Шууд Chart

“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл” үндэсний виртуал чуулганы тойм

2021-05-06 12:38:30

Чанартай боловсролыг дэмжих зорилготой “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хоёр дахь үе шат (2020- 2022)-ны хүрээнд энэ сарын 3-7-нд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл” үндэсний виртуал чуулганыг зохион байгуулж байна.

Одоо суралцаж буй хүүхдүүдийн 65 хувь нь сурч байгаагаасаа өөр ажил эрхэлнэ

Н.Оюунцэцэг (Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга, МУИС-ийн ахмад багш, доктор Ph.D) : -  Өнөөдөр манай ихэнх сургуулиуд уламжлалт сургалтын орчинг ашигладаг хэвээр байна. Сургалтын орчин, орон зай, хэрэглэгдэхүүнийг 21-р зууны иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх шаардлага тулгарсан. Одоо суралцаж байгаа хүүхдүүдийн 65 хувь нь сурч байгаа зүйлээсээ өөр ажил хийнэ. Ойрын арван жилд аж үйлдвэрт 3,4 сая ажилчид хэрэгцээтэй байгаа ч ур чадвартай ажилчид олдохгүй болно.  Мэдлэг, чадварын хадгалагдах болон хэрэглэгдэх хугацаа улам богиносч, хувь хүнээс хандлага, зан чанар, сэтгэл хөдлөл, сэдэл зэрэг цогц чадвар шаардах боллоо. Өгсөн нөхцөл байдалд үүрэг, даалгаврыг амжилттай гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, хандлагаа хэрэглэх чадавх буюу цогц чадамж эзэмшүүлэх нь насан туршийн боловсролын зорилго, зорилт болно. 

Шинэ зууны боловсролыг олгоход сургалтын агуулгыг ядаж өнөөгийн ашиглагдаж буй шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшинд хүргэх, төсөлд суурилсан сургалтыг дэмжих ёстой. Цогц чадамжийг хөгжүүлэхэд суралцагчдад илүү чөлөөт орон зай олгож, хувь хүнийх нь хэрэгцээнд нийцсэн дэмжлэг үзүүлж, өөртэй итгэх итгэлийг нэмэгдүүлж, суралцагч бүрийн ахиц дэвшилд төвлөрсөн суралцахуйн арга зүйг баримтлах хэрэгтэй байна. Энэхүү чадамжийн үнэлгээнд “Нэгдүгээрт, баримт, нотолгоо цуглуулах, хоёрдугаарт, дүгнэлт гаргахын тулд баримт, нотолгоогоо тогтоосон шалгуурын дагуу хөрвүүлэх” нь амин чухалд тооцогдоно.

“ЕБС-ийн үйл ажиллагааг шалгах 6.2 кодтой хяналтын хуудас”-ыг ашиглан сургуулиуд аюулгүй байдлаа тодорхойлох боломжтой

М.Нямсүрэн (МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга, доктор Ph.D, дэд профессор): - “Тогтвортой хөгжлийн боловсрол–II” төслийн техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүн байгууллагаар сонгогдон ажиллаж байгаагийн хувьд МХЕГ нь боловсролын салбар дахь хяналт шалгалтыг явуулах хуудсыг шинэчилсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг шалгах 6.2 кодтой хяналтын хуудсаар 186 сургуульд шалгалт хийж, MNS 6782:2019 стандарт  шаардлагын хангалтыг үнэлэхэд, сургалтын орчны аюулгүй байдал 49 хувьтай буюу эрсдэл үүсгэх магадлал хамгийн өндөр байлаа. “Сургууль ба сургалтын орчин“ айн төлөв байдал, ISO 41001 “Facility management” стандартын зарчмаар үнэлэхэд “тодорхойлогдох” буюу бойжилтын 3 дугаар түвшинд байв. Сургуулийн сургалтын орчны хяналтын шалгуурт зориулалтын барилга, сургалтын  зориулсан газар, стандартын шаардлага хангасан анги танхимтай эсэх буюу сургуулийн байр, кабинет, лаборатори, дадлагын газар, сургалтын хэрэглэгдэхүүн, хүрэлцээ, номын сантай эсэх, анги дүүргэлтийн тоо, сургуулийн орчны аюулгүй байдал буюу явган хүний зам, орчны  үнэлгээ, зураглал, хяналт зэргийг харгалзан үздэг.

Мөн сургалтын орчны өөрийн үнэлгээнд барилга байгууламж, эдэлбэр газрын ашиглалт, хамгаалалт, эрүүл аюулгүй, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулсан эко шийдэлтэй, хүчирхийллээс хамгаалах, жендэрийн мэдрэмжтэй гадаад орчны тохижилттой барилга байгууламжтай эсэх, хэрэгцээнд нийцсэн, соёл өв уламжлал, хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон тохижилттой эсэх, ус, эрчим хүч, цаас, материалын хэрэглээ, хог хаягдлын ухаалаг менежменттэй эсэх, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмж буюу нийгэм, соёл, сэтгэл зүйн орчны таатай байдал, хувийн мэдээллийн нууцлал, ялгаварлан гадуурхалт, цахим дарамтаас ангид, эрүүл мэндийн тусламж, хоол, хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлсэн эсэхийг оруулж үнэлдэг.

ЕБС-ийн үйл ажиллагааг шалгах 6.2 кодтой хяналтын хуудасны дэд бүлгүүдийн нэр, агуулга, сургалтын орчин бүлгийн 17 шалгуур үзүүлэлтийг ТХБ-ын зорилттой уялдуулан хүний хөгжилд чиглүүлэн сургуулийн удирдлага, багш, ажилчид, суралцагчид,  эцэг эх, асран хамгаалагчдын эрх ашигт нийцүүлэн  сайжруулсан.

“Сургалтын орчин” бүлгийн шалгуур үзүүлэлтийн өөрчлөлтийг  аймаг, нийслэлийн боловсролын  хяналтын улсын байцаагчид хэлэлцэн хууль эрх зүйн үндсийг судлан тогтоож, МХЕГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/27 дугаар тушаалаар  “ЕБС -ийн үйл ажиллагааг шалгах 6.2 кодтой хяналтын хуудас”-ыг шинэчиллээ. Хяналтын хуудсыг шилэн хяналтын цахим системд байршуулснаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 839  ерөнхий боловсролын сургууль өөрийн үйл ажиллагаандаа хэрэглэж, эрсдэл үүсэх магадлалаа тооцох  боломжтой болж байгаагаараа ач холбогдолтой юм.

Цаашид хяналтын хуудасны бүлэг бүрт тохирцын шинжилгээ хийж, хууль, тогтоомжид нийцүүлснээр  “Хүүхдийн эрх, эрүүл, аюулгүй, ногоон сургуулийн орчин” бүрдэж, хүүхдийн хөгжил төлөвшилд тогтвортой хөгжлийн боловсролын зорилт шийдлээ олох нэгэн боломж бүрдэнэ.

Бүх үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлэх учиртай

Э.Шинэцэцэг (Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл сургуулийн төвийн захирал, докторант):- Тогтвортой хөгжлийг дэмжих гэдэг нь зөвхөн сургалтын хөтөлбөрт шинэ агуулга нэмэх, эсвэл бие даасан курс хичээл заах асуудал биш юм. Бүх үйл ажиллагаагаа бүхэлд нь тогтвортой байдлын зарчимд нийцүүлэх ёстой. Суралцагчдад, нийгэмд илүү үр өгөөжөө өгөхийн тулд боловсролын байгууллагыг бүхэлд нь өөрчлөх, тогтвортой байдлыг сургуулийн амьдралын бүхий л хүрээнд, үйл ажиллагааны салаа мөчир бүрт бий болгох ёстой. Иймд сургууль, орон нутаг бүгдээрээ бүхэлд нь илүү тогтвортой байдлын төлөө өөрчлөлтийг эхлүүлье.

Манай сургууль хүлэмждээ  өргөст хэмх, байцаа, цэцэгт байцааг тарьж,  хураан авдаг

Б.Эрдэнэчимэг (Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш):- Сургалтын байгууллагын эзэмшлийн талбайн нийт 95 хувьд нь ногоон байгууламж бий болгож, гадаад талбай болон туршилт, танин мэдэхүй, сургалт хүмүүжлийн ажил явуулах нөхцөлийг бүрдүүлж сурагчид хүрээлэн буй орчноо унаган төрхөөр нь хамгаалж ирсэн “Монголчуудын уламжлалт зан үйл”-ээс суралцан түүнд биечлэн оролцох бололцоог олгодог. Сургуулийн гаднах талбайн ногоон байгууламжийг цэцэгжүүлэх зорилгоор сургуулийн багш ажилчид нийт 2985ш цэцгийн үрсэлгээ хийж 5 мандлыг цэцэгжүүлсэн.  Нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн мод тарих, ойн модыг нөхөн сэргээх бүх нийтийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулдаг. Манай сургууль хүлэмждээ   өргөст хэмх, байцаа, цэцэгт байцааг тарьж,  хураан авдаг.  Мойл, үхрийн нүд, нохойн хошуу зэргийг түүж авдаг. 

Ногоон байгууламж, туршилт, танин мэдэхүйн талбайг танхимын бус сургалт, хичээлээс гадуурх сургалтад ашиглаж сурагчдын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах өв соёлоо түгээн дэлгэрүүлэх арга ухаанд сургах нь үр дүнтэй. Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд”-д  жил бүр оролцдог.

Хуучин цахилгаан хэрэгслээ сольсноор хэрэглээний зардлаа 50 хувь бууруулсан

С.Баярхүү (Нийслэлийн СБД-ийн 130-р цэцэрлэгийн эрхлэгч, боловсрол, нийгмийн удирдлагын магистр):- Манай цэцэрлэг бүлэг өрөө тасалгаа, коридорын агааржуулалтын хоолойг шинээр хийж, дуу намсгагч ашиглаж, моторын хүчин чадал нэмэгдүүлсэн. Цэцэрлэгийн шар гэрлийг лед гэрлээр сольсноор цахилгааны зардал 50 хувиар буурсан. Түүнчлэн ариун цэврийн өрөөний эрсдэлийг судалж, илрүүлэн усны алдагдлыг олж мэдсэн. Суултуур, угаалтуураас алдагдаж буй усны алдагдлыг тооцоолж, усаа хэмнэх аян өрнүүлсэн. Агшин зуурын халаагчийг хэрэглэдэг байснаа автомат халаагчаар сольж, эвдрэл гэмтлүүдийг засварласнаар сарын усны зардлаа 40 хувь бууруулж чадсан. Хүүхдийн аюулгүй орчны стандартыг хангахгүй байсныг дотоод орчны судалгаагаар илрүүлсэн тул халуунаа нэгэн хэмд барьдаг  аюулгүй байдлыг хангасан усны бойлуур байршуулсан нь ч хэмнэлтэд нөлөөлсөн.

П.Амгалан (Орхон аймгийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн захирал):- Сургуулийн туршлагын талбай 60 ам метр талбайд навчит мод,  мойл, агч мод, чацаргана, шилмүүст мод, шинэс, хуш, гацуур, нарс, бут сөөг, харгана,  цэцэг, тарьж, хүлэмжинд  сонгино, бууцай, салатны навч, өргөст хэмх, чинжүү, наранцэцэг, бусад талбайд мод, бут,согоовор, ерхөг зэрэг үетэн, олон наст, мандлын цэцэг тарьсан. 3-12 дугаар ангийн биологийн 62 цагийн хичээлийг эдгээр талбайд хуваарийн дагуу явуулж, дадлага туршилт ажиглалт  хийх, үрсэлгээ суулгах, услах,  бордох, арчилж  тордох ажлуудыг  хийдэг. Сургууль орчмын хөрс, хэрэглээний цэвэр уснаас дээж авч Мэргэжлийн хяналтын газрын лабораторид шинжлүүлэхэд савханцар нянгийн бохирдол илрээгүй, усны Рн=7,5, хатуулаг 2,9, кальци, магни, төмөр, хлорид, нитрат, нитрит, аммоний ион зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа  дүгнэлт гарсан.

“Эко сургууль ногоон ирээдүй” аяныг анги бүлгүүдийн дунд зохион байгуулж, цэцгийн үзэсгэлэн гаргаж, сурталчилснаар сургууль 1334 цэцэгтэй болсон.

Усны алдагдлыг бууруулахын тулд суултуурын арын ус татагчид тоосго суурилуулах, ариун цэврийн өрөөг зөв боловсон ашиглах  дадал суулгах, эрүүл ахуйн мэдлэг, дадал, хандлага, зан үйлийг судалж, үр дүнг тооцох сургалт явуулж, усны үнэ цэнийг ойлгуулах, бусдын хөдөлмөрийг хүндэтгэх, туслах ажлыг “Усны элч” клубын сурагчид зохион байгуулдаг гэх мэт сайн туршлага байна.

Т.Түвшин (Монголын үндэсний зуслангуудын холбооны тэргүүн, гавьяат багш):- Хүүхдийн зуслан бол хүүхэд хөгжих бас нэг орчин. Зуслангийн хамт олноороо суралцагч байгууллага болж, бүх ажилтны ажлын байрны үйлдэл бүрт мөрдөх баримт бичгийг баталгаажуулсан. Төслийн хүрээнд “Төлөвлө-Хий-Хяна-Сайжруул” зарчим хэрэгжсэн. Ажилтнууд багаар ажиллахад суралцаж, бүтээмж дээшилсэн үр дүн нь байгууллагын урамшууллын тогтолцоог өөрчилсөн. Ажлын байрны эмх цэгц, ажилтны идэвх,  хариуцлага сайжирч, байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ цэгцтэй, тогтвортой болсон. Хамт олны дунд шинэ санаа, санаачилга өрнөж, манлайлагчид нэмэгдсэн. Үйлчилгээний үл тохирол эрс буурч, хэсэг, нэгж хоорондын ажлын уялдаа, хамтын ажиллагаа, эерэг харилцаа сайжирч, байгууллагын соёлыг баяжуулсан зэрэг сайн үр нөлөө ажиглагдсан.

С.Болормаа (Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн мэргэжилтэн):- Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын барилга, байгууламжийн стандартыг шинэчлэн төлөвлөх хэрэгцээ үүссэн. Нэг ангид суралцах хүүхдийн тоо 30-аас илүүгүй байх ёстой гэх мэт өөрчлөлтийг хийх шаардлагатай.

Б.Даваацэрэн (Соёлын яамны Соёлын өвийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч):-  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 149 дүгээр зарлигаар “Эрдэнийн судар”-т тэмдэглэсэн “Монгол хүн, гэр бүл, төрт ёс, эх нутаг, монгол хэл, эрдэм боловсрол, ёс суртахуун, өв соёл, нүүдэлчин ухаан”-ыг Монголын ард түмний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс мөн хэмээн тунхагласан байдаг.

Соёлын өвийн үндэсний төвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд өнөөдрийн байдлаар 10849 соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч бүртгэгдсэн байна. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч бол жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч бөгөөд өөртөө ажил олгогч нь бас ажилтан нь байдаг.

Г.Батцэцэг (Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн гишүүн, БОМСТ-ийн Хөтөлбөрийн менежер):- Суралцагчдыг шинжлэн судлах  арга  барилаар  дамжуулан  орон нутгаа  судалж, цөлжилтийн  эсрэг  тэмцэх боловсролтой  болгох, сургууль, багш нарын чадавхыг дээшлүүлэх нь эко сургуулийн манлайллын хэлбэр юм. Олон улсын эко сургууль хөтөлбөр нь сурагчдын оролцоонд тулгуурлаж, тэдний идэвх санаачилгыг дэмжих замаар хүүхэд залуус, эцэг эх, тухайн орон нутгийн нийт иргэдэд тогтвортой хөгжлийн талаарх ойлголт, мэдлэг эзэмшүүлж, зан үйл, хандлагыг нь өөрчлөхөд чиглэсэн  олон улсын хөдөлгөөн юм. Энэ хөтөлбөр манай улсад албан ёсоор хэрэгжиж эхлээд 10жилийн ойтойгоо золгож байна.

Хүүхдийн үүрч буй цүнхний жин ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс 1.24-2.05 дахин их байна

Л.Гэрэлмаа (МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч):- Сургуулийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хүрээнд сургуулийн гадаад орчин, барилга байгууламж, сургуулийн ус, дулаан хангамж, ариун цэврийн байгууламж, сургуулийн анги танхимын эрүүл ахуйн шаардлага, хоол хүнсний аюулгүй байдалд мэргэжлийн хяналтын байгууллага 2018-2020 онд хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтаар сургуулийн орчин дахь эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн биелэлт 61.8 хувь, эрсдэл үүсэх магадлал 37.9 хувьтай байсан. Сургууль орчмын эдэлбэр газар/хүрэлцээгүй, зам талбай хашаа хайс эвдэрсэн, аюулгүй байдал, цэвэрлэгээ хангалтгүй. Гадна биеийн тамирын талбай хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаагүй. Хог хаягдал/цуглуулалт, зайлуулалт, ногоон байгууламж гадна орчны эрүүл ахуйн нөхцөл, барилга байгууламжид хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулаагүй. Үйлчлэх хүрээ, тээврийн хэрэгслээр зорчих хугацаа, барилга хоорондын зай, байршил, анги танхимын зохион байгуулалт, хэмжээ, сургуулийн орчинд ариун цэврийн байгууламж, тоног төхөөрөмж  хүрэлцээгүй, дутагдалтай, шаардлага хангаагүй байсан. Өөрөөр хэлбэл, 30 охин тутамд 1 ариун цэврийн өрөө, 40 хөвгүүн тутамд нэг суултуур оногдож байгаа хангалтгүй. Мөн ерөнхий боловсролын сургуулиудад 6 настай хүүхдэд зориулсан суултуур, гар угаалтуур төлөвлөх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөө бий болгох, нүхэн жорлон-энгийн бие засах газрыг стандартын шаардлагад нийцүүлэх нь тулгамдсан асуудал болж байна. Анги танхимын хувьд эрүүл ахуйн нөхцөл учир дутагдалтай байсан. Тухайлбал, бүлэг дүүргэлт нормоос хэтэрсэн, нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээ бага, 6 настай сурагчдад зориулан анги танхимын төлөвлөлтийг гүйцэтгээгүй, агаар солилцооны давтамж, агаарын хэм, агаар сорох, оруулах системийн төлөвлөлт, гэрэлтүүлэг /нарны шууд тусгал 3 цагаас илүү байхаар тооцоолоогүй гэх мэт дутагдал илэрсэн. Мөн хүүхдийн үүрч буй цүнхний жин ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс 1.24- 2.05 дахин их байна. Ширээ, сандал нь хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон, стандартын шаардлага хангасан байх гээд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт шаардлагыг мөрдөх хэрэгтэй байна. Ингэж байж сая тогтвортой хөгжлийн боловсролыг ярина.

Захирал, удирдах албан тушаалд эрэгтэйчүүд түлхүү ажиллаж байна

Д.Сүнжид (ХЭҮК-ын гишүүн):-  Жендэрийн ялгаатай байдлын индексээр Монгол улс 149 орноос 2020 онд 79 дүгээр байранд байна. Тэр дундаа боловсролын амжилтын жендэрийн ялгаатай индексээр 153 орноос 71 дүгээрт орж байгаа үзүүлэлттэй. Боловсролын салбарын суралцагчдын хүйсийн харьцаа, ЕБС-ийн бага ангид элсэх хувь адил боловч боловсролын шатлал ихсэх тусам эмэгтэй суралцагчид давамгайлдаг, эрэгтэй суралцагчийн сургууль завсардалт их байдаг.

Боловсролын салбар дахь ажиллагсдын хүйсийн харьцааны хувьд багш, ажилтан эмэгтэйчүүд, харин захирал, удирдах албан тушаалд эрэгтэйчүүд түлхүү ажиллаж байна.

Сургалтын хөтөлбөр, сурах бичих, сургалтын орчны тухайд жендэрийн агуулга, хүртээмж хангалтгүй байна. Хүний эрхийн боловсролтой, жендэрийн мэдрэмжтэй иргэн бэлтгэхийн тулд боловсролын байгууллагын бүх багш, албан хаагчдад тогтмол сургалтыг зохион байгуулах шаардлагатай, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийж, 2017 оны салбарын жендэрийн бодлогын хэрэгжилтийг дүгнэж, цаашид хийх ажлаа ерөнхий байдлаар бус нэг бүрчилсэн байдлаар тодорхойлох, төсвийн эх үүсвэрийг заах, хариуцах нэгжийг тодорхойлох, хяналт-шинжилгээ хийх шаардлагатай.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл” үндэсний виртуал чуулганы тойм  
Үзсэн: 1130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй