Шууд Chart

Дэлхийн хэмжээнд 6.06 тэрбум тун вакциныг 184 орны хүн амд хийгээд байна

2021-09-25 09:39:43

Дэлхийн хүн амыг коронавирусний вакцинд хамруулах өргөн хүрээтэй аян үргэлжилсээр байна. Өдөр тутамд шинэчлэн гаргадаг Блүүмбергийн статистик мэдээллээр өчигдрийн байдлаар дэлхийн 184 улс орны хүн амд нийт 6.06 тэрбум тун вакцин хийгээд байна.

Энэ нь дэлхийн нийт хүн амын 39.5 хувийг дархлаажуулалтын бүрэн тунд хамруулахад хүрэлцэх хэмжээ юм. харин өдөрт вакцины тун сүүлийн мэдээгээр 32.2 саяд хүрсэн байна.

Гэвч вакцины хүрэлцээ хангамж муутайгаас болж дэлхийн нийт 50 гаруй улс орны хүн амын 10 хүрэхгүй хувийг л коронавирусний вакцинд хамруулаад байна. Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус уржигдар хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдсэн юм.

Африкийн орнуудад дархлаажуулалтын түвшин хангалтгүй байгааг тэрбээр онцолсон байна. Тус байгууллагын зүгээс дэлхийн хүн амд коронавирусний эсрэг вакциныг тэгш хүртээмжтэйгээр хуваарилахын төлөө хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч төлөвлөсөн хугацаандаа вакцинжуулалтын хувь хэмжээг нэмэх боломжгүй байгааг мэдэгдсэн юм.

Тиймээс одоо дэлхийн бүх улс орны хүн амын 40 хувийг вакцинжуулалтад хамруулахад гол хүч, хөрөнгө анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байгааг анхаарууллаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан энэ зорилтод оны эцсээр хүрэх уриалгыг гаргаад байна. Үүний тулд багадаа л хоёр тэрбум тун вакциныг орлого багатай улс орнуудад нийлүүлэх хэрэгтэй байгаа юм байна. Мөн хүн амаа хангалттай түвшинд вакцинжуулсан улс орнуудад хандаж орлого багатай түнш орнууддаа технологио шилжүүлэн өгч туслахыг уриалж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хэмжээнд 6.06 тэрбум тун вакциныг 184 орны хүн амд хийгээд байна  
Үзсэн: 483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй