Шууд Chart

Монголын баг цахим гүйлтийн дэлхийн аваргын цомын төлөө өрсөлдөж байна

2022-10-06 16:06:30

Энэхүү гурван үе шаттай тэмцээн 9 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 9-ний хооронд болж байгаа бөгөөд 200 гаруй улсын баг, тамирчин оролцсон байна.

Монгол Улсын багт дэлхийн өнцөг булан бүрээс 1660 гаруй гүйгч нэгдэж, хагас шигшээ шатанд нийт 9,336 км зам туулж хувь нэмрээ оруулжээ. Оролцож байгаа улс тус бүр багийн ахлагчтай. Тухайлбал, Ямайка улсын багийн ахлагчаар алдарт тамирчин Усайн Болтыг сонгосон байна. Харин “Running world cup 2022” тэмцээний Монголын багийн ахлагчаар Дэлхийн монголчуудын гүйлтийн суваг “MGL running channel”-ийн БНСУ дахь төлөөлөгч Л.Ира сонгогджээ. Мөн албан ёсны зохион байгуулагчаар “MGL running channel” ажиллаж байна. Ийн улс үндэстнээрээ хүчээ нийлүүлэн оролцохыг уриалж "Team Mongolia run as one nation" буюу "Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе!" нэртэй баг бүрдүүлэн оролцож байгаа юм.

Тус тэмцээний сүүлийн шатанд Монгол, Өмнөд Африк, Намиби, Украин улс шалгарч, энэ сарын 4-9-нд Дэлхийн аваргын цомын эзэн болохын төлөө өрсөлдөж байна. Тэмцээнд оролцоход үнэ төлбөргүй бөгөөд 13 болон түүнээс дээш насны бүх хүнд нээлттэй. Гол шалгуур нь оролцогчид гурван км зайг 30 минутад багтаж туулна. Энэ нь эхлэн гүйгчдээс эхлээд  ямар ч гүйгчийн хувьд боломжтой үзүүлэлт аж.

Ингэхдээ оролцогчид “Running world cup” аппликэйшнд заавал бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд гүйх үедээ Strava, Adidas running, Health app, Google fit, FitBit, Garmin, Under armour, Pacer зэрэг гүйлтийн аппликэйшний аль нэгийг хэрэглэж, Монгол Улсын “Team Mongolia run as one nation” 1660 гаруй гишүүнтэй багт нэгдэнэ.

Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноор дэлхийн бусад улстай зөвхөн гүйлтээр өрсөлдөхөөс гадна дэлхийд эх орноо гүйлтээр дамжуулан сурталчилж өөртөө эрүүл амьдралын хэвшлийг бий болгож буй чухал ач холбогдолтой хэмээн тэмцээнийг зохион байгуулагчид онцолж байна.

“Монголын мэдээ” сувгийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд


Монголын баг цахим гүйлтийн дэлхийн аваргын цомын төлөө өрсөлдөж байна  
Үзсэн: 333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй