Шууд Chart

Эрмитажийн муурнууд

2021-05-04 09:57:07

Эрмитаж нь дэлхийн түүх, соёлын нэн үнэт өвүүдийг хадгалсан алдартай музей юм. Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотод орших тус музей нь үзмэрийн тоогоор дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Анх 1764 онд Оросын хатан хаан II Екатерина Берлиний худалдаачин Иоханн Эрнст Гоцковскийгээс уран зургийн цуглуулга анх худалдан авч, Өвлийн ордны танхимуудад тавьж эхэлснээр тус музейг үндэслэсэн гэж үздэг байна.

Цаг хугацааны уртад үзмэрийн сан хөмрөг улам нэмэгдсэнээр зориулалтын байр шаардлагатай болж, 1764-1767 онд Нева мөрний эрэг дээр одоогийн Эрмитажийн барилга баригдсан түүхтэй. Харин Эрмитаж театр нь 1783 онд баригдаж дуусчээ.

Тус музей нь Нева мөрний эрэгт орших олон тооны түүхэн барилга, байгууламжуудаас бүрдсэн цогцолбор болсон бөгөөд өдгөө анхны музейн үзмэрүүдийг хадгалж байсан барилгыг "Бага Эрмитаж" гэж нэрлэдэг. Бага Эрмитаж ордноос гадна "Хуучин Эрмитаж", "Шинэ Эрмитаж", "Эрмитаж театр", "Өвлийн ордон" зэрэг барилгуудад үзмэрүүд дэлгэгдсэн байдаг.

Энэхүү гайхамшигт музейн Баруун Европын урлагийн цуглуулга нь 13 дугаар зуунаас 20 дугаар зууны үеийг хамаарах Европын уран зураг, уран баримал, болон бусад эд өлгийн зүйлсээс бүрдэнэ. Европын урлагийн бүтээлүүд тус музейн үндсэн барилгын нийт 2 давхар, 120 танхимыг эзэлдэг. Энэ мэтээр Эрмитаж хэмээх түүх, урлагийн гайхамшигт сан хөмрөгийн талаар бичээд дуусашгүй мэт.

Гэхдээ энэ удаад бид музейн тухай бус харин түүх соёлын нэн үнэт эд өлгийн зүйлсийг хадгалж хамгаалах үйлсэд хүчин зүтгэгч нууцлаг эрхмүүд болох Эрмитажийн муурнуудыг талаар товчхон өгүүлсү.

Өвлийн ордны Миллионная гудамжны баруун буланд хэдэн арван муур амьдардаг гэвэл та бүхэн итгэх үү. Зүгээр ч нэг амьдардаггүй. Тэд бол Эрмитаж музейн хамгаалагчид.

Эрмитажийн муурын түүх нь Их Петр хаан музейн үзмэрүүдийг элдэв мэрэгчдээс хамгаалах зорилгоор 1724 онд Голландаас авчирсан муураас эхлэлтэй бөгөөд өдгөө ч нэн хариуцлагатай, цаг наргүй албаа нэр төртэйгээр хашиж байгаа юм.

Муурнууд нь Эрмитажийн эргэн тойронд чөлөөтэй явах эрхтэй ч зөвхөн музейн үзмэрийн танхимд нэвтрэн орох боломжгүй. Музейн захиргаанаас тэдэнд зориулж тусгай төсөв гаргаж, амьдрах таатай орчныг нь бүрдүүлж өгдөг. Муур бүр өөрийн аяга буюу идүүр, унтах сагстай. Бас бүгд вакцинд хамрагдаж, өөрсдийн эмчийн хяналтад байдаг.

Тэдний ажлаа гүйцэтгэдэг музейн хонгилын хэсэг нь агааржуулалтын системээр тоноглогдсон. Зарим үед барилгын засвар үйлчилгээ хийгдэх үед муурнуудыг хамгаалж "Анхаар, муур!" гэсэн тэмдэг ч байршуулдаг.

Оросын эх орны дайны үед бүслэлтэд байсан Ленинградын хүнд өдрүүдэд ихэнх муурнууд үхэж үрэгдсэн бөгөөд харх олширч, музейн барилгад үүрлэсэн гэдэг. Харин дайны дараа Уралаас 5 мянган муур авчирсан гэх яриа бий. Муурнуудыг ахин авчирснаар Эрмитаж нь хархнуудын булаан эзлэлтээс дахин ангижирчээ.

Гэвч 1960-аад онд муур хэт олширсноос үүдэн муурнуудыг цөөлж, мэрэгчдийг устгах химийн хор хэрэглэж эхэлсэн нь ч үр дүнд хүрээгүй тул 50 орчим тооны муурыг музейн хамгаалагчаар дахин "ажиллуулж" эхэлжээ.

Өдгөө жил бүрийн хавар "Эрмитажийн муурын өдөр" арга хэмжээг зохион байгуулж, муурнуудыг үзэгчдэд үзүүлдэг уламжлал тогтжээ.


Эрмитажийн муурнууд  
Үзсэн: 1826 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй