Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва удирдан явууллаа.
Энэ үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, авто замын засвар, шинэчлэлийн ажлын явц, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэл, иргэдээс гаргасан эрсдэл мэдэгдлийн шийдвэрлэлт, анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээний мэдээллийг НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцуулав. Үүрэг даалгаврын биелэлт 75 хувьтай байна.
Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээллийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганзориг танилцуулав.
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр нийт 702,335,3 сая төгрөгийн гэрээний дүнтэй 169 ажил 53 хувьтай хэрэгжиж байна.
Тодруулбал
- Барилга байгууламжийн 87,
- Инженерийн шугам сүлжээний 4,
- Их засварын 58,
- Тохижилтын 8,
- Тоног төхөөрөмжийн 7,\
- 5 ажилд зураг төсөл хийгдэж байна.
Эдгээрээс боловсролын салбарт
- Сургуулийн барилга, өргөтгөл 33,
- Цэцэрлэгийн барилга, өргөтгөл 32,
- Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 14,
- Спорт заал, цогцолборын гурван барилгын ажил үргэлжилж байна.
2026 онд 47,759.8 сая төгрөгийн гэрээний дүнтэй 38.6 км урт, 69,708 ам метр талбай бүхий 12 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс 20,328 ам метр талбайн ажил дууссан байна. Автозам, засвар шинэчлэлийн ажлын явцын мэдээллийг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцууллаа.
2026 онд замын шинэчлэлийн 54 төсөл хэрэгжиж байна. Нийт ажлын явц 32.3 хувьтай байна. Шинээр барих 22.3 км автозам болон он дамжсан 72.2 км, 37.6 км засвар шинэчлэлийн ажил багтаж байна. Нийт 132.2 км замын ажил хийнэ.
Инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлын явцын мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндбаяр танилцууллаа.
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 2026 оны зургаадугаар сарын 10-ны байдлаар 25.1 хувийн хэрэгжилттэй байна.
Үүнээс:
- Дулаан хангамжийн ажил – 25 хувь,
- Орон сууц нийтийн аж ахуйн салбарын өвөлжилт - 15 хувь,
- Үерийн далан суваг, борооны усны шугам сүлжээ - 58 хувь,
- Халаалтын зуухны өвөлжилт - 17 хувийн биелэлттэй хэрэгжиж байна.
Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Нийслэлийн хэмжээнд их цэвэрлэгээ, угаалга, тохижилтын ажлыг эрчимжүүлэх
- Барилга, авто зам, явган замын ажлын талбайн аюулгүй байдлыг хангах
- Тоосжилтыг бууруулах зорилгоор зам талбайг усалж, чийгшүүлэх
- Замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлагыг засварлах
- Үерийн далан, суваг, борооны ус зайлуулах шугамын цэвэрлэгээг эрчимжүүлэх
- “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр-Хүрээ цам даншиг наадам 2026” наадмын аюулгүй байдал, үйлчилгээний зохион байгуулалтад онцгой анхаарах
- Газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх
- Төрийн үйлчилгээг e-business.mn системээр цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг хангах
- Аж ахуйн нэгжүүдийг өөрийн орчны 50 метрийн нийтийн эзэмшлийн талбайг тохижуулж, цэвэрлэхийг үүрэгжүүлэх
- Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах
- Эрчим хүчний салбар болон холбогдох байгууллагуудын өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн хэрэгжилтийг хангахыг онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.
| Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана | ||
| Үзсэн: 88 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.