд байгаа юм байна.
Дэлхийн томоохон банкуудыг хууль бус мөнгө эргэлдүүлэхэд тусалсан гэж мэдээллээ | ||
Үзсэн: 664 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.