Шууд Chart

“Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам” гаргана

2021-08-04 06:55:37

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг энэ сарын 03-ны өдөр хуралдаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц болон цаашид  хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Тус төслийн хэрэгжилт 30 хувьтай байна. Цар тахлаас улбаатай элдэв саад бэрхшээл тохиолдож буй ч улс орны эдийн засаг, нийгэмд өндөр ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын ажлууд нэг хоног, нэг цагаар ч болов хойшлох, саатах ёсгүй гэдгийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тодотголоо.

Ковид-19 цар тахлаас үүдэж Тяньжин, Эрээний боомтод Энэтхэгээс ирсэн ачаа тээвэр саатаж, тээвэрлэлттэй холбоотой үнийн хөөрөгдөл үүссэний зэрэгцээ гадаад, дотоодын ажиллагсдыг удаан хугацаагаар тусгаарлах, хот хоорондын зорчих хөдөлгөөний хязгаарлах зэрэг хүндрэлтэй асуудал байгаа ч төслийн ажил зогсолтгүй үргэлжилж байна. Цаашид түүхий эдийн хангамжийн асуудал буюу Давст XXXI талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах асуудлыг шийдвэрлэх болон үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг яаралтай бэлтгэх зэрэг тулгамдсан асуудал байгааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэллээ.

“Аливаа томоохон төсөл хөтөлбөрийн цаана зөвхөн эдийн засгийн өсөлт, санхүү мөнгөөр хэмжигдэхгүй нийгмийн үр өгөөж үлэмж их байдаг. Ялангуяа, стратегийн чухал ач холбогдолтой уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Ажлын хэсгийн гишүүдийн  үүрэг оролцоо чухал учраас илүү хичээж ажиллах хэрэгтэй. Төслийн ач холбогдолтой харьцуулахад дээрх тулгамдсан асуудлууд бол шийдвэрлэх боломжтой ажил. Тиймээс тээвэрлэлттэй холбоотой асуудлууд болон Хөгжлийн банкны зээлийн хүү, үнийн өсөлттэй холбоотойгоор үүссэн санхүүгийн асуудлуудыг энэ сард багтаан шийдвэрлэж, төслийн ажлыг урагшлуулах ёстой” хэмээн Шадар сайд хуралдааны төгсгөлд өгсөн үүрэг даалгавартаа онцоллоо.

Мөн “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.


“Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам” гаргана  
Үзсэн: 514 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй